Л.Оюун-Эрдэнэ НАМАА АВРАХ УУ? -УЛСАА АВРАХ УУ?
З.Батхуяг
Нийтлэл
/
2023-01-04

“Нүүрсний” жагсаал цуглаан тос хийсэн мэт гэнэт дүрэлзсэнээ бас л гэнэт намжиж, зогсонги байдалд оров. Хүмүүс үүнийг янз бүрээр тайлбарлаж байна. Өөр яах ч билээ ?! Харин жагсаал цуглааны цаана өрнөсөн улс төрийн үйл явдал хийгээд өөрчлөлтийг бараг олж харахгүй байна. Түүнээс гадна бид төр засгийг дагнан яриад намын асуудлыг огт хөнддөггүй. Намын асуудлыг ярихгүйгээр төрийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй. Энэ талаар товч өгүүлсү...

Жагсаал цуглааны цаад учир

Жагсаал цуглааныг 2 түвшинд тайлбарлаж болно. Эхнийх нь яг жагсаал цуглааныг үйл явдлаар, эерэг сөрөг байдлаар оролцсон хүн, байгууллагаар, цаг хугацааны дарааллаар г.м. шинжүүдээр нь тайлбарлаж болно. Энэ нь харьцангуй амархан боловч цар хүрээ хумигдмал, үр дүн багатай. Удаах нь жагсаал цуглаанд хүргэсэн хүчин зүйл, агуулга, мөн чанар, хандлагыг бүхэлд нь шинжлэн дүгнэж системийн шинжилгээ хийж болно. Мэдээж би энэхүү хоёрдахь аргыг хэрэглэнэ.

Эдүгээ хэн бүхэнд илт тодорхой болсон төрд нүүрлэсэн хавтгай хулгай дээрэм хэзээ үүссэн, ямар цар хүрээг хамардаг вэ ? гэсэн эхний том асуулт бий.

Төрийн хавтгай хулгай дээрэм, авилга бүх Н.Энхбаярын үеэс эхэлж, Р.Гончигдоржоор дамжин бий болсон ба аажмаар нэмэгдэж, хуралдсаар эдүгээ бүхэл бүтэн сүлжээ, мафийн бүлэг, антисистем болон хувирч эдүгээ дотоод өрсөлдөөн, олон түмний дургүйцлээс шалтгаалан хямралаас нуралтад шилжээд байна.         

Хулгай, дээрэм, авилга хаана байдаг вэ ? Төрд, тухайлбал Ерөнхийлөгчийн институт, УИХ, ЗГ-т,  тухайлбал яам, агентлагуудад байдаг. Бүр тодруулбал, эдгээр бүх анти институудыг бүрдүүлдэг улс төрийн нам, тухайлбал МАН-д байдаг. Дашрамд манайхан голдуу төрийг балбаад байдаг болохоос намыг балбах нь бага. Ингэснээрээ зарчмын том алдаа гаргаж, байнга хулхидуулдаг. Одоо бол төрийг балбая гэвэл намыг балбах ёстой, төрийг халж сольё гэвэл намыг халж өөрчлөх ёстой. “Ёстой” гэж хэлэх шиг амархан зүйл үгүй, харин үүнийг хийх хэрэгжүүлэх нь манай хамгийн хэцүү бөгөөд тулгамдсан асуудал мөн. Энэ тухай жичид нь ярьж болно.

Сүүлийн 30 гаруй жилд бүрэлдэж тогтсон хулгай, дээрэм, авилгын антисистем хэрхэн бүрэлдсэн түүхийг ярих гэвэл хэдэн арван боть ном ч бичиж болно. Иймээс энэ удаад 2020 оноос хойшхи үеийг “таслан” ярьсан нь дээр.

2020 оны УИХ-ын сонгуулиар МАН үнэмлэхүй олонхи болсноор улс төрийн асар их өөрчлөлт гарав. Сөрөг нам байхгүй, ҮЭ байхгүй, иргэний хөдөлгөөн байхгүй, ТББ-ууд байхгүй болов. Улс төрийн тавцан дээр орь ганц МАН үлдэв. Хэт их ялах нь тун сайхан хэрэг боловч монголын улс төр-нийгмийн бүх зөрчил тэмцэл, будлиан өрсөлдөөн дан ганц МАН-ын нуруун дээр ирсэн нь зовлон болж хувирав. Одоо монголын улс төрийг шинжлэн судалъя гэвэл дан ганц МАН-ыг судлахаас өөр арга байхгүй. Цаашид би нам гэхийг МАН гэж ярина...    

МАН-ын антисистем

Манайхан хулгай, дээрэм, авилга гэхээр хэдхэн муу хүн төрд орчихоод идэж уугаад байна гэж голдуу дүгнэдэг. Энэ чинь дэндүү гэнэн бөгөөд тэнэг дүгнэлт. Олон жилийн турш, системтэй идэж уухын тулд олон хүн байнгын зохион байгуулалтад орж, систем бүрдүүлэх хэрэгтэй. Төрд нүүрлэсэн хавтгай хулгай, дээрэм, авилгыг ивээн тэтгэж, хөгжүүлэгч эх ундарга нь МАН. Яагаад гэвэл МАН төрийг бүхэлд нь бүрдүүлж, төрийн бүх төрлийн томилгоог зохицуулан удирдаж байдаг.        

Энэ бүдүүвч маш амархан, хэлээд өгмөгц манайхан шууд санана. МАН эхлээд УИХ-д нэр дэвших хүмүүсийг шилж сонгоно, сонгох ч юу байхав МАН-д өгсөн мөнгөнийхөө хэмжээгээр тэдний эрэмбэ дараа тогтоно. Мөнгөө өгчихөөд 76-д багтаж чадаагүй баагийнуудыг сонгуульд ялсны дараа яам, агентлаг, чухал газруудад томилох амлалт өгнө. 

Дараа нь УИХ-ын сонгууль болоход иргэдийн бүртгэл мэдээлэл болон хар машин зэргийг ашиглан сонгуульд “баттай ялалт” байгуулна. Үүний үр дүнд УИХ-д МАН олонхи болох бөгөөд ЗГ-аас эхлэн бүх төрлийн томилгоо хийнэ. Эхлээд эдийн засгийн чухал өндөрлөгүүдийн томилгоог хийнэ. Үүнтэй зэрэгцүүлэн шүүх, прокурор, цагдаа, тагнуул, АТГ зэрэг хүчний байгууллагуудын томилгоог хийнэ. Ингэснээр монголын улс төрийн систем бүхэлдээ мафийн сүлжээний бүрдэл хэсэг болон хувирна.    

Уг нь аль ч улс, ямар ч нам сонгуулийн дараа улс төрийн томилгоо хийдэг. Гэхдээ гадаадад улс төрийн томилгооны цар хүрээ маш бага байдаг бол манайд улс төрийн томилгоо хавтгай болдог ялгаатай. МАН мөнгөөр нэр дэвшүүлэхээс гадна эхнэр нөхөр, ах дүү, амраг садан, нэг нутаг, бизнесийн хамтрагч гэсэн шалгуураар томилгоо хийдэг учраас төрийн алба ажиллах чадвараа алдаж, зөвхөн том улс төр-бизнесийн тушаалаар ажиллах усан тэнэгүүдийн цуглуулга болдог.

Энэхүү антисистемийн бүхий л “тохиргоог” МАН-д дээд албан тушаал хашсан 5 хүртэлх том баагий “зөвшилцөж” зохицуулдаг. 1 дарга баагий дээд тал нь ±30 хүн УИХ-д шахаж байсан тохиолдол хэд хэд гарсан.

Үүний дараа орон нутгийн сонгууль, Ерөнхийлөгчийн сонгууль гэсэн эдийн засаг-эрх мэдлийн хуваарилалт, томилгоо болдог хэдий ч бид үүнийг ярих цаг зав байхгүй учраас түр орхиё...

Яваандаа МАН (хэдэн жилийн өмнө МАН-АН-ын хамтарсан) хэдхэн том толгойлогч бүхий мафийн бүлэг болон хувирч, тэдний мэдэлд бүрэн захирагдсан гэмт хэргийн сүлжээ, антисистем болж бүрэлдэн тогтжээ. Антисистемийг удирдан зохицуулж байдаг энэ 5 орчим баагийг (энэ тоо харьцангуй, 2 ч байж болно, 10 ч байж болно) намын удирдлагаас болон улс төрөөс зайлуулбал МАН-ын антисистемийн эвдрэл эхэлнэ.   Одоо бол МАН-ын бүлэглэлүүдийн өрсөлдөөн тэмцэл хайр найргүй шинжтэй болж, антисистемээ нураах хэмжээнд хүрчээ. Нөгөө талаас МАН-ын антисистемийн хулгай, дээрэм, авилгыг манай ард түмэн цаашид тэвчихгүй заагт тулан иржээ.  

“Нүүрсний” хулгайг ард түмэн мэдээд жагсаал цуглаандаа хүрсэн гэж үзвэл тун их эндүүрэл болно. Харин МАН-ын нүүрсчин болон шинэ бүлгүүдийн улс төрийн тэмцэл өрсөлдөөн болж, нүүрсчин бүлэг жагсаал цуглааныг өдөөж, олон нийтийн зарим хэсгийг татан оролцуулсан гэвэл сая үнэнд нийцнэ. Мэдээж жагсаал цуглаанд итгэл үнэмшил, чин сэтгэлээсээ ирсэн хүмүүс цөөнгүй байсан.

Нүүрсний хулгайг тодруулах нь

Нэгэнт ил тод болж жагсаал цуглаандаа тулж, төрийн хямралд хүрсэн учраас бид “нүүрсний хулгай” гэж нэрлэж байгаа болохоос цаана нь зэс, алт, ЖДҮ, банкны г.м-ийн төрийн түвшний, асар том, системт хулгай, дээрмийн гэмт хэргийг ярьж байгаа гэдгийг хэн бүхэн ойлгоно. Энэ удаад тоо томшгүй олон хулгай, дээрмийн дунд самгардаж, баримжаа алдахгүйн тулд бид “нүүрсний хулгайг” онцгойлон үзэж байна. Хэрэв нүүрсний хулгайг шийдчихвэл цаашдаа ямар нэг жишиг тогтож, бусад гэмт хэргийг хазаарлахад дөхөм болно.

Монголчууд хэдийгээр “нүүрсний хулгайч” гэж ганц тоогоор нэрлэж байгаа боловч нүүрсний хулгай бол улс төрөөр халхавч хийсэн, олон жил үргэлжилсэн, зориудын зохион байгуулалттай, эрх мэдлийн нарийн хуваарилалттай, хэвшиж тогтсон МАН-ын улс төрийн сүлжээ, антисистем юм. Эдүгээ энэхүү антисистем нуран унаж байна. Үүний шалтгаан нь: 1. Антисистемийг анхлан бүрдүүлэгч гэмтнүүд ертөнцийн жамаар хөгширсөн. 2. Мөн тэд ард түмний өмнө нэр нүүрээ гутааж, нэр хүндээ бүрэн алдсан, 3. Улс төрийн залуу халаа хэрэгтэй болсон ч эртнээс бэлтгэсэн боловсон хүчин байхгүй, 4. Хулгай дээрмийн хуучин дүрмээр тоглох боломж шавхагдсан, 5. Ард түмний идэвхи сэргэж, хулгай дээрмийг эрс эсэргүүцэх болсон зэрэг болно.  2000 оны үеэс системийн хямрал эхэлж, эдүгээ системийн нуралт болж байгаа үед энэ ЗГ гарч иржээ.      

Л.Оюун-Эрдэнийн зовлон  

Энд би Л.Оюун-Эрдэнийн сайныг ярихгүй, бас мууг ч ярихгүй. Намайг яаж ч ярьсан “барьж иднэ” гэдгийг би сайн мэдэж байна. Харин энэ удаад улс төрийн талыг нь ярина... Л.Оюун-Эрдэнэ хэмээх залуу тун эгзэгтэй үед Ерөнхий сайд болсон юм. Түүнийг сонгосон шалтгаанууд дотор “үгэнд ордог”, “намаас урвахгүй” гэсэн үзүүлэлт голлосон нь эргэлзээгүй.

Гэтэл тэр “үгэнд орох” байтугай ЗГ-ийн хуралдаан дээр: “Авилгатай тэмцэнэ гэдэг бол журмын нөхөдтэйгөө тэмцэнэ гэсэн үг! Анд нөхдөө бодох уу? Улс орноо бодох уу гэдэг салаа зам дээр ирээд байна.” (2021.07.18.) гэж мэдэгдэв. Энэ нь Л.Оюун-Эрдэнэ зоригтой тэмцэгч болоод ингээд хэлчихсэн юм биш, харин өндөр дээд тушаалд суугаад үүнээс өөр гарц байхгүйг мэдэрсэн хэрэг юм.

Нэгэнт ЕС болсон залуу хүн “ажил хийх” хэрэгтэй. Ажил хийе гэхээр мөнгө байдаггүй. Мөнгө олъё гэхээр эсвэл гадаадаас зээл авна, эсвэл хавтгай авилга, дээрмийг хумих хоёрхон арга үлдсэн. Гадаадаас зээл авалгүй, “дотроо аргалах” гэтэл МАН-ын антисистем хүчтэй эсэргүүцэж, ЗГ-ийг унагах хуйвалдаан энд тэндгүй зохиож эхлэв.

Л.Оюун-Эрдэнийг анх ЕС болоход түүний кабинетэд 4 баагийг “хяналт тавих” зорилгоор оруулсан. Асар удалгүй ҮХ өөрчилсөн нэрээр 5 баагийг ЗГ-т нэмж шахсан. Ийм нөхцөлд ямар ч ЕС “ажил хийх” боломж бараг үгүй. Эсвэл нүүрсчдийн хэлсэн заасан болгоныг гүйцэтгэнэ, эсвэл боломжит аргаар ажлаа хийх гэсэн хоёрхон зам үлдэнэ. Ингээд Л.Оюун-Эрдэнэ шийдэл олж, Х.Нямбаатарыг түшиглэн зүтгэж эхлэв. ЗГ хоёрхон хүнтэй мэт харагддаг нь ийм учиртай. Миний баттай мэдэж байгаагаар Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар хоёр нүүрсний хулгайтай огт холбоогүй, орооцолдоогүй. Яахав, муугаар бодоход тэр хоёр нүүрсний мафид оръё гэсэн ч “элсэж” амжаагүй. Энэ зөрчлийн суурин дээр МАН антисистемээ хадгалан үлдэх гэсэн зорилготой нүүрсчидийн хуучинсаг бүлэг, антисистемийг эвдэн өөрчилж, шинэчлэх гэсэн шинэ бүлэг болон 2 хуваагдав.

Эгзэгтэй тэмцэл

МАН-д нэг сонин зүй тогтол байдаг. Энэ нь сонгуулийн дараа төр засаг нь хүчтэй, сонгууль дөхөөд ирэхээр МАН нь хүчтэй болдог. Одоо бол МАН нь хүчтэй болдог цаг. Одоохондоо хэн ч ил тод ярихгүй байгаа боловч МАН дотор УИХ-д нэр дэвших хүмүүсийг тодруулах гэж алалцаж байна. Хэн УИХ-д өөрийн бүлгийн баагийг олноор нь шургуулж чадна, тэр бүлэг ирэх 4 жилд ноёлох байр суурь эзэлнэ.   

Гэтэл МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ МАН-д нөлөөгөө дэлгэрүүлж амжаагүй. Харин нүүрсчин бүлэг МАН-д давуу байр суурьтайн улмаас энэ сонгуульд хүч түрэх нөхцөл бүрдээд байна. Энэ бол асар их аюул юм.

МАН-ын нүүрсний мафи 2 тал буюу түвшинтэй. Эхнийх нь нүүрсний мафийг улс төрийн хувьд хаацайлж, хууль хуудсыг нь гаргах, элдэв хөнгөлөлттэй нөхцөл бүрдүүлэх зэргээр үйлчилдэг улс төрчид. Манайхан зөвхөн үүнийг л хагас дутуу хардаг. Удаах нь улс төрчдийг худалдан авч, тэдэнд нөлөөлж, тэднээр дамжуулан эрх ашгаа гүйцэлдүүлдэг эдийн засаг, бизнесийн шууд төлөөлөл буюу том пүүс компаниуд болно. Харин манайхан үүнийг огт олж хардаггүй. Монголд улс төртэй ил далд холбоогүй пүүс компани бараг байхгүй.

Яг үнэндээ том бизнесийн төлөөлөл монголын улс төрийг далдаас удирдан жолоодож ирсэн. Одоо энэ байдал эрс өөрчлөгдөв. Учир нь: 1. Монголын ард түмэн ханаж цадахгүй шулан мөлжлөгийг цаашид тэвчихгүй болсон. 2. Гадаад орчинд Монголын улс төрөөс наад захын шударга ёсыг шаардах болсон. 3. Улс төр, бизнес хийхдээ харгис, зэрлэг биш, харин бүх хүнд ойлгомжтой дүрмээр тоглох бодит шаардлага үүссэн, 4. Улс төр, бизнес хоёрыг зааглах зүй ёсны нөхцөл бүрдсэн зэрэг болно. “Улс төрийн эрх мэдэл гэж байдаг болохоос эдийн засгийн эрх мэдэл гэж байдаггүй” гэсэн Карл Попперийн сургаалийг хаа хаанаа ойлговол сайнсан.

Хандлага, өөрчлөлт, гарц, хувилбар

Намайг системийн хямрал, нуралтын тухай яримагц л өөдөөс: “чи муу чаддаг юм бол гарцыг нь хэлээд өг л дөө. Чи муу чадахгүй ш дээ...” гэж загнаад 20 гаруй жил болж байна. Уг нь би бүх гарц, хувилбарыг олон жил цуцалтгүй хэлж байгаа. Харин ганцхан нөхцөлтэйгөөр. Тэр нөхцөл нь: “хэрэв Та нар тэмцвэл...”  Хэрэв монголчууд өөрсдөө тэмцэхгүй бол би байтугай Бурхан багш мянган гарц, хувилбар зааж өгөөд ямар ч нэмэр болохгүй.

Өөрчлөлт, гарц хоёр бий: Нэгдэх нь, дороос буюу олон түмний эсэргүүцлээр шинэ систем тогтоох. Жи: Ард түмний Онц Их Хурал г.м. Энэ нь ойлгомжтой тул нэмж тайлбарлах шаардлагагүй. Энэ бол хувьсгалтай дүйцэх “хатуу” хувилбар юм.

Хоёрдах нь, МАН доторх дэвшилтэт хүчин антисистемийг өөрчлөх тов тодорхой зорилт дэвшүүлж, өргөн олны оролцоо дэмжлэгтэйгээр шударга шинэ систем рүү аажмаар шилжих. Энэ нь маш эмзэг, олон хувилбартай тул нэмж тайлбарлах шаардлагатай. Энэ бол “зөөлөн” хувилбар юм.

Ямар ч гэсэн МАН доторхи дэвшилтэт хүчин дараах алхмыг хийх шаардлагатай:           

  • Нэг. Манай улс гүн гүнзгий системийн хямралд орж, антисистем нуран унаж буй өнөөгийн нөхцөлд хийж болох дурын алхмыг хуучны антисистемээ хадгалан үлдэх нүүрсчний болон антисистемийг эвдэн өөрчилж, шинэ шударга систем бүрдүүлэхийг зорьсон шинэ гэсэн 2 том хандлагад хуваан үзэх.  
  • Хоёр: Эдүгээ хийж болох дурын үйлдлийг төрөөс биш, МАН-аас эхлэх. Учир нь МАН хулгайч дээрэмчдээс мөнгө авч, “сонгодог тэнэгүүдийг” УИХ дэвшүүлдэг бусармаг системээ больчих юм бол төр цэвэрших нь нь ямар ч эргэлзээгүй.
  • Гурав. Нүүрсний асуудлыг эрүүгийн хэрэг гэж үзэхээсээ илүүтэй улс төрийн антисистемийн уршигт үр дүн гэж үзэх. Энэ талаар МАН улс төрийн үнэлэлт дүгнэлт нэн хурдан гаргах.  
  • Дөрөв. Төр доторх нүүрсчидээс салъя гэвэл эхлээд МАН-аас төрд чихэн оруулсан нүүрсчидээсээ салж цэвэрших. Эдүгээ бүх нүүрсчидийн лавтайяа 90% нь МАН-д, 10% нь АН-д байгаа гэж дүгнэхэд хилсдүүлсэн болохгүй.
  • Тав. Цаашдаа нүүрсчид болон түүнтэй адилтгах баялгийн хулгайч, дээрэмчдийн улс төрд орох, давуу байдал олох бүх нүх сүвийг хаах. Монголд хулгайгаар биш, цэвэр бизнесээр баяжих хүсэлтэй хүн маш олон тул тэдэнд түшиглэх.
  • Зургаа. МАН-аас удирдан хийх “Нийгмийн Зөвшилцлийн Үндэсний чуулган" гэдэг балай заль мэхээ болих. "Зөвшилцөл бол фашизм" Энн Рэнд хэлж билээ. Учир нь ардчилсан нийгэмд хууль бол өөрөө нийгмийн зөвшилцлийн дүрэм, баталгаа болдог. Харин хуулиас дээгүүр болон гадуур  "зөвшилцөл" бол дарангуйллын эхлэл юм.   
  • Долоо. МАН-д байгаа төрөөс төрсөн тэрбумтан, улс төрийн бизнес сүлжээг хянадаг цөөн хэдэн баагийг нам, улс төрөөс холдуулах. Угаасаа ч улс төрийн шинэчлэл хийхэд хэт олон хүн шийтгэх боломж байдаггүй зүй тогтолтой.    
  • Найм. Чадвал одоо хийх МАН-ын Бага Хурлаараа, ядвал удахгүй болох МАН-ын Их Хурлаараа улс төрийн хямрал, нуралтад улс төрийн үнэлэлт дүгнэлт өгч, МАН-ыг болон төрийн тогтолцооны шинэчлэлийн асуудлыг ил тод хэлэлцэх. Дашрамд МАН улс төрийн тогтолцоонд судалгаа шинжилгээ огт хийгээгүй, системийн онол, практик мэддэг мэргэжилтэн байхгүй, мөн мэдэхгүй, чадахгүй сэдвээрээ худлаа “онолддог” адгийн зангаасаа сал гэдгийг би онцлон анхааруулж байна.
  • Ес. Эдүгээ МАН бол системийн шинэчлэл өөрчлөлтөд саад тотгор болж буй цорын ганц хүчин, мафийн сүлжээ мөн. МАН-ын нүүрсчидийн мафийн толгойлогч нэр бүхий цөөн хүмүүс байдаг бөгөөд тэднийг улс төрөөс зайлуулбал МАН-ын сүлжээг сөрөг шинжээс нь гаргаж, эерэг хүчин зүйл, бүтээн байгуулагч хүчин болгож шинэчлэх бүрэн боломжтой.           

Одоохондоо би Л.Оюун-Эрдэнийг системийг шинэчлэх хандлагыг баримталж байгаа гэж үзэж байна. Энэ нь би Л.Оюун-Эрдэнийг ганцааранг нь ялган магтсан хэрэг биш, харин бусад нь үзэл бодлоо одоо болтол илэрхийлээгүйд байгаа юм. У.Хүрэлсүх “нэг сайн” загначихаад алга болсон, Г.Занданшатар “зөвлөлдөх ардчилал” гэх үл бүтэх, худал балай юм хөөцөлдөөд алга болсон. Х.Амарбаясгалан элдэв тайлбар хийгээд завгүй байгаа. Энэ дөрөв МАН-аа аврах уу, Улсаа аврах уу ? гэсэн маш хүнд сонголтын өмнө байна. Сонголт энэ дөрвөн хүний хүссэн, эс хүссэнээс үл хамааран МАН-ыг шинэчлэх асуудал руу орох нь гарцаагүй. УИХ-ын гишүүдийн тоог олон цөөн болгох нь жижиг асуудал, намаа шинэчлэх нь тулгамдсан том асуудал болох нь ямар ч эргэлзээгүй.   

Яаж ч бодсон төрөөсөө биш, харин төрийг бүрдүүлдэг МАН-аараа эхлэн оролдох ёстой л доо. Одоондоо адгийн нүүрсчин антисистемийг сөрөн зогсож чадах цорын ганц бие даасан хүчин нь Засгийн Газар мөн.

Иймд Л.Оюун-Эрдэнийн өмнө 2 том ацан сонголт (дилемма) байгаа:

Нэгдэх нь: МАН-аа аврах зөн билэгтээ автагдан, нүүрсчидийн өмнө буулт хийж, “зөвшилцөлд” орвол системийн нуралтыг түр хойшлуулж болох авч адгийн антисистемийг аврах боломжгүйгээс гадна өөрөө МАН-ынхаа “махны машинд” хэрчүүлж, улс төрөөс үүрд зайлах.

Хоёрдахь нь: Хэдийгээр хүн хүч, хөрөнгө мөнгө багатай ч МАН-ын даргын хувьд үнэн зөв, бодит улс төрийн дүгнэлт гаргалгаа хийж, мафийн толгойлогч нарыг намын удирдлагаас зайлуулах тэмцлийг зориглон эхэлж, тогтолцооны шинэчлэлд хөтлөн МАН, улс орон, үндэстнээ аврах. МАН-ыг шинэчлэхгүйгээр төрийн тогтолцоог шинэчлэх боломжгүй. Үүний тулд Л.Оюун-Эрдэнэ тогтолцооны шинэчлэл гэх үзэл баримтлалаа ард түмэндээ ойлгомжтой хэлбэрээр танилцуулахгүй бол түүнд үнэмших хүн тийм ч олон гарахгүй...     

Энэхүү 2 дахь тохиолдолд ард түмэн Л.Оюун-Эрдэнийг дэмжих нь гарцаагүй. Ард түмнээсээ дэмжлэг авсан улс төр л амжилт олдог жамтай. “Улс төрийн тулхтай нам хэрэв мөрийн хөтөлбөрт нь ороогүй бол аливаа жигшүүрт явдлыг ямагт буруушаадаг.”  Василий О.Ключевский 

Судлаач Х.Д.Ганхуяг.  

2023 оны 01 дүгээр сарын 01.  

Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.214.223)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.