Био технологи өнөөдөр өндөр хөгжиж байна. Олон улсын туршлагаас үзвэл өтгөн шингэнийг нь ялган авдаг эко шийдэлтэй био жорлон ашиглаж буй юм. Ингээд өтгөнийг нь наад зах нь хэргэлсэн цаас, элдэв хог хийлгүй цэврээр нь ялган авч боловсруулдаг болсон. Өөрөөр хэлбэл хүний өтгөн ялгадсаар био хий, компос бордоо, хуурайшуулж түлш хийдэг туршлага гарчээ. Манай орны хувьд компос бордоо хийх нь хамгийн зөв шийдэл хэмээн эрдэмтэн, судлаачид үзэж буй юм. Тэгээд тэр бордоогоо цөлжсөн хөрсийг сэргээх, цэцэрлэгжүүлэлт, уул уурхайн нөхөн сэргээлт, ногоон байгууламжид ашиглах гарц бий хэмээн үзэж байна.
Учир нь амьтны гаралтай ялгас, ургамлын ялзмагт агуулагддаг азот бол хөрсөнд хамгийн шимтэй амин дэм хэмээдэг. Байгаль эх бол өөрөө ийм био бордооны хамгийн том “үйлдвэр” юм. Тухайлбал, намар хагдарч унасан навч, ургамал шороотой холилдож ялзмаг болж хөрсөнд шингэдэг. Байгалийн энэ органик бордоо хөрсөнд тэжээл өгч, механик бүтэц сайжруулна. Өөрөөр хэлбэл хөрсний агаар, чийглэг, сийрэг байх чадварыг нэмэгдүүлдэг билээ. Иймд хүн, амьтны ялгадсыг байгаль эхийн “үйлдвэрийн” зарчмаар хүний оролцоо, шинжлэх ухаанчаар бордоожуулж ашиглах нь хамгийн зөв шийдэл болж байна. Тэгэхдээ тухайн бүтээгдэхүүний аюулгүй байдлыг бүрэн хангах учиртай.
Эрүүл ахуй эмч, шинжлэх ухаан үйлдвэрлэлийн “Монхимо” компанийн зөвлөх Ш.Үдэнбор дээрх стандартыг гаргах багт ажиллаж буй юм. Тэрээр “Хүн, амьтны өтгөнийг бордоожуулах хүний амьдрах орчин, байгаль дэлхий гээд аль аль талдаа ашигтай. Өтгөн хаягдлаасаа салах хамгийн шилдэг зөв шийдэл юм. Манай улсад энэ аргыг туршин үзэж байна. Хүний өтгөн боловсруулж гарган авсан бордоо аюулгүй, ургамлын ургалт, хөрсөнд өгөх үржил шим сайн байгааг манай эрдэм шинжилгээний байгууллагууд судалж тогтоосон. Өнөөдөр ямар нэг ургамал тарьхад химийн бордоо их хэрэглэж байгаа. Гэтэл химийн гаралтай бордоог хэдий хэмжээгээр хэрэглэнэ тэр хэрээр хөрсний үржил шим мууддаг. Химийн бордоо нь хөрсөнд ашигтай нян, шавьжийг нь устгадаг юм. Иймд өтгөнийг бордоожуулахдаа стандарт сайн барих нь чухал. Нийслэлийн гэр хорооллын жорлонгоос ангижрах хамгийн сайн арга бол био бордоо хийх явдал юм” гэж байна.
Тэгвэл Монгол хүний сэтгэлгээ, амьдралын хэв маяг үүнтэй зохицохгүй байх талтай. Өөрөөр хэлбэл бохир ажил гээд тоохгүй, өтгөнөөрөө бордоо хийгээд ашиглана гэхээр сэтгэлд нь буухгүй байх тал бий. Үүнээс гадна улс орны бодлого тодорхойлогч, шийдвэр гаргагчдаас ихээхэн зүйл шалтгаална. Гэвч өнөөдөр бид модон жорлонгоос гадна ил задгай бие засч түүгээр бохирдсон тоостой агаараар хээв нэг амьсгалан амьдарч байгаа гэдгээ ухаарах ёстой. Тэр бохирдсон хөрс шороон дээр нь үр хүүхдүүд маань тоглож наадан өсч өндийж байна гэдэг нь эмгэнэл юм. Хамгийн гол нь өнөөдөр хөрс бохирдуулагч, өвчин түгээгч модон жорлонгоос хэрхэн ангижрах, байгаль орчинд хэрхэн ээлтэйгээр ялгадасаа хаях вэ гэдэг оновчтой шийдэл монголчууд бидэнд хэрэгтэй байна.
"Монголд зочлох жил - 2023 - 2025" арга хэмжээний хүрээнд, мөн хөрсний бохирдлоос сэргийлэх “Жорлон” Үндэсний чуулганыг /2023.03.31/ Худалдаа аж үйлдвэрийн танхимд зохион байгуулсан юм.
Тус чуулган нь Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, гэр хорооллын нүхэн жорлонг үе шаттай бууруулах, Монголд зочлох жилийн хүрээнд аялал жуулчлалын баазуудыг стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжтай болгох, цаашид хэрэгжүүлэх бодлогоо тодорхойлох зорилготой юм.
Иргэдийн эрүүл мэндэд агаарын бохирдлоос ч дутуугүй сөрөг нөлөө үзүүлж байдаг бохирдол нь хөрсний бохирдол юм. Утаа шиг манантаж харагдахгүй ч хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж хөрс, гүний усыг бохирдуулсаар байна.
Нийслэлийн гэр хорооллын 200 гаруй мянган өрх айлын энгийн нүхэн жорлонгийн ялгадас, угаадас хөрс рүү шууд нэвчиж Нийслэлийн хэмжээнд хийгдсэн судалгаагаар 88%-д нь нянгийн бохирдол илэрсэн байна. Нүхэн жорлонгоос үүсэх хөрсний бохирдол нь нам гүний усанд нэвчих, үерийн усаар зөөгдөх, агаарт дэгдэх замаар хотын хүрээлэн буй орчин болон хүний эрүүл мэндэд эрсдэл үүсгэдэг байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 2020 оны судалгааны дүнгээс үзэхэд нийслэлийн хэмжээнд цусан суулга өвчлөл ихсэх хандлагатай байгаа ба бүртгэгдсэн цусан суулга өвчний халдварын 9.9 % өвчтөнөөс, 90.1 % тодорхойгүй байгаа ба хөрс орчны бохирдолтой холбон үзсэн байна.
Засгийн газрын 2022 оны 264 дүгээр тогтоолоор “2023, 2024, 2025 оныг Монголд Зочлох жил” болгон зарласантай холбогдуулан гадаад, дотоодын жуулчдын ая тухтай аялах нөхцөлөөр хангах томоохон зорилтыг хэрэгжүүлэхэд хамгийн тулгамдсан асуудлын нэг нь ая тухтай, стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжийн асуудал байдаг тул нийтийн ариун цэврийн байгууламжийн тоог нэмэгдүүлэх, аялал жуулчлалын баазуудад нүхэн жорлон ашиглахыг хориглох, аялал жуулчлалын гол чиглэлийн автозам дагууд нийт 39 байршилд хоорондоо 200-250 км тутамд нийтийн ариун цэврийн байгууламж бүхий үйлчилгээний цогцолборуудыг олноор байгуулах зэрэг олон арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байна.
Түүнчлэн БОАЖЯ-аас “Эрүүл аюулгүй-Цэвэр орчин” бүрдүүлэх хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдын 2023 оны 02, 03, 04 дугаартай албан даалгавруудыг гаргаж нийслэлийн 9 дүүрэг, 21 аймаг, Улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаа, Усны сав газрын захиргаадад хүргүүлж бүх нийтийн их цэвэрлэгээг тогтмол хийх, үүссэн хог хаягдлыг цэвэрлэх, шаардлага хангахгүй нүхэн жорлонг буулгах ажлуудыг хэрэгжүүлж эхлүүлээд байна.
Дээрх албан даалгаврын хүрээнд аялал жуулчлалын бүсэд байгаа 2023 оны 03 дугаар сарын 28-ны байдлаар 21 аймгийн стандартын бус 909 жорлонг буулгасан байна. Цаашид үргэлжлүүлэн 982 нүхэн жорлонг буулгахаар төлөвлөөд байна гэсэн юмаа.
-
8 цаг 8 мин
-
13 цаг 51 мин
-
Өчигдөр 19 цаг 46 мин
-
Өчигдөр 19 цаг 40 мин
-
Өчигдөр 15 цаг 20 мин
-
Өчигдөр 15 цаг 19 мин
-
Өчигдөр 15 цаг 15 мин
-
Өчигдөр 15 цаг 10 мин
-
Өчигдөр 15 цаг 09 мин
-
Өчигдөр 14 цаг 43 мин
-
Өчигдөр 14 цаг 20 мин
-
Өчигдөр 14 цаг 10 мин
-
Өчигдөр 14 цаг 06 мин
-
Уржигдар 18 цаг 18 мин
-
Өчигдөр 14 цаг 20 мин