Боловсролын салбарыг ЦӨМ болгосон Лу.Гантөмөр хагарч бутарсан АН-ыг НЭГ ЦУЛ БОЛГОЖ ЧАДАХ УУ
З.Батхуяг
Нийтлэл
/
2023-03-02

Монголын улстөрийн гол сөрөг хүчин 2020 оны улстөрийн сонгуульд С.Эрдэнэ вангаар удирдуулан оролцон навс ялагдсанаас хойш өөдийн нар үзэлгүй гурван жил зовж сар шинийн босгон дээр арай гэж АЛБАН ЁСНЫ ДАРГАТАЙ болов.

Хөөрхий дөө, муу ардчилсан нам С.Эрдэнэ Ц.Туваан, О.Цогтгэрэл, Женко Х.Баттулга, М.Тулгат гээд олон даргын нүүр үзсэн ч эвийн буга барилгүй дотроо тэмцэлдсээр эцэст нь Лу.Гантөмөр гэдэг албан ёсны даргатай болов.

Гэвч олон нийтийн зүгээс Лу.Гантөмөрийг ТУС НАМЫГ ДААМАЙ САЙН ЖОЛООДООД ЯВЧИХНА гэдэгт тийм сайн итгэхгүй байгаа бөгөөд УВС фракц гэгдэх Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн, Д.Дорлигжав, Н.Алтанхуяг нар тус намыг нууцаар удирдах нь гэж харж буй.

Лувсаннямын Гантөмөр өмнө нь УИХ-ын гишүүн, Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэгийн Засгийн газарт БОЛОВСРОЛ СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ яамыг удирдаж “ЦӨМ ХӨТӨЛБӨР” гэгчийг улс даяар хэрэгжүүлж чадсан нэгэн. Одоо хагарч цуурсан АРДЧИЛСАН НАМЫГ нэг “ЦУЛ” болгох хүндхэн ачааг үүрчихлээ.

Түүний Элбэгээгийн тал ч, Женкогийн тал ч хүлээн зөвшөөрч намын тамга, ажлын байраа гардуулж өглөө. Шууд утгаараа бол Ерөнхийлөгч асан Х.Баттулгын талынхан Лу.Гантөмөрийг С.Баярцогтын эсрэг “СОЙСОН”. Тэр ч ялна гэдэгтээ итгэлтэй байв.

Сар шинийн босгон дээр салж бутарсан нам нэг юм овоглох хүнтэй, хашгирах үгтэй болсон нь сайшаалтай ч С.Эрдэнэ шиг нэр нөлөө бүхий “ланжгар лидер” биш учраас үлбэгэр, сулбагар харагдах нь тодорхой. Номхон тэмээг ноолоход амархан гэгчээр хатуу ширүүн үггүй Лу.Гантөмөрийг С.Эрдэнийн гар хөлүүд “өшигчиж эхлэв”. Түүнийг намын даргаар бүртгэсэн Дээд шүүхийн шүүгч нарыг Захиргааны хэргийг шүүхэд өгч байх жишээний. Хууль бус дарга. Би тохироогүй гэцгээж байна.

Зөөлөн нь хатуугаа иддэг нь хорвоогийн жам. Олон хоног АН-ыг өөрийн хувийн компани мэт удирдсан С.Эрдэнэ вангийн тал арга буюу хүч нь тарамдаж эхлэв. Гэтэл албан ёсны намын дарга болсон Лу.Гантөмөрийг МАН-ын дарга бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатар нар хүлээн авч уулзан амжилт хүсээд идээний дээж гардуулав. Төр төмгөбөр, ёс ёмбогор.

Хаяглах эзэнтэй болсон АРДЧИЛСАН НАМЫНХАН сар шинийн золгуутаа ч нижгэр хийгээд амжив. Дээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүй гэгчээр хаа хаанаа хагарч бутраад байсан намынхан ийнхүү нэгдсэн нь 2024 оны сонгуульд ялалт авахад бэлэн гэдгээ итгэл төгс илэрхийлэх мэт. Эвтэй бол хүчтэй!

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.25.248)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.