“Женко” Х.БАТТУЛГЫН “халаасны” гишүүн А.АДЪЯАСҮРЭН
Сэдэв, асуудал
/
2022-08-26

Өнөөдрийн онцлох улстөрч АМГАЛАНГИЙН АДЪЯАСҮРЭН. Түүхийн багшаас их хурлын гишүүн болсон тэрээр анх 2020 онд Баянхонгор аймгийн гуравдугаар тойргоос нэр дэвшсэн. УИХ-д сонгогдсон 13 эмэгтэй гишүүний нэг юм. Түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч асан Халтмаагийн Баттулгын “Улаан хамгаалагч” гэж иргэд харддаг. Баянхонгор аймгаас “Бидон” Д.Ганбатын хамт улстөрийн салбарт хөл тавьсан.  

Тэрээр 2019 онд “Алтан гадас” одон хүртэж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний хөдөлгөөн зохион байгуулсан. Эртнээс өрхийн тэргүүн, гэр бүлийн ноён нуруу гэгдэж ирсэн эрчүүдийн эрүүл бие, саруул ухааныг хайрлан хамгаалж, халамжлах тухай эмзэг асуудлыг нийгэмд цаг үеэ мэдэрсэн зөв алхам гэж эерэгээр үнэлэгдсэн юм. Гэсэн хэдий ч сайны хажуугаар саар гэгчээр авлига, хээл хахуульд ч  нэр холбогдоод авсан.

Тухайлбал А.Адъяасүрэн нь 2020 онд буюу гишүүнээр сонгогдсон жилдээ нүүрс тээврийн “С” зөвшөөрөл авахын тулд “Авто тээврийн үндэсний төв”-ийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Г.Доржпаламд 100 МЯНГАН АМ.ДОЛЛАРЫН АВЛИГА өгсөн хэргээр АТГ-т сэжигтнээр татагдаж байсан. Улмаар “Нийслэлийн прокурорын газар”-аас яллах дүгнэлт үйлдэж, шүүх рүү шилжүүлсэн байдаг. Үүнд холбогдож мөнгө авсан гэх этгээд нь ажлаасаа халагдчихаад байхад, УИХ-д хууль, шударга ёс яриад сууж байгаа гишүүний бүрэн эрхийг одоо хүртэл түдгэлзүүлэхгүй байгаа нь хачирхалтай.

Түүхийн багш байсан тэрээр энэхүү асуудалд тайлбар өгөхдөө “Сонгуулийн хар пи-ар” хэмээн хууль шатны шийдвэрийг үл хүндэтгэн мэлзсээр байгаа.

Ийм нэг авлигын асуудалд нэр холбогдсон ч нам жим болсон нь Ерөнхийлөгч асан “Женко” Х.Баттулгын нөлөө орсон гэх яриа хэвлэл мэдээллээр хэсэгтээ шуугиад авсан. А.Адъяасүрэн Х.Баттулгын төлөө “ӨЛСГӨЛӨН” зарлаж, үнэнчээ илэрхийлж байсан удаатай. Хэргийн талаар тодруулбал 2016-2019 оны хооронд А.Адъяасүрэн “Топ транспорт” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа БНХАУ-ын хөрөнгө оруулалттай нэр бүхий компанитай хамтран ажиллах гэрээ байгуулсан.

Улмаар Хятадын боомтоор нүүрс тээвэрлэхээр болсон тул тээврийн хэрэгслийг бүртгүүлэх шаардлага үүссэн байдаг. Үүний тулд “Эрдэнэс таван толгой” ХК-тай 2019 оны 8 сарын 23-ны өдөр НЭГ САЯ тонн коксжих нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулжээ. Ийнхүү өөрийн компанийн 14 ширхэг тээврийн хэрэгслийг “Эрдэнэс таван толгой-Цагаан Хад” чиглэлийн ачилтад бүртгэл хийлгэсэн байна.

Тухайлбал А.Адъяасүрэнгийн хувь эзэмшдэг байсан “Топ-транспорт” ХХК нь Дорноговь аймгийн ХАНГИ, БНХАУ-ын МАНДАЛ боомтоор хил нэвтрэх “С ” зөвшөөрлийг 2019 оны III улиралд 23 , VI улиралд 21 удаа гаргуулан авсан байдаг.

Мөн Гашуун Сухайт-Ганц мод боомтын чиглэлд 2019 оны IV улиралд “С” төрлийн зөвшөөрлийн бичиг олгосон мэдээлэлд эрхэм гишүүн маань хувь эзэмшдэг хэмээн мэдүүлсэн “Сан тээвэр групп” ХХК-ийн 232, “Топ транспорт” ХХК-ийн 35, “Тэнгри транс групп” ХХК-ийн 247, “Ульгансар” ХХК-ийн 195 тус бүрд “С” зөвшөөрөл олгосон байна.

Тэрээр “Топ транспорт” компаниа 2020 оны 8 дугаар сард А.Санчир, А.Аюуш нарын нэр дээр шилжүүлсэн байдаг. Энэ нь магадгүй улстөрд дэвшихдээ нэр цэвэр байж, авлигач гэдгээ нуухыг оролдсоны илэрхийлэл байж болох юм.

Нэр цэвэр байхаар оролдож эхэлсэн А.Адъяасүрэн гишүүний хөрөнгө орлогын мэдүүлгээс одоо танилцуулъя.

Тэрээр 2019 онд өөрийн нийт орлогоо 800 сая төгрөг гэж мэдүүлсэн байна. 2020 он буюу гишүүнээр сонгогдох үед орлогоо 823 сая 224 мянга 530 төгрөг гэж мэдүүлсэн нь түүний орлого 23 сая 224 мянга 530 төгрөгөөр нэмэгдсэн гэсэн үг. Харин өнгөрсөн 2021 онд орлогоо 49 сая 107 мянга 140 төгрөг гэж мэдүүлсэн нь 2020 онтой харьцуулахад 774 сая 117 мянга 390 төгрөгөөр буурчээ.

Дээр дурдсанчлан 2020 онд А.Адъяасүрэн гишүүн 100 мянган ам.долларын авлигын хэрэг үүсгэсэн гэх мэдээлэл бий. Тухайн үеийн ханшаар нэг ам.доллар 2800 төгрөг байсан гэж үзвэл нийт 280 сая төгрөг болно. Гишүүний орлого 2021 онд огцом буурсан нь энэ мэт зүйлүүдэд хөрөнгөө зарцуулснаас үүдэлтэй байж болзошгүй.

Түүний нийт хөрөнгө 2 тэрбум 346 сая 51 мянга 650 төгрөг. Үүнд нэг тэрбум 542 сая 80 мянган төгрөгийн үнэлгээтэй амины орон сууц нэг ширхэг, нийтийн орон сууц хоёр ширхэг, үйлчилгээний зориулалттай байр нэг ширхэг, хашаа байшин нэг ширхэг багтана. 380 сая 200 мянган төгрөгийн үнэлгээтэй жийп болон туулах чадвар өндөр “Lexus 570” нэг ширхэг, “Toyota Land Cruiser 200” нэг ширхэг байна. Мөн 100 сая төгрөгийн үнэлгээтэй өмчлөх эрхтэй 750 болон 250 метр квадрат газрууд тус тус нэг ширхэг гэжээ. Түүнчлэн 323 сая 771 мянга 650 төгрөгийн үнэт эдлэл багтжээ. Тэрээр дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах хадгаламж, данс, мөнгөн хөрөнгийн нийт дүнгээ 411 сая 364 мянга 750 төгрөг гэж мэдүүлсэн.

Авлигын хэрэгт холбогдсон, огтхон ч гэм зэмгүй мэт буруугаа хүлээхгүй ширэн нүүрэлж суугаа А.Адъяасүрэн гишүүн ээ!!! Номыг нь үзэж ногоотой шөлийг нь уун олон улсын түүх, хууль эрхзүйн мэргэжил эзэмшсэн Та уг нь аливаа улсын уналт авлига, хээл хахуулиас үүдэлтэй гэдгийг мэдэхийн дээдээр мэдэж баймаар л юм. Эзэн богд Чингис хаан маань “Биеэ засаад гэрээ зас. Гэрээ засаад төрөө зас” гэж сургасанчлан Төрийн түшээ эрхэмсэг хатагтай Та өөрийн хувийн шунал уналаа засамжилж, ёс суртахууны наад талын мэдэгдэхүүнтэй болчихоод л монгол төрийн алтан сэнтий өөд зүтгэх байж дээ! Олон түмэн таныг “Хувийн бузар шуналаас үүдсэн ял янханаасаа хаацайлуулах гэж УИХ-ын гишүүний бүрэн эрх рүү зүтгэсэн хүүхэн” гэж хэлэх өдөр ирэх юм биш биз дээ, А.Адъяасүрэн гишүүн ээ!  

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.39.176)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.