САЙХАНСАМБУУ даргаа НАРАНТУУЛ ЗАХАД худалдаа хийж л байвал ЧАНАР ЭРҮҮЛ АХУЙ хамаагүй юу?
Сэдэв, асуудал
/
2022-01-14
Сар шинийн баяр хаяанд ирж, зах худалдааны төвүүд хөл хөдөлгөөн ихтэй байна. Нүүдэлчин Монголчуудын уламжлалт хэрэглээ болох “Ааруул цагаан идээ”-ний чанар стандартын талаар “Баялаг Ундраа” худалдааны төвөөс сурвалжилга бэлтгэлээ. Цагаан идээ бол хүний биед ашигтай эрдэс тэжээлээр баялаг нүүдэлчин Монголчуудын өдөр тутмын хэрэглээ. Гэтэл цагаан идээг гар дээрээс борлуулагчид гурил хольсон чанаргүй бүтээгдэхүүн зарсаар л байна. Төр засаг нь чадлынхаа хирээр малчдаа харж үзээд байхад ард түмэн нь ард түмнээ хулхидаад сууж байх! Зах болон үзэсгэлэн худалдаагаар зарж байгаа ааруул, хуруудыг ч  гурилтай холих болсон гэж  иргэд сэтгэл дундуур байна. Гэвч гаднаасаа үнэндээ гурилын хольцтой гэдгийг нь хэр баргийн хүн таних боломжгүй. Амталж үзээд мэдэх нэг нь мэддэг, мэдэхгүй хүмүүс бол мөнгөөрөө аарцтай хольсон гурил авч байна. Өнгөрсөн жил амталж үзээд авсан ааруул нь гурил байсан талаар иргэд гомдолтой байдгаа хэлж байлаа. Иргэд Архангайн сүүн ааруулыг ихэвчлэн авч байгаа харагдана. Энэ ааруулыг Архангайн ааруул гэдгийг яаж батлах вэ? Нотлох гэрчилгээ бий юу гэж асуухад, үзүүлэх баримтгүй лабораторид хадгалагдаж байдаг гэсэн тайлбар өгч байлаа.  Манай сурвалжлах баг “Баялаг Ундраа” худалдааны төвийн таван давхарт байрлах Мал эмнэлэг ариун цэврийн хяналтын Лабораторийн эрхлэгчээс тодрууллаа.

 “Баялаг Ундраа” худалдааны төвийн Мал эмнэлэг ариун цэврийн хяналтын Лабораторийн эрхлэгч Ц.Хосбаяр:

-Худалдаа эрхлэгчид ил задгай борлуулалт хийж байна. Эрүүл ахуйн бичиг нь лабораторт байдаг гэдэг тайлбар өгч байна. Танд худалдаа эрхлэгчдийн холбогдох бичиг баримтууд нь байна уу?

-Бид шалгаж өгдөг үүрэгтэй. Албан бичиг худалдаа эрхлэгчдэд байх ёстой. Манай бүртгэлийн систем цахим болсон үзүүлэх цаас байхгүй ээ” гэв.  

Чухам хольцгүй Органик гэдгийг батлах албан ёсны батламжгүй учир иргэд мэдрэмж, итгэлцэл дээр тулгуурлан худалдан авалт хийж байна. Мөн Цагаан сарын цагаан идээгээ автал ааруул нь цул гурил, аарц нь ус, цагаан тос нь тэр чигтээ шар тос байна гэх гомдол цахим сүлжээнд ихээхэн гарч байна. Бас нэгэн шаардлага хангахгүй асуудал нь цагаан идээг олны хөлийн тоосонд ил задгай худалдаалж байсан асуудал юм. Хэрхэн шаардлага тавьдаг талаар эрүүл ахуйчтай нь уулзах гэтэл ажлын байрандаа эзгүй байлаа.

Баялаг Ундраа худалдааны төв Засгийн Газраас хэрэгжүүлсэн “дотоод хяналт шалгалт”-ын тухай хуулийг зөрчдөг болох нь тогтоогдов. Бид сурвалжилгаа цааш үргэлжлүүлэн “Хэрэглэгчийн Эрхийг Хамгаалах Хууль”-ийг үндэслэн ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах төвийн дарга Ш.Цэрэндуламаас тодруулга авлаа.

Өрсөлдөөний тухай хуулийн 12.1.2 буюу “Өөрийн бараа бүтээгдэхүүний талаар худал мэдээлэл өгөх, үнэн байдлыг гуйвуулах зэргээр бусдыг төөрөгдүүлэх  байдлаар худалдаа эрхэлсэн нь тогтоогдвол хувь хүн хоёр сая, хуулийн этгээд 20 сая төгрөгөөр торгуулна. Энэ хуулийн заалтаас хэн ч мултрах боломжгүй. Манай байгууллагад цагаан идээг гурилтай хольсон, жин нь дутуу байна гэх гомдол ирдэг. Тухайн хүнсний бүтэц, аюулгүй байдлыг хольцтой эсэхийг “Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар”-ын Хүнсний төв лабораторид дээж өгч шинжлүүлнэ. Албан ёсоор гурилтай ааруул худалдаалж байгаа нь лабораторийн шинжилгээгээр тогтоогдвол тухайн худалдааны төв давхар хариуцлага хүлээнэ. Тухайн бүтээгдэхүүнийг зарж борлуулсан худалдаа эрхлэгч жилийн орлогийн 4%-6%-тай тэнцэх хэмжээний мөнгөн торгууль төлөх хатуу хуулийн зохицуулалт бий. Мөн аж ахуй нэгжүүдэд анхааруулж хэлэхэд МУ-ын Засгийн Газраас гаргасан Дотоод хяналт шалгалтын тухай хуулиа мөрдөж, зах худалдааны төвүүд өдөр тутмын  хяналтаа чангатгах ёстой гэлээ.

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.12.36.45)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.