Цэр нь цээжиндээ, бөөр нь бөгсөндөө байг ээ, ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ!!!
Нийтлэл
/
2021-08-07
Ийм нэгэн хэлц үгийг өвгөд маань хаа нэг хэлдэг байжээ. Тэд хаад ноёдынхоо хагарал, тэмцэл, нутаг хошуугаараа талцаж, ард олноо түйвээж, байдал хурцдах үед энэ хэлц үгээ тэдэнд хандан хатуухан хэлж сануулдаг байв. Тэд ч өвгөдөөс эмээх бөгөөд хүсэл, шуналаа хазаарлан, эе эвээ хичээн эвлэлдэн номхордог байв.

Гэтэл та бид өнөөдөр яаж байна. Юун цээж бөгс, ах зах ч байхгүй. Нээг их ардчилал, хүний эрх гэж хашгиралдсан улс. Төрийн эрх мэдэлд хүрч л байвал бол оо. Эрх мэдэлд хүрснээр их мөнгөтэй болно. Төсөв, хөрөнгө мөнгө, тендер, концесс гээд төрөөс идэж уух, хулгайлж хумслах зүйл бишгүй олон. Нэг үгээр “хадуур барьсан үхээрүүд” болцгооно.

Монгол улс, та бид ер нь хаана явна. Монголын улс төрийн намууд, улс төрчид, тэр битгий хэл жирийн иргэд өнгөрсөн жилүүдэд худалч хүний үгээр бол, ганц ч өдөр амар тайван аж төрсөнгүй. Өөр хоорондоо эе эвтэй байж чадсангүй. Хөгжих ч бүүр дүүрч. Нэг харсан “хадуур барьсан үхээрүүд”-эд хамаг байдгаа тавьж туугаад, өөрсдөө модоо барьчихсан сууж байна.

Дээр дооргүй бие биенээ үгүйсгэнэ. Муу муухайгаар дуудаж, харааж ерөөнө. Эрх мэдэлд очсон хэд нь гадна, дотны шуналтнуудын гар хөл болцгооно. Эх орон, газар шороогоо хайр гамгүй ухаж төнхөнө, эрдэс баялгаа цөлмөж, улс орноо хувхайруулна. Ард иргэдийн оюун санааг булингартуулна. Төрдөө итгэх монголчуудын чин сэтгэл, итгэл үнэмшлийг үгүй хийнэ. Монгол хүн монгол биш болжээ.

Уг нь хүн бүхэн эв нэгдэл, эе эв хэрэгтэй гэж гаслах боловч түүнийгээ ажил хэрэг болгож чадсангүй, чадахыг ч хүссэнгүй.

Харин У.Хүрэлсүх МАН-ын даргаар сонгогдсон цаг мөчөөс эхлэн нам дотроо эе эв, эв нэгдлийг бий болгохын төлөө тууштай тэмцэж, зүтгэж, түүнийгээ ч бүтээж чадсан.

30 жил дур зоргоороо аашилж, амин хувийн ашиг сонирхлын төлөө хэнтэй ч нөхцөж, юу ч хийж мэдэх энэ улс төрчдийг нэгтгэж, эх орон, ард түмнээ гэх нэгэн үзүүрт зорилго, үзэл санаанд итгүүлж чадсан хүн бол яах аргагүй У.Хүрэлсүх. Би тэгж харж байна.

Ерөнхийлөгчийн тангарагаа өргөж, тамга тэмдгээ аваад У.Хүрэлсүхийн хийсэн анхны алхам бол улс орныхоо гадаад харилцааг сэргээх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд явдал байсан. Тэрээр юу, юуны өмнө урд, хойд хоёр хөршийн төрийн тэргүүнтэй утас, шөрмөсөөр холбогдож бүс нутгийн хэмжээнд хамтран ажиллах, улс төр, эдийн засгаа харилцаагаа эрс тэлэх, цаашид хамтран хийж бүтээх ажлаа төлөвлөн, эмхэлж цэгцлээд эхэллээ.

Тэрээр хамгийн сүүлд гэхэд улс, эх орон, ард түмнийхээ нэр хүнд, алдар гавьяаг дэлхий нийтэд мандуулж ой тогтоолт, оюуны чадавхиа гайхуулж яваа өсвөрийн багацуулаа урлаг, спортын гавьяатуудын нэгэн адил Монголын төр үнэлж урамшуулж байх ёстой хэмээн үзэж Ерөнхийлөгчийн зарлиг гаргажээ. Урьд өмнөх Ерөнхийлөгчид гэлтгүй та бид хүүхдүүдийнхээ энэ гайхалтай авьяас чадварыг наад зах нь бөхчүүдийн нэгэн адил ингэж үнэлж чаддаг байсан билүү.

Манай орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, гадаад дотоод харилцаа хүндхэн байна. Маш хүнд, бүр эмзэг байна. Ард иргэд ядарч, туйлдаж байна. Залхаж байна. Дээрээс нь өнөө гайхал вирус нэмэрлээд та бидний чөмгийг ёстой шалгаж байна. Олон ч иргэнээ зүй бусаар алдлаа. Цаашид гайхал вирус ямар гай чирж ирэхийг бид битгий хэл, дэлхий мэдэхгүй байна. Дэлхий нийтээрээ эдийн засгийн хямралд орлоо. 

Та бид энэ хүнд, цаг үед эе эв, эв нэгдлийг дээр, дооргүй ихэд эрхэмлэх хэрэгтэй. Ёстой “цэр нь цээжиндээ, бөгс нь бөөрөндөө” байх цаг ирчихээд байна. Гэтэл өнөө “хадуур барьсан үхээрүүд” дахиад л хэрүүл, тэмцэл өрнүүлэхээр ил далд санаархаад эхэллээ. Элдэв улс төрийн өдөөн хатгалга сэдэж, төр иргэдийн дунд яс хаяж эвдрэлцүүлэхийг хүсэж байна. Монголоо алдсан этгээдүүдээс юу ч гарч мэднэ. Тэдэнд Монголын төр эв нэгдэлгүй байх нь чухал. Тэд зөвхөн үүнийг хүснэ. Хүслээ гүйцэлдүүлж гэмээнэ урьд өмнөх шигээ эх орны минь баялгийг хуу хамж, гадагшаа зөөнө. Хомхой шунал, тачаалд нь тээг саад болсон хэнийг ч, юуг ч тэд тасар татаж хаяхаас сийхгүй.

Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ та, яг ийм тохиолдолд эрс шийдэмгий байж хууль хэрхэн засаглах ёстойг энэ үхээрүүдэд үзүүлэх ёстой.

Шинэчилсэн Үндсэн хуулиар танд маш их эрх мэдэл төвлөрсөн. Ерөнхийлөгчтэй харьцуулашгүй их эрх мэдэл таны гарт байна. Улс орон, ард иргэдийн байгаа царайг хар. Ямар нөхцөлд байгааг үнэн зөв, бодитоор үнэлж, авах арга хэмжээ, хэрэгжүүлэх хөтөлбөрөө “төрийн төмөр нүүр”-ээ харуулаад ч болтугай эрс зоримог эхлүүл. Чиний наад мелинхойлиг төрх, эргэлзэж тээнэгэлзсэн байдал хадуур барьсан үхээрүүдэд хамраа сөхөх боломж олгож байна. Тас цохиоч. Ийм бай л гэж чамайг ард түмэн төр барьж буй улс төрийн намын дарга, Ерөнхий сайд болоход юу ч дуугараагүй, дэмжсэн. Чадахгүй бол эртхэн ажил албаа өг. Чаддаг хүн нь хийг.

Ер нь тэгээд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, болон бусад төрийн албан хаагчид, цагдаа шүүхийхэн хариуцсан ажлаа, чин шударгаар хийвэл хий, хийж чадахгүй гэвэл эртхэн зайлсан нь дээр.

Энүүхэндээ гэж хэлэхэд У.Хүрэлсүх ээ! Та, хууль засагладаг төртэй болно гэж амласан. Та энэ бодлого, зарчимдаа үнэнч бай. Хатуу зогс. Гадна, дотны элдэв нөхөдтэй нөхцсөн “хадуур барьсан үхээрүүд”-ийн өдөөн хатгалга, дарамт шахалтад автаад, нэг харсан ханцуйгаа шамлаад Ерөнхий сайдын хийх ёстой ажлыг өмнөөс нь хийгээд эхлэв. Тэр бүү хэл, алдаа оноо, үүрэг хариуцлагыг нь би үүрнэ ээ, гээд цохиж явахаа сийхгүй л нөхөр шүү. Сайхан мэдээрэй. Цаад “хадуур барьсан үхээрүүд” чинь зөвхөн үүнийг л хүлээж байна. Цэр нь цээжиндээ, бөөр нь бөгсөндөө гэх өвгөдийн үгээ сана.

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.143.5.161)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.