“Хүн өөрчлөгдөх хэцүү.
Хүний өөрчлөлтийг ойлгох түүнээс ч хэцүү”.
Манай Еөк маань нөгөө хоёртойгоо (нөгөө, төрийн гурван юу) нийлээд бизнес эрхлэгчдээ урин авчирч (арай ч бариад ирээгүй байлгүй) чууллаа. Зовлонгоо ярь гэсэн бололтой юм. Тохуутай ч юм даа. Зовоож зовоочихоод “За одоо, хэрхэн зовсноо ярь” гэхээр.
Зайлуул, цаадуул нь хүрээд ирчээ. Байнга л хулгайч, дээрэмчнээрээ дуудуулж, “хураана, баривчилна” гэдгээр дарамтуулж хаширсан улс чинь “Үндэсний үйлдвэрлэгч, хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч” энэ тэр гээд төрийн амнаас бараг гардаггүй үгээр цоллоод дуудахаар нь сэтгэл нь хөөрсөн ч биз?
Эсвэл айгаад очсон ч юм билүү? 1937 оны яг өдийд, 9 сарын 10-даар, улсынхаа сор болсон хүмүүсийг “Бүх одон тэмдгээ зүүгээд, ёслолын хувцастай Дотоод яаман дээр ир” гэж авчраад баривчлан буудсан байдаг даа.
Ямар ч байсан “Төрийн гурав” (гэснээс, ямааны гурав, сүвээний гурав гэхчлэнгийн энд ямар ч хамаагүй, дэмий юмс санаанд орчих юм) маань бизнес эрхлэгчдээ магтаад, ард түмнийхээ төлөө хамтран ажиллах талын юм ярилаа. Тэр ч байтугаа хувийнхныг бизнесээ сайн хий гэх ухааны юм хэлэв? Бүүр байчихаад, “Та нарын бизнес чинь улс эх оронд хэрэгтэй байна. Эх орныхоо төлөө баяжигтун” гэж ойлгогдохоор ярив.
“Стратегийн ач холбогдолтой дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтуудыг эрчимжүүлж, экспортын чиглэлтэй боловсруулах үйлдвэрүүд барьж, ажлын байр олноор бий болгон, үйлдвэрлэгч, экспортлогч улс болмоор байна” гэдэг бол манай хувийн бизнесийн салбарт л үндсэндээ хамаарах ажил. Тэднийгээ хулгайчаар нь дуудахгүй, бизнесийг нь гацаахгүй, хөрөнгийг нь хурааж авахгүй байж л бүтэх ажил.
Бизнес эрхлэгчид маань ерөнхийдөө ёсыг бодсон байдлаар учир зовлонгоо ярьж харагдана. Итгэж ядсан, "ингэж л байдаг, худлаа даа" гэсэн бичлэг тэдний нүүрнээс тодроно. “Сэхээтний төөрөгдөл” хэмээх шуурганаар “За нам засагтаа үнэнээ хэлчих”, “Нам засгийн юу нь болохгүй байна, айлтгүй ярь” гэхээр нь үнэмшиж бураад шоронд орсон хүмүүсийн үр ач нар шүү дээ. Ажилчин малчин нь төөрөхгүй байхад сэхээтэн нь төөрдөг эвгүй цаг байж.
Харин барилгын салбарын ажил олгогчдыг хурц шүүмжилсэн үгс цогтой цуурайтаж сонсдов. Ажилчин ангийн төлөөлөгч (буруу ойлгосон бол уучлаарай) маань худал яриагүй л дээ. Энэ салбар ялзарсан нь үнэн.
Гэхдээ уулзалтыг жаахан далий ойлгоод, Монголын төр хуучин шигээ хэдэн бизнес эрхлэгчдээ дуудаж авчраад хосыг нь шувтрах гэж байна гэж бодсон болтой. Тэгээд шүүмжийн хурц үзүүрийг барилгын салбарын ажил олгогчид руу харуулсан шиг.
Улмаар, Ерөнхий сайд нь ч дуугүй чагнаж суусангүй “Төр бизнес эрхлэгчдийн нүдээр харах ёстой. Төрийн үйлчилгээг цахимжуулж, зөвшөөрөл олгоно, хяналт шалгалт хийнэ гэдэг хүнд суртлуудыг халахыг эрмэлзэж байна. Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, тогтвортой байлгах, саад хийхгүй байх орчныг бүрдүүлэх нь чухал. Төрд байгаа төрийн өмчит үйлдвэрийн газрын давхцаж байгаа чиг үүргийг хувийн хэвшлийнхээ өмнүүр орохгүйгээр, ашигтай бизнесийг хувийн хэвшил эрхэлдэг болох боломж олгох ёстой” гэх нь тэр.
Хөрөнгө оруулагчдаа хөөчихсөн, дахиж ирэхгүй хуулийн орчин бүрдүүлсэн, эрүүл бизнес явуулах бүхий орчныг хавтгайд нь завааруулсан, төр нь иргэнийхээ бизнэсийг булаасан манай оронд ийм юм хийнэ гэдэг бол бүх юмыг орвонгоор нь эргүүлж хаяна гэсэн үг биз дээ. Угаасаа орвонгоор нь эргүүлэхгүй бол хэвэндээ орохгүй болтлоо манай эдийн засаг хөмөрснийг зөвшөөрч байна гэсэн үг.
Уригдсан бизнесменүүд ч тэр, зурагтаар харсан хүмүүс ч тэр, бөөн эргэлзээнд үлдэв. Зарим нь шоолов. Зарим нь өмнөх алдаа дутагдлыг нь уудлав. Муу нэрийг хусавч арилдаггүй гэж энэ. Гэхдээ, муу нэр чинь угаасаа хусагдахгүй, "нэгэнт муу явсан л бол сайн юм хийнэ гэсэн теоромгүй" гэсэн догм байж болохгүй нь энд ямар хамаа байх вэ?
Нээрээ, манай төр яах гэж байгаа юм бол? Арай ч Мао Зэдун шиг “Цэцэг бүхэн дэлгэрэг, эрдэмтэн бүхэн уралдаг” гэж хөөргөж байгаад тасчин хаях гээгүй байх. Зүгээр л хүнд цаг үед нийгэмдээ урам өгөх гэсэн юм уу?
Эсвэл, “Тунгалаг тамир” кинонд “Эцгийн минь хөрөнгийг хураасан новшийг баярлуулж байгаад маргааш өглөө туг тахина” гэдгийн үлгэрээр хөрөнгөө арвижуулах боломж өгөөд, дараа нь хураах гэж байгаа ч юм уу?
Ямар ч засаг, ямар ч ерөнхийлөгч албан тушаалд хүрэхийнхээ өмнө болон ажилд очсон эхний өдрүүддээ аль гоё гоё юм ярихийг тэр гэх вэ?
Гэтэл энэ хэд чинь аль хэдийнэ сонгогдсон хойноо, албаа аваад бас ч удсны дараа ийм юм яриад байдаг чинь юувлээ байз?
Үнэхээр эцсийн боломжийг ашиглан, эцсийн шинэчлэл хийж гэж байна уу? Үнэнийг хэлэхэд, одоо л төр нь ч, иргэн нь ч алиалахаа болиод, зүгээр л номоороо амьдрахгүй бол Монгол улсын тусгаар тогтнол ч эвгүйдэж байгаа шүү.
Эцсийн “Эргэлтийн цэг” гэж үү, ийм юм. Хэт алсын нислэгт, жишээлэхэд Өмнөд туйл руу ч юм очих замд “эргэлтийн цэг” гэж байдаг. Эргэж нисэх шатахууны нөөцгүй болох цэг. Замын агаар муудах, очих газар нь хүлээж авах боломжгүй боллоо гэхэд тэнд хүрэхээс өмнө буцна, амжаагүй бол цаашаа л яваад төгсгөлөө харахаас өөр замгүй. Манай улсын эдийн засаг аль хэдийнэ “эцсийн эргэлтийн цэг” дээрээ ирсэн. Цаашаа явбал бидэнд зөв тийшээ эргэх шатахууны нөөц үлдээгүй гэдгийг л хэлж байгаа юм.
Үүнийг манай төр, засаг үнэхээр харсан хэрэг үү? Харах нэг хэрэг, хийхэд мааш их зориг хэрэгтэй. Үүнийг хийсэн хүмүүс баатар болж үлдэх ч амьддаа цолоо зүүх эсэх нь эргэлзээтэй. Тэдэнд өнөөдрийхөө алдар нэр, алдар хүнд, алба хэргэмээ золиослох зориг байгаа болов уу?
Гэхдээ, хөөрүү сагсуугаараа дуудуулдаг ч гэсэн ерөнхийлөгч Хүрэлсүхийн нүүрэн дээр л нийгэм эргээд илт зоригжиж, улс төрийн нэн шинэ хоригдлууд маань наранд гарсан нь хамгийн шинэхэн үнэн. Дараа нь тэр Шүүх засаглал болон Авилгатай тэмцэх тогтоц руу хуруу дүрэхгүй гэдгээ ч бас хэлсэн. Хүрэлсүх сайн хүн гэж хэлэх гэсэн огт биш.
Харин зориглож чадах, зөв гэж итгэсэн бол гал руу харайж ч мэдэх л нэгэн.Үнэхээр улс орноо “Эргэлтийн цэг”-ээс эргүүлэхэд тэр зориг зүрх нь хүрэх үү? Үе үеийн ах нарынхаа гаргасан гажуудлыг “паартай гавлаад өшиглөх” чадал түүнд байгаа юу?
Шударга бус байх нь муухай. Гэтэл шударга бусаар их явчихаар “шударга байх нь муухай” харагдаад, эсэргүүцэлтэй тулгардаг. Үүнийг л зөв явахад цөвүүн цаг гээд байгаа юм.
Хэцүү дээ, Монгол улс муу явахын хэрээр өөрөө сайн явдаг тэр хүмүүсийн ашиг сонирхлыг давах уу?
Гагцхүү, Ерөнхийлөгч, ерөнхий сайд, УИХ, эрх баригч нам санаа нийлж чадвал цөвүүн цагт ч зөвийг хийж чадах.
Төр, засгийн оройд байгаа хүмүүс улс орноосоо эргэлтийн эцсийн цэгээс нь зөв тийш нь эргүүлэхийг үнэнээсээ чармайж эхэлсэн юм болов уу?
Хүн өөрчлөгдөх хэцүү, хүний өөрчлөлтийг хүлээж авах түүнээс ч хэцүү. Үнэхээр л тэд өөрчлөгдөж байгаа бол бид ч өөрчлөгдөх хэрэгтэй болох нь... Гэхдээ жаахан харна аа.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин