Бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барьсан талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулах мэдээлэл хийлээ. Тэрбээр УИХ-ын даргад өргөн барьсан хуулиа яаралтай горимоор батлуулахаа танилцуулаад дараа нь сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Хөгжлийн банктай холбоотой асуудалд Ерөнхий сайд дараах байр суурийг илэрхийлэв. "Д.Эрдэнэбилэг гэдэг хүн Монголын Эль Чапо юм даа. Монголбанк энэ хүний охин компани, Хөгжлийн Банк нөгөө охин компани нь. Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан шийдвэрээс нь харж болно. Тэгэхээр энэ бол хэтийдсэн үг биш. Монголын шүүгчдийг бүгдийг нь томилдог. М.Батсууриас эхлээд томилсон хүн нь шүүгчээр ажиллаж байгаа. Тухайн үеийн Тагнуулын Ерөнхий Газар, Улсын Ерөнхий Прокурор энэ хүний удирдлагаар ажиллаж байсан. Д.Эрдэнэбилэг гэдэг хүнтэй миний бие хувийн өс хонзон зангидаж байгаа зүйл огт биш. Эрдэнэт, Хөтөл, Хөгжлийн Банк дээр асуудал үүсгэж байгаа зүйл байхгүй. Парламент, Засгийн газраар хэлэлцэх ёстой байсан зүйлийг Ерөнхий сайдын захирамжаар хийсэн хүн байсан учраас тэмцсэн. Уг асуудлыг хуулийн хүрээнд шийдэх ёстой.
Шуудхан хэлэхэд, Эрдэнэтийн 49 хувь, Дубайн гэрээтэй холбоотой бүлэглэл Хөгжлийн банк дээр ажилласан. Тиймээс Хөгжлийн банк дээр холбоотой асуудлыг Засгийн газар гаргаж тавьсан. Хөгжлийн банкны 3.2 их наяд төгрөгийн 1.8 их наяд орчим нь чанаргүй зээлийн ангилалд орсон. Энд хэдхэн компани байгаа. Сайн ажиглавал Эрдэнэтийн 49 хувийг босгосон 430 сая ам.долларын санхүүгийн схем бүхэлдээ байгаа. Эзэд нь, тэднийг дэмжсэн хууль хяналтын удирдлага, шүүгчид нь хамтдаа байгаа. Энэ схем Дубайн гэрээг байгуулсан схем дээр хамтдаа оролцсон. Нөгөө л яриад байдаг хүмүүстэйгээ үе шаттай тэмцэж байгаа гэж ойлгож болно.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн зарласан 20 хүн бол ердөө мөсөн уулын орой. Үүний цаана манай нэр бүхий том улстөрчид, бизнес эрхлэгчид, тэдний утсан хүүхэлдэйнүүд гарч ирнэ. Хөгжлийн банктай холбоотой асуудалд холбогдсон эхний хүмүүст таслан сэргийлэх арга хэмжээ авч, Хөтөлийг төрд эргүүлэн авсны дараа хэн хэн хамгийн их цочиж байна, тэр бүх хүн үүний ард байгаа гэж ойлгох хэрэгтэй.
Хөгжлийн банкны асуудал шийдэгдэнэ гэдэгт битгий эргэлзээрэй. Надад ордон дотор хүч мөхөствөл олон нийтэд хандах болно. Хөгжлийн банктай холбоотой асуудалд цэг тавина. Хуулийн байгууллагууд ажиллаж байгаа гэдэгт итгэлтэй байна. Засгийн газар шаардлагатай бүх мэдээлэл, нууцлалтай холбоотой асуудлуудыг гаргаж өгсөн. Тиймээс хууль хяналтын байгууллагууд Хөгжлийн банкны асуудал дээр хэнээс ч хараат бусаар ажиллах ёстой. Хөгжлийн банкны асуудлын дараа Эрдэнэс Монголтой холбоотой асуудлыг гаргаж тавина. Эрдэнэс Монголын охин компаниуд бүгд ТУЗ-төй. Тэр бүр дээр хяналтгүй маш их хэмжээний мөнгө эргэлдэж байгаа. Зөвхөн энэ далд эдийн засаг цэгцрэхэд Монгол Улсын ДНБ хоёр дахин тэлэхээр байгаа.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин