Оюутнуудынхаа ТӨЛБӨР шимэгчилсэн МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬ
Сэдэв, асуудал
/
2022-08-27

Монгол Улсын хамгийн том их сургууль гэж өөрсдийгөө нэрлэх дуртай Монголын үндэсний их сургуулийг энэ удаагийн мэдээллээр онцлон хүргэе. Тус сургууль Монгол Улсын их сургуультай нэр булаацалдан өнөөдрийг хүртэл шүүхдэлцсээр байна.

МУИС 1942 онд өргөн үүдээ нээж, гал голомтоо тулсан байдаг. Харин МҮИС 1998 онд үүсгэн байгуулагдсан. Тус хугацаанд МУИС-ийн нэр улсдаа төдийгүй тив дэлхийд хэдийн брэнд болж амжсан. Гэтэл МҮИС нэрээ ийнхүү ойролцоо өгсөн нь “ОЮУНЫ ӨМЧИЙН ХУЛГАЙ” юм. Үүнээс үүдэж гадаадын олон төсөл хөтөлбөр МУИС-тай хамтран ажиллахаас татгалзсан гэдэг.

Ирээдүйн боловсон хүчнээ бэлтгэж чадахгүй “МӨНГӨ ХҮҮЛЭХ” сонирхолтой “МҮИС” өдийг хүртэл хаалгаа барилгүй явсаар байгаатай БШУЯ холбоотой юу гэсэн асуудалт ч өөрийн эрхгүй босож ирнэ.

Нэрний асуудалтай холбоотойгоор өнгөрсөн 7 хоногт Боловсролын сайд Л.Энх-Амгалан мэдээлэхдээ “Одоо ч шүүхдэлцсээр байгаа.  МҮИС-ийн эрх бүхий албан тушаалтан нь шүүх хуралдаа очихгүй хойшлуулсаар байгаа” гэсэн. Мөн тэрээр “Шүүх хурлыг дахин хойшлуулсаар байвал илүү хүнд нөхцөл рүү шилжүүлэн арга хэмжээ авна” гэдгээ ч мэдэгдээд буй.

МҮИС нь 13 салбар сургуульд 250 гаруй мэргэжил эзэмшүүлдэг байна. Улмаар Л.Энх-Амгалан сайд тус сургуулийн “Агаарын тээврийн сургууль” хаагдаж байгаа талаар мөн мэдээлсэн. Түүнчлэн МҮИС нь БШУЯ-наас 100 орчим хөтөлбөрийн зөвшөөрөл авсан ч 200 хөтөлбөрөөр элсэлт авчээ. Иймд 40 гаруй хөтөлбөрийг нь цуцалсан талаар БШУЯ-ны Дээд боловсролын газрын дарга Х.Тамир мэдээлж байсан.

Асуудал ихтэй МҮИС нь МУИС-иас ялгарах давуу тал онцлогоо суруулийнхаа газар зүйн байршилтай холбон тайлбарладаг. Тодруулбал:

Удахгүй хичээлийн шинэ жил эхлэх гэж байхад Гандангийн хойд талд байрладаг МҮИС-ийн багш ажилчид болон сургуулийнх нь захирал ч бэлэн биш байна. Гэтэл тус сургууль элсэлтийн онлайн бүртгэлээ авсаар. Оюунлаг хэмээн өөрсдийгөө өргөмжилдөг байж оюутнуудаасаа мөнгө хүүлэхээсээ өмнө, суралцах орчин нөхцөл, бололцоог нь хангамаар байна. Хамгийн том сургууль гэж гайхуулсаар ирсэн МҮИС шинэ хичээлийн жилд олигтой бэлтгэл ч базаасан юм байхгүй, оюутнууддаа тодорхой мэдээлэл ч өгөхгүй, учир битүүлэг байдлаар оюутнууддаа нэлээд хүндрэл учруулахаар байгаа даанч харамсалтай явдал юм даа...

зөвхөн өнөөдрийн байдлаарх мэдээлэл

 

Өнгөрсөн онд МҮИС Ковидын улмаас хичээл цонхолсон үеэр оюутнуудаасаа бүтэн жилийн сургалтын төлбөрөө нэхсээр авсан. Гэтэл онлайн хичээл нь алдаа заагаад хэдэн оюутан нь хичээлээ үзэж чадахгүй байгаа талаар сургуулийн удирдлагадаа гомдол гаргасан ч тоогоогүй. Чанартай боловсрол олгож байж төлбөрөө нэхдэг байвал уг нь хаа хаанаа зүгээр л юм сан даа,  МҮИС-ийн удирдлагууд аа!

Тэрчлэн ноднин оюутны байранд амьдардаг байсан хүүхдүүдийн байрны төлбөрийг бүтнээр авсан. Хичээл нь орохгүй тул оюутны байрнаасаа гарсан хүүхдүүд байрны буцаан олголтоо авахыг хүссэн ч МҮИС буцаан олголт хийгээгүй. Харин ч дүлий дүмбэ царайлан одоог хүртэл мөнгийг нь өгөхгүй байгаа нь “Мөнгө улаан, нүд цагаан” гэдгийн үлгэр болсоор...

Аргаа барсан олон асуудлаа шийдвэрлүүлэх хүсэлтэй оюутнуудын хамгийн ойрын хамтрагч нь Оюутны холбоо байдаг. Гэвч МҮИС-ийн оюутны холбоо нь хэдэн багш нарын хурууны үзүүрээр үйл ажиллагаа явуулдаг аж. Оюутнуудынхаа эрх ашгийг хамгаалах ёстой байтал, сургуулийнхаа талаар гомдол мэдээлэл гаргасан оюутнуудыг дарамталж, эргээд тэдэнд хохирол үүсгэх байдлаар дээрэлхдэг байна.

Ингээд боловсон хүчин ч үгүй, оюутнуудынхаа суралцах эрх ашгийг боодог Монголын хамгийн том сургууль гэгдэх МҮИС-ийн ард ямар хүн байдаг талаар танилцуулъя.

Энэхүү эрхэм бол МҮИС-ийн үүсгэн байгуулагч, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, Ерөнхий захирал Л.Мөнхбат гэж хүн. Анх 1998 онд “Чандмань-Эрдэнэ” коллеж нэртэйгээр байгуулагдаж байсан тус сургууль нь 2002 онд Монголын Үндэсний коллеж, 2004 онд МҮДС болж, 2012 онд МҮИС болгон нэрээ өөрчилжээ. Тэрээр Дугуй цагаан амралтын газар буюу “Богд хаан” жуулчны газрын захирал, “Энигма” компанийн ТУЗ-ийн дарга аж. “Нэг ч улстөрчийн нөлөөнд үйл ажиллагаа явуулдаггүй” хэмээн ярих дуртай Л.Мөнхбат 2017 онд хар тамхины хэрэгт холбогдоод авсан. Тодруулбал, Богдхан уулын тусгай хамгаалалттай газар тэрээр 41 га талбай эзэмшдэг. Харин үүнээс гурван га газрыг нь чөлөөлж дэд бүтэц бий болгох санал тавихад түүнийг нь зөвшөөрөөгүй. Тус асуудал үүсч байх үед Л.Мөнхбат Бээжинд байсан гэх бөгөөд түүнийг хар тамхины хэргээр тэндээ саатуулагдаж байсан гэх мэдээлэл бий. Эл асуудалд тэрээр энэ оны зургаадугаар сард тайлбар өгсөн байдаг. Тэрээр “Богдхан уулын тусгай хамгаалалттай газар ажилладаг байсан ажилчид маань албадан үйл ажиллагаанаас болж эд хөрөнгөөрөө хохирсон. Миний ард болоод МҮИС-ийн ард ямар ч улстөрч байхгүй. МҮИС нь оюунлаг хүмүүсийн цуглардаг газар. Манайх 200 гаруй гадаад оюутантай. Энэ нь улсад гаднаас валют орж ирж байна гэсэн үг. Мөн 2017 онд намайг хар тамхи хэрэглэсэн гэдэг нь гүтгэлэг. Би багаасаа мөнгө олохын тулд гадаадад ажилладаг байсан хүн” гэх зэргээр тайлбар өгчээ.

Хар тамхитай холбогдсон болон газрын асуудлаа шийдчих гээд гүйж яваа энэ хүн МҮИС-ийн асуудалд юу гэж санаа зовох вэ дээ. Тэртээ тэргүй багш ажилчид, оюутны холбооныхон нь оюутнуудаасаа мөнгө сааж байгаа цагт өөрөө оролцоод байх шаардлага байхгүй гэж боддог байх.

МҮИС-ийн үүсгэн байгуулагчийн хэлсэн шиг тус сургуульд үнэхээр оюунлаг хүмүүс цуглардаг газар гэдэг нь тун ч эргэлзээтэй. Сургуулийн захиргаанаас ганц мэдэгдэл гаргахдаа л дүүрэн үг үсгийн алдаатай бичвэр оруулдаг. Мөн багш ажилчид болоод захирал ажилд авна хэмээн өдөр болгон зар явуулж байгаа нь эрдэм мэдлэгтэй боловсон хүчин тус сургуульд ажилладаггүйг харуулж байна. “Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг” гэдэг. Сурч боловсрох хүслээр дүүрсэн оюутнуудаа битгий өөрсдийн нэгэн адил “шийр алаг” болгоорой гэж хүсье.

Ганц постер дээрх мэдээллийг нь харахад л хамгийн наад тал нь эр үг, эм үгээ ялгадаггүй бололтой. Энэ нь Монгол Улс, өөрсдийн сургууль, оюутнууд болоод оюутнуудынхаа гэр бүлийг доромжилсон явдал мөн. Уг доромжлолын хамгийн ойрын жишээ нь өнгөрсөн жил сургуулиа төгссөн хүүхдүүдэд одоог хүртэл дипломыг нь олгоогүй байгаа явдал. Дипломын оронд МҮИС нийт төгсөгчдөдөө “хоосон хавтас” л өгсөн байна. Тус хавтас нь сургуулиа төгссөн мэт харагдуулж зураг дарахад зориулагдсан аж. Хэрэв зургаа даруулж болсон бол хавтсыг нь буцаан өгөх хэрэгтэй байсан гэнэ. Улмаар төгсөгч оюутнууд “Жинхэнэ” диплом авах хүсэлтээ  МҮИС-ийн удирдлагад удаа дараа тавьсан ч, авах ёстой төлбөр мөнгөө бүгдийг нь авсан гэж байгаа юм шиг тоож хэлэлцэхгүй байгаа аж.

МҮИС нь өөрсдийн сургуульдаа оюутанд элсүүлэхийн тулд хоёр том маркетингийн бодлого баримталдаг. Нэгдүгээрт, “Монголын хамгийн том, сайн сургууль”, мөн “Олон улсын тэргүүлэх их сургууль” гэх сурталчилгаагаараа дамжуулан олон залуусын тархийг угаадаг.  

Хоёрдугаарт, МУИС-ийн нэртэй андуурагддаг МҮИС нэрээ ашиглан орон нутгийн хүүхдүүдэд худал мэдээлэл тараан сургуульдаа бүртгэдэг байна. Тодруулбал, тус сургуульд анх орохдоо “МҮИС” нэрийг нь “МУИС” гэж андууран орсон олон оюутан бий гэх. Гэвч бодит байдал дээр тус сургуулийн маркетинг нь худал, нэр нь өөр байгааг мэдсэн оюутнууд тус сургуулиас шилжих хүсэлтээ өгдөг аж. Гэвч МҮИС шилжих хүсэлтэй хүүхдүүдийг шилжүүлдэггүй ба “50 мянган төгрөг өгч байж бичиг баримтаа аваад гар” гэдэг байна.

Улмаар аргагүйд хүрсэн оюутнууд тухайн мөнгийг нь өгсөн ч бичиг баримтыг нь өгөлгүй дор хаяж жил гаран хүлээлгэдэг талаар баримтууд бий. Иймд тус сургуулиас бичиг баримтгүй гарсан олон оюутан байгаа юм. Хуулиндаа бусдын бичиг баримтыг барьцаа хэлбэрээр авахыг хориглосон байдаг ч МҮИС оюутнуудаасаа мөнгө авчихаад бичиг баримтуудыг нь барьцаалж байгаа нь хүнийн эрхийг ноцтой зөрчиж байгаа явдал яах аргагүй мөн билээ. Иймээс БШУЯ болон Нийслэлийн боловсролын газар, Улсын Мэргэжлийн хяналтын газар, Хүний эрхийн үндэсний комисс, АТГ зэрэг холбогдох байгууллагууд МҮИС-ийн хууль зөрчсөн олон удаагийн үйлдлийг шалгаж, оюутнуудын эрх ашгийг хамгаалах зайлшгүй шаардлага үүсээд байна шүү!!!

“Хорт могойн зулзагыг бага дээр нь дардаг” гэдэг. Хорон муу үйлдлийг бага дээр нь дарах юмсан даа...

Сэтгэгдэл:
Таны IP: (18.224.31.82)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.