ШУДАРГА ЁСЫГ БУЛШИЛСАН ШУДАРГА БУС ТАВ...
З.Батхуяг
Нийтлэл
/
2021-08-26

Шударга таван гишүүнээ гэнэт саначихлаа...!!! Хөхөө өвлийн хүйтэнд Сүхийн талбайд сүрт жагсаал зохион байгуулж, таван ханатай гэрт хэд гурав хоносон “ТАВАН ГАЛЗУУ” нөхөр байж билээ. Наанаа шударга ёс ярьж, МАНАН бүлэглэлийн эсрэг хүчтэй тэмцэж, өлсөнө, сууна гэж айлгаж байсан нь саяхан мэт. Гэвч тэд жинхэнэ “ХОНИНЫ АРЬС НӨМӨРСӨН ЧОНОНУУД” байсан гэдгийг тухайн үед хэн ч төсөөлөөгүй л дээ. Тэр л алдаа болж. Яахав Монголын ухаан хойноо гэж үгтэй, одоо яая гэхэв. Монголын улстөрийн эрчимтэй хөдөлгөөнийг хаврын ба намрын гэж хоёр ангилдаг байсан. Гэтэл тэд ӨВЛИЙН УЛСТӨР гэгчийг гэнэт бий болгосон нь тухайн үедээ бас хүчтэй дэмжлэг авч, олны анхаарлыг татаж байв. Захиалагч, санхүүжүүлэгч нь тодорхой энэ хэргийн цор ганц хохирогч нь хөөрхий  УИХ-ын дарга асан М.Энхболд.

Миеэгомбын Энхболдыг л зайлуулчихвал МОНГОЛД ШУДАРГА ЁСНЫ НАР МАНДААД сайхан болчихно. Төрд байгаа бүх авлигал, луйвар булхай, муу муухай бүхэн түүнтэй хамт үгүй болчихно гэж тэд орилсон. Хүмүүст ч итгүүлсэн. Монголын хамгийн муу, муухай хүн тухайн үед М.Энхболд л байлаа... Ёстой амтай бүхэн нь муулж, хоолны хачир, кофены даруулга болгож байсан. Нэг хэсэг хятадын эрлийз гэж дайрсан. Дараа нь газрын наймаачин гэж гадуурхсан. Бүүр болохоо байхаар нь 60 тэрбумын хэргийн гэмтэн болгосон. Адаг сүүлд нь Ц.Элбэгдоржийн талын хүн, МАНАН бүлэглэлийн дэд тэргүүн болгож орхисон. Бараг эхнэрээсээ сал гэчихсэн л дээ... Тэр худлаа хэлээгүй, хулгай хийгээгүй, хууль зөрчөөгүй учраас ТАВАН ГАЛЗУУГИЙН ТАВЬСАН шаардлагад хууль л хариу өгч байлаа.

Тухайн үед УИХ-ын бусад гишүүд “Энэ тав нь ч яасан залхдаггүй, тэнэгүүд юм. М.Энхболд нь ч яасан унаж өгдөггүй юм” хэмээн гайхацгааж байв. Асуудлын гол нь М.Энхболдыг зайлуулахад бус таван гишүүн нь ямар албанд яаж очиж, хэдэн төгрөгөөр хаашаа явах, албан тушаалд хэнийгээ томилох вэ гэсэн тохирлцоогоо л хийж чадаагүй байсан. Үүнээс болж олонхийг бүрдүүлж байсан МАН-ын 65 гишүүн 32:33 болж, АН-ын 11 гишүүд 4:7 долоогоороо бас хуваагдаж, хууль тогтоох байгууллагынхан ХУУЛЬГҮЙ гацсан. Тэгээд арга буюу ЗАХИАЛАГЧ нар нь эцсийн шийдвэрийг гаргаж Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулж МАНАН бүлэглэлийн гэх М.Энхболдыг огцруулав.

М.Энхболд улстөрөөс яваад хоёр жил гаран боллоо. Нөгөө тавын маань шударга ёс харин ШУДАРГА БУС болж хувирлаа. Өнөөх л бүүдгэр тэнгэр, гуагласан хэрээ хэвээрээ л эргэлдэж байна. Зовлонтой үед ЛАМ БАЯЖИЖ, зуднаар НОХОЙ ТАРГАЛДАГ гэгчээр улстөрийн их хямрал, гацаан дундаас хожсон нь харин нөгөө тав болж хувирав. Шударга ёсны нар мандуулсан таван гишүүнийхээ зургийг жаазлад ажлынхаа хананд хадчихсан хүмүүстэй ч таарч байлаа. Амьдрал үргэлжилдэгээрээ л үргэлжилнэ.   Гэхдээ ШУДАРГА ЁС бол тогтохгүй юм байна. Харин МӨНХИЙН ЭРХ АШИГ л яваад байна. нөгөө тав маань тавуулаа АЛБАН ТУШААЛД ОЧЧИХСОН  хувь хувийнхаа ажлыг хийгээд өөр өөрийнхөө нарыг мандуулаад явж байна.

Шударга тав тэмцлийн гол санаачлагч ЦАГААН ХООЛОЙ хэмээх Жалбасүрэнгийн Батзандан. Австралид суух Элчин зөвлөх болов.

Тэмцлийн гол тулгуур болсон туршлагатай улстөрч Лувсанвандангийн Болд Монгол  Улсаас   Бельгийн   Хаант  Улсад  суугаа  Онц  бөгөөд  Бүрэн эрхт Элчин сайдын сэнтийд заларч байгаа.

Харин МАН-ын гурван шинэ гишүүдээс Төмөрбаатарын Аюурсайхан УИХ-ын дэд дарга, Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд, Хишгээгийн Нямбаатарын хувьд Хууль зүй, дотоод хэргийн сайд болоод өнөөх тэмцэл шударга ёсоо мартчээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.13.220)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.