Монголчууд ТӨМӨР ЗАМ, ИХ ХААНЫХАА МУЗЕЙГ бүтээн босгосон ТҮҮХЭН ҮЙЛ ЯВДЛУУД!!
З.Батхуяг
Нийтлэл
/
2022-12-31

Монголчууд Ардын хувьсгалын 100, 101 жилийн баяр наадмаа тэмдэглэж, 1990-д оныхон УЛСТӨРД хүч түрэн орж ирсэн, 1,5 тэрбум ам.долларын “ЧИНГИС БОНД”-ын өрийг төлж, залуусын жагсаалаар УУХАЙЛСАН түүхэн үйл явдлыг “УЛСТӨРЧ.МН” сайт онцлон хүргэж байна.

АРДЫН ХУВЬСГАЛЫН ТҮҮХТ 100, 101 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ ӨРГӨН ДЭЛГЭР БОЛОВ!!!

Монголчууд 1911 оны Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх тэмцэл, 1921 оны Ардын хувьсгалын үр дүнд харийн эзлэн түрэмгийлэгчдээс эх орноо чөлөөлж, тусгаар тогтносон Монгол Улсыг байгуулж, Ардын засгийн анхны наадмаа хийснээс хойш эдүгээ нэгэн зууныг үджээ. Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын түүхт 100, 101, Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойг хамтатган өргөн дэлгэр сайхан тэмдэглэлээ.

Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой тохиож буйг таширлуулан Чингис хааны эш хөргийг монгол төр, айл өрх, албан байгууллага бүр эрхэмлэн залж, дээдлэн шүтэж байх тухай түүхэн зарлиг буулгалаа.

ХҮНС ЭРҮҮЛ БАЙВАЛ МОНГОЛ ХҮН ЭРҮҮЛ БАЙНА. МОНГОЛ ХҮН ЭРҮҮЛ БАЙВАЛ МОНГОЛ ҮНДЭСТЭН ХҮЧИРХЭГ БАЙНА

Монголчууд ямар ч нийгэм сонгосон гол тэжээх хүч нь МАЛ АЖ АХУЙ байх болно хэмээн Хөдөлмөрийн баатар хоньчин Б.Намхайнямбуу онцолсон байдаг.

2022 онд МОНГОЛ МАХ хүнсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц ноцтой аюул дэгдэн “Эмээлт зах”-д үйл ажиллагаа явуулдаг Хятад эзэнтэй махны үйлдвэрүүд хадгалалт, чанарын горим алдагдсан махыг хүнсний хэрэгцээнд нийлүүлж байсан тогтоогдсон. Засгийн газар ч асуудлыг анхааралдаа авч, Шадар сайдаар ахлуулсан баг ЭМЭЭЛТЭД ажиллан, үйлдвэрүүдийг хаав. Түүнчлэн Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар “ХҮНСНИЙ ХУВЬСАЛ” аян эхлэж, Улс орныхоо тусгаар тогтнол, хөгжил дэвшил, үр хүүхдүүдийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө Монголоо гэсэн зүрх сэтгэлтэй хүн бүр “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, хамтран ажиллахын зэрэгцээ эх орондоо үйлдвэрлэсэн хоол хүнс, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авдаг эх оронч хэрэглэгч байхыг ард түмэндээ уриаллаа.

ИХ ХААДЫН ИХ ТҮҮХИЙГ ТОЛИЛУУЛАХ "ЧИНГИС ХААН" МУЗЕЙ, ЗУУНЫ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ “ТӨМӨР ЗАМ”

Монголд төдийгүй, дэлхий ертөнцийн түүхэнд үнэлж баршгүй хувь нэмэр оруулж, хүн төрөлхтний хөгжил дэвшлийн үндэс суурийг цогцлоон байгуулахад онцгой гавьяа байгуулсан агуу их  ЧИНГИС  ХААНЫХАА үүх түүхийг сурталчилан таниулах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 280 дугаар тогтоолоор “Чингис хаан музей”-г байгуулах шийдвэр гарсан. Улмаар музейн шавыг 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр тавьж, бүтээн байгуулалтыг эхлүүлж, Олон улсын стандартад нийцсэн музейтэй болсон нь монголчуудын түүх соёлоо сурталчлах, аялал жуулчлал, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, олон түмнийг соён гэгээрүүлэх зэрэг чиглэлээр хийж байгаа олон ажлын нэг аж.

Монгол хүний оюун ухаан, гараар бүтээгдэж байгаа монголчууд бидний шинэ зууны түүхэн бүтээн байгуулалт бол ТӨМӨР ЗАМ юм. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам нь Монгол Улсын анхны I зэрэглэлийн, уулзваргүй, жилд 30-50 сая тонн нүүрс экспортлох хүчин чадалтай. Гол замын урт нь 233.6 км бөгөөд 2 өртөө, 6 зөрлөг, 16 гүүр баригдсанаас Монгол Улсын төмөр замын хамгийн урт 430 метр гүүрийг бүтээн байгуулсан.

Уг төмөр зам ашиглалтад орж, Гашуунсухайт-Ганцмод боомтыг холбосноор Монгол Улс, БНХАУ-ын хооронд 70 орчим жилийн дараа холбосон төмөр замын хоёр дахь гарц бий болж байгаа түүхэн үйл явдал юм.

1990-Д ОНЫХОН ТӨР ТҮШИЛЦЭХ ТҮҮХЭН ҮҮРЭГ ХҮЛЭЭВ

Аливаа зүйлд ҮЕ гэж бий. Өнөөдөр Монгол төрийн бодлогыг 1970-1980-д оныхон удирдан чиглүүлж байгаа. Тэгвэл тэдний залгамж халаа бэлтгэгдэж АЧАА ҮҮРЧ, ИТГЭЛ ХҮЛЭЭХЭД бэлэн гэдгээ бататгав. Эрдэм мэдлэг, боловсрол, манлайлалаараа шалгарсан залуучууд аймгийн засаг дарга , яамны дэд сайдаар ажиллаж үеийнхэндээ итгэл төрүүллээ.

Үүний тод жишээ бол Ховд аймгийн Засаг даргаар томилогдсон Энхбатын Боолормаа, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг нарыг онцолж байна. Төрийн алба ээлжтэй, залгамж халаатай байдгыг тодотгож, шинэ үеийнхэнд итгэл төрүүлсэн Монгол Улсын Засгийн газрын томилгоо 30 настай залуучуудад ТӨРД АЖИЛЛАХ БОЛОМЖ НЭЭЛТТЭЙ гэдгийг харуулсан, сурсан мэдсэнээ улс орондоо зориулах урам зоригийг өглөө.

ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДУУЛИАН БА 1,5 ТЭРБУМ АМ ДОЛЛАРЫН ЧИНГИС БОНДЫН ӨР

Улсаа улстөрчид нь тонож идсэн хамгийн том луйвруудын  нэг нь Хөгжлийн банкны хулгай байв. “Алга болсон” мөнгөний зээлийн түүх, барьцааг нь харвал анхнаасаа хулгай луйвар хийх өөр зорилготой нэгэн байхад экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэр барьж, бизнесээ эрхлэх үндсэн шаардлагад нийцсэн компаниуд ч бий.

Хөгжлийн банкинд 2022 оны 1 дүгээр сараас хойш 795.4 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгдөөд байна. Дээрх мөнгөөр 2012 онд гаргасан 10 жилийн хугацаатай 1,5 тэрбум ам.долларын “Чингис бонд”-ын үлдэгдэл төлбөр болох 136.8 сая ам.долларыг 2022 оны 12-р сарын 05 өдөр төлснөөр хугацаанд нь бүрэн төлж дуусгалаа. Монгол улс бондуудын төлбөрөө хугацаанд нь төлж олон улсын санхүүгийн зах зээл дээрх нэр хүндээ өсгөсөнөөр  хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэж Монгол Улсын Засгийн газрын олон улсад дахь нэр хүндийг өсгөх эерэг нөлөө үзүүлсэн юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.16.70.99)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.