Д.Сумьяабазар (хот бол бизнес юм)-ын шуналыг МАН гүйцэлдүүлж барах уу...?
З.Батхуяг
Нийтлэл
/
2021-06-24

УИХ-ын гишүүний өндөр сэнтийг нийслэл Улаанбаатар хотын даргын суудлаар сольсон цорын ганц хүн бол Д.Сумьяабазар. У.Хүрэлсүхийн анхны Засгийн газрын хамгийн амттай бялуу болох Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдын албан тушаалыг хүртэж, 3 жил их мөнгөтэй салбарын сайд хийсэн түүнд ямар ч эрх мэдэлгүй, сул гишүүн байх амтгүй санагдсан нь лав. Тиймээс ч түүнийг төрд илгээсэн иргэд сонгогчдын итгэл найдварыг үл тоон нулимж, яамдаас ч том төсөвтэй гэгдэх Нийслэлийн төсвийн захирагчаар очсон хэрэг. Хотоо хөгжүүлэх гээд гэдэг ч юм уу яаж ч мянга гоё тайлбарлаад Сумьяабазар УИХ-ын гишүүнээс хотын дарга болсон нь ард түмэн улс орны төлөө биш хувийн ШУНАЛЫНХАА төлөө хийсэн алхам гэдэг нь тодорхой. Угаасаа ч урдах УИХ-ын үед “Сумьяабазарын шуналыг манай нам дийлэхээ байлаа” гэсэн шивэр авир яриа гишүүд дунд дуулддаг байсан. Харин ард түмний дунд бол Долгорсүрэн зааны шуналтай хүүхдүүд гэж ярьж бичих болсоныг Д.Сумьяабазарын энэ алхам нэмж нотлосон төдий.

Бөх хотын дарга маань муугүй ПОП. Босоо Ганбаа, арван хувийн Ц.Даваасүрэн нарыг ч ардаа орхих мэргэжлийн попчин улс төрч болж өндийсөн. Попроогүй юм шиг харагдан попрох талдаа мэргэжлийн гэх үү дээ. Бүр поп улстөрчдийг үздэггүй Баабар нийтлэлч хүртэл Сумьяабазарыг сайн улс төрч гэж үнэлтэл “жүжиж” чадсаныг бодохоор тэрээр барилдах зуураа СУИС-т бүртгүүлчихсэн бол зоволгүй л төгсчих байсан шиг.

Мэргэжлийн бөх, мэргэжлийн поп Хотын дарга маань байсгээд сошиалаар шуугих олны уур амьсгалыг харж, тэдэнд таалагдах юм ярьдаг зуршилтай болоод байгаа. Сар шинийн өмнөх хөл хорионы үеэр “дахиад хөл хорихгүй” хэмээн мэдэгдэж, олны хайрыг татаж, ам булаалдан магтуулж байв. Харамсалтай нь, олонд таалагдах гэсэн шуналаасаа болоод баар фитнесс гээд бүгдийг ямар ч тооцоо судалгаагүй зэрэг нээсэн нь Корона аймшигтайгаар тархах гол шалтгааны нэг болсон төдийгүй Засгийн газраас дахин хөл хорьсон билээ. ​

Саяхан хотын дарга нэгэн том ярилцлага өгч, төвийн хэвлэл, сайт, сошиалаар зай үлдээлгүй сэвүүлэв. Бодвол нийслэлийн төсөв буюу татвар төлөгчид та бидний мөнгөөр л өөрийгөө сурталчилж байгаа байх. Тэрхүү урт ярилцлага нь УБ-т метро барина, энэ ажилд гадны том улс орнууд саад болоод байна гэсэн гарчигтай. Тэр саад бологчид нь Аса-г сумогоос хөөсөн Япончууд юм байна гэхээр ойлголтыг энэ ярилцлага өгсөн.  Э.Бат-Үүлийн үед метро барих ажил яригдаж байгаад ашиггүй хэмээн орхигдож, тусгай замын автобус, агаарын дүүжин тээвэр гэх өөр хувилбаруудаар судалгаа төсөл хийгдэн бэлэн болсон  юм. Гэвч хэдэн арван тэрбумаар яармагт баригдсан хотын захиргааны байрлуу нүүхгүй ээ гэж өмнөх дарга нарын үед шийдсэнийг нулимсан шигээ бэлэн болсон төслүүдийг нулимж, метро барих тухай ярьж эхлэв, манай хотын дарга. Тэрээр гоё юм ярихдаа тун муугүй улс төрч болсон. Өмнө нь УУХҮ-ийн сайд Эрдэнэс тавантолгойн IPO-г хийнэ гэж гоё ярьсаар, бүтсэн ч юмгүй нэг компани байгуулсныг Засгийн газар нь татан буулгаад дууссан. Түүний буруутан нь  Эрдэнэс тавантолгойн удирдлага болон ажилгүй яваа З.Энхболд гэж хотын дарга  нэрлэжээ. ЕТГ-ын даргын ажлаа өгөөд, жирийн иргэн болчихсон байсан З.Энхболд Засгийн газрын шийдвэрийг өөрчлүүлж,  Эрдэнэс тавантолгойн IPO-г хүртэл зогсоох хүчтэй байсан гэж үү?  Зүгээр л буруу шийдвэр нь нуран унасныг бусадруу чихэх гэсэн оролдлого шиг. Тэгж ярьвал З.Энхболд Эрдэнэс тавантолгойг ард түмэнд үлдээсэн гавьяатай, харин Д.Сумьяабазар эсрэгээрээ Эрдэнэс тавантолгойн 30 хувийг нь хятадуудад зарах гэж оролдсон. Түүнчлэн ах дүү хамаатан садан намын дагуулуудаа Эрдэнэс тавантолгойд битүү  чихэж, нүүрсний наймаанд эзэн суусан гэлцдэг. Үүнийг гавьяа гэх үү гай гэх үү?

Долгорсүрэн зааны хүүхдүүд шуналтай дээр нь ширэн нүүртэй болжээ. Тэдний Үндэсний хөрөнгө оруулалтын банк дампуурах талдаа орж, харилцагчдынхаа мөнгийг гаргаж өгч чадахаа болиод удаж байна. Зөвхөн төсөвт, төрийн өмчит байгууллагын 120 гаруй тэрбум төгрөг тус банкинд байсан талаар хэвлэлүүд бичиж буй. Тодруулбал, Эрдэнэт үйлдвэрийн  45 тэрбум, Эрдэнэс тавантолгойн 28 тэрбум, орон нутгийн Тавантолгойн тэрбум, Хадгаламжийн даатгалын корпорацийн 10 тэрбум, ЭМДЕГ-ын 25 тэрбум төгрөг, бүр Оюутолгойн 20 сая доллар /буюу хаалт нээгээд 57 тэрбум төгрөг хаалт хаагаад/ байжээ.   Эндээс  Оюутолгой, жижиг Тавантолгой гээд хувийн компаниуд хүртэл УУХҮ-ийн сайд Сумьяабазарын шахалтаар хувийн банкинд нь мөнгөө хийсэн нь тэнэг хүнд ч ойлгогдохоор харагдаж байна. Энэ мөнгө хаачив?! Банкны хувьцаа эзэмшигч болох Аса Дагвадорж 15 тэрбум, Д.Сумьяабазар 8 тэрбум, Д.Баярсайхан 14 тэрбум төгрөг зээл нэрээр банкнаасаа аваад, эргэж төлөлгүй, төр түмний хөрөнгөөр тогложээ. Хуультай шударга шүүх засаглалтай улсад бол ах дүүс нэг нь Гишүүн, хотын дарга болж, нөгөө нь телевизээр түмний тархи угаан суух биш авсан зээлээ даруй буцаан төлж, харилцагч байгууллагуудаа хохиролгүй болгоод, өөрсдөө хийсэн хэрэгтээ хариуцлага хүлээн, хотын даргын оффист биш худаг нэртэй газар сууж байх ёстой юм. Гэвч шунал ихт ширэн нүүрт ах дүүс бусдын мөнгөөр тансаглаж, хэдэн арван тэрбумаар амралт барин гайхуулж байна. Тэдэнд мөнгө юу ч биш болсныг  Дагвадоржийн 20 гаруй тэрбумаар боссон гэх амралт, Д.Сумьяабазарын тусгай захиалгаар Бенз компанид хийлгэсэн аяллын машин, мотоцикл гэх мэтээр нэрлэж болно. Банкинд чинь хийсэн мөнгөө авья аа, Сумьяабазар аа!

Хаалт нээж хаасан тухай тайлбар: хотын дарга маань 26 мянга дээр 15 мянгыг нэмээд 31 мянга гаргаж, бас шийдвэр уншихдаа хаалт нээж хааж бөх хүн гэдгээ сануулсан билээ

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.148.203)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.