БУСДЫН ЭД ХӨРӨНГИЙГ ЗАЛИЛЖ АВАХАД ОРОЛЦСОН БҮРТГЭЛИЙН АЖИЛТНУУДЫН БУЛХАЙ...
Сэдэв, асуудал
/
2022-01-22

Бид өмнө нь МУИС-ийн Хууль зүйн сургуулийн хувийн эрх зүйн тэнхмийн багш, доктор Д.Янжинхорлоогийн оролцоотой байж болзошгүй “ПРОКУРОРУУДЫН ХОНГИЛЫН” хэргийг хүргэсэн. Энэ удаад  бусдын гарын үсгийг хуурамчаар үйлдэн үл хөдлөх хөрөнгийг ДЭЭРЭМДЭН авахад гар бие оролцсон УЛСЫН БҮРТГЭГЧДЫН талаарх баримтыг хүргэж байна. Уг нийтлэлд дурдагдсан мэдээллүүд нь өмнө нь нийтэд ил болсон, хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан учир нь эх сурвалж болгон ашигласан болохыг тодотгоё.

Багш Д.Янжинхорлоо, нотариатч Р.Онончимэг нар ҮГСЭН ХУЙВАЛДСАН байж болзошгүй юм.

Нотариатын тухай хууль болон Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 171 дүгээр тушаал “Нотариатын үйлдэл хийх заавар”-т зааснаар тухайн үйлдлийг хийхдээ бичиг баримтыг бүрэн бүтэн, хүчинтэй хугацаа болон эх хувийн баримт бичгийг зайлшгүй үзэж шалгасны дараа нотариатын үйлдэл баталгаажуулалтыг хийнэ гэж заасан байдаг. Гэтэл нотариатч Р.Онончимэг нь талийгаач Л-ийн хүүд байсан үл хөдлөх хөрөнгийн эх хувийн гэрчилгээг үзэж харалгүйгээр өвлөх эрхийн гэрчилгээг Ц-д бичиж өгөн Д.Янжинхорлоод гаргаж өгсөн. Эмнэлэгт бие нь тааруу, өвдөлтийн эсрэг морфин тарилуж байсан Ц-д 124 тоот нотариатч Р.Онончимэг нь өвлөх эрхийн гэрчилгээ бичиж өгсөн гэх ба зургаахан хоногийн дараа буюу 2017 оны зургаадугаар сарын 15-ны өдөр Ц нь нас баржээ.  Багш Д.Янжинхорлоо нь  нотариатч Р.Онончимэгтэй нийлж өөрийн нөхөр Ц-ийн ээж Л-ийн нэр дээрх 9,6 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 2200мталбай бүхий үл хөдлөх хөрөнгийг өөрсдийн болгохын тулд ҮГСЭН ХУЙВАЛДСАН байж болзошгүй юм. 2017 оны  зургадугаар сарын 15-ны өдөр Д.Янжинхорлоогийн нөхөр Ц нас барж уй гашуу, өвчин зовлон болж байх үеэр Д.Янжинхорлоо яг энэ өдөр өөрийн талийгаач нөхөр Ц-ийн ээж Л-ийн сейфэнд хадгалагдаж байсан барилгын1700м2 үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хаяж гээгдүүлсэн хэмээн “Зууны мэдээ” сонинд зар өгсөн нь хууран мэхлэх төдийгүй монгол хүний ёс жудагт нийцэмгүй үйлдэл хийжээ.

Нас барсан хүний нэр дээр ХУУЛЬ БУС БИЧИГ БАРИМТ ГАРГАЖ ӨГСӨН улсын бүртгэгчид ХЭН БЭ...

НЭГ: Д.Янжинхорлоо нь нас барсан нөхрийнхөө өмнөөс гарын үсгийг нь үйлдэж үл хөдлөхийн гэрчилгээ гаргуулсан. Түүнчлэн өдөр тутмын нэгэн сонинд гэрчилгээний дугаар 42032-ийг 42002 дугаараар солих зар нийтлүүлсэн. Ингээд 2017 оны долдугаар сарын 04-ний өдөр улсын бүртгэгч М.Өлзийбаяр нь ШААРДЛАГА ХАНГААГҮЙ, ЭХ хувийн гарын үсэггүй материалаар бүртгэл хийж, талийгаач Л-ын нэр дээр дахин шинээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгсөн нь анхаарал татна.

ХОЁР: Иргэн Л-ийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь түүний төрсөн хүүгийн сейфэнд хадгалаастай байхад учир хаяж гээсэн гэх зар анхнаасаа гаргуулах үндэслэл уг нь байхгүй байв. Гэтэл Д.Янжинхорлоо нь холбогдох бичиг баримт бүрдүүлж, 2012 онд өвчн нас барсан иргэн Л-ийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг шинээр дахин авахдаа талийгаачийг 2017 онд амьд мэт болгож “Иргэн Л Танаа” гэсэн лавлагааг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар, Сүхбаатар дүүргийн бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Г.Ичинхорлоогоор гаргуулсан нь анхаарал татна. Улсын бүртгэлийн газар нь нас барсан хүнд “Иргэн Л Танаа” гэсэн лавлагааг  яагаад гаргаж өгөв. Энэ нь улсын бүртгэгч нар бусдын эд хөрөнгийг нэр дээрээ шилжүүлэн авахад оролцсон уу гэх хардлагыг төрүүлж байна.

ГУРАВ: Бүртгэлийн газрын лавлагаа гаргаж өгсөн яг тэр өдөр буюу 2017 оны зургадугаар сарын 09-ний өдөр 124 тоот дугаартай нотариатч Р.Онончимэг нь нас барсан иргэн Л-ийн өмчлөлийг  бие нь тааруу өвчтэй байгаа Ц-гийн нэр дээр шилжүүлэх өвлөх эрхийн гэрчилгээ бичиж өгчээ. Уг нь нас барсан хүний өвлөх эрхийг нотариатч бичиж өгөхдөө хууль ёсны өвлөгч нарыг дуудаж асууж тодруулан бусад өвлөгч байхгүй гэдгийг албан ёсоор тогтоосны дараа өвлөх эрхийн гэрчилгээг бичиж өгөх үүрэгтэй. Гэтэл төрсөн хүүхдүүд нь мэдэгдэхгүй, нууцаар өвлөх эрхийн гэрчилгээ бичиж өгсөн нь хууль ёсны өмчлөгч нарын эрхэнд халдсан үйлдэл болжээ.

Хэргийн эзэн хэнгэргийн дохиур Д.Янжинхорлоо нь МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн ахлах багшаар ажилладаг бол өмнө нь өмгөөлөгчөөр ажиллаж байсан. Тэрбээр “Үл хөдлөх хөрөнгийн барьцааны эрх зүйн зохицуулалт” сэдвээр докторын зэрэг хамгаалсан, хууль эрх зүйгээр мэргэшсэн хуульч аж. Нэр холбогдоод буй хэрэгтэй нь түүний эзэмшсэн мэргэжил, доктор гэх эрдмийн зэргийн ажлынх нь сэдэвтэй шууд холбогдож таарч байгааг та бүхэн анзаарч байгаа байх. Өөрөөр хэлбэл өөрийн эзэмшсэн мэргэжлээ буруугаар ашиглан бусдыг хохироосон байж магадгүй гэсэн үг. Тэгээд шалгагдаад, байдал эвгүйтээд ирэхээр таньдаг найз нөхөд, ойрын хүмүүсээрээ хамгаалуулж, ХУУЛИЙН ЦООРХОЙГ АШИГЛАСАН ДЭЭРМИЙН ҮЙЛДЛЭЭ ХАЛХАВЧИЛСАН байж ч болох юм. Иргэн О-гийн гарын үсгийг хуурамчаар үйлдэн үл хөдлөх хөрөнгийг нь нэр дээрээ шилжүүлэн авсан гэх дээрх хэргээс гадна иргэн Л-ийн нэр дээрх өмчлөлийн эх хувь байхгүйгээр өвлөх эрхийн гэрчилгээ бичүүлж  гэрчилгээг хаясан гэж хуурамч зар гарган дахин шинээр гэрчилгээ гаргуулж өөрийн нэр дээр болгосон гэх хэргээр тус тус шалгагдаж байгаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.41.200)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.