Таван минутын бороо Л.ХАЛТАР САЙДЫН АЖЛЫГ дүгнэж, ТӨМӨР ЗАМ, ДАРХАНЫ ЗАМ хоёрыг урсгалаа!!
З.Батхуяг
Нийтлэл
/
2022-07-28

Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Батболд нутгийнхаа их хувилгаан Наробанчин гэгээнтнийг залж ном уншуулаад ч тусыг олохгүй байна. Таван минутын борооны ая даахгүй төмөр зам, Дарханы зам хоёр нь урсаж ТӨРИЙН БОДЛОГО ямар байгааг шууд харуулав. Цаг хугацаа бүхний шалгуур гэж үг байдаг.

Монголын төрөөс Төмөр замын талаар баримтлах бодлогыг 2010 онд баталснаас хойш олон жил гацаж гурван жилийн өмнөөс өөрсдөө цэрэг армиа дайчлан хүчээр Төмөр зам барьсан ч өнөөдрийг хүртэл албан ёсоор нээж хүлээж аваагүй байгаа. Гэтэл суурь, шороо хөрс нь эхнээсээ элэгдэж, өнгөрсөн зун их бүтээн байгуулалт өрнөж байх зуур хүчтэй борооны усанд эвдэрч байсан удаатай. Түүнийгээ УБТЗ-ынхан ярихдаа “УГААГДСАН” хэмээн тодорхойлсон. Тэгвэл яг ийм осол дахин нэг боллоо. Тодруулбал, 2022 оны 07 дугаар сарын 26-ний өдрийн 14 цагт орсон хүчтэй аадар борооны улмаас Аршаант-Давааны хоорондын  365 км-ийн 1-р зуутад 75 м газарт төмөр зам угаагдаж, 361 км -ийн гарам усанд автаж, Зүүнхараа өртөөнөөс тэгш чиглэлд аялж явсан 2554-р галт тэрэг 364 км-ийн 5 зуутад 14:23 цагт зогссон байна.

Зам угаагдсаны улмаас Сүхбаатар-Улаанбаатар чиглэлийн зорчигчийн 272-р галт тэргийг  Аршаант өртөөнд зогсоож зорчигчдыг автобусаар Улаанбаатар хот руу тээвэрлэх ажлыг зохион байгуулж байна.  Мөн Дархан-Улаанбаатар чиглэлийн зорчигчийн 304-р галт тэргийг Ногоонтолгой өртөөнд зогсоохоор төлөвлөж байгаа бөгөөд Улаанбаатараас Эрдэнэт рүү 18:40 цагт явах зорчигчийн 273/312 –р галт тэрэгний аяллын цаг хойшилжээ.  Угаагдсан замыг яаралтай сэргээн засах ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд галт тэрэгний хөдөлгөөнийг нээхээр мэргэжлийн баг хамт олон ажиллаж байгаа.

Л.Халтар сайдын нэртэй хутгалддаг дараагийн нэг зүйл бол өнөөх алдарт ДАРХАНЫ ЗАМ. Тендерийн маргаанаас болоод таван жил гацаж буй энэ зам бүрэн ашиглалтад орохоосоо өмнө борооны ус даалгүй ховхорч унаад байна.  Засгийн газрын тэргүүний томилолт аваад Дарханы замын бүтээн байгуулалтад сар амарч байгаад ирсэн дэд сайд Ж.Бат-Эрдэнээс одоо асуух цаг болсон. Татвар төлөгчдийн 7,4 сая төгрөгөөр БАЙР, ХООЛ, УНААНЫ ЗАРДЛАА шийдүүлэн 30 хоног байрлахдаа ямар ажил хийснийг мөн л өчигдрийн бороо ЯРУУ ТОДООР гэрчилчихлээ!!!

30 орчим минутын хооронд  орсон хүчтэй аадар борооны улмаас Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын 1-р багц буюу Баруун аймаг салах тойрог уулзвараас Хар модотын давааны ар хүртэлх авто замын 13 дахь км дэх авто замын 140 метр газар үерийн усанд угаагдаж, асфальтбетон хучилтад эвдрэл үүсч, улмаар үерт автчихсан байгааг олон нийт мэдээллийн сувгаар харсан.

Ковидоос шалтгаалсан олон асуудал энэ салбарыг элэгээр нь хэвтүүлж байгаа. 2021 оны 03 сараас хойш Тяньжин бооомтод бөөгнөрсөн иргэдийн ачаа тээвэр өнөөдрийг хүртэл гүйцэд орж ирж чадаагүй. Тэрчлэн нүүрс тээвэр, хяналт шалгалтын бүх зүйл нам зогсчихсон. Энэ бүхнийг бодлогоор зангидаж, эвээр явуулах үүрэг хүлээсэн эрх мэдэлтнүүд Засгийн газрын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Лувсангийн Халтар, дэд сайд Жалбасүрэнгийн Бат-Эрдэнэ, Төрийн нарийн бичгийн Сандагдоржийн Батболд нар ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ЕСТОЙ!!!

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.202.38)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.