“НОГООН ЗЭЭЛ” –ийг цахилгаан СКҮҮТЕРТ олгосоноор АГААРЫН БОХИРДОЛ хэдэн хувь буурах вэ?
З.Батхуяг
Нийтлэл
/
2023-01-29

Монгол Улсын Засгийн газраас нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор гаргасан хамгийн чухал шийдвэр нь “ТҮҮХИЙ НҮҮРСНИЙ ХЭРЭГЛЭЭГ ХАЛАХ” бодлого байв. Энэ хүрээнд гэр хороолын айл өрхүүдэд нүүрснээс бусад түлш хэрэглэхийг хөхүүлэн дэмжиж өөр төсөл хөтөлбөр дагалдуулан хэрэгжүүлсний нэг нь “НОГООН ЗЭЭЛ” хөтөлбөр. Гэр сууцаа дулаалж, бүх төрлийн халаагуур хэрэглэж, жорлонгоо эко болгох боломжийг иргэдэд бий болгохын тулд тус хороо Хаан, Хас, Төрийн банктай хамтран ГУРВАН ТЭРБУМ төгрөгийн “Ногоон зээл”-ийн гэрээг Байгаль орчин, аялал жуулчлалын  яам 2019 оны 8 сард үзэглэсэн.  Уг зээл нь “Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-т заасны дагуу иргэдийн ногоон худалдан авалтыг дэмжих зорилготой юм. Арилжааны банкууд өөрсдийн хөрөнгөөр уг зээлийн бүтээгдэхүүнийг гаргаж байгаа бол Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос иргэдийн ногоон худалдан авалтыг дэмжих зорилгоор зээлийн хүүгийн ЕСӨН ХУВЬД татаас олгодог юм.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2009 онд Монгол Улсад жилд цаг бусаар нас барж буй 7000 хүний 10 хувьд нь агаарын бохирдол шууд нөлөөлснийг тогтоосон. Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээрх ажлыг улс, орон нутгийн төсөв болон гадаадын зээл, тусламжийн хүрээнд хэрэгжүүлж 456.1 тэрбум төгрөгөөр санхүүжүүлжээ. Тус зарцуулсан хөрөнгийн ашиглалтад 68 хувийн үр дүнтэй хэрэгжсэн гэсэн дүгнэлт өгсөн байна.

Тэгвэл “НОГООН ЗЭЭЛ” нь нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллын айл өрхүүдэд чиглэсэн бодлого нь ТИЙМ Ч АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЭЭГҮЙ байгааг баг дүүрэг, хороодод ажиллах үеэрээ сурвалжиллаа.

Төрөөс баталгаа гаргаж нэн хөнгөлөлттэй нөхцлөөр банкуудтай хамтарсан зээл гаргалаа ч тусыг олохгүй байна. “НОГООН ЗЭЭЛ”-ийн талаар гэр хорооллын иргэдэд ямар ч мэдээлэл байхгүй. Очиж уулзсан хүн бүр анх удаагаа сонсож байгаа гэж хариулав.  БОАЖЯ Хаан, Хас, Төрийн банктай байгуулсан гэрээний дагуу аж ахуй нэгжүүд 200 сая, иргэн 50 сая хүртэлх хэмжээний зээл авах боломжтой зээл юм.

НОГООН ЗЭЭЛ нь Н.Цэрэнбат сайдын үед

2019 онд 78  иргэн  гурван  банкнаас нийт 270 орчим сая төгрөгийн ногоон зээл авсан

 2020 онд 100 орчим иргэн, ААН 700 орчим сая төгрөгийн ногоон зээлд хамрагдсан.

2021 онд гэхэд 420 гаруй иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хамрагдаж, 1.8 тэрбум төгрөгийн хүүгийн хөнгөлөлтийг улсын төсвөөс санхүүжүүлсэн байна.

Уг зээлийг олгосон ХАС БАНК-аас тодруулахад “БОАЖЯ-тай 2016 оноос хойш хамтран ажиллаж байгаа. Яамнаас татаас өгдөг учраас иргэдэд олгох зээл найман хувь, аж ахуй нэгжид гурван хувийн хүүтэй мөнгө олгодог. Өнгөрсөн онд манай банк ТЭРБУМ гаруй төгрөгийн “ногоон зээл” олгосон. Үүний дийлэнх нь гэр орны дулаалга, цахилгаан скүтерт зориулсан зээл олгосон” хэмээн ярьсан юм.

Хаан болон Хас банкны зүгээс Байшин дулаалах дулаалгын төсөл, Нүүрсээр ажилладаг халаалтын уурын зуухыг шинэчилж цахилгаан, хийн зуухаар солих төсөл, MNS 5216 стандартын шаардлагад нийцсэн сайжруулсан зуух үйлдвэрлэх төсөл, Бага оврын цэвэрлэх байгууламж суурилуулах төсөл, Стандартын шаардлага хангасан жорлон, ариун цэврийн байгууламж суурилуулах төсөл, Органик хог хаягдлаар компост хийх төхөөрөмж зэрэг төслүүдэд зээл олгож байгаа. Түүнээс гадна цахилгаан авто машин, цахилгаан мотоцикль, унадаг дугуйг мөн энэ зээлээр олгосон.

Мэдээж агаарт ялгарч буй хүлэмжийн хийг бууруулахад хорт утаа гаргадаг техник хэрэгслийг хориглох нь зүй. Гэхдээ цахилгаан скүүтер нь агаарын бохирдлыг бууруулахад ямар үр дүнтэй болох нь тодорхойгүй байгаа юм.

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог Байгаль орчны сайд ахалдаг байсан бол 2022  оны 09 дүгээр сараас Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан удирдахаар болсон. Тэгвэл уг хорооныхон цаашдын ажил үйлс, бодлого шийдвэртээ нарийн тусгаж анхаарах нь зүйтэй.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.121.234)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.