Олны "ХАЙРТАЙ" ДАРХАНЫ Б.Азжаргал дарга ковидын үед эзэмшлийн газраа НЭМЭГДҮҮЛЖ, хөрөнгөө өсгөжээ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2022-07-27

Монгол улсын хоёр дахь том, аж үйлдвэрийн хот болсон Дархан-Уул аймгийг Болдбаатарын Азжаргал удирддаг. Тэрбээр Ковидын үед гэнэт тодорч гарсан зайран. Гаргасан шийдвэр болгон нь хүн бүхэнд таалагддаг түүнийг хотын дарга Д.Сумъяабазараар сольчихъё гэсэн санаачилга ч гарч байсан удаатай.Хот хөдөөгүй л бүхний хайрыг татаж, хүндлэл хүлээгээд байсан Б.Азжаргал дарга тийм ч энхийн цагаан тагтаа шиг биш аж. Ёстой нөгөө гаднаа гяланцаг, дотроо паланцаг гэдгийн үлгэр адил. Наанаа онгирч, олон хүнд таалагдах гэсэн зөв шийдвэр гаргаж оноо цуглуулж, ирээдүйн УИХ-ын гишүүн, сайд дарга болох нүхээ малтаж байгаа  тэрбээр энгийн ядарсан иргэдээсээ тасарчихсан их хөрөнгө нэгэн аж. Угаас энгийн иргэдээс тасарсан амьдралтай, хотойхооргүй хөрөнгө байж л улстөрд бүдэрчихгүй, дарга даамлын зиндаанаас буухгүй явж чадна шүү дээ!!

Алдарт Дарханы зам “тамын зам” болоод удаж байна. Б.Азжаргал үнэхээр ард түмэндээ хайртай, зарчимч, шийдэмгий залуу юм бол яагаад энэ замын асуудалд амаа үдүүлчихсэн мэт таг дуугүй байгаа юм бол...? Ар гэрээ тэжээх гэж хэдэн сараар том тэрэг барьж, нойр хоолгүй явж байгаа жолооч, авто замчид өнөөдрийг хүртэл ЦАЛИНГАА АВЧ ЧАДАХГҮЙ, өрөнд баригдаж, өтөнд идэгдэж байна. Түмний хайртай Азаа дарга яагаад үүнд санаа тавихгүй, ядарсан иргэдийнхээ эрх ашгийг хамгаалахгүй байгаа юм бэ гэдэг асуулт зүй ёсоор гарч ирнэ. Ковидын үед хамгийн сайн, үлгэр жишээч ажилласан тэрбээр хэмжээлшгүй их хөрөнгөтэй атлаа Тамгын газрын даргаараа тушаал гаргуулж төсвийн мөнгөнөөс ӨӨРИЙГӨӨ ШАГНУУЛААД амжсан баримтыг манай сайт өмнө нь хүргэсэн. Энэ удаад түүний хэрхэн хөрөнгөтэй байгааг онцлон хүргэж байна.

Сүүлийн найман жилд Дархан-Уул аймагт эрх барьж байгаа МАН-ын дарга нарын нэг Б.Азжаргал өмнөх жилд Дархан хотын захирагчаар ажиллаж байгаад 2020 оны сонгуулийн үр дүнд эрх мэдэл нэмэгдэн, бяр сууж Аймгийн Засаг дарга болов. Тэрбээр 2019 онд 40 саяын орлого олдог байсан бол 2020 онд 62 сая, 2021 онд 110 саяыг олдог болжээ. Харин гэр бүлийнхэн нь 84 саяас 136 сая болтол өрхийн аж ахуй, орлогоо нэмэгдүүлсэн байна. Нийтийн орон сууц 4, зуслангийн байшин нэг, үйлчилгээний сууц нэг, авто гарааш нэгтэй бөгөөд тэдгээрээ 380 саяар үнэлсэн. 2020 онд 83 саяын үнэ бүхий Prado машин хөлөглөдөг байсан бол 2021 онд 130 саяын үнэтэй Ланд-200 маркийн төмөр хүлэг хөлөглөж унаагаа солиод амжжээ!!

Дарга даамал хийж байх хугацаандаа өөрийн нэр дээрх эзэмшлийн ГАЗРАА тэлж, хэмжээ болон үнэлгээг нь ч өсгөөд амжиж. 2019 онд 75 саяар үнэлэгдэх эзэмших эрхийн 12000м2, 1344м2, 22000м2 тус тус нэг,  500м2 газар хоёрыг эзэмшиж байсан бол 2020 онд үнэлгээг нь 87 сая болгон нэмэгдүүлсэн, харин 2021 онд дахин 799м2 газар авч нийт үнэлгээг нь 95 сая болгон өсгөжээ. Энгийн иргэнд түр зуур амьдрах газар олдохгүйн улмаас шавар шалбаагтай, хог шороотой алга дарам газарт гэрээ барьж аж төрөхдөө хөөгдөж туугддаг нь нийгмийн бичигдээгүй хууль болчихсон. Харин Дарханы Б.Азжаргал мэтийн эрх мэдэлтэй нөхдүүд хуулийн цоорхойг овжин ашиглаж жил бүр шинээр газар эзэмшиж, өмч хөрөнгөө нэмэгдүүлж байгаа нь ШУДАРГА ЁСОНД ҮЛ НИЙЦЭХ мэт ээ!!!

Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй “ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬ”-д газрыг 28.1.1.гэр бүлийн хамтын хэрэгцээний; 28.1.2.төрийн байгууллагын; 28.1.3.аж ахуйн нэгж, байгууллагын зориулалтаар Газрыг Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 15-60 жил хүртэл хугацаатайгаар эзэмшүүлж болно. Газар эзэмших эрхийн гэрчилгээг нэг удаад сунгах хугацаа 40 жилээс илүүгүй хугацаагаар олгоно” гэж заажээ. Тэгвэл Дарханы Засаг дарга Б.Азжаргал өөрийн эрх мэдэл, албан тушаалаа ашиглан бүрэн эрхийн хугацаандаа ХИЧНЭЭН ГА ГАЗАРТАЙ болохыг таашгүй юм.

Зовлонтой үед ЛАМ БАЯЖИЖ, зуднаар нохой зоолдог гэж үг бий. Ковид цар тахлын үед иргэд уух ч эмийн мөнгөгүй, гэрээсээ ч гарах эрхгүй хүндхэн давааг туулсан хоёр жилд Дарханы Засаг даргын ХАДГАЛАМЖ нэмэгдэж, орлого нь өссөн нь анхаарал татаж байна. Аймаг удирдаж, бүх эрхийг гартаа атгасан түүний ямар аргаар хөрөнгөө эрс нэмэгдүүлсэн нь хачирхалтай. Мань даргын дотоодын банкин дахь хадгаламж л гэхэд 2019 онд 66 сая төгрөг байсан бол 2020, 2021 онуудад эрс нэмэгдэж өдгөө 222 сая болсон байна. Түүний энэ хадгаламж өнөөдөр ч гэсэн цаг минут тутамд хүү бодогдон өсөж байгаа нь ойлгомжтой. Тэрчлэн бусдаас 44 саяын АВЛАГАТАЙ бол 90 саяын зээлтэй гэж хөрөнгө орлогоо мэдүүлжээ. Харин “Эрдэнэс Тавантолгой” ХХК- ний 1072 ширхэг хувьцаатай, “Мөнх Сутайн Оргил” ХХК-ний 100 хувь эзэмшдэг байсан бол 2021 онд энэ компаниа өөрийн нэрээс хасуулсан бололтой, дахин мэдүүлээгүй байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.166.127)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.