Газар бол УЛСЫН ҮНДЭС. Улс эх орны аюулгүй байдал, тусгаар тогтнолын гол баталгаа болсон газраа Дорноговийнхон харийнханд өндөр үнээр зараад суудаг бололтой. Тодруулбал тус аймгийн Хатанбулаг сум дахь “Ханги-Мандалын боомт”-ын ачаа буулгах цэг гэж 100 га газрыг тус аймгийн ИТХ-аас сумын ИТХ-аар дамжуулан нөөцөд авсан байна. Үүнийгээ 20, 20 га-гаар нь таван хэсэгт хуваан дуудлага худалдаагаар зарсан байж болзошгүй нь! Бүүр ойлгомжтойгоор бичвэл ХАТАНБУЛАГИЙН 20 га газар ХЯТАДУУДЫН МЭДЭЛД шилжчихсэн гэсэн үг. Дорноговь аймгийн Хатанбулаг сум Улаанбаатар хотоос 800 км, аймгийн төвөөс 240 км зайд байрладаг. Баруун талаараа Өмнөговь аймгийн Ханбогд сум, урд талаараа БНХАУ-ын Дархан муу мянганы хошуутай Ханги-Мандалын боомтоор хиллэдэг.
Газрын тухай хуулийн 20.1.2.тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах гэсний дагуу явагдсан эсэх нь тодорхойгүй. Учир нь уг хуульд гадаадын компани, иргэн аж ахуй нэгжид ГАЗАР ЗАРНА гэсэн үг үсэг ч байхгүй.
Тус дуудлага худалдаа Хатанбулаг сумын соёлын төвд болсон бөгөөд газрыг үнэ цохиж авахаар Хятадууд, Өмнөд монголчууд хэлмэрчдийн хамт байлцсан гэдгийг эх сурвалж онцлов. 20 га газрын дуудлага худалдааны доод ханш 4,3 тэрбум байсан бол дээд ханш нь 5,8 тэрбумд тулсан гэх. Аймгийн газрын албаны дарга Оюунсайхан гэх эмэгтэй биечлэн оролцсон аж. Ингээд эхний дуудлага худалдаагаар авсан газрынхаа төлбөрийг худалдан авсан тал төлөөгүй учир аймгийн төвд дахин дуудлага худалдааг зохион байгуулсан гэв.
Энэ бол төр өөрөө оролцож өөрийн мэдлийн газраа худалдсан хууль бус үйлдлийн жишээ. Энгийн иргэд ч өөрийн өмчилсөн, эзэмших эрхтэй газраа зарж борлуулах зарыг хэд хэдэн цахим сүлжээнд байршуулж байсан.
Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр бүлгийн зургаадугаар зүлийн 1.Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна.
3.Бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно. Энэ нь газрын хэвлийг өмчлөхөд хамаарахгүй. Иргэд хувийн өмчийнхөө газрыг худалдах, арилжих, бэлэглэх, барьцаалах зэргээр гадаадын иргэн, харьяалалгүй хүний өмчлөлд шилжүүлэх, түүнчлэн төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр бусдад эзэмшүүлэх, ашиглуулахыг хориглоно” гэж тус тус заасан.
Гэтэл Дорноговийн ИТХ-ын удирдлагууд Үндсэн хуулийнхаа эсрэг ажиллачихлаа. Үүнд Засгийн газар хатуу анхаарвал зохино. Монгол Улсын Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд "БООМТЫН СЭРГЭЛТ"-д түлхүү анхаарч буй. Тийм учраас БНХАУ-тай хиллэдэг "Ханги мандал" боомтыг идэвхжүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулж байгаа. Зөв бодлого. Цааш ч олон жил үргэлжлэх ёстой. Монгол улсын мөнгөний эргэлтийн 86 хувийг бүрдүүлдэг урд хөршдөө биш дипломат аргаар бүх хаалгаа нээж, бараа бүтээгдэхүүнийг нь татах ёстой.
Хатанбулаг сумын удирдлагууд ч үүнд хамаатай. Дэлхийн хууль буюу НҮБ-ын бодлогын баримт бичигт бүртгүүлчихсэн газар нутгаа харийнханд зарна гэдэг монголчуудын хувьд уучилж болошгүй гэм нүгэл. Эх орноосоо урвасан үйлдэл ч байж болох юм. Бурханаас ч харамласан газар нутгаасаа хятадуудад дуудлага худалдаагаар өгчихөж байгаа нь АРИУН ЯВДАЛ лав биш байх!!!
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин