Иргэний хөдөлгөөний удирдагч, Монголд улаан лоолийн тэмцлийг санаачлагч, шар зангиатны фронт командлагч гэх зэргээр Ж.Батзандангийн улс төрийн зам содон эхэлсэн. Энэ замын ихэнх талд О.Магнай тэр хоёр ихэр юм шиг хамт явсан. Хүний эрхийн хуульч М.Ичинноров, эдийн засагч Defacto Жаргалсайхан нар тэдний дэргэдээс зөвлөж түшиж улс төрд анх “хөлд оруулж” байв. Тэд хамтдаа цасан доороос цухуйж буй яргуйн өнгө, дүрсийг бэлгэдсэн туг, лоозон бүхий Иргэний хөдөлгөөний намыг байгуулж, “Интерном”-ын ар талын оффист эх барьж авч байв. Энэ бол 2004-2005 оны эхэн үе билээ.
Тэр үед Улаанбаатарт жагсаал, цуглаан болоход нэг талд нь Ж.Батзандан поошиг нүдэж, нөгөө талд нь МҮЭ-ийн тэргүүн “Босоо” С.Ганбаатар хоолой мэдэн хашгирч байдаг байлаа. Хожим тэд УИХ-ын танхимд тохой залган суусан түүхтэй. Сүхбаатар аймгийн төв Баруун-Уртад төрж өссөн үеийнхэн дундаа өсгөлүүн биетэй шазруун зантай хүү 1990-ээд онд арьсан бөмбөг элдэж, дээд ангийнхаа ах нартай нусаа сугартал, намалдгаа нээтэл “үзэлцэж” нутаг усныхандаа анх өөрийгөө таниулсан бол их хотын нүргээнт амьдралд олны танил болж тодорсон түүх ийм.
Европт доктор хамгаалсан хуульч
БНУУ-ын Будапешт хотын хэлний бэлтгэлийн дээд сургууль, 1999 онд БНУУ-ын Мищкольцийн их сургуулийг улс төр судлал, эрх зүйч мэргэжлээр тус тус төгсч, Унгар улсын их сургуульд 1999-2004 онд судлаач багшаар ажиллангаа хуульзүйн ухааны доктор хамгаалж эх орондоо дөнгөж ирээд байсан Ж.Батзандан нийгмээ өөрөөр харж байлаа. Тухайн үед Европын орнуудад доктор хамгаалсан хүн Монголд гарын хуруунд багтахаар цөөхөн байсан цаг.
Тэрээр иргэд төрийн үйл ажиллагаанд хяналт тавих, оролцох, шаардах эрхтэйг сануулж, өөрөө үлгэрлэн харуулсан юм. Уул уурхайн олигархи болсон харийн том компаниуд Монголд зочилж ирээд баялгийг хамж буцдаг. Төрийн толгойд гарсан хэдхэн гэр бүл ашиг хүртэж нийт ард түмэн ядуу үлддэг байдлыг тэр анх илчилж байв. Тэдний тэмцлийн арга хэлбэр Монголд өмнө байгаагүй өвөрмөц шинэлэг байсан юм. “Монголчууд төрийн минь сүлд өршөө” гэж Саарал ордон руу сүү өргөдөг уламжлалтай байсан бол Ж.Батзандан, О.Магнай нар улаан лооль, өндөг шидэж, шударга бус явдлын эсрэг эсэргүүцлээ илэрхийлж байв. Түүнчлэн хүзүүндээ шар зангиа зүүсэн залуус Сүхбаатарын талбайд поошиг эгнүүлэн тавиад өдөржин бөмбөр мэт нүддэг. Саарал ордонд сууж байгаа УИХ-ын гишүүд, сайд дарга нар цонхоо нээхээс халгадаг байлаа. Энэ байр суурьтаа хатуу зогссон тэд 2004-2008 онд “Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөн”-ийг байгуулж, 2006-2010 онд Ж.Батзанданг Иргэний хөдөлгөөний намын даргаар сонгосон юм.
Иргэний хөдөлгөөний нам баяртай. Сайн байна уу, Ардчилсан нам?
Улс төрийн намын хувьд Иргэний хөдөлгөөний намынхан 2008 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцсон. Харамсалтай нь эрх баригчид сонгуулийн дүнг будлиантуулж, улмаар “Долдугаар сарын 1-ний үймээн”-д таван хүн амь эрсдэж, жагсаал, цуглааныг зохион байгуулсан гэх үндэслэлээр О.Магнай, Ж.Батзандан, БНН-ын дарга Б.Жаргалсайхан нарыг “Ганц худаг”-т саатуулан шалгах нэрээр иргэний хөдөлгөөнийг нухчин дарах бодлого тэр үед хэрэгжсэн. Ж.Батзандан, О.Магнай нар энэ үеэс АН-ын гишүүн болсон юм. Гэсэн ч Ж.Батзандангийн хувьд аливаа асуудалд иргэний нийгмийн байр сууриас ханддагаа орхиогүй. Тэрээр 2010-2012 онд Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүн, 2011-2012 онд “Эрдэнэс-Тавантолгой” компанийн ТУЗ-ийн гишүүнээр тус тус ажиллахдаа өмнө нь иргэний хөдөлгөөний тэмцэгч байхдаа уул уурхайд тавьж байсан шаардлагаа үргэлжлүүлэн тавьж байв.
2016 оны сонгуульд дахин нэр дэвшиж, Монгол Улсын Их Хурлын гишүүнээр ажиллахдаа УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд даргын албыг давхар хашиж байв. 2010-2012 онд тэрээр Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүн, 2011-2012 онд “Эрдэнэс-Тавантолгой” компанийн ТУЗ-ийн гишүүнээр тус, тус ажиллаж, 2012 оны ээлжит сонгуульд АН-аас нэр дэвшиж, 2016 он хүртэл УИХ-ын гишүүнээр ажилласан. Энэ хугацаанд Ж.Батзандан парламентын сөрөг хүчний байр сууриас чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, үг хэлж үзэл бодлоо илэрхийлж байв. Түүнээс гадна өөрийг нь сонгосон Баянзүрх дүүрэгт хөрөнгө оруулалт шийдвэрлэж өгөх замаар багагүй бүтээн байгуулалт хийсэн байдаг. Тухайлбал, Баянзүрх дүүрэгт нийт 15 цэцэрлэгийн хөрөнгө оруулалтыг улсын төсөвт тусгуулан бариулж, “Амгалан” цахилгаан станц, АШУҮИС-ийн сургалтын эмнэлэг, III төрөх эмнэлэг, 14дүгээр сургууль, Товчооноос цааш Налайх хүртэл тавьсан дөрвөн урсгалтай хурдны зам, “Туул” зөрлөг орчмын төмөр замын доорх автомашины нүхэн гарц, мөн зөрлөгийн үерийн далан (800м), 11дүгээр хороонд хэрэгжүүлсэн “Шинэ хороо” төсөл”, 2-р эмнэлгийн дэргэдэх орчин үеийн стандартад нийцсэн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон лаборатори гээд томоохон бүтээн байгуулалтуудыг нэрлэж болно.
Их хурлын гишүүд иргэдтэй хамт Төв талбайд жагсав
Ж.Батзандан парламентын түүхэнд “МАНАН дэглэмийн эсрэг тэмцэл”-д голлох үүрэгтэй оролцсон таван гишүүний нэг. Манай улсын түүхэнд парламентын гишүүд иргэдтэйгээ нийлж, гудамжинд жагссан анхны тохиолдол тэр байх. “Энэ тэмцлээс монголчууд юу хожив” гэсэн асуултад тэрээр “Тухайлбал, энэ бүлэглэлийн нэг гол толгойлогч болох УИХ-ын дарга асан М.Энхболдыг огцруулж, Авлигатай тэмцэх газар, Прокурорын удирдлагыг өөрчилсөн. Томоохон гэмт хэргүүдийг шийдэлгүй, замхруулдаг хууль хяналтын байгууллагууд, тэдний удирдлагыг шинэчлэх нь энэ тэмцэл үр дүнд хүрэх эсэхэд шийдвэрлэх нөлөөтэй юм. За, тэгээд харийнханд алдсан Төв талбайгаа төрийнхөө мэдэлд эргүүлэн авлаа. Төрийн өндөр албан тушаалтнууд холбогдсон, авлигын шинжтэй 30 гаруй томоохон хэрэг ямар ч байсан шүүхэд шилжсэн. Төмөртэйн ордын арбитрын маргаанд Засгийн газар ялалт байгууллаа. Улсын Их Хурал, Засгийн газраас Эрдэнэт, Асгатын ордыг төрд буцаан авах шийдвэр гаргалаа. “Эрдэнэт үйлдвэр” 100 хувь төрийн мэдэлд ирснээр анх удаа улсын төсөвт 1.2 их наяд төгрөг төвлөрүүлсэн. Нэр бүхий 17 шүүгч холбогдсон Салхитын мөнгөний ордыг төр буцаан авлаа. Орхон гол, Орхоны хөндийг сүйтгэсэн хариуцлагагүй уул уурхайн компаниудын лицензийг цуцалсан. Багануурын ордыг “Алтайн гянт” компаниас хураан авах шийдвэрийг Улсын Дээд шүүх гаргасан. Тост, Тосон бумбын байгалийн нөөц газрыг улсын тусгай хамгаалалтад авлаа. “Сентерра гоулд Монголия” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалж, Ноён уул орчмын газрын тусгай хамгаалалтыг өргөтгөж, дархан цаазат газар болголоо. Стратегийн орд газрын жагсаалтыг шинэчлэх асуудал хөндөгдөж байна. Энэ мэтчилэн тодорхой үр дүнгүүд эхнээсээ гарч байна” хэмээн хариулсан байдаг. Тэр бас Л.Болд гишүүний хамт С.Зоригийг алсан гэх хэрэгт буруутгагдаж, ял эдэлж байгаа Б.Содномдаржаа, Т.Чимэгээ нарт эрүүдэн шүүх замаар хилсээр хэрэг тулгасан гэсэн байр суурьт хатуу зогсч байв. Мөн тэднийг буруугүй гэдгийг нотлохын тулд УИХ-ын дэргэд Түр хороо хүртэл байгуулж “...Энэ бол зөвхөн Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрын асуудал биш. Иймэрхүү байдлаар гэм зэмгүй атлаа эрүү шүүлтийг давалгүй, хилс хэрэг хүлээн, ял эдэлж буй хүмүүс цөөнгүй байдгийг иргэд ярьдаг, бидэнд ч мэдээлэл ирдэг. Тиймээс энэ хоёр хүний асуудлыг үнэн зөвөөр шийдсэн цагт эрүү шүүлтийг таслан зогсоох, олон хүнийг хэлмэгдүүлэхээс урьдчилан сэргийлэх боломжтой болно” хэмээн УИХ-ын чуулганы индэр дээрээс хэлж байсан билээ.
АН-аас хөөгдөж ШИНЭ намыг байгуулав
Гэвч 2018 оны арванхоёрдугаар сард АН бүлгийн шийдвэрийг зөрчсөн гишүүддээ хариуцлага тооцож, намаас хөөх, УИХ-д нэр дэвшүүлэхгүй байх шийдвэр гаргасан. Сайд, гишүүд нь иргэдэд очих ёстой ЖДҮ-ийг дэмжих хөнгөлттэй зээлийг хувааж авсан асуудлаар У.Хүрэлсүхийн Засгийн газарт хариуцлага тооцох асуудлыг тухайн үед АН-ын бүлэг гаргаж байв. Тэгвэл Ж.Батзандан гишүүн бүлгийнхээ шийдвэрийн эсрэг зогссон гэдэг үндэслэлээр намаасаа хөөгдөж, Л.Болд, Д.Мурат нар УИХ-д нэр дэвших эрхээ дөрвөн жилээр хасуулсан юм. 2019 оны зургадугаар сард тэрээр Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намын даргаар сонгогдон ажиллах болсон. 2020 оны ээлжит сонгуульд БНН, Үнэн ба зөв нам тэргүүтэй улс төрийн 10 гаруй нам, 100 гаруй ТББ, иргэний нийгмийн байгууллагуудаас бүрдсэн Эвсэл байгуулж, “Мөнгөтэй нь биш мөрөөдөлтэй нь ялах ёстой” гэсэн уриатайгаар оролцсон.
Ж.Батзандан нар тухайн үед “Монгол Улс өнгөрсөн 30 жилийн хугацаанд авлига, оффшор, хулгай дээрэмд автаж, баян хоосны ялгаа асар их боллоо. Эрх мэдэл, мэдээлэлд ойр төрийн өндөр албан тушаалтнууд нийгмийн болон байгалийн хамаг баялгийг хувьдаа авч, эсвэл бусдад зарах болсноор төрөөс тэрбумтнууд төрөх болсон.
Тэд насаараа шударгаар хөдөлмөрлөж, бизнес эрхэлж буй хүмүүсийн эдэлдэггүйг эдэлж, тэрбум тэрбумаар үнэлэгдэх хөрөнгөнд эзэн суучихсан байна. Тэгэхээр маш олон шударга иргэд нам харгалзахгүйгээр нэгдэн тэмцэж гэмээнэ МАНАН дэглэмийг нурааж, энэ 30 жилийн алдаа, завхралыг засаж, ирэх 30 жилд нийгмийн бүх салбарт шударга ёсыг тогтоож чадна” хэмээн уриалж байв. Тус эвсэл “Төрөө бүлэглэлээс цэвэрлэж, баялгийн шударга хуваарилалтын тогтолцоог бий болгоё” гэсэн зорилт тавьж, “Шинэ эргэлтийн 21 бодлого” хэмээх мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн ч парламентад суудал авч чадаагүй. Сонгуулийн дараа түүнийг Монгол Улсаас Автсрали улсад суух Элчин зөвлөхөөр томилогдсон гэсэн мэдээлэл дуулдсан ч өнөөг хүртэл албан ёсны мэдээлэл гараагүй байна.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин