Ж.Гантулга: Ванга шиг нэг зөгнөчихье!! Долларын ханш 4000 төгрөгт хүрнэ!!!
Судлаач, тоймч Ж.Гантулгын "Ноён доллар 4000 хүрч ХААН БОЛНО" гэх нийтлэлийг хүргэж байна.
Таймлайн дээр постны эхний хэдэн үг л харагддаг болохоор анхаарал татах санаатай жаахан базаахгүй үг хэлчихлээ шүү өршөөгөөрэй. Гэхдээ доллар өсөх нь гарцаагүй. Өсөхөөс өөр аргагүй гадаад болоод дотоод нөхцөл байдал байна. Энэ тухай өнөөдөр өгүүлнэ. Номыг нь үзсэн эдийн засагч биш, сонирхогчийн харах өнцөг тул авах гээхийн ухаанаар хандаарай. Доллар 3400 гарчихлаа гээд нийгмийн сүлжээгээр л нэг яриа болж байна. Учир шалтгааныг илрүүлэх гэж олон онол таамаг дэвшүүлж байна. “Муу л бол баруун хойд хар овоохой” гэдэг шиг төр засгаа хамгийн түрүүнд зүхэж байна. Хурдан морио бэлгэдэж “Найман шарга” гэж валютын захаа нэрлэснээс боллоо, хэдэн чэнжүүд хэргээр доллар дарж үнэд хүргээд байна гэх мэтчилэн..
Манай улсын хувьд хүн ам цөөтэй, хоёрхон улстай хиллэдэг, зах зээл жижиг, үндэсний үйлдвэрлэл хөгжөөгүй, газрын баялгаа түүхийгээр нь зараад олсон мөнгөөрөө хэрэглээний бараагаа бараг бүгдийг гадаадаас худалдаж авдаг, гадны хамаарал ихтэй эдийн засагтай улс. Урд хил хаагдах, хойд хилээр нефть саатвал юу болдгийг бид мэднэ. (Дотооддоо нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж гадагшаа экспортлох, дотоодоо хангах үйлдвэр, бүтээн байгуулалтын асуудал дээр тулга тойрсон зовлонгоо ярьж их улс төрждөг онцлогтой. Гадныхан мэдээж өөрсдөөс нь хамааралтай байгаасай л гэж бодох байх. Заримдаа зарим поп улс төрчид, харалган сэтгүүлчдийг харахаар цаагуураа гадны гар хөл ч юм уу гэж санагддагаа нуух юун.) Гадаад худалдааны өндөр хамааралтай учир олон улсын арилжааны тулгуур валют-долларын ханшинд бид маш эмзэг. Манай улс нэг хүнд ноогдох GDP-тэйгээ харьцуулбал юмны үнэ харьцангуй өндөр байдаг нь үүнтэй холбоотой байх. Бид цалингаараа зээл тавьж зээлнээс зээлний хооронд амьдардаг шиг манай үе үеийн засгийн газар ч өрнөөс өрний хооронд л “амьдардаг.” Өртэй хүн өөдөлдөггүй, өттэй ямаа таргалдаггүй гэж үг бий. Гэхдээ алсыг харж ач холбогдол, үр өгөөжийг зөв тооцож, зөв ажилдаа, зөв зээл аваад, зөв хуваарилан, зөв зарцуулах нь буруу биш. Тэгэж мөнгө босгож, томоохон төслүүдээ хөдөлгөж байж улс хөгжинө л дөө.
Гэхдээ бид зээл авахдаа юу хийхээ төлөвлөдөггүй. Олдвол ашгүй гээд зүгээр л авчихдаг. Авсныхаа дараа тал тохой харж байгаад хэрэгтэй, хэрэггүй төслүүдэд цацдаг. Тэр нь үр ашиггүй байх нь элбэг. Бүр зарим нь “найдваргүй зээлдэгч” болж зээлээ төлөхгүй “нохойтно.” Хөгжлийн банкны кэйсийг харж л байгаа байх. Үр дүн нь манай улсын гадаад өр 33 тэрбум доллар. Хүн бүр 10 мянган долларын өртэй гэсэн үг. Зээлтэй иргэн хуримтлал үүсгэх боломж байдаггүйтэй адил, өрнөөс өрний хооронд “хоног төөрүүлж” буй төр ч гэсэн хуримтлал үүсгэх боломж байхгүй.Долларын ханшинд эмзгээ мэддэг хэрнээ гадаад валютын нөөцөө зузаатгах сэхээ гарахгүй л байна. Оны эхэнд 4.2 тэрбум байсан манай улсын гадаад валютын нөөц одоо 2.6 тэрбум болж 40 орчим хувь буурчээ. Валютын ханшийн өсөлтийг хязгаарлах зорилгоор интервенц хийх тусам валютын нөөц буурч байна. Мөн дээр нь 22-24 онд эдийн засагт нэлээн дарамт учруулахаар гадаад зээлийн томоохон эргэн төлөлтүүд шил дараалан хүлээж байна. Нэг өрийг нөгөө өрөөр дарж галт унтраан өдөр өнгөрөөдөг арга одоо явцгүй. Яагаад гэвэл долларын ханш өсөх тусам бидэнд өмнөхөөс маань хатуу нөхцөлтэй зээл л олдоно.
Гэх мэтчилэн “Mr.Dollar” маань “King Dollar” болох шалтгаан ДОТООДОД маань хангалттай байна. Гэвч би энэ удаагийн бивчэрээр долларын ханшийн өсөлтийн тухай манай улсын дотоод хүчин зүйлийн тухай биш гадаад нөхцөл байдлын тухай түлхүү бичихийг зорьлоо.
Дэлхийн нийт гадаад худалдааны төлбөр тооцооны бараг тал хувь нь доллараар хийгддэг. Мөн дэлхийн бүх улс орны гадаад валютын нөөцийн 60 гаруй хувийг доллар эзэлдэг. Евро, Японы Иен, Английн фунт стерлинг зэрэг валют, долларын араас дэлхийн дөрвөн том тулгуур валютад тооцогддог ч тэдний цар хүрээ, жин, нөлөө доллартай харьцуулашгүй л дээ. Дашрамд доллар дэлхийн тулгуур валют болсон түүхийг товчхон өгүүлбэл дэлхийн хоёрдугаар дайны үед Европ дайны хөлд нэрвэгдэж байх зуур АНУ зэвсэг, техник бусад эд материалыг үйлдвэрлэн Европ руу нийлүүлж байснаас үүдэн Европын алтны нөөц АНУ руу шилжжээ. Мөн дайны дараа АНУ-ын нөлөө ч үлэмж нэмэгдэж Европыг сэргээн босгох (ЗХУ-гаас хамгаалах) Маршал төлөвлөгөө хэмээх асар их долларын мөнгөн тусламжийн үр дүнд Европ ч долларын нөлөөнд автаж эхлэв. Мөн тухайн үедээ газрын тосны том тоглогчоор тодроод байсан Саудын Арабтай холбоотон болж газрын тосны төлбөр тооцоог зөвхөн доллараар хийдэг “Петродоллар” тогтолцоог бий болгов. АНУ-ын мөнгөн тэмдэгт дэлхийн мөнгөн тэмдэгт болсон түүх чухамдаа энэ.
Сүүлийн хэдэн жил ковид цар тахлын улмаас эдийн засаг хумигдах үеэр бараг бүх улсын засгийн газар ард түмэндээ бэлэн мөнгө цацсан. Ажлын байраа хадгалсны төлөө, эрсдэлд өртсөний төлөө, өвдөж ядарсны төлөө, эрүүл мэндээ хамгаалсны төлөө гээд баруун солгойгүй бэлэн мөнгө тараасан. Манайд ч бас бусдын жишгийг дагаж “хөөрхөн” юм өгсөн. 300 мянгын нэг удаагийн дэмжлэг, вакцины 50 мянга, тог, ус, халаалт гээд хэрэглээний зардал зэргийг төр даасан. Энэ үед хамгийн их мөнгө хэвлэж цацсан улс бол Америк байлаа. АНУ “CARES Act”-ыг баталж 4 их наяд долларыг ковидын уршгийг гэтлэхэд зарцуулжээ. 4 их наяд доллар гэхээр тэр бүр толгойд буухгүй байж магад. Багцаагаар өнөөгийн манай улсын төсвийг нэг мянга нугалах тоо гэвэл ойлгомжтой болох байх.
Ер нь АНУ сүүлийн 30 гаруй жил эдийн засгийн хямралыг мөнгө цацаж л гэтэлж байна. 2000 оны үеийн “датком бабл”, 2008 оны эдийн засгийн хямралаар ч тэгсэн. Энэ удаа ч мөн тэглээ. Эдийн засаг хямарч мөнгө хумигдсан үед иргэдийн гар дээр бэлэн мөнгө өгснөөр хүмүүсийн худалдан авалт сайжирч заах зээл дээр мөнгө эргэлдэнэ. Худалдан авалт сайжирвал ажлын байр бий болж, мөн хүмүүс орлоготой болно. Орлого хэрэглээг дэмжинэ. Хямралыг мөнгөний зөөлөн бодлогоор гэтлэх тухай Монетарист онолыг үндэслэгч Нобелийн шагналт эдийн засагч Милтон Фридман хямрал тулгарвал верталётаар мөнгө цацаж байгаа юм шиг хүмүүсийг мөнгөтэй болгох хэрэгтэй гэж сургажээ. Америкчууд өнгөрсөн 30 жил яг ингэсэн. Ямар сайндаа Холбоо банкны тэргүүн байсан Бен Бернанки-г “Верталёт Бен” гэж хочилж байх вэ. Гэхдээ мөнгө хэвлээд тараагаад байх нь нэг талаараа эдийн засгийг дэмжих боловч нөгөө талаар тунг нь тааруулахгүй бол мөнгөний үнэ цэнэ, худалдан авах чадвар буурч, юмны үнэ өсч, инфляци болдог гэдгийг эдийн засгийн ойлголтгүй хүн ч багцаална.
Харин энэ удаагийн ковидын цацалт долларын эх оронд инфляцийг авчрав. 2021 оноос эхэлсэн инфляци энэ оны 6 сард 9.1%-д хүрсэн билээ. Америкчууд одоо инфляцаа дарж авах гэж бодлогын хүүгээ хайр найргүй өсгөж байгаа нь бусад шинэ зах зээл дээр доллар хомсдох үзэгдлийг бодитой болгож байна. Энэ тухай түр хойш тавиад өмнө нь доллар цацаад хямралыг гэтэлж болдог байснаа энэ удаа яагаад ийм үр дүнд хүрэв гэдэг талаар эхлээд өгүүлье.
Үүнийг глобальчлал, даяарчлалтай холбон тайлбарлаж байна. 1990 онд социалист систем задран унаж, хүйтэн дайн төгсгөл болсон билээ. Дэлхий дахин үзэл суртлын хоёр лагерьт хуваагдаж, улс төр, нийгэм, эдийн засгийн харилцан хамааралгүй эсрэг тэсрэг хоёр блокт хуваагдаж байснаа хүйтэн дайн эцэс болсноос хойш дэлхий дахины эдийн засгийн харилцаа, хамаарал урьд өмнө хэзээ ч байгаагүй түвшинд хүрч хөгжив. Чухам энэ үеэс глобальчлал, даяарчлал гэх үг моодонд орж үүнээс гоё үг байхгүй мэт болов. Үзэл суртал, улс төр чухал биш бизнесийн үр ашиг чухал болов.
Тэнд байгаа шилдэг технологи нөгөө энд байгаа хямд түүхий эдтэй учирч, бас өөр газарт байгаа хямд ажиллах хүчний гараар дамжин хямд өртөгтэй бүтсэн бүтээгдэхүүн дэлхийн хэрэглэгчдэд хямд очдог болов. Хямд өртгийн эрин гэж нэрлэх нь ч бий. 2001 онд “бөмбөрцгийн үйлдвэр”-Хятад Дэлхийн худалдааны байгууллагад элссэнээр эдийн засгийн даяаршил чухам сонгодог утгаараа хэрэгжиж дэлхий маань асар том нэг зах зээл болж орхив. 13 дугаар зуунд Монголчуудын тогтоосон энх тайвныг “Пакс Монголика” гэдэг шиг 21 зуунд Америкчуудын манлайлсан эдийн засгийн даяаршлыг “Пакс Американа” гэдэг. Америкчуудын удаа дараа хямралыг гэтлэхээр цацсан их хэмжээний доллар асар том зах зээл бүхий дэлхийн эдийн засгийн даяаршлын үетэй сүлэлдсэнээр инфляци болдоггүй байжээ. Бараг инфляци гэдгийг мартах шахаж. Харин одоо дэлхийн эдийн засгийн харилцан хамаарал, даяаршил мухардалд орж байгааг бид харж байна. Хэд хэдэн шалтгаан байна.
Нэгдүгээрт: Ажиллах хүчний өртөг өндөр АНУ-ын хувьд эдийн засгийн даяаршил, түүнээс үүдэлтэй эдийн засгийн хуваарилалт нийгмийн дунд давхаргынханд цохилт болж байна. Нью-Иоркт “Occupy Wall street” жагсаал болж дэлхийн бусад улсууд ч дэмжиж шуугиан болж байсныг санаж байгаа байх аа. АНУ-ын улс төрд ч дунд давхаргынхны дуу хоолойг чухалчилдаг болжээ.
Хоёрдугаарт: Дэлхийн эдийн засгийн даяаршлын үед “дэлхийн үйлдвэр”Хятад суга өслөө. Хятадын GDP 2030 онд АНУ-ыг гүйцнэ. Эдийн засаг нь бэхжихийн хэрээр улс төрийн амбициа нуухаа больсон Хятадуудаас “Пакс Американа”-гаа хамгаалах хэрэг Америкчуудад тулгарав. Хятадууд ч хуучин шигээ гутал хувцас, аар шаархан юмны үйлдвэр байхаа больж өндөр нэмүү өртөг шингэсэн Хайтек үйлдвэрлэлээр хөөцөлдөнө гэдгээ зарлаж байна. Үүнээс үүдэлтэй Трампын үеэс эхэлсэн гадаад худалдааны зөрчилдөөн эдүгээ Байдены үед технологи, гадаад худалдаа, геополитикийн сөргөлдөөн болон даамжирч байна.
Гуравдугаарт: Украины дайн. Аль “Great game”-ийн үеэс эхлэн “Хүйтэн дайн”-ы үед дэлхийн хамгийн том тоглогч байсан ОХУ хуучны байр сууриа санагалзаж энэ нь Украины дайнаар илрэв. АНУ тэргүүтэй барууныхан үүнд найр тавихгүй нь ойлгомжтой. Сүүлийн үед манай гаригт үүсээд байгаа энэ нөхцөл байдлыг зарим судлаачид “Шинэ хүйтэн дайн” ч гэж томъёолж байна. Харилцан эдийн засгийн эцэс төгсгөлгүй хориг, хоёр бүлэглэлд хуваагдсан эрх ашиг, геополитикийн сонирхол энэ бүхэн нөгөө “глобальчлал”, “даяарчлал”-ыг дэлхийн хөрснөөс хол үлдэн хөөсөн байна.
Буцаад инфляцийн тухай яриандаа оръё. АНУ-ын энэ удаагийн ковидын цацалт мөнгөн дүн нь ч том байхаас гадна дэлхийн эдийн засгийн даяарчлал мухардалд орж буй цаг үетэй давхцлаа. Америкийн үнийн өсөлтийн индексийг 400 гаруй нэр төрлөөр гаргадаг бөгөөд 60 гаруй хувь дээр нь өнгөрсөн сараас 40 орчим хувиар үнэ өссөн гэсэн судалгаа байна. “Эрүүл чийрэг” байсан долларын эх орон маань эдийн засгийн даяарчлал хумигдсан орчинд ормогцоо инфляци хэмээх “хүндхэн ханиад” хүрч “хүчтэй эм” уухаас өөр аргагүй боллоо. Хүчтэй эм нь бодлогын хүүгээ өсгөх. Бодлогын хүүгээ өсгөж долларыг хумивал эдийн засаг муудна. “Хүнд ханиад”-аа дарахын тулд “хүчтэй эм” ууна. “Хүчтэй эм” уувал бие нь “сульдана”. АНУ-ын Холбооны банкны Зөвлөлийн тэргүүн Жером Павел эдийн засаг муудах эрсдэлтэй ч инфляциа дарах нь хамгийн чухал асуудал гэдгийг байнга хэлж байгаа.
АНУ-ын Холбооны Банкны Удирдах зөвлөл (Fed) 6 долоо хоног тутам хуралдаж бодлогын хүүгээ хэлэлцдэг. 2022 он гарсаар 0.25 хувьтай байсан бодлогын хүүгээ өдгөө хуралдах болгондоо өсгөсөөр 2.5 хувьд хүргээд байна. Удахгүй өнөө хуралдахдаа 0.75~1 хувиар нэмэгдүүлэх магадлалтай байна. Мөн он дуустал дахиад нэмээд байхыг ч үгүйсгэхгүй. АНУ-ын Холбооны банк бодлогын хүүгээ өсгөнө гэдэг нь долларыг татна гэсэн үг. Эрсдэлтэй гадаад зах зээл дээр эргэлдэж буй доллар найдвартай өндөр хүүтэй Америкийн банк руу урсана гэсэн үг.
Үүнээс болж дэлхий дахинд ойрын төсөр үзэгдээгүйгээр долларын ханш чангарч байна. Евро, Иен, Вон сүүлийн олон жилд байгаагүйгээр долларын эсрэг суларч байна. Долларын ханшийн өсөлттэй зэрэгцэн долларыг тулгуур валют болгон ашигладаг зах зээл дээр инфляци бүр улам гаарч байна. АНУ-ын улс төрийн нөхцөл байдал ч халуун байна. Үнийн өсөлт, инфляцитай холбоотой ард түмний уур, бухимдлыг ашиглан сөрөг хүчин Бүгд Найрамдах нам, Трамп Байдены засгийн газартай холбон тайлбарлаж ийм концепцоор 2024 оны сонгуульд дахин үзэхээр бэлтгэж байна. Тиймээс Байдены хувьд яаж ийгээд инфляцийг хазаарлахаас өөр сонголтгүй. Энэ 11 сард АНУ-д дундын сонгууль буюу мидтерм сонгууль болж дээд танхим-сенатын 3-ны нэг, доод танхимыг бүхэлд нь сонгоно. Энэхүү дундын сонгууль бол ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааны яг дунд болдог бөгөөд нэг талаар ерөнхийлөгчийн үйл ажиллагаанд дүн тавих, нөгөө талаас дараагийн ерөнхийлөгчийн сонгуулийн өнгийг тодорхойлдог чухал сонгууль. Байдены засгийн газар ч энэ чухал сонгуулийн өмнө инфляци хэмээх “хүндхэн ханиад”-аа дараад авахын тулд “хүчтэй эм”-ээ уусаар байх нь бараг тодорхой.
Эцэст нь дүгнээд хэлбэл ноён долларын чангаралт хэсэгтээ үргэлжилнэ гэж үзэхээс өөр арга алга. Манай улсын эдийн засгийн байдал, өнөөгийн олон улсын харилцаа, хүчин зүйл, АНУ-ын улс төр эдийн засгийн нөхцөл байдал бүгд л Ноён доллар Хаан доллар болно хэмээн зааж байна .
Ноён доллар Хаан доллар болох цаг дор
Агь Овогт Жигжидсүрэнгийн Гантулга.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.235.141)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин