А.Гансүх: Ерөнхийлөгч Х.Баттулгын саналын дагуу Д.Трамп,В.В.Путин нар УТСААР ЯРЬСАН
З.Батхуяг
Нийтлэл
/
2021-06-29
Монгол Улсын Ерөнхийлөгч Х. Баттулга АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нарыг утсаар яриулсан тухай. Монгол Улсын 5 дахь Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Халтмаагийн Баттулгатай хамтран ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар 4 жил ажиллаа. Миний хувьд 1992 оноос хойшх 9 дэх нарийн бичгийн дарга бөгөөд ажилласан жилээрээ бол Ц.Энхтүвшин (8 жил) Р.Болд (6 жил) нарын дараа орж байна. Бусад нарийн бичгийн дарга нар 1-3 жил ажилласан байдаг. Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, язгуур эрх ашгийг хамгаалах төрийн бодлого боловсруулж хэрэгжүүлж байдаг байгууллагын хувьд ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга, ҮАБЗ-ийн Ажлын албаны албан хаагчид улс төрөөс ангид бөгөөд намын гишүүнээс түдгэлздэг. Учир нь энэ алба бол улс төрийн ашиг сонирхлыг бус, үндэсний язгуур ашиг сонирхлыг хамгаалдаг алба юм.
 
Ерөнхийлөгч Х.Баттулгын үйл хэргийг олон нийт дүгнэж байгааг харж байна. Тэгвэл ҮАБЗ-ийн тэргүүний хувьд ямар үр дүнтэй ажиллав. Мэдээж, олон нийтэд ил болгох болоогүй олон далд шийдвэр нууцлагдсан. Ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгчийн улс орныхоо төлөө хийсэн, одоо нэгэнт олон нийтэд ил болсон зарим нэг үйл явдлыг дурсамж болгон хүргэе гэж бодлоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д хийж буй айлчлалын хоёрдахь өдөр буюу 2019 оны 8 дугаар сарын 1-ний өдөр. Цагаан ордонд АНУ-ын Ерөнхийлөгчтэй уулзах уулзалтын өдөр. “Four seasons hotel”. Өдрийн 12.00 цагийн орчимд Ерөнхийлөгч дуудаж байна гэв. Би ч хажуугийн өрөөнд ойрхон байсан тул тэр дороо яваад орлоо. Х.Баттулга Ерөнхийлөгч ганцаараа байв. Удахгүй Цагаан ордон руу гарах гээд цаг ч тулсан байв.
 
Х.Баттулга Ерөнхийлөгч хэлэв. “Ерөнхийлөгч Трамптай хийх ярианы сэдэв болж байна аа. Дэлхийн Их гүрний удирдагчтай уулзаж байгаа гэдэг утгаараа түүний зан чанар, онцлогт таарсан чухал сэдэв олж анхаарлыг нь татах, монголчууд ч бас дэлхийн хэмжээний Их гүрэн байсан гэдгийг сануулсан нэг алхам хийе” гэв. Гэнэт ийм асуудал тавьсан тул би тулгамдав. Тэгээд “бодоогүй юм байна” гэж хариулав. Харин Ерөнхийлөгч Х.Баттулга бодсон байжээ. Тэгээд өөрийн бодлоо баталгаажуулж, зөвлөхөөр дуудсан болж таарав.
 
Тэгээд тэрээр ингэж хэлэв. “ОХУ, АНУ асуудалтай байгаа. ОХУ манай мөнхийн хөрш, найрсаг хамтын ажиллагаатай улс. АНУ-тай энэ айлчлалаар стратегийн түншлэл тогтоож байна. Энэ хоёр улсын Ерөнхийлөгч нарыг утсаар яриулах гээд үзэх үү? Яг одоо Сибирьт түймэр гарч байна. Энэ талаар хэлээд үзвэл ямар вэ?” гэв. Миний хувьд ёстой л гайхах шиг болов. “Тийм шүү. Болж байна. Сэдэв нь таарч байна. Байгаль экологийн сэдэв. Үгүй гэхгүй байлгүй. Хэл, хэл” гэв. Ингэж тохироод бид АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамптай уулзахаар гарав. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын энэ санаа хэрэгжсэн бөгөөд тэр өдрийн 15.00 цагт АНУ-ын Ерөнхийлөгч Д. Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай Сибирийн түймэртэй тэмцэхэд туслах санал тавьж утсаар ярьсныг дэлхий даяар мэдсэн билээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.113.189)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.