2021 оны ОНЦЛОХ УЛСТӨРЧ: Зургаан жилийн бүрэн эрхтэй зургаа дахь Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх
З.Батхуяг
Нийтлэл
/
2022-12-31
Улстөрч агентлагаас монгол улсын онцлох улстөрчдийг нэрлэж байна. 
НЭГ: 2021 ОНЫ ОНЦЛОХ УЛСТӨРЧ: Зургаан жилийн бүрэн эрхтэй зургаа дахь Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх
 
Монгол Улс Ковидын өндөр эрсдэлтэй үед Ерөнхийлөгчийн сонгуулийг амжилттай зохион байгууллаа. Өмнө нь Төрийн тэргүүнээр ажиллаж байсан таван эрхмээс анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат зургаан жил, Нацагийн Багабанди найман жил, Намбарын Энхбаяр дөрвөн жил, Цахиагийн Элбэгдорж найман жил, Халтмаагийн Баттулга дөрвөн жилийн бүрэн эрхийг хэрэгжүүлсэн. Харин 2021 оноос эхлэн ЗУРГААН ЖИЛЭЭР төр тэргүүлэх эрхтэй болж Үндсэн хуулийн өөрчлөлтөд багтсан. Энэ ховорхон эрх УИХ-ын гишүүн, Ерөнхйи сайд асан Ухнаагийн Хүрэлсүхэд оногдож 2021 оны зургаадугаар сарын 25-ны өдөр төрийн хасбуу тамгаа гардан авсан юм. У.Хүрэлсүхийн нэр алдар нь түмэнд тархчихсан, ШУДАРГА ЁСНЫ тэмцэл нь олны итгэлд хүрч байсан учраас шууд сонгогдсон. Тэрбээр Засгийн газрын тэргүүн, эрх баригч намын дарга байх хугацаандаа өөрийн гол өрсөлдөгч өмнөх Ерөнхийлөгч Х.Баттулгад “Үндсэн хуулийн цэц”-ээр хаалт тавиулж тоглоомоос гаргасан нь ялалтын эхлэл болов. Тэрбээр “БАЯЛАГТАА ЭЗЭН МОНГОЛ” мөрийн хөтөлбөр дэвшүүлж, төрийн тэргүүнээр сонгогдсоноосоо хойш олон чухал зүйлийг хийж амжуулжээ. Тухайлбал, “НҮБ-ын чуулганы индрээс уриалсан “ТЭРБУМ МОД” тарих санаачилга гаргасанаа улс даяар эрчимтэй өрнүүлж, Засгийн газрын бодлогод ч тусгуулж чадав. Түүнчлэн эх орныхоо ирээдүй болсонхүүхэд багачуудын эрдэм боловсролд анхаарах, дэлхийд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хүүхэд залуучуудын суралцах тэгш боломжийг хангах, дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцахад дэмжлэг үзүүлэх зорилгоор “Эх орныхоо 330 сум, нийслэлийн хороодоос тус бүр нэг шилдэг сурагчийг шалгаруулж, дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцуулах Ерөнхийлөгчийн нэрэмжит “XXI зууны Монголын ирээдүй-2100 оюутан” хөтөлбөр санаачлан ажиллана” гэсэн мөрийн хөтөлбөрт тусгасан. Энэ хөтөлбөр нь амжилттай хэрэгжиж эхний 428 хүүхдэд тэтгэлэг олгож эхлээд байна.
 
ХОЁР: 2021 ОНЫ ОНЦЛОХ УЛСТӨРЧ Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын түүхэн дэхь хамгийн өндөр эрх мэдэлтэй Ерөнхий сайд болов
Монгол Улсын 31 дэх Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох гэнэтийн шийдвэр гарсаны дараа 1980 оны залуухан улстөрч Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэд улс төрийн шинэ шат ахиж Ерөнхий сайд болох ховорхон болоод хүндхэн албанд 100 жилийн түүхтэй эрх баригч намын журмын нөхөд нь томилж, итгэл хүлээлгэв. Эгэл жирийн “БЭРХ” тосгонд тоглож өссөн хүүд улс удирдаж, төр жолоодож явах гэнэтийн хувь тавилан нь бас л “БЭРХ” даваа байх нь ойлгомжтой. Шударга бус бурангуй тогтолцоог халж, хууль хэрэгждэг, хүний эрхийг дээдэлсэн нийгэм байгуулна гэж ТЭСГЭМ ӨВЛӨӨР ТЭМЦЭЖ явсан тэрбээр өөрийн хүсэж байсан тогтолцоог байгуулах алтан боломжийг атгачихаад сууж байгаа. Монгол төрийн гол бодлогыг тэр л гаргаж байна. Тэрбээр УИХ-ын чуулганы индрээс “Цар тахлыг богино хугацаанд даван туулж, эдийн засгаа сэргээх, дундаж давхаргыг дэмжин, шударга ёс, цахим засаглал тогтооно” гэсэн ДӨРВӨН ГОЛ зорилтыг Ерөнхий сайд болохдоо тунхаглан зарласан. Эдгээр зорилтуудаа ч амжилттай хэрэгжүүлж, АВЛИГАТАЙ ХАТУУ ТЭМЦЭХЭЭ АНДГАЙЛАВ. 100 жилийн түүхтэй, улстөрийн ууган хүчин Монгол Ардын намын 30 дугаар их хуралд Монгол улсыг дараагийн 100 жилд хөгжлийн шинэ түвшинд хүргэх “Эдийн засгийн тусгаар тогтнолын төлөөх “Зууныг эхлүүлэх зургаан сэргэлт” буюу Шинэ сэргэлтийн бодлого” хэмээн тодорхойлсон. Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн “Шинэ үеийн Засгийн газар” өмнөх засгуудаасаа ХАМГИЙН ХҮЧТЭЙ, ХАМГИЙН МӨНГӨТЭЙ Засгийн газар гэж онцолж болно. Учир нь 2019 онд батлагдсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Засгийн газарт байх ёстой эрх хэмжээг хэд дахин нэмэгдүүлсэн. Түүнчлэн тэрбээр МАН-ын 30 дугаар их хурлаар намын дарга болж ХҮЧЭЭ ЗУЗААТГАЖ, ДЭЭЛЭЭ ДАВХАРЛААД амжсан. Огцорно, хазайна л гэж лав айх аюулгүй болов. Чиглэл өгдөг Ерөнхийлөгч, хууль баталдаг УИХ нь ч МАН-ынх гээд бодохоор ГУРВАН ДАВХАР ХҮЧИЙГ НЭГТГЭСЭН Ерөнхий сайд болж байна.
 
ГУРАВ: 2021 ОНЫ ОНЦЛОХ УЛСТӨРЧ НҮДЭЭ ОЛСОН ТОМИЛГОО буюу Боловсрол, Шинжлэх ухааны сайд Лувсанцэрэнгийн Энх-Амгалан
 
Соц нийгмийн үед хамгийн сайн боловсон хүчин, хүний нөөцтэй байсан хэмээн гайхагдаж байсан эрүүл мэнд, боловсролын салбар одоо цагт хамгийн муу болоод хувирчихсан гэдэгтэй санал зөрөх хүн бараг үгүй. Уналтад орчихсон энэ салбарыг хөл дээр нь босгохоор зүтгэж яваа хүн бол УИХ, ЗГ-ын гишүүн, Боловсрол Шинжлэх ухааны сайд Лувсанцэрэнгийн Энх-Амгалан. Хойморь нутаг Хөвсгөл аймгаас хууль тогтоох байгууллагад сүүлийн гурван сонгууль дараалан сууж, Монголчуудын, Хөвсгөлчүүдийн өмнө тулгамдсан асуудлыг зоригтой дуугарч, шүүмжлэхийг нь шүүмжилж, өмөөрхийг нь өмөөрч байдаг ЗАРЧИМ Ч гишүүдийн нэг. УИХ-ын харьяа “Боловсрол, эрүүл мэнд, нийгмийн бодлогын байнгын хороо”-г амжилттай удирдсан, УИХ-ын дэд даргаар ажилласан түүнийг Л.Оюун-Эрдэнэ онцлон харж Засгийн газартаа урьж, Боловсрол, Шинжлэх ухааны салбараа удирдуулахаар болов. Мэдрэмжгүй шийдвэр гаргадаг хэмээн шүүмжлэлд өртөөд буй Засгийн газраас ганц гайгүй ажиллаж байгаа, олны итгэлийг хүлээж буй сайдаар тодроод байна. Тэрбээр боловсролын сайд болсон цагаасаа эхлэн багш нарын ачааллыг бууруулах, илүү цагийн мөнгийг тооцдог байх, бага ангийн сурагчдын хичээлийн ачааллыг хөнгөлөх, боловсролын чанарт анхаарах, боловсролын багц хуулийн шинэчлэлийг эхлүүлэх, төрийн өмчийн их дээд сургуулийн барилга, газрын хэмжээг дахин тогтоох, онц шаардлагагүй ажилтнуудыг цөөлөх, ковид цар тахлаас үүдэлтэй хичээлийн хоцрогдлыг арилгах зэрэг яг хөндөгдөж буй асуудлуудад зөв шийдэл, гаргалгааг олж харсан нь ийнхүү үнэлэгдэх алхам болов. Хамгийн чухал зүйл бол сурагчдын дунд элдэв төрлийн тэмцээн зохиож, сайн муу, сайхан муухай, өнчин өрөөсөнгөөр нь ялгаварладаг байдлыг таслан зогсоох тушаал гаргасанд олон нийт сайшаалтай хандаж байгаа юм.
 
ДӨРӨВ:  2021 ОНЫ ОНЦЛОХ УЛСТӨРЧ ГАНЦ ДАЙЧИН ГАНЦААРДАХГҮЙ буюу БОСОО ГАНБААГ эрх баригчид дийлэхгүй байна
Г.Занданшатарын тэргүүлж буй парламентад онцгой гавьяа байгуулсан цөөн хэдэн түшээ бий. Тэдний нэг бол Баянхонгор нутгийн хүү, Эрдэнэтээс нэр дэвшин сонгогдсон УИХ-ын гишүүн Сайнхүүгийн Ганбаатар юм. Иргэдийн тэтгэврийг нэмэгдүүл, хөдөлмөрчдийн ЦАЛИНГ НЭМ хэмээн үйлдвэрчний Ерөнхийлөгч байхдаа гудамжнаас тэмцэж, жагссаар байгаад олонд танигдсан нэгэн. Тэмцэж буй үйлдэл бүхэн нь ЗӨВ ЗҮЙЛИЙН ТӨЛӨӨ байдаг болохоор ард түмэн түүнийг дэмждэг ч байж мэдэх юм. Алдарт Оюутолгойн гэрээ, хэлэлцээрийг байгуулагдсан цагаас нь л алдаатай, хуудуутай, Монгол улсад ашиггүй болсон хэмээн үе үеийн шийдвэр гаргагчид, эрх мэдэлтнүүдтэй ширүүхэн үзэлцэж, улмаар боловсролгүй, харанхуй бүдүүлгээрээ дуудуулах болсон. Гэхдээ чанга улстөрч гэдгээ харуулж АН-ын Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэгийг чичрүүлж, буланд шахаж байсан нэгэн. 2017 оны төрийн тэргүүний сонгуульд ч хүчтэй нэр дэвшигч гэдгээ нотолсон. Тэрээр энэ парламентын гишүүдийн бас нэг ЧИМЭГ БОЛЖ БАЙГАА. Оюутолгойн гэрээг нэн даруй цуцла, Монголын төр их хэмжээний өрөнд орчихлоо гэсэн агуулга бүхий лоозонг барьж Д.Сүхбаатарын нэрэмжит талбайд УЛСТӨРИЙН ӨЛСГӨЛӨН ЗАРЛАЖ, олон хоног суулт зарласны үр дүнд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар, УИХ дахь түр хорооныхон хөрөнгө оруулагч талын төлөөлөлтэй удаа дараагийн уулзалт хийж ДУБАЙН ГЭРЭЭГ ЦУЦЛУУЛАХ арга хэмжээг авч чадлаа. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн хэлсэнээр олноо “БОСОО” хэмээн алдаршсан С.Ганбаатар дан ганц Оюутолгойн гэрээг цуцлуулахын төлөө тэмцээгүй. Тэрбээр одоогийн эрх баригч МАН-ынханыг зад шүүмжилж, алдаа оноог нь ил цагаан хэлснээрээ бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн араанд зуугдчихаад байгаа. Тэрбээр “МАН-ынхан бүгд хахууль авчихсан байна” гэж хэлсэн нь бүдүүн бүлгийн дарга хүнд туссан бололтой. Ганц дайчин ганцаардахгүй гэдэг үгийг Босоо Ганбаа гишүүн батлан харуулж байна.
 
ТАВ: 2021 ОНЫ ОНЦЛОХ УЛСТӨРЧ Улаанбаатар хотын Засаг дарга, Улсын аварга Долгорсүрэнгийн Сумъяабазар
Монгол Улсын нийт хүн амын 50 орчим хувь нь оршин суудаг нийслэл Улаанбаатар хотын 35 дахь Засаг даргаар ажиллаж буй Долгорсүрэнгийн Сумъяабазарыг бид онцолж байна. Хүн амын төвлөрөл, ажилгүйдэл, ядуурал, тулгамдсан асуудал ихтэй Сонгинохайрхан дүүргээс гурвантаа УИХ-д сонгогдсон тэрбээр Нийслэлийн Засаг дарга болоод бүтэн жил болов. Энэ хугацаанд нийслэлийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг бүрдүүлэх, коронавирус цар тахлаас иргэдээ хамгаалах, төрийн албаны хүнд суртлыг арилгах, хөгжлийн гацаа болон замын гацааг арилгах зэрэг олон ажилд анхаарал хандуулжээ. Олон жил яригдсан “Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай” хуулийг батлуулахын тулд зоригтой алхам хийж, өөрөө УИХ-аар батлуулав. Тэрчлэн нийслэлийн гол түгжрэл болсон “ХОТЫН ЗАМЫН ТҮГЖРЭЛ”-ийг УИХ, Засгийн газрын түвшинд хүргэн, шийдэх гарц гаргалгааг олов. Засгийн газраас хотын түгжрэлийг шийдэх 420 тэрбум төгрөгийн санхүүгийн эх үүсвэрийг батлуулсан нь хотын даргын бас нэг онцлох шийдвэр, нөлөөлөл байв. Тэрчлэн хот бизнес эрхлэгчдээ хорьж цагддаг, хавчиж гадуурахдаг бус харин дэмжин тусалдаг, хамтраад ажиллаж болдог гэдгийг олон зүйл дээр харуулж, улстөрийн манлайлал харуулав. Хотын өмнөх удирдлагуудынхаа хийж хэрэгжүүлсэн зөв зүйлийг зоригтойгоор үргэлжлүүлж, бурууг нь хуулийн хүрээнд таслан хязгаарлаж, ХУУЛЬ ХЭРЭГЖДЭГ, НОРОМ СТАНДАРТ МӨРДӨГДДӨГ гэдгийг тушаал шийдвэрээрээ үлгэрлэв. Хамгийн сүүлд л гэхэд хотын иргэд ямар нэг үйлчилгээ, аж ахуй эрхлэхдээ тусгай зөвшөөрөл шаардалгүйгээр бизнесээ эхлүүлж болох түүхэн шийдвэрийг гаргав. Ингэснээр төрийн хяналт шалгалт, татвар татаас, элдэв хүнд суртал, ашиг хонжоо хайдаг үйлдлийг хязгаарлаж, эрх чөлөөт, ардчилсан байдлын нэг шаардлагыг хангах чухал алхамыг нээлээ
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.236.93)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.