Ковидын жилд “Амилагийн Найз” ХУВИЙН ЦЭЦЭРЛЭГ улсаас 110 сая төгрөг АВЧЭЭ!!!
Сэдэв, асуудал
/
2022-08-18

Жил бүр сургуулийн хүртээмжээс гадна цэцэрлэгийн хүртээмжтэй байдал эцэг, эхчүүдэд томоохон хүндрэл үүсгэдэг. Тодруулбал улсын цэцэрлэгүүдийн хүрэлцээ бага байгаагаас үүдэн эцэг, эхчүүд хувийн цэцэрлэг барааддаг. Манай улсын хэмжээнд гэхэд өнөөдрийн байдлаар 1454 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаагийн 506 нь хувийн өмчит цэцэрлэг байна. Тэгвэл энэ удаагийн мэдээллээр нийслэлийн хувийн цэцэрлэгүүдийн нэг  болох “Амила цэцэрлэг”-ийн салбар, Баянгол дүүрэг дэх “Амилагийн Найз” цэцэрлэгийн хувьсах зардлын талаарх мэдээллийг хүргэе.

Амила цэцэрлэг нь анх 2004 онд үүсгэн байгуулагдаж, өнөөдрийн байдлаар 3 дүүргийн 8 салбарт үйл ажиллагаагаа явуулж байна. Өнөөдрийн онцолж буй Баянгол дүүргийн “Амилагийн Найз” салбар нь 2017 онд үүсгэн байгуулагдсан. Энэхүү цэцэрлэг 2-5 насны хүүхэд бүртгэдэг бөгөөд нэг ангийн дүүргэлт 18-20 аж.

Тус цэцэрлэгийн төлбөр өнгөрсөн онд 400 мянга байсан ба энэ жил 50 мянган төгрөгөөр нэмэгдэж 450 мянга болсон байна.

Засгийн газрын 2022 оны 91 дүгээр тогтоолын 4 дүгээр хавсралт

“Хувьсах зардлын дундаж нормативаар төсөв хуваарилах, санхүүжүүлэх аргачлалын 2.1.1. заалтад “хувьсах зардлын дундаж норматив” гэж цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, стандартыг хангахад зайлшгүй шаардлагатай, суралцагч хүүхдийн тооноос шууд хамааралтайгаар өөрчлөгдөх нийт зардлын нэг суралцагчид ногдох дундаж хэмжээг хэлнэ гэж тодорхойлсон.

Ингээд “Амилагийн Найз” цэцэрлэгийн хувьсах зардлын санхүүжилтийн мэдээллийг танилцуулъя.

2021 оны байдлаар:

Нэгдүгээр улиралд: 23 сая 604 мянга 250 төгрөг

Хоёрдугаар улиралд: 39 сая 579 мянга 750 төгрөг

Гуравдугаар улиралд: 47 сая 208 мянга 500 төгрөг

2022 оны байдлаар:

Нэгдүгээр улиралд: 21 сая 24 мянга 311 төгрөг

Хоёрдугаар улиралд: 21 сая 24 мянга 311 төгрөг

Хувийн цэцэрлэг хүүхдээс өндөр төлбөр авч, нэмээд улсаас хувьсах зардал авдаг. Гэтэл цэцэрлэгт ч хамрагдаж чадалгүй цоожтой хаалганы цаана нулимстайгаа хоцордог хүүхдүүд одоо ч бий. Монгол улсын Үндсэн хуульд “Хүүхэд бүр боловсрол эзэмших эрхтэй” гэж заасан байтал цэцэрлэг, сургуульд хамрагдахад баян, ядуугийн ялгаа үүсч нийгэмд тэгш бус байдлыг үүсгээд удаж байна. Тухайлбал 2021-2022 оны хичээлийн жилд, цэцэрлэгт хамрагдаж чадалгүй цоожтой хаалганы цаана үлдсэн 34 мянга орчим хүүхэд байсан гэдгийг Боловсролын сайд Л.Энх-Амгалан танилцуулгадаа онцолсон. Засгийн газраас энэ хичээлийн жилд цоожтой хаалганы цаана нэг ч хүүхэд үлдээхгүй гэх бодлого баримталж, 200 тэрбум төгрөгийн төсөв тусгайлан гаргасан. Тус шийдвэр бодитоор хэрэгжихгүй бол цоожтой хаалганы цаана дахиад л хүүхдүүд айдастайгаа үлдэнэ. Мөн Боловсролын сайд Л.Энх-Амгалангийн хэлсэн “Хүүхэд бүрт хувьсах зардал ижил хэмжээтэй олгогдоно” гэх амлалт талаар өнгөрнө гэсэн үг. Хэрэв хувийн цэцэрлэгт олгогддог хувьсах зардлыг хэмнэн, цоожтой хаалганы цаана нулимстайгаа үлдэх хүүхдүүдэд СӨБ-ыг олгох, эцэг эхчүүдийг ажлын байртай болгох бодлого баримталвал ирээдүйд хөрөнгө оруулах том боломжийг бий болгоно гэж тооцож болох юм.

Л.Энх-Амгалан сайд аа!!! Хувийн цэцэрлэгт “Хуудуутай” олгогддог хувьсах зардлаа төрийн бодлогоос орхигдсон түмний үрс рүү чиглүүлвэл ямар вэ?

Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.24.192)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.