Г.Гангамөрөн төлөөлөгч албан тушаалаа ашиглан Соёлын яамнаас ХУВИЙН КОМПАНИДАА МӨНГӨ АВСАН баримт!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2022-03-12

Нэг хэсэг УИХ-ын гишүүд эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглан жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд очих ёстой төсвийг замаас нь ХУЛГАЙЛЖ авсан харамсалтай хэрэг гарч, зарим нь уг хэрэгт ял шийтгэгдсэн гашуун түүх МАН-ын нөлөө бүхий улс төрчид бий.Тэгвэл энэ байдал нийслэлийн төлөөлөгчдийн дунд ч бас халдварласан бололтой.

Соёлын яамнаас өнгөрсөн 2021 оны 11 дүгээр сард “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн сар”-ын аяныг өрнүүлсэн. Энэ хүрээнд Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих төвтэй хамтран “Соёлын бүтээлч жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн анхдугаар зөвлөгөөн”-ний санхүүжилтийн урьдчилгаа нэрийдлээр 2021 оны 11 дүгээр сарын 09-нд Соёлын яамнаас 36 сая төгрөгийг гаргуулан авсан байдаг.

Энэ мэтээр сул мөнгө гарах боломжийг овжин ашиглаж Г.Гангамөрөн төлөөлөгч өөрийн 100 хувь эзэмшдэг “Би Эм Эн Би” ХХК-иараа дамжуулан Соёлын яамнаас овоо хэдэн төгрөгийг эрх мэдэл, албан тушаалын давуу байдлаа ашиглан гаргуулан авсан байж болзошгүй нь.

БАРИМТ: 2021 оны 11 дүгээр сарын 18-нд “Соёлын бүтээлч сарын аяны реклам шторк, контент, зөвлөлдөх уулзалтын бичлэг хийх гэрээний урьдчилгаа” гэсэн 13 сая 720 мянган төгрөгийг авсан бол мөн оны 12 дугаар сарын 06-ний өдөр үлдэгдэл 5 сая 880 мянган төгрөгийг авчээ.

БАРИМТ: 2021 оны 11 сарын 09-ний өдөр “Соёлын сайдын А/200 тоот тушаалын дагуу анхан шатны 18 цагийн зайн сургалтын видео контент хийх гэрээний урьдчилгаа гэх агуулгаар 12 сая 600 мянган төгрөгийг авсан бол 12 сарын 18-нд үлдэгдэл мөнгө болох 5 сая 400 мянган төгрөгийг гаргуулан авсан байна.

БАРИМТ: НИТХ-ын төлөөлөгч Г.Гангамөрөн нь 2012 оны 10 дугаар сард “реклам зар сурталчилгаа хийх, дуу, дүрс бичлэг хийх, уран сайхны болон баримтат кино хийх, хэвлэлийн эх бэлтгэх, бизнеснийн зөвлөгөө өгөх” гэсэн таван чиглэл бүхий “Би Эм Эн Би” ХХК-ийг байгуулсан.

БАРИМТ: Тэрбээр Авлигатай тэмцэх газарт гаргаж өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “Би Эм Эн Би” ХХК-ийн 1000 ширхэг хувьцааг 100 хувь эзэмшдэг хэмээн мэдүүлжээ.

Дээрх баримтуудаас үзвэл НИТХ-ын төлөөлөгч Г.Гангамөрөн нь “албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашигласан” байж болзошгүй байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.126.124)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.