Улаанбаатар хотын утааны асуудал суудлаа тавьж ХОГНЫ АСУУДАЛ шинээр заларлаа
Нийтлэл
/
2022-09-22
Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын хогны асуудал жилээс жилд дийлдэхээ больж байна. Утааны асуудлыг олон жилийн хугацаанд дэлхийн хоёр дахь утаат хот болгож байж шийдэгдсэн шиг, хогны асуудлаар дэлхийн эхний эгнээнд орж байж шийдэгдэх вий.
Монгол улсад жилд 1,5 сая тонн хог хаягдал гардгаас Улаанбаатар хотод 1.4 сая тонн хог хаягдал үүсдэг.
 
Нийт хог хаягдлын 85 хувь нь дахин боловсруулах боломжтой хог хаягдал байдаг. Гэвч үүний 11.4%-ийг дахин боловсруулж эдийн засгийн эргэлтэд оруулдаг байна. Хог хаягдлыг дахин боловсруулах жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт бүртгэлтэй 36 үйлдвэр байдгаас 17 үйлдвэр нь идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг аж.

Хогны талаарх асуудлыг дийлэнх иргэд хүн амын тоотой нь харьцуулж боддог. Гэвч энэ нь өрөөсгөл ойлголт юм. Тухайлбал газар нутгийн хэмжээ нь жижиг хэрнээ хүн амын тоо ихтэй олон улс орон бий. Жишээ дурдвал Солонгос, Япон зэрэг улс. Тухайн улсын хүн ам нь манай улстай харьцуулахад хэд дахин илүү. Гэсэн атал яагаад гудамж талбай нь цэвэрхэн хоггүй байна вэ? Гэх асуулт гарч ирнэ. Үүний хариулт бол ердөө л хог ангилалт. Энэ нь амархан мэт сонсогдох хэрнээ хог хаягдлыг бууруулах хамгийн гол зүйл юм.

Манай улсын нийт хүн ам 2021 оны байдлаар 3 сая 409 мянга орчим гэж тооцоологдсон байдаг. Үүнээс нийслэл Улаанбаатар хотод 2 сая 367 мянга 635 хүн амьдардаг гэх судалгаа бий. Тус хүн амын статистик мэдээллээс харахад нийслэл дэх хүн амын төвлөрөл орон нутгуудад хуваагдах хүн амын тооноос харьцангуй их гарч байна.

Энэ тал дээр харин хүн амын төвлөрлөөс үүдэж хогны асуудал их гарч байгаа гэх яриа нь үндэслэлтэй болно. Тухайлбал хог хаягдлын хэмжээ сүүлийн 5 жилд 18.3%-аар өссөн бөгөөд 2040 он гэхэд өнөөгийн түвшнээс 21%-аар өсөх тооцоолол байна. Улаанбаатар хотод хог ангилан хийх хогийн сав автобусны буудал болгон дээр байдаг. Гэвч хогийн сав тавьсан ч хогоо ангилахгүйгээр хийх иргэд олон бий. Тус байдал нь уншигч та бүхний нүдэнд хогоор дүүрсэн автобусны буудлуудын зураглалыг харуулах биз ээ.

Улаанбаатар хотод хогийн төвлөрсөн гурав, алслагдсан гурван дүүрэг тус бүрийн гурван цэг буюу нийт зургаан хогийн цэг байдаг. Тус цэгүүд дээр хог хаягдлыг төвлөрүүлэн дарж, устгалд оруулдаг.

Хог хаягдлын эх үүсвэр болж буй бүтцийг авч үзвэл, орон сууцны айл өрх 14%, гэр хорооллын айл өрхүүд 40%, байгууллага, аж ахуйн нэгжүүд /үйлдвэрлэл/-ээс үүсч буй хог хаягдал 38%, гудамж, талбайн цэвэрлэгээнээс үүсэн бий болж буй хог хаягдал 8%-ийг тус тус эзэлдэг байна.

Улаанбаатар хотод гэр хороололд амьдардаг 200 мянга орчим өрх байгаа ба сайжруулсан түлшийг хэрэглэж байна. Хогны бүтэц, үүсэх хэмжээг тогтоох талаар 2019 онд хийсэн судалгаагаар Улаанбаатар хотын айл өрхөөс гарч байгаа ахуйн хог хаягдлын 48.2%-ийг үнс эзэлж байгаа байна.

Дүүргүүд дэх хогны асуудлыг шийдвэрлэх зорилгоор Нийлэлийн захирагчийн албанаас гурван дүүрэгт хогны асуудал шийдэх санхүүжилт олгожээ. Тодруулбал Баянзүрх, Сонгинохайрхан, Налайх зэрэг дүүргүүдэд нийтдээ 88 сая орчим төгрөгийн санхүүжилтийг олгосон байна. Тухайн дүнг задлан авч үзвэл Баянзүрх дүүрэгт үүссэн ил задгай хог хаягдал тээвэрлэх санхүүжилт 35 сая 650 мянган төгрөг, Сонгинохайрхан дүүрэгт 33 сая 210 мянган төгрөг, Налайх дүүрэгт 19 сая 561  мянга 500 төгрөгийн санхүүжилт олгогдсон байна. Санхүүжилт олгон албан үүрэг гүйцэлдүүлэх ажлыг энэ сарын нэгнээс 30-ны хооронд хийж гүйцэтгэх тушаалыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын албан үүргийг түр гүйцэтгэгч Д.Ганболд гаргажээ

Нийслэлээс ийнхүү хог хаягдыг бууруулах тал дээр анхаарч, тенхик технологийн туслалцаа үзүүлж байгаа нь сайшаалтай. Гэвч энэ талын туслалцаа үзүүлэх хангалтгүй гэдгийг Сонгинохайрхан дүүргийн жишээгээр танилцуулъя. Тус дүүрэг хогны асуудлаа өнгөрсөн наадмаас хойш шийдэхэд бэрх болсон байдаг. Тухайлбал хогийн машин ирдэггүй, хэзээ хог ачих нь тодорхойгүй байсны улмаас иргэд хашаан дахь хогоо гудманд гаргах болсон. Энэ талаар албаны байр сууриас тодруулахад “Хог ачилтыг өдөр бүр шуурхай хийхээр зорьж байгаа ч ажиллах орон тоо байхгүй байгаагийн улмаас ажил удааширч байгаа”  гэх тайлбар өгсөн юм.

Хог хаягдлыг бууруулахаар зорьж байгаа бол юунаас үүдэж ажил удааширч байгааг нэн түрүүнд судлах хэрэгтэй. Хэчнээн техник технологи өгсөн ч ажиллах хүчин байхгүй бол эзэнгүй унаагаар хэн, хэнийхээ хогийг ачих вэ дээ...

ПРОГНЕЗ: Монгол Улсын нийт хог хаягдлын 85 хувийг дахин боловсруулах боломжтой гэдгийг дээр дурдсан. Иймд хог хаягдлын асуудлаас салах хамгийн хялбар, энгийн арга бол хогоо ангилж хаях явдал юм. Ингэснээр дахин боловсруулж эдийн засгийн эргэлтэд оруулдаг хог хаягдлын нийт хувь нэмэгдэнэ. Энэ нь хогны асуудлаас салах болон эдийн засгийн шинэ шийдлийг авчирна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.16.82.182)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.