Судлаач Ганаа: Наадам тойрсон хэрүүл хийгээд түүний учир
Нийтлэл
/
2021-07-15
Энэ жилийн наадам шиг хэрүүл хэл амтай наадам 100 жилийн түүхэнд гарсангүй. Үүнд бодитой бөгөөд бодит бус олон шалтгаан байсан, мөн маш их нөлөөлсөн. Уг нь Ардын хувьсгалын 100 жилийн ойг хамгийн өргөн дэлгэр тэмдэглэх нь монголчууд бидний заавал гүйцэтгэх ёстой үүрэг юм. Гэтэл бөөн хэрүүл шүүмж болон өнгөрч байна. Үүнд ямар нэг зүй тогтол, хандлага байгаа юу ? Мэдээж байгаа. Энэ талаар товч эрэгцүүлэл өгүүлэх гэсэн юм.
 
Наадам бол тогтсон заншил
 
Наадмын талаар маш олон зүйл ярьж болох боловч яг ёс заншлын хувьд бидний “арга хэмжээ” гэж нэрлэж дадсан хэдхэн ёслолоос бүрдэнэ. Харин энэ бол хатуу тогтсон эд. Нэг сүрхий хууль дүрэм байхгүй ч энэ ёс заншлыг мөрдөхгүй бол наадам наадам биш болно. Үүнийг монгол хүн болгон дэндүү сайн мэдэх боловч үүнийг дахин сануулах нь зүйтэй гэж бодож байна. Наадам юунаас бүрддэг вэ ?
 
Нэг. Шагналын хур. Монгол наадам шагналаас эхэлдэг ёс заншил нэг их эртний биш ч гэсэн эдүгээ бол монгол наадмын эхлэл, түүнд хүч нэмэх гол хэрэгсэл мөн. Зүгээр нэг наадамдах биш, гавъяатынд очиж наадамдах нь “хүч нэмсэн” хэрэг болох нь мэдээж. Тэрийг ч дутаачихлаа, энийг ч мартчихлаа гэх буюу буруу хүнд өгчихлөө гэх мэт гонгиноо гарах боловч хэд хоноод л алга болно. Мөн шагнал арай олдож, хэтэрч байна гэх байнгын шүүмжлэлийг тоох хүн бараг байхгүй. Өөрөөр хэлбэл наадмын шагнал хэл ам удтал татах нь маш бага.
 
Хоёр. Баярын хурал. Энийг бол заавал хийж том дарга нар заавал илтгэл айлтгал тавих ёстой. Монгол дарга нар дуртайдаа илтгэл тавиад байгаа юм биш, аль ч улсад үндэсний баяраараа гүйцэтгэх ёстой ёс заншлын үйлдэл юм. Баярын хурлын илтгэлийг надаас өөр сонирхох хүн ховор л доо. Уг нь бол төр засгийн хийсэн ажил, улс орны өмнө тулгамдсан стратегийн зорилтыг тодорхойлдог юм л даа. Манайд зорилго энэ тэр бол дүүрсэн асуудал. Гэхдээ л баярын хурал заавал хийх ёстой. Наадмын баярын хурлаар хэрүүл хэл ам татаж байсан тохиолдол бараг ганц ч байхгүй. 
 
Гурав. Баярын концерт. Харин наадмын баярын концертыг бол бүгдээрээ үзнэ шүү.Улс орны хамгийн шилдгүүдийг сонгож авдаг учраас баярын концерт угаасаа сайн болдог. Баярын концертээс болж хэл ам гарна гэж номонд хазгай.
 
Дөрөв. Төрийн туг залах. Монгол Наадмын сүр хүч, төрлөг чанар эндээс л эхэлнэ дээ. Хүн бүхний бахархал болсон агуу ёслол хатуу дэг жаягаар болох ба үүнийг үзэж баярлах хүн байхаас биш, шүүмжлэх хүн ганц ч байхгүй.
 
Тав. Наадмын нээлт. Энэ бол наадмын өнгө жавхааг нэмсэн хамгийн сайхан, үзүүштэй, бахархууштай сайхан тоглолт. Ардчиллын 30 жилд улам сайхан болсон цөөхөн зүйлийн нэг. Харин жил бүр өөр хүн янз бүрийн тавилаар найруулж тавьдгаас болж хэл ам гарах, шүүмжлэх нь хэвийн үзэгдэл. Гэхдээ хэдхэн хоног шүүмжлээд л дуусдаг байв.
 
Зургаа. Бөх. Энийг хүн бүхэн мэдэх хойно ярих юм алга. Гэхдээ нээлтийн тоглолтын дараа наадмын эхний өдөр дуусна. Учир нь бөхийн 1,2, 3-ын давааг үздэг хүн цөөхөн. Бэлдсэн гоё хоолоо идэж, Xарин айраг, архи пиво уух завсартаа хааяа онц сонирхолтой барилдаан харвал их юм. Харин “жинхэнэ” бөх бол 12-ны үдээс хойш буюу 4-ийн даваанаас эхлэх бөгөөд 5-ын даваанаас эхлээд үзүүр түрүү хүртэл бүх монголчууд телевизийн хажууд уяатай. Авилга авдаг, худал барилддаг гэх мэтээр хараадаг боловч монгол бөх бол яалт ч үгүй, монгол наадмын оргил, гол бахархал мөн.
 
Долоо. Морь. Хурдан мориныхоо уралдахыг харах нь үнэхээр язгуур монгол соёл, бас бахархал мөн.Дутуу эргэсэн, морь хассан гэх мэт будлиан бол уяачид зохион байгуулагчдын дунд л гарна уу гэхээс наадамчин олонд огт хамаагүй. Монгол хүнд морио харж, бахархаж, огшиж, нулимс цийлэлзүүлэх л чухал, дараа нь ярих юмтай болох нь бүр ч чухал.
 
Би морио хасуулсан уяачны гэрт нэг удаа очиж билээ. Гунигтай, бараг уйлмаар байгаа хэрнээ монгол хүн чинь бэлэг дэмбэрэлээ бодоод муу муухай юм ярьдаггүй юм билээ. Ямар ч гэсэн адууны үүлдрийг тогтоохдоо сэрвээний өндрөөр хэмжиж “хасч нэмдэг” арга бол биологи, генетикийн хувьд боломжгүй гэдгийг л би сайн мэдэж байна. Морины хэрүүл байнга гардаг, гэхдээ цөөн хүний хүрээнд болдог учраас нийтийг хамарсан нэхэл дагал бага.    
 
Найм. Сур. Монгол наадмын нэг гол бахархалт төрөл. Харсаар байтал оночихож байгаа юмыг чинь булхайцах  арга байхгүй биз. Сурыг бол монголчуудаас илүү гадаадынхан сонирхдог. Монгол суранд ямар ч бульхай будлиан, хэрүүл хэл ам байхгүй.
 
Ес. Шагай. Монгол наадмын нэг гол бахархалт төрөл.Шагайчид бол зохион байгуулалт, дэг журам сайтай, ахас дээдэс, цол эрэмбээ сайтар сахидаг хүмүүс байдаг юм билээ.
 
Арав. Ардын зан үйл. Хот хөдөөгүй телевизээр морь бөх харна. Ялангуяа бөх, морины цол дуудахыг сонсож, харж бахархах ньмонгол наадмын хамгийн бахархалт агшнууд. Хотын наадамчдыг төвдөө байгаа, зусланд байгаа болон хөдөө явсан гэсэн 3 том бүлэгт хувааж болно. Хотод байгаа наадамчдын заавал гүйцэтгэх ёстой нэг үйл бий. Заавал Төв Цэнгэлдэхэд очих ба түүнийгээ ганц хоёр тойрч, наадмын хуушуур идэх явдал юм. Сүүлийн үед Стадионы дэргэд зургаа авахуулах гэсэн нэг шинэ ёс заншил нэмэгдсэн. Угтаа бол наадмын хуушуур амт чанараараа бусад хуушуураас онц их илүү гарахгүй боловч монгол хүнд заавал илүү сайхан амттай санагдах нь мэдээж хэрэг. Хөдөө бол хонь мал гаргаж, айраг цагаа бэлтгэх нь бас л мэдээж.
 
Хүн бүхний мэдэх зүйлийг ийн нурших нь илүүц мэт боловч манай шинжилгээнд нэн чухал. Өөрөөр хэлбэл монгол наадам бол дээр дурдсан 10 “арга хэмжээ” буюу өөр хоорондоо амин холбоо, хатуу дэс дараа бүхий 10 ёс заншлаас тогтоно.
 
Наадмын өмнөх улс төрийн нөхцөл
 
Манай үндэсний тэгш ойнуудоор коронавирус гарч таарав. 2020 онд коронавирус анх дэлгэрсэн боловч түүнийг үл харгалзан УИХ-ын сонгууль, түүнийг удаалаад орон нутгийн сонгууль явуулав. Коронавирус эрх баригчдад сонгууль луйвардах нэн таатай нөхцлийг бүрдүүлж МАН баттай бөгөөд стратегийн ялалт байгуулав.
 
2021 он гармагц МАН-ын 100 жилийн ой, Ерөнхийлөгчийн сонгууль, Ардын Хувьсгалын 100 жилийн ой  давхцав. МАН-ын 100 жилийн ойг сонгуулийн өмнөтгөл болгон суртал нэвтрүүлгийн болон намынхаа сонгуулийн сүлжээг мөнгөөр тэтгэж босгох пиар хэрэгсэл болгон тултал нь ашиглав. Үүний дараа Ерөнхийлөгчийн сонгуулийг бүхий л хуулийг зөрчин луйвардах ажилд ханцуй шамлан оров. Өмнө нь МАН зөвхөн өөрийнхөө сүлжээг мөнгөөр тэтгэдэг байсан бол Ерөнхийлөгчийн сонгуулиар АН болон бусад намуудыг өөрийн сүлжээ болгон нэгтгэж, Монголд анх удаа намуудын “мөнгөний сонгуулийн нэгдсэн сүлжээ” байгуулав. Өөрөөр хэлбэл сонгуулийн бүх санхүүжилтийг МАН ганцаараа дагнан дааж, хариуцдаг болов. МАН-д баттай ялалтаа төгс ялалт болгох туйлын чухал байсан учир сурсан зангаараа тултал нь луйвардав.
 
Олон намуудын хийсэн бүх төрлийн судалгаагаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хэн нь ч 50%-иас илүү гарахгүйгээр сонгуулийн 2 шатанд орох байсан нь эдүгээ ойлгомжтой байна. Сонгуулийн өмнө би У.Хүрэлсүх, Д.Энхбат хоёрын рейтинг ойролцоо гарна гэсэн дүгнэлт хийсэн ба энэ нь цээжнийхээ бангаар буудсан хэрэг огт биш байсан юм. Тодруулж хэлбэл С.Эрдэнэ эхний шатанд хасагдаж, У.Хүрэлсүх, Д.Энхбат хоёр дараагийн шатанд өрсөлдөх ёстой байжээ. Иймээс МАН тултал нь луйвардав.     
 
Сонгуулийг илт луйвардсаны улмаас олон түмний дургүйцэл ихээхэн газар авав. Үүнийг ямар ч аргаар хамаагүй дарах, намжаах ёстой болов. Энэ нь мэдээж хэрэг Ардын Хувьсгалын 100 жилийн ой юм. Иймээс Ардын Хувьсгалын тэгш ойг өргөн дэлгэр тэмдэглэх ажилд ханцуй шамлан оров.
Ардын Хувьсгалын тэгш ойг тэмдэглэх, харин сонгуулийн луйвраа халхлах гэж хийх хоёр бол гаднаасаа харахад ялгаагүй мэт боловч мөн чанар нь тэс өөр, эсрэг тэсрэг зүйл болно.
Үүнийг тухайн ойд зориулж ямар ч судалгаа шинжилгээ хийгээгүй, эрдэм шинжилгээний дорвитой хурал хийгээгүй, улс орны өмнө тулгамдсан асуудал, хэтийн төлөвт шинэ дүгнэлт ганцыг ч хийгээгүй зэргээр хялбархан баталж болно. Өөрөөр хэлбэл МАН Ардын Хувьсгалын 100 жилийн ойгоо оюун ухааны харанхуй мунхгаар угтав.
 
МАН-ын дарга нарын илтгэл айлтгалаас үзвэл тэд өмнөх 70 жилийн ололт амжилтыг бахархан дурдсанаас биш, сүүлийн 30 жилийн ололт амжилтын талаар бараг юу ч ярьсангүй. Угаасаа ярих юм байхгүй юм чинь юугаа ч ярих билээ ?! Үүгээрээ МАН хоёрдмол байдалд оров. Нэг нүүрээрээ 70 жилийн бурангуй дэглэмийг халан шинэ нийгэм байгуулж байгаа гэж ярих атлаа нөгөө нүүрээрээ 70 жилийн ололт амжилтаар бахархах нь утгагүй юм. МАН өөрийгөө араатан, жигүүртний алинд хамааруулахаа мэдэхээ байсан сарьсан багваахайн үлгэрийг санагдуулна. Сарьсан багваахай дэлхий дахинд коронавирус тарааж, харин Монголд МАН тараасан нь хувь заяаны шоглоом  юм.
 
Ингээд МАН Ерөнхийлөгчийн сонгуулийн луйвраа мартагнуулах зорилгоор Ардын хувьсгалын 100 жилийн ойг өргөн дэлгэр тэмдэглэхээр шийдэв. Гэвч МАН-ын удирдлага, зохион байгуулалтын ноцтой хур алдааны улмаас коронавирусын цар тахал замбараагаа алдав.
 
Хагас хугас наадам
 
Сонгуулийн луйварт дургүйцсэн, коронагийн цар тахлаас айсан хоёр нийлээд наадам хийхгүй гэсэн уур амьсгал манай нийгэмд давамгайлах болж, МАН болон төр засагт хүчтэй шахалт үзүүлэв. Ингээд МАН-ын засаг арга буюу наадам хойшлуулах шийдвэр гаргав. Гэхдээ үүнийг дэс дараагаар ярихгүй бол манайхан мартчихдаг гэмтэй.
6-р сарын эхээр Наадмын нээлтийн тоглолтыг 3 найруулагч хамтран найруулах шийдвэр гарав. Үүнийг олон нийт талархан дэмжив.
 
6-р сарын 20-доор олон нийтийн хүчтэй шахалтын улмаас Наадам хойшуулах шийдвэр гарав. Энэ шийдвэрийн хувьд монголчууд дэмжсэн, болон дэмжээгүй гэсэн 2 хэсэгт хуваагдсан ба энэ нь тун удалгүй no-naadam, yes-naadam гэсэн хоёр бүлэг болон  талцахад хүрсэн юм.
 
Наадам хойшлуулах шийдвэр гэнэт бөгөөд тулгаж гарсан учир “шинэ маягийн” наадмын бэлтгэлд ердөө л 10 хоног үлдэв. Монголд улсын хэмжээний том ажлыг 10 хүрэхгүй хоногт багтааж хийнэ гэдэг бол өөрөө монгол гайхамшиг юм.   
 
Ер нь ингэхэд “наадам хойшлуулна” гэдгийг тун олон янзаар ойлгож болно. Наад зах нь 7-р сарын 10-13-нд болох наадмын бүх арга хэмжээг хойшуулж, цар тахал намжсан хойно “гүйцээж хийнэ” гэж ойлгож болно. Эсвэл энэ жил наадам хийхгүй, ирэх жил хийнэ гэж ойлгож болно гэх мэт.
Гэтэл нөгөө талаас Ардын Хувьсгалынхаа 100 жилийн ойн баяраараа хов хоосон, зүвж  зүгээр суугаад байж үнэхээр болохгүй. Тэгвэл хийсэн ч биш, хийгээгүй ч биш байх арга бий юу ?!
Монгол наадмаасаа эрийн гурав гэгдэх морь, бөх, сур гурваа хасчихаад, дээрээс нь шагайгаа хасчихаад, цэнгэлдэх тойрч хуушуурддаг нь алга болж, цэнгэлдэх хүрээлэн нь хов хоосон тохиолдолд наадмын ёс заншлаас юу үлдэх ёстой вэ ?  
 
Үйлийн лайтай Баатар…
 
Миний зориудаар дээр дурдсан монгол наадмын 10 зан үйлээс монгол наадмыг “бүрэн” орлож чадах нь ганцхан нээлтийн тоглолт болсон юм. Морь, бөх, сур, шагай байхгүй, цэнгэлдэх хоосон үзэгчгүй тохиолдолд монгол наадам гэдэг бол бүтэшгүй асуудал юм.
 
Ийм хүнд нөхцөлд Наадмын нээлтийн тоглолт найруулах үйлийн лай Херо Баатарт ногджээ. Хэрэв мартаагүй бол ноднингийн наадмыг хэсэгчлэн хорьсон бөгөөд нээлтийн тоглолтыг Баатар цэнгэлдэх хүрээлэнгүй анх удаа найруулан тавьсан юм. Мэдээж байнга гарах шүүмжлэл байсан боловч энэ тоглолт Монгол наадмын нэр төрийг аварч гарсан. Ийм учраас Баатарт монгол наадмыг 2 дахь удаагаа аврах үүрэг ногджээ.
 
Бөх ярих боломжгүй, морь ярих боломжгүй, сур, шагай ярих боломжгүй, ганц ярих боломжтой зүйл нь нээлтийн тоглолт юм. Энэ удаад Монгол наадмын 10 ёс заншлаас нээлтийн тоглолт ганцаараа монгол наадмыг “орлох” үл гүйцэлдэх, бүтэлгүй хувь тавилантай байжээ.   
 
Монголчууд баярын илтгэлд уураа гаргах нь байтугай сонсох ч үгүй. Төрийн тугийг Ордны үүдэнд дутуу залсанд уурлах үндэслэл тун хомс. Ингээд ганц үлдсэн, нүүр тахалсан нээлтийн тоглолт, түүнийг найруулсан Баатарт “наадамгүй болсны” уураа бүх нийтээрээ гаргав.  
 
Новшийн муу Л.Оюун-Эрдэнэ улсын 10 тэрбум төгрөгийг төрсөн ах Баатартаа өгч, нөгөө туучий нь хулхи юм хийж, монгол наадмыг хулхидаж гутаасан. Адгийн муусайн шаарнууд, ёстой алсан ч багадна… 
 
Энэ удаад буриадууд хүүхний хормой сөхсөн хэрэг босч ирэв. Хэрэв би эндүүрээгүй бол ноднингийн наадмаар эсгийд согтуу хүн ороосон гэх ял тулгаж билээ. Энэ одоо тийм хүнд ял уу ?!  Буриад ястныг доромжилсон хэрэг үү ?!  Яаж ч бодсон үгүй. Зүгээр л уйдсан, уур нь хүрсэн хүмүүс өө сэв хайж байна. Би монголчууд ууртай, сэтгэл гонсгор байгааг сайн ойлгож байна. Гэлээ гэхдээ бүх нийтээрээ шахам сүржигнэж, ганц хүнийг буруутгаж яллах нь тэнэг бөгөөд утгагүй явдал.
 
Хөөрхий муу Баатарыг ёстой алж хаяж байна. Нэг талаас нь бараг бүх нийтээрээ түүнд уураа гаргаж байна. Нөгөө талаас зарим уран бүтээлчид Баатар биднийг хулхидаад бага мөнгө өгсөн гэж загнаж байна. 
 
Яг бодитой үзэх юм бол 10 тэрбум төгрөг бол Ардын Хувьсгалын 100 жилийн ойд зориулсан нийт төсөв юм. Харин маш олон сувгаар шалгаад үзэхэд Баатарт 850 сая төгрөг өгчээ. Үүнд итгэхгүй бол өөрсдөө шалгаад үзсэн ч болно. Би нээлтийн төсвийн бүрэн задаргааг аль хэдийн олоод авчихсан. Тэр төсвөөс үзэхэд манай урлагийнхан үнэгүй шахам ажиллаж, монгол наадмын нэр төрийг  аврах бахархам үйлс бүтээжээ. Гэтэл хэдэн навсганасан юм гэж шүүмжлэх…
 
Өмнөх наадмын жишгээр бол нээлтийн тоглолтыг 10 буюу түүнээс дээш тэрбум төгрөгөөр хийдэг байжээ. Одоо бол 850 сая төгрөг…
 
Би нэгэнт монгол хүн болохоороо хүн шүүмжлэх тун дуртай. Гэхдээ хүний хийснийг үндэслэлгүй үгүйсгэж, хар муйхраар шүүмжилж, гүтгэж болохгүй. Ердөө 10 хүрэхгүй хоногийн дотор 850 сая төгрөгөөр үзэгчгүй наадмын тоглолт найруулсны учир Баатар наадам сөнөсөн, сөнөөсний гол бөгөөд цорын ганц буруутан болох ёсгүй, харин ч түүнд  баяр хүргэх ёстой. Нөгөө талаасаа Баатрыг шүүмжилж болно, энэ бол чөлөөтэй гэж бодож байна. Харин түүнийг наадам сөнөөсөн гол буруутан гэж бүх нийтээрээ харааж яллаж болохгүй.  
 
Концерт маягийн театрчилсан үзүүлбэрээс өөр Баатар юу хийх ёстой байсан юм ?! Сэтгэл зүрхээ гаргаж, үнэгүй шахам ажилласан урлагийн  хүмүүсээ нулимах нь зөөлөн хэлэхэд тун бүдүүлэг хэрэг. Би урлагийн үзүүлбэрийн сайн мууг дүгнэдэг хүн биш. Гэхдээ л 10 хүрэхгүй хоногт маш бага мөнгөөр үүнээс илүү сайн юм хийх боломжгүй гэдгийг л мэдэж байна.
Хагас дутуу наадмын гол буруутан нь короновирусын цар тахал. Түүний дараа наадам “хойшлуулах” гэсэн  тодорхой бус шийдвэр гэнэт гаргаж, наадам хийсэн ч биш, хийгээгүй ч биш хачирхалтай байдалд оруулсан төр засаг мөн. Ямар ч гэсэн Херо Баатар биш юмдаг.
 
Баатар ч яахав, дүүрсэн хэрэг, ганц хувь хүн. Харин наадам тойрсон хэрүүл будлиан монголын өөрийн гэсэн соёл, ёс заншлыг хүртэл үгүйсгэж, нулимах хэмжээнд хүрэх хандлага бодитой бий болсон нь хамгийн их аюул юм.  
 
Одоо ч гэсэн наадам яах нь тодорхойгүй. Яахав, цар тахал гайгүй болбол 8-р сард бөхөө барилдуулж, морио уралдуулж, сур, шагайн тэмцээнээ зохиож болно гэсэн найдлага байгаа. Гэхдээ наадмаа яаж ч гүйцээж хийлээ гэсэн 7-р сарын 10-13-ны хүлээлтийг яагаад ч хүрэхгүй нь мэдээж хэрэг.
 
Харин Баатарыг харааж байх хооронд чинь “төгс ялалт” байгуулсан МАН-ын байдал нэн хүндэрч, наадам нь нанчилдаан болон хувирч байгааг анхаарчихвал тун зүгээр юмсан. Харин энэ бол наадмаас хамаагүй илүү хараал идэж, уур хүргэсэн явдал болох нь нэн тодорхой…
 
Төр засаг Херо Баатар урлагийн тоглолт “буруу” найруулснаас болж нурахгүй, харин МАН-ын нанчилдаанаас болж нурна. Мөн цар тахал буурах эсэх нь Херо Баатраас хамаардаг юм биш, МАН-ын үйл ажиллагааны үр ашгаас хамаардаг юм. Энэ бол аксиом учраас тогтоогоод авчихад илүүдэхгүй…
 
Судлаач Х.Д.Ганхуяг.
 
2021 оны 07 дугаар сарын 14
 
Эх сурвалж: ganaa.mn блог 
Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог ganaa.mn- ээс уншина уу?
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.31.86)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.