Миеэгомбын Энхболд НЭРЭЭ ХУГАЛСАН Ч төрөө хугалаагүй ЯСНЫ УЛСТӨРЧ юм
З.Батхуяг
Нийтлэл
/
2022-01-25

Миеэгомбын Энхболд гэж хүчтэй улстөрч Монголын улстөр, Монгол Ардын намд нэгэн тодорхой орон зайг эзэгнэн оршиж байв. Хотын захиргааны дарга, Хувьсгалт намын дарга, Их хурлын дарга, гишүүн, Засгийн газрын тэргүүн, шадар сайд гээд түүнд Монголын төрд хашаагүй алба, хийгээгүй ажил үгүй. Ц.Элбэгдоржийн тэргүүлсэн АН-ын  Засгийн газрыг огцорсны дараа МАХН-аас Засаг барих ээлж ирэв. Энэ хариуцлагатай албыг хаших хариуцлагатай улстөрч МАХН дотор М.Энхболдоос өөр хүн үгүй байв. Тэр ч ёс төртэй хашиж, цалин тэтгэврийг үе шаттай нэмж, нийгэм улстөрийн тогтвортой байдлыг хангаж чадсан. Түүний удирдсан Засаг шиг богино хугацаанд эдийн засгаа өсгөсөн.

Төрийн ажил хийхэд сайн муу нэр хоч зүүлгүй л яахав. Тэрбээр Улаанбаатар хотын Засаг даргаар ажиллаж байхдаа хотын төвийн хамаг  газрыг бизнесийнхэнд бэлэглэчихсэн гэх хусаад ч арилшгүй нэрийг зүүдэг. Олны үг ортой гэдэг. Ганц нэг хүнд газар өгснөө ч тэр хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ бүгдийг нь биш. Сүүлд төрийн эрхийг хууль бусаар авах гэж оролдсон гэх  өнөөх “60 тэрбумын хэрэг”-т бас холбогдов. Монголчууд ч түүнийг бүх нийтээрээ үзэн ядаж, УИХ-ын даргаас нь огцруулах акцыг тэсгэм өвлийн хүйтэнд өрнүүлэв.

М.Энхболд л УИХ-ын даргаасаа буучихвал Монголын амьдрал сэргэж, өргүй, өвчингүй болно гэж Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ нар тооцож байсан ч тийм зүйл болсонгүй. 26 гишүүнтэй сөрөг хүчнийг 2016 оны улстөрийн сонгуульд удирдан орж 65 хүнийг ялалтад хүргэсэн гавьяа бол яах аргагүй түүнийх. Даан ч тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ гэгчээр өөрийг нь улсөрд гарах боломж олгосон залуучууд түүнийг “хутгалчихсан”. Ц.Элбэгдоржийн хамсаатан, “МАНАН” бүлэглэлийн удирдагч, Газрын наймаачин, “Хятадын эрлийз” гэх мэтээр хамаг л шавар шавхайг наалгав.  Гэсэн ч “идсэн ирүү хувхайрч, идүүлсэн бут ногоордог” гэгчээр тэр улстөрөөс бусдыг хүчээр хөөгдөж гарсан ч МАН дотор, монгол төр дотор НӨЛӨӨТЭЙ ТОГЛОГЧДЫН НЭГ байсаар л байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.209.107)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.