ГУРАВДАХЬ ЯАМАНДАА сайдын албан тушаалд томилогдсон Д.Сарангэрэлийн ОРЛОГО жилээс жилд ТАВАН САЯ орчим төгрөгөөр НЭМЭГДЖЭЭ
Сэдэв, асуудал
/
2022-08-31

Өнөөдрийн онцлох улстөрч “Саран ижий” Даваажанцангийн Сарангэрэл. Тэрээр фото зургийн болон сэтгүүлч мэргэжилтэй. Түүний хувьд 2011-2012 онд МАН-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 2012 онд Монгол Улсын их хурлын гишүүнээр сонгогдон, улстөрийн тогоонд эргэлт буцалтгүй орсон байдаг. Саран ижий маань 2017-2020 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд, 2020-2021 онд мөн Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байсан. Тэгвэл энэ жил шударга сайд гэдгээрээ иргэдэд үнэлэгдсэн ХНХ-ын сайд асан А.Ариунзаяаг суудлаас нь буулгаж өөрөө сайдын албан тушаалд тухалж авлаа.

2020 онд долоо дахь удаагийн парламентийн чуулганаар УИХ-ын дарга Г.Занданшатар тухайн үеийн парламентийн шилдэг долоон түшээг тодруулсан. Тэдгээрийн нэгээр Д.Сарангэрэл тодорч, түүнд шагнал гардуулахдаа “Төрийн хатан эрдэнэ” хэмээн онцолсон удаа бий.

Төрийн эрх мэдэлтний магтаал сонсоод амжсан, “Эх хүний сэтгэлээр ард түмэндээ хандана” хэмээн хэлэх дуртай Д.Сарангэрэлийн үг, бодит байдал дээр үйлдлээсээ даанч хол зөрүүтэй. Тодруулбал амаржаад удаагүй байсан гурван ихэрийн ээж нэг хүүхдээ эмч нарын буруутай үйлдлээс болж алдсан талаар Д.Сарангэрэлд Эрүүл мэндийн сайд байх үед нь гомдол гаргаж байж. Гэвч сайдын зүгээс тухайн эхэд “зүгээр дээ хоёр нь үлдсэн байна шүү дээ” ухааны юм ярьсан байдаг. Ёстой л “хүний хүү хүрэн бөөртэй” гэдэгчлэн өөрийн хүүхэд биш бол үхнэ үү байна уу хамаагүй гэж үзсэн байгаа юм. Тийм байж иргэдийн эрүүл мэндэд их л анхаардаг сайн ажилтан гэж ковидын жилд хэвлэлээр нэг яриа өгсөн байдаг.

Өөрийгөө магтах дуртай Д.Сарангэрэл 2020 онд БОАЖ-ын сайдын албан тушаалд томилогдсон байсан. Тухайн хугацаанаас жилийн дараа буюу 2021 онд түүний хүү Х.Улам-Өрнөх Сингапурт тансаг зэрэглэлийн усан онгоц худалдан авч, халдвар хамгааллын дэглэм зөрчин найз нөхдөө Сингапурт аваачиж, хоёр сая ам.долларын үнэтэй уралдааны машинаа үзүүлж, усан онгоц дээрээ тансаг хүлээн авалт зохион байгуулсан талаарх мэдээлэл бий. Мөн эхийнхээ албан тушаалыг урвуулан ашиглаж жолоочоор нь ажилладаг байсан найз Д.Өнөрболдыг ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын Хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байдаг. Улмаар найзынхаа хамт барилгын ажлын тендер авч өгнө хэмээн хүмүүсээс мөнгө авч идсэн гэх асуудлаар АТГ-т шалгагдаж байсан удаатай.

Хүүхдийн хүмүүжил ямар байгаа нь өссөн гэр бүлээс нь шууд хамааралтай. Хүүхдээ хөрөнгөний шуналтай болгосон "Саран ижий" гэгддэг Д.Сарангэрэл сайд та гэр бүлийн хүмүүжлээ улстөрд гаргах нь зүй бус л хэрэг болов уу

Ингээд “Үг үйлдээс зөрүүтэй” байдаг гэдгийг тодхон харуулдаг Д.Сарангэрэлийн хөрөнгө орлогын мэдүүлгээс танилцуулъя.

2019 онд тэрээр өөрийн нийт орлогоо 30 сая 226 мянга 270 төгрөг гэж мэдүүлсэн байна. Улмаар 2020 онд түүний орлого 34 сая 570 мянга 880 төгрөг болсон нь өмнөх оны орлогоосоо 4 сая 344 мянга 610 төгрөгөөр нэмэгджээ.  Харин өнгөрсөн 2021 онд 39 сая 530 мянга 590 төгрөгийн орлоготой хэмээн мэдүүлжээ. Энэ нь түүний 2020 онд мэдүүлж байсан орлогоос 4 сая 959 мянга 710 төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт юм.

Эрхэм сайдын нийт хөрөнгө 576 сая 876 мянга байна. Үүнд 500 сая 876 мянган төгрөгийн үнэлгээтэй нийтийн орон сууц нэг ширхэг, үйлчилгээний зориулалттай орон сууц хоёр ширхэг багтжээ. Мөн 60 саяын үнэлгээтэй жийп болон туулах чадвар өндөр, Toyota Land Cruiser 200 нэг ширхэг багтана. Түүнчлэн 16 саяын үнэлгээтэй өмчлөх эрхтэй 0.07 га газар нэг ширхэг, эзэмших эрхтэй 0.07 га газар тус тус багтсан байна.

Түүний дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах хадгаламж, данс, мөнгөн хөрөнгийн нийт дүн 501 сая 148 мянга 700 төгрөг.

Харин хөрөнгө оруулалт хийсэн компаниудаас нь танилцуулбал “Браво Монголиа” ХХК,  “Гэгээн далай” ХХК, “Гэгээн Концепт” ХХК, “Гэгээн секюритиз” ХХК, “Концепт сити” ХХК, “Стимо” ХХК-иудын 100 хувийн хувьцааг эзэмшдэг байна. Мөн “Эрдэнэс таван толгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааг эзэмшдэг аж.

Түмний итгэлийг дааж ХНХ-ын сайд болоогүй тул Д.Сарангэрэл сайд та итгэл олтлоо ажлаа хийсэн шиг хийгээрэй гэж хүсье.  Өмнөх сайд асан А.Ариунзаяагийн хийж бүтээсэн ажил хэдийн ард түмэнд үнэлэгдээд байсан тул түүнээс илүүг санаачлан хийх байх гэж найдъя. Давхар дээлээр гангарсан МАН-ынхантайгаа Хүчээ нэгтгээд ч болтугай хөдөлмөрөө шударгаар гүйцэтгэх болтугай.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.138.129)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.