2021 оны ОНЦЛОХ ТАВАН ШИЙДВЭР
З.Батхуяг
Нийтлэл
/
2022-01-01

“Улстөрч агентлаг”-аас 2021 оны онцлох үйл явдал, хууль дүрэм, шийдвэр, улстөрчдийг цувралаар танд хүргэж байна. Энэ удаад бид оны онцлох ШИЙДВЭР, ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ хүргэж байна.

НЭГ: Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн ШИНЭ ҮЕИЙН ЗАСГИЙН ГАЗАР бүрдэв.

2021 оны нэгдүгээр сарын сүүлээр “АРДЫН ЗАСАГ” бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн “ШИНЭ ҮЕИЙН ЗАСГИЙН ГАЗАР” бүрдсэн нь улстөрийн хувьд яах аргагүй онцлох шийдвэр байв.  Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын хийж хэрэгжүүлсэн ажлаас онцлон дурдвал

  • БҮХ НИЙТИЙН ВАКЦИНЖУУЛАЛТ: Улсынхаа нийт иргэнээ ДЭМБ-ын зөвшөөрсөн вакцинд үе шаттай хамруулна гэж зорьсон. Монгол Улсад вакцинжуулалт бусад улс орноос 6-8 сараар түрүүлж явж байгаа бол гурав дахь тунг хийж эхлээд байгаа нь бодит үр дүн юм.
  • 10 ИХ НАЯДЫН ТӨЛӨВЛӨГӨӨ: Монгол улсад сүүлийн 100 жилд тохиолдоогүй нийгэм, эдийн засгийн огцом хямрал үүссэн. Үүнийг даван туулахын тулд “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г эрчимтэй хэрэгжүүлэв.
  • 18 ИХ НАЯДЫН ТӨСӨВ: Монгол Улсын түүхэнд анх удаа 18 их наядын төсвийг Улсын Их Хурлаар батлуулав. Хөгжлийн төслүүдийг эхлүүлж, хүртээмжтэй өсөлтийг хангах, экспортыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих замаар Эдийн засгаа сэргээх шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлэхэд дээрх төсвийг зарцуулах юм.
  • ЦАХИМ ҮНДЭСТЭН: Төрийн хүнд суртал, ажлын давхцалыг арилгах ЦАХИМ ҮНДЭСТЭН хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв. Энэ хүрээнд "E-Мongolia" цонхонд төрийн бүх үйлчилгээг нэгтгэхээр зорьж буй. Цахим шилжилтийг 2021-2024 оны хооронд 90% хүргэж АВЛИГЫГ БУУРУУЛНА гэж зорьсон. Ингэхийн тулд Цахим хөгжлийн яам байгуулна.
  • АВЛИГАТАЙ ДАЙН ЗАРЛАВ: Монгол улс авлигын төсөөллийн индексээр сүүлийн хоёр жилд 35 оноо авч, дэлхийд 111-т эрэмбэлэгдэж байгаа нь туйлын хангалтгүй үзүүлэлт гэдгийг Ерөнхий сайд онцлоод цаашдаа АВЛИГАТАЙ ХАТУУ ТЭМЦЭЖ Авлига, албан тушаалын хэргийн ялын бодлогыг чангатгаж, авлигач албан тушаалтнуудыг цаашид төрд ажиллуулахгүй гэв.

ХОЁР: Нийслэл Улаанбаатарын хотын эрх зүйн байдлын тухай хууль БАТЛАГДАЖ, замын түгжрэл бууруулах 420 тэрбумын төсөв олголоо

Олон жил яригдсан “Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль” шинэчлэн 27 жилийн дараа батлагдлаа. Ингэснээр 1994 оны 07 дугаар сарын 05-ны өдөр баталсан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн үйлчлэл дуусгавар болов. Нийслэл хот нийгэм, эдийн засгийн хувьд бие даан хөгжих хөшүүргийг бий болгох, хүн амын төвлөрлийг сааруулах, нийслэлийг нэг төвт хотоос олон төвт, орчин үеийн хот болгон хөгжүүлэх, нийслэлийн дагуул хот, тосгодыг хөгжүүлэх, нийслэлийн удирдлагын эрх зүйн байдлыг боловсронгуй болгоход 7 бүлэг, 51 зүйл бүхий хуулийн төслийн үзэл баримтлал чиглэсэн байна. Шинэ хууль хэрэгжсэнээр
  • Нийслэл Улаанбаатар хотын чиг үүрэг, түүнийг хэрэгжүүлэх эдийн засгийн үндэс, үйл ажиллагааны зарчим, удирдлагын эрх хэмжээ, нийслэл хотын удирдлагаас төрийн дээд, төв байгууллага, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж болон бусад этгээдтэй харилцах эрх зүйн үндсийг тодорхойлжээ.
  • Иргэдийн эрүүл, аюулгүй, амар тайван орчинд ажиллаж, амьдрах бололцоог хангах, улмаар нийслэл хот өөрийн дүрмээр асуудлаа шийдэж, хараат бус бие даасан статустай байх бололцоог нээв.
  • Хотын төвлөрлийг сааруулахын тулд Хөшигтийн хөндий дэхь нисэх онгоцны буудлыг дагасан шинэ суурьшлийн бүс байгуулах, Аэросити, Майдар зэрэг дагуул хотыг хөгжүүлэх боломж нээгдэж байна Хотын дарга асуудлаа Засгийн газрын хуралдаанд оруулдаг, танилцуулдаг, хэлэлцүүлдэг болж байгаа. 1.5 сая иргэний эрх ашгийн өмнөөс хот, нийтийн аж ахуй, нийгэм, эдийн засаг, төсөв, санхүү, ажлын байрыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр дуугарах боломжтой болсон.
  • Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж дуугарч, асуудлаа УИХ, Засгийн газарт танилцуулна. Засгийн газраас хотын хөгжлийг дэмжиж, Улаанбаатар хотыг тэлэх бодлого, нэг төвт хотоос олон төвт хот болон хөгжих боломжийг бүрдүүлж, жил бүр нийслэлийн төсөвт 420 тэрбум төгрөгийн санхүүжилт олгох боломж нээгдлээ
ГУРАВ: 2021 оныг дуустал ХҮҮХДИЙН МӨНГӨ, УС, ТОГНЫ мөнгийг “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ бүрэн дааж НЭГ ИХ НАЯД ТӨГРӨГИЙГ зарцуулжээ 
 
У.Хүрэлсүхийн Засгийн газраас ковидын үед ард иргэдийнхээ нийгмийн амьжиргааг дэмжих зорилгоор анх Хүүхдийн мөнгийг 100 мянга төгрөгөөр тооцож олгох, ус, тогны мөнгийг төрөөс даах зэрэг шийдвэрүүдийг гаргаж байв. Энэ шийдвэрийг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар үргэлжлүүлсэн нь ковидын хүнд үеийг давах санхүүгийн гол эх үүсвэр болов. Түүнчлэн дараах онцлог шийдвэрүүдийг гаргаж байв. Үүнд
 
  • Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг он дуустал 100,000 төгрөгөөр үргэлжлүүлэн олгоход 576 тэрбум төгрөг, бусад халамжид 42.9 тэрбум төгрөг зарцуулна. ААН, өрхийн цахилгаан дулаан, цэвэр, бохир ус, хог хаягдлын хураамжийг 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгаж, сайжруулсан шахмал түлшний үнийг 50 хувиар хөнгөлөх арга хэмжээг 2022 оны гуравдугаар сар хүртэл хөнгөлөв.
  • Засгийн газраас хөл хорионы улмаас иргэдийн санхүү, орлогын тасалдал үүсэх эрсдэлтэй учир 3.3 сая иргэн бүрд хөл хорионы үеэр 300 мянган төгрөгийн дэмжлэгийг нэг удаа олголоо. Дээрх мөнгөн дэмжлэгт зарцуулах нэг их наяд 11 тэрбум төгрөгийг Оюутолгой ХХК-д ногдуулсан торгууль, нөхөн татварын алдангиас тооцож олголоо.
  • Дархлаажуулах ажилд иргэдийн идэвхийг нэмэх зорилгоор, вакцины хоёр тун авсан иргэнд 50 мянган төгрөгийн урамшуулал олгох санхүүжилтийг шийдвэрлэсэн. Уг мөнгийг тухайн иргэн вакцины 2 дахь тунгаа хийлгэсэн тохиолдолд данс руу нь олголоо.
  • ТӨСВИЙН ТОДОТГОЛООР Эрүүл мэндийн салбарын нэн шаардлагатай санхүүжилтэд зориулж төсвөөс 735.1 тэрбум төгрөгийг нэмж зарцуулна. Тухайлбал, Ковид-19 цар тахалтай нүүр тулан “улаан бүсэд” ажиллаж байгаа эмч, ажилчдын цалин хөлсөнд ногдох өртгийг 50 хувь, хүндэвтэр өвчтөнд хийгдэж байгаа эмчилгээнд шаардлагатай эмийн өртгийг тус тус нэмэгдүүлнэ. Мөн “улаан бүсэд” ажиллаж байгаа 13 мянган эмч, ажилчдад 2.0 сая төгрөг, эрүүл мэндийн салбарын бусад 19.5 мянган ажилчдад 1.0 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгохоор тусгажээ
ДӨРӨВ: Рио-Тинто Монголын талд БУУЛТ хийж, ДУБАЙН ГЭРЭЭГ ЦУЦЛАХААР боллоо
 Монголын улстөрчдийн дунд сүүлийн 10 жилд гол хэрүүлийн бай болгоод буй алдарт ОЮУТОЛГОЙН ХЭРҮҮЛ арай гэж намжих шатандаа орох нь. Учир нь Рио тинто болон Туркойз хилл Ресурс компанийн удирдлагууд Оюутолгойн ордын үр өгөөжийг Монголын эрх ашигт нийцүүлэх талаар таван арга хэмжээ авах тухай захидал ирүүлсэн байна. Ингэснээр Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоол хэрэгжиж, ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ ТАЛ БУУЛТ хийлээ. Тодруулбал,
  • Оюутолгой төслийн Монгол Улсын Засгийн газрын эзэмшилд ногдох 34 хувь буюу 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэж байгааг уламжилжээ. Ингэснээр, өмнө нь тооцоолж байсан 22 тэрбум ам.долларын өр цаашид үүсэхгүй юм.
  • Далд уурхай бүтээн байгуулах санхүүжилтийн төлөвлөгөө буюу "Дубайн гэрээ"-г энэ захидал очсон цагаас дуусгавар болж байгааг дурдсан байна.
  • Оюутолгойн далд уурхай бүтээн байгуулах төслийн санхүүжилтийн өмнө нь зарцуулсан дүнд Монгол Улсын Засгийн газар хөндлөнгийн аудит оруулахыг зөвшөөрсөн байна. Уг дүгнэлтэд үндэслэн Монголын газар нутаг дээр зарцуулаагүй хөрөнгийн зөрүү гарвал хөрөнгө оруулагч тал хариуцан нөхөн төлбөр олгоно гэсэн үг.
  • Гүний уурхай ашиглалтад ороогүй хугацаа алдаж, 2023 оны нэгдүгээр хагаст ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа. Энэ хүртэл гарах зардлыг хөрөнгө оруулагч тал 100 хувь хариуцахаа тодотгов. Оюутолгой компанийн засаглалыг сайжруулах, Монголын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс цахилгаан эрчим хүчээ хангах гэрээ байгуулах, байгаль орчны асуудлаар хамтран ажиллах саналыг дурдсан байна.
УИХ-ын 92 дугаар тогтоол хэрэгжсэн гэж үзэж байгаагаа захидалд тэмдэглэж, арбитрын маргааныг түдгэлзүүлж ажлын багийн түвшинд зөвшилцөх саналаа илэрхийлсэн байна. Хэрэв ажлын багийн түвшинд зөвшилцөж чадвал 2022 оны нэгдүгээр улиралд багтаан гүний уурхайн бүтээн байгуулах ажлыг эхлүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцоллоо
 
ТАВ: ЭРХ БАРИГЧ НАМЫГ ТАТАН БУУЛГАХ ТУХАЙ ЭКС ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАХИРАМЖ

Өнөөгийн эрх баригч МОНГОЛ АРДЫН НАМ –ын хувьд өнгөрч буй 2021 он ихээхэн онцлогтой жил байлаа. Оны босгон дээр Засгийн газар нь сайн дураараа огцорч, Шинэ Засаг бүрдэж, Ерөнхйилөгчийн сонгуульд ЯЛАЛТ байгуулсан ч өмнөх Ерөнхийлөгч нь ТАТАН БУУЛГАХ ТУХАЙ захирамж гаргасан, 100 жилийн ойгоороо МАХН-тай нэгдсэн, 30 дугаар их хурлаараа 32 дахь даргаа сонгосон гээд олон зүйлийг тодотгож болох юм. Эндээс Ерөнхийлөгч асан Х.Баттулгын МАН-ыг татан буулгах тухай захирамжийг онцолж байна. Монгол Улсын дээд шүүхэд хүргүүл  Монгол ардын намыг тараах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн захирамждаа

  • Төрийн эрх баригч Монгол ардын нам нь хуульт ёсыг устгасан, үндэсний эв нэгдлийг задлан бутаргасан, Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг авах гэсэн үйл ажиллагаа явуулах болсон
  • Улсын бүртгэлийн ерөнхий газрынхаа зүй бус шийдвэрээр ард түмний төрийн эрх барих эрхийн үндсэн дээр бүрэлдсэн парламент дахь сөрөг хүчин, Ардчилсан намыг хагалан бутаргаж, үндэсний эв нэгдлийг бусниулах үйл ажиллагааг явууллаа.
  • Тус намын улс төрийн зорилготой үйл ажиллагаа нь Үндсэн хуулиар тогтоосон төрийн удирдлага, үүрэг хариуцлагын тогтолцоог бүрэн гажуудууллаа. Дэлхийн нийтийг хамарсан коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлыг удаа дараа улс төрийн зорилгодоо ашигласан
  • Монгол ардын намын дарга нь “Монгол цэргийн холбоо” гэх байгууллагыг тус намын бүтэцтэй зэрэгцүүлэн байгуулж, цэрэгжсэн намын бүтцийг бий болголоо. Цаашид энэ нам, бүтцээрээ дамжуулан цэргийн үйл ажиллагаа явуулж мэдэх эрсдэл ч тулгарч байгаа тул МОНГОЛ АРДЫН НАМЫГ ТАТАН БУУЛГА СУГАЙ гэсэн байна.
  • Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, Монгол Улсын Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд, өөрийн эрхэлсэн ажил, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргийн хүрээнд Монгол ардын намыг тараах хуулиар тогтоосон нөхцөл, шаардлага бүрэн бүрдсэнийг тогтоосноо ийнхүү дахин нотолж, зарлаж байна” гэсэн юм.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.218.99.80)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.