Долларын ханш ТЭНГЭРТ ХАДЛАА
Нийтлэл
/
2022-09-28
Долларын ханш 2022 оны есдүгээр сарын 27-ны байдлаар 3,301.24 төгрөг байна.

Өмнө жил долларын ханш төгрөгийн эсрэг тогтвортой байсан бол энэ жил 437 төгрөгөөр өсөж, 15 хувиар чангарчээ. Тогтвортой байсан нь манай улс хилээ давтамжтайгаар хааж, валютаар авах үйлчилгээ, худалдан авах бараа бүтээгдэхүүн бага байсантай холбоотой. Учир нь сүүлийн жилүүдэд ковидын улмаас хөл хорионы арга хэмжээг цөөнгүй тохиолдолд авсан тул, иргэдийн худалдан авалт буурсан. Харин нэмэгдсэн шалтгаан нь үүнээс үүдсэн ковидын дараах тоймгүй олон худалдан авалтын үр дүн юм. Тодруулбал хил нээгдмэгц иргэдийн гаднаас авсан бараа, бүтээгдэхүүний, үйлчилгээний дүн өмнөх оныхоос 25 хувиар өссөн байна. Ингэхээр долларын үнийн өсөлтийн хэргийн эзэн, хэнгэрэгийн дохиур нь бид байх нь...

Монголбанкнаас тус асуудлыг зөв голдиролд оруулахын тулд зах зээл дээр доллар нийлүүлсэн ч долларын эрэлт өндөр байгаагаас үүдэн албан болон албан бус ханшийн зөрүү 169 төгрөгт хүрээд байна. Эрэлт ихэсч, ханш өсөхийн зэрэгцээ иргэдийн зүгээс долларыг хадгаламжиндаа байршуулахыг илүүд үзэх болжээ.

Энэ оны өнгөрсөн сарын байдлаар валютын харилцах, хадгаламжийн хэмжээ өнгөрсөн оныхоос 27 хувиар өсөж 8.1 их наяд төгрөгт хүрчээ. Харин төгрөгийн харилцах, хадгаламжийн хэмжээ 10.5 хувиар буурсан байна.

Үүнээс үүдэж валютын албан нөөц зарцуулагдах ёстой зүйлдээ хүрч чадахгүй байгаагаас болж дундарсаар байгаа аж. Тодруулбал, он гарснаар валютын албан нөөц 1.7 тэрбум доллароор буурч, 2.7 тэрбум долларт хүрчээ. Энэ нь манай улсад ердөө импортын гурваас дөрвөн сарын хэрэгцээгээ санхүүжүүлэх валютын нөөц байна гэсэн үг.

Он гарснаас хойш манай улсын экспортлодог түүхий эдүүдийн ханш буурч, импортын барааны үнэ өссөн нь долларын ханшийг улам нэмэгдэхэд хүргээд буй. Монгол Улсын экспортын орлогын 30 хувийг түүхий нүүрсний экспорт бүрдүүлдэг. Өнгөрсөн сарын байдлаар манай улс зөвхөн нүүрснээс 3.9 тэрбумын орлого олсон ч валютын нөөц өсөхгүй, буурсаар байна. Энэ нь нүүрсний экспортын төлбөрөө урьдчилж авсантай холбоотой юм.

Америкт долларын ханшийн өсөлтөд нөлөөлж байгаа өөр нэгэн шалтгаан нь крипто валютад оруулж буй хөрөнгө оруулалт буурч байгаа явдал юм. Тухайлбал иргэд өөрсдийн хувьцаа, алт криптогоо зарж бэлэн мөнгө болгохыг хүсэж байгаа нь долларын үнийн хөөрөлтөд нөлөөлжээ.

Монгол Улсын гадаад валютын нөөц хомс байхад тун удахгүй Олон улсын бондын эргэн төлөлт болох 500 сая доллар төлөх хэрэгтэй болох нь.

Хэдий манай улсын алтны компаниудын олборлолт нэмэгдэж, 2024 оноос томооохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжихээр байгаа болон санхүүгийн эрчмийг сэргээх экспортын төмөр зам ашиглалтад орсон ч эл асуудлыг бүрэн шийдэж чадах нь цаг хугацааны асуудал болоод байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.144.98)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.