Түр оршин суугчдаа төр засаг нь хаясан уу?
Сэдэв, асуудал
/
2022-09-10

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 19-р хорооны иргэн Давааням байрны подволд 15 жилийн турш буюу 2007 оноос хойш амьдарч байна. Түүний хувьд Хөвсгөл аймгийн харъяат иргэн бөгөөд 2005 онд Улаанбаатар хотод орж ирж ийнхүү өнөөдрийг хүртэл подволд байрны жижүүрийн ажлыг эрхлэн амьдралаа залгуулах болжээ.

Давааням иргэн байрны подволд хоёр зээгийнхээ хамтаар амьдардаг. Түүний амьдарч буй байрны подволд бохирын шугамын хэсэг байдаг бөгөөд тухайн шугамд 2015 онд гэмтэл гарснаар түүний гэрийн шал хэсгээр бохирын ус урсах болжээ. Үүсэн асуудлын талаар тэрээр дээрх удирдлагадаа уламжилахад энэ онд засагдана гэх хариуг өгсөн байна.

Давааням: Хоёр зээд маань л подволд амьдрах их хүнд байгаа байх. Би ч яахав хөгшин настай хүн. Хүний өмнөөс амьдарч байгаа юм шиг ард түмэн, дээрх удирдлагаасаа юм гуйх хэцүү ч гэсэн хэдэн хүүхдээ эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд амьдруулахын тулд гэртэй л болох хүсэлтэй байна.

www.ulsturch.mn мэдээллийн мөрөөр тус хорооны засаг даргаас тодруулахад:

Д.Отгонбурам: Иргэн Давааням нь манай хорооны түр оршин суугч. Хороо нь мөн асуудал тулгамдсан иргэн болгондоо материаллаг туслалцаа үзүүлээд байж чаддаггүй. Бид буяны байгууллага биш шүү дээ. Бидны зүгээс Даваанямдаа нийгмийн халамж талаас нь л туслалцаа үзүүлдэг. Түр оршин суугч учир материаллаг туслалцаа, тэр дундаа гэр өгөх боломжгүй юм.

Сонгууль дөхөхөөр л төрд нэр дэвших хүсэлтэй гавъяатнууд иргэдэд сайхан ирээдүй бэлэглэх мэт олон мөрийн хөтөлбөр ярьцгаадаг. Давааням буурайд Сонгинохайрхан дүүргээс олон нэр дэвшигчид гэртэй болгох асуудлыг нь авч хэлэлцэнэ хэмээн ярьж байсан ч өнөөдөр тэд алга. Хорооны удирдлагтай нь уулзахад түр оршин суугч учир хэмээгээд авч хэлэлцэхгүй асуудал гарч байна. Ингэхээр төрд итгэж сонголтоо хийсэн түр оршин суугчид хэний ч тусламж авч чадахгүй гараа сунган итгэлээ тээсээр үлдэх боллоо. Иймд Сонгинохайрхан дүүргээс төрд нэр дэвшиж, түмний итгэл хүлээсэн гишүүд та бүхэн эгэл нэгэн иргэнийхээ итгэлийг биелүүлж ажлаа хийнэ үү!!!

Сэтгэгдэл:
Таны IP: (3.16.69.243)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.