Монголын улстөрийн 2024 оны ээлжит сонгууль болоход албан ёсоор НЭГ ЖИЛ, албан бусаар хэдхэн сарын хугацаа үлдсэн. Албан бусаар гэсний учир нь Үндсэн хуулийн өөрчлөлт хийж чадвал ирэх намар 10 сард улстөрийн ээлжт сонгууль явуулахад татгалзах зүйлгүй гэдгийг эрх баригч намын дарга Л.Оюун-Эрдэнэ “улстөрийн бусад намынханд” уриалаад хэлчихсэнээс уншиж болох юм.
Энэ парламентад байгаа УИХ-ын гишүүдийн тал хувь нь ямар нэг байдлаар элдэв гэмт хэрэг, хулгай луйварт холбоотой гэж хэвлэлээр бичиж буй тул ирэх сонгуулиар баараггүй 30 орчим шинэ гишүүнтэй болох нь тодорхой. Тэгвэл 2024 оны ээлжит сонгуулийн бэлтгэлээ эртнээс базааж, өөрийгөө спонсорлож яваа эрхмүүдийг онцолж байна.
Эхний ээлжид ямар ч хамаагүй аргаар гишүүн болохыг мөрөөдөж буйгаа ил цагаан хэлсэн эрхэм бол “Үнэн ба зөв” намын дарга А.Отгонбаатар. Том жижиг улстөрийн сонгуульд нэр дэвшээд “сонгуулийн хэншүү” үнэрлээд үзчихсэн амьтан. Сонгинохайрханд хамгийн сүүлд Н.Энхбаярын хүү Э.Батшугартай үзээд “өвдөг шороодсон” азгүй нэгэн. Сүүндээ цадсан тугал БЯРУУ болсон гэж зүүдлэнэ гэгчээр гишүүн болно гээд л зүтгэж яваа. Сайн муугаар хэлүүлж, бичүүлж чичлүүлсэн ч үнэн зорилгоосоо ухарахгүй хичээнгүй зүтгэж буй нь авууштай чанар. 2024 оны сонгуульд ӨРСӨЛДӨНӨ, ГИШҮҮН БОЛНО гэсэн гэгээн мөрөөдөл тээсээр явдаг тул энэ удаад эхний ээлжинд онцлов.
Дараагийн эрхэм бол Хэнтий аймгийн бүх сумдаар ХУУЛИЙН БАГТАЙГАА тойрсон Л.Батжав доктор. Хэнтийн нөхөн сонгуульд өрсөлдөхөөр бэлдэж байсан ч МАН-ынханд хууртаж төрийн ажил авч харамсалтай нь ХЭМНЭЛТИЙН ХУУЛИАР “жийгдсэн” эрхэм. Хүрээ хөдөөгий тэнэж өөрийн идэж буй хоол, өмсөж буй хувцас, унадаг машин барьдаг утас бүхнээ “спонсорлож” явдаг. Нэг хэсэг Сүхбаатар аймгийг онилоод байсан мань эр буцаад ХЭНТИЙГЭЭ тордоод эхэллээ. Аль эртнээс өөрийгөө гишүүн гээд бодчихсон “элит түвшинээс” асуудалд ханддаг. “Монголын төмөр зам” ТӨК-ийн дэд захираал ажиллаж байсан. Жагсаал цуглаан, олон нийтийн хэрүүл тэмцэл гээд очихгйү газар, ярихгүй сэдэвгүй нөхөр. Тэр өөрийгөө 2024 онд гишүүн болчихно гээд БАТ ИТГЭЧИХСЭН алхаж яваа.
Алс баруун хязгаар Ховд нутагт оччихсон малчдад өвс тэжээл тараангаа “Өвлийг МЭНД САЙХАН даваарай” хэмээн өөрийнхөө нэрээр РЕКЛАМ хийж яваа эрхэм сайд асан Загджавын Мэндсайханыг онцлохгүй байхын аргагүй. Олон жил төрд ажиллаж, үр ашигтай, зөв удирдлагын тогтолцоог бүрдүүлсэн нэгэн. Ховд аймгийн Мянгад сумын уугуул. Монголчуудын уламжлалт хөдөө аж ахуйн салбарыг нэр төртэй удирдсан. Нутгийн олондоо сайн танигдсан, нэр цэвэр шинэ улстөрч. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй “2024 онд гишүүн болъё” гэсэн тохироотойгоор сайдын ажлаа өгсөн гэдэг. Гэвч түүнд УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Уул уурхайн дэд сайд О.Батнайрамдал, Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг, Зам тээврийн дэд сайд Л.Халтар тэргүүтэй олон хүчтэй өрсөлдөгч тулгараад буй. Эр хүний дотор “эмээл хазаартай морь, УИХ-ын гишүүний суудал” багтдаг бочлихсон цаг. Хүн ер нь мөрөөдлийнхөө төлөө юу л юуг, ямар ч бартаа саадыг давдаг шүү дээ!!!
Хонгор нутагт ч бас “гишүүн болох” хүсэлдээ ховсдуулчихсан нэг эрхэм байна. Тэр бол аймгийн ИТХ-ын төлөөлөгч, “Есөн -Эрдэнэ” захын эзэн Б.Энхтүвшин. 2020 онд дээшээ үзэхээ аймгийнхаа намд илэрхийлсэн ч “танигдаагүй байгаа тул тойргоо сайн усла, тэгвэл 2024 онд боломж олгоё” гэсэн хариу сонссон гэдэг. Тэр ч өнгөрсөн дөрвөн жилд Баянхонгор аймагт идэвхтэй төлөөлөгч байлаа. Аймгийнхаа бүх сумдаар явж, тулгамдсан асуудалд ханцуй шамлан орж, өөрийн хөрөнгөнөөсөө хандив тусламж үзүүлж хэрэндээ л “нүхээ малтав”. Сар шинийн өмнөхөн аймгийн төвийн ахмадуудад гарын бэлэг, гурил тарааж “хангалттай оноо” цуглуулав. Өмнө нь тэмээний баяр, шагайн харваан наадам зэргийг ивээн тэтгэж хэр хэмжээний бэл бэнчинтэй, бяр тэнхээтэй, сэтгэлтэй хүн болохоо харуулсан. Түүний хүчтэй өрсөлдөгч нь Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Эрчим хүчнтй дэд сайд М.Баярмагнай, Ерөнхийлөгчийн зөвлөх Б.Даваадалай нар юм. Сүүлийн үед Б.Даваадалай зөвлөх Хонгор нутаг руу гүйдэлтэй болчихсон, шанага шанагаар нь ШАГНАЛ ТАРААЖ байгааг анхаарахад илүүдэхгүй шүү, Б.Энхтүвшин төлөөлөгчөө!! Хол замд хань болох хүнээ эхнээсээ л зөв таних хэрэгтэй шүү!!
Дуу хуурын өлгий Дундговь нутгийг нэг хэсэг “МОН-УРАН”-ий Б.Наранхүү “тэжээж” байсан бол сүүлийн хоёр жил түүний эгч Б.Саранчимэг “услаад эхэлсэн”. Бага гэлтгүй хөөрхий минь мөнгө хаяж байгаа ч баян дүүгийнхээ дэргэд бол хумсын чинээхэн л дээ. Дундговь руу байн байн “гүйдэг” болчихсон түүнийг харахаар “эмэгтэй хүн цагаан зээр хоёр нутаггүй” гэдэг үг санаанд орох. Сүүлийн найман жил нийслэлийн хамгийн ядуу, хөгжил буурай Баянзүрх дүүргээс төрд гарсан ч олигтой хийж хэрэгжүүлсэн ажилгүй болохоор хүн ам цөөн, хүрч ажиллахад амар гэдэг утгаар нь төрсөн нутгаа бараадсан нь тэр байр. Эсвэл төр түшилцэх ажилд ядраад байж ч мэдэх юм. Хүн ядрахаар урагаа, тураг ядрахаар уулаа гэдэг. Баян зүрхийн “ногоон хатагтай” усгүй Дундговийг услаад эхлэх 2024 оны сонгуульд гарчихна гэсэн горьдлого тээснийх л байхдаа.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин