С.Болормаа: "EБС-ийн барилгын төлөвлөлт энэ оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн мөрдөгдлөө
Нийтлэл
/
2023-07-28

“Барилгын хөгжлийн төв”  ТӨҮГ-ын Норм, нормативын хэлтсийн мэргэжилтэн С.Болормаатай ярилцлаа.

 

 -Сайн байна уу. Шинээр батлагдсан ерөнхий боловсролын сургуулийн барилгын төлөвлөлтийн нормын талаар ярилцахаар таныг урилаа. Тус нормын ерөнхий шаардлагын талаарх мэдээллийг эхлээд хүргэе?

-Сургуулийн барилгын зураг төслийг боловсруулахдаа Монгол Улсын барилгын салбарт хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа норм, дүрмийн шаардлагыг баримтлах ёстой.

2022 он хүртэл салбарт “Сургалт хүмүүжлийн байгууллагын барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах” /БНбД II-66-88/ барилгын нормыг мөрдөж байсан бөгөөд төлөвлөлтийн зохицуулалтыг маш сайн тусгасан заалттай баримт бичиг юм.

Хууль эрх зүйн шинэчлэлтэй уялдуулан 1988 онд батлагдсан дээрх нормыг бусад баримт бичгүүдтэй уялдуулан шинэчлэн боловсруулах хэрэгцээ шаардлага бий болсон.  Ийм учраас “Ерөнхий боловсролын сургуулийн барилгын төлөвлөлт” /БНбД 31-25-22/ нормыг салбарын зөвлөх баг боловсруулж Барилга, хот байгуулалтын Сайдын 2022 оны 211 дүгээр тушаалаар батлагдсаныг 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн барилгын салбарт мөрдөж байна.

Архитектур төлөвлөлтийн шийдлийг барилга баригдах нутаг дэвсгэрийн хот байгуулалт, уур амьсгал, газар хөдлөлттэй уялдуулан төлөвлөх талаар  тусгасан онцлогтой.

 

-Газар хөдлөлттэй бүс нутагт сургуулийн барилгыг төлөвлөх талаар дурьдлаа. Энэ талаар тодруулж өгнө үү?

-Газар хөдлөлттэй бүс нутагт сургуулийн барилга төлөвлөх тохиолдолд энэ норм болон “Газар хөдлөлтийн бүс нутагт барилга төлөвлөх” /БНбД 22-01-21*/22/ нормыг баримтална.

Газар хөдлөлтийн 7 ба түүнээс дээш баллын бүсэд сургуулийн барилгыг 3 давхраас илүүгүй төлөвлөх, сургуульд хамрагдах хүүхдийн үйлчлэх хүрээ нь 500-750м зайд байрлах зохицуулалттай.  Ингэж төлөвлөснөөр онцгой байдал, аюулт үзэгдлийн үед хүмүүст анхны тусламжийг шуурхай өгөх хамгийн оновчтой обьектууд болох сургуулийн спорт заалны газар хөдлөлтийн эрчмийг 1 баллаар ахиулж тооцон түр хоргодох байрны зориулалтаар ашиглах, гамшиг, ослын үед хэрэглэх зүйлсийг хадгалах агуулахын өрөөтэй байх шаардлагыг  шинэ нормд тусгасан.

 

-Бага ангийн сурагчдын хичээллэх орчинтой холбоотой ямар асуудлууд туссан бэ?

Сургуулийг 1400-аас илүүгүй сурагчтай байхаар тооцно. Хэрэв 1400-аас илүү тооны сурагчтай байх тохиолдолд бага ангиудыг багтаасан хэд хэдэн бие даасан сургалтын байр бүхий ерөнхий боловсролын нэгдсэн төвтэй цогцолбор бүхий барилга хэлбэрээр төлөвлөнө.

 1-5 дугаар ангийн хүүхдүүдийн хичээллэх анги танхимыг 2-оос доош давхарт байрлуулж, ахлах ангиас тусгаарлах бөгөөд хэрэв өөр хооронд нь халаалт бүхий хүзүүвч байхгүй тохиолдолд тусдаа байх барилгуудыг бүрэн бие даасан байдлаар төлөвлөх зохицуулалттай.

 

-Сургуулийн анги танхим, дотоод заслын хувьд ямар норм стандарттай байх ёстой вэ?

-Анги танхим, өрөө тасалгааны дотоод засал чимэглэлийг холбогдох норм дүрэм, стандартын дагуу гүйцэтгэх ёстой.  Тодруулбал, сургуулийн барилгын анги танхим, өрөө тасалгаа, спорт заалны хаалга, цонх, шал, таазны будаг, бусад барилгын материалууд нь холбогдох стандартын шаардлага хангасан хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй байх ёстой.

 

-Сургуулийн гадна талбайн  эдэлбэр газрын хэмжээ болон байршлын талаар асуумаар байна.  Норм дүрэмд энэ тухай хэрхэн тусгасан байдаг вэ?

-Сургуулийн барилгын байршил, зай хэмжээ, барилгажилтын бүтэц, үйлчилгээний хамрах хүрээ, эдэлбэр газрын хэмжээг хот төлөвлөлтийн норм, дүрмийн дагуу тооцдог. Хот төлөвлөлтийн нормд 1000 хүн амд 200 хүүхдийн хүчин чадалтай сургууль байх бөгөөд хэрэв 1400 хүүхэдтэй сургууль баригдана гэж төлөвлөвөл 3,5га эдэлбэр газартай байх зохицуулалттай. Тодруулбал, сургуулийн  нутаг дэвсгэр нь  биеийн тамир-спортын, амралт, аж ахуйн, сургалт туршилтын бүсүүдтэй байна. Нутаг дэвсгэр нь үйл ажиллагааны төрөл, сурагчдын насны онцлогт нийцүүлж хуваасан орон зай, тусгай бүс бүрд үүрэг зориулалт, төлөвлөлтийн шаардлагыг тусгасан, хүрээлэн буй суурьшлын нутаг дэвсгэртэй харилцан холбож байршуулсан тоног төхөөрөмж, байгууламж, архитектурын элементүүд, ногоон байгууламж, ил задгай талбайн цогц бүрдэл байхаар заасан байдаг.

Эдэлбэр газрын хэмжээ бага тохиолдолд биеийн тамир болон сургалт, туршилтын бүсийг сургуулийн барилгаас явган явж хүрч болох бие даасан нутаг дэвсгэрт төлөвлөж болох талаар тусгасан.

Сургуулийн эдэлбэр газрыг хашаа, хайсаар хүрээлүүлнэ. Гудамж ба явган хүний замтай шууд нийлж байрласан бол барилгын хана талаараа хайсгүй байж болно. Ингэхдээ барилгыг тойроод гал унтраах хөдөлгөөнт тээврийн хэрэгсэл явах нөхцөлийг хангана. Барилгын эдэлбэр газрыг сурагчдын аюулгүй байдлыг хангах үүднээс орчны тал бүрт бүхэлд нь харагдахуйц байхаар камержуулсан байхыг заадаг.

Мөн төв хаалганы өмнө сурагчдын цугларалт, сургуулийн олон нийтийн зориулалттай арга хэмжээ зохион байгуулах, онцгой байдлын үед барилгаас яаралтай нүүлгэн шилжүүлэлт хийх зэрэг үйл ажиллагаанд зориулан нэг хүнд 0.3 м² ногдохоор хатуу хучилттай (асфальт, явган замын хавтан бүхий) талбайтай байна. Ингэхдээ ангиуд цувраа байдлаар жагсаж зогсохоор тооцно. Тус талбайг төлөвлөх боломжгүй тохиолдолд тохирох хэмжээтэй биеийн тамирын талбайг ашиглаж болно гэж заасан байдаг.

 

-Сургуулийн барилгын анги танхим, өрөө тасалгаа ямар стандарт нормтой вэ. Нэг ангид 50-60 хүүхэд сурч байгаа жишээ манайд олон бий. Яг норм дүрэмдээ хэрхэн тусгадаг вэ?

-Тусдаа бие даасан барилга бүхий сургуулийг 1400-гаас илүүгүй сурагчтай байх талаар ярьсан. Нэг анги болон өдөр өнжүүлэх бүлэгт 30-аас илүүгүй сурагч байхаар тооцно. Танхимын сургалттай бол нэг сурагчид 2.5м2-аас багагүй, бүлгээр болон ганцаарчилсан сургалтаар хичээллэх тохиолдолд 3.5м2-аас багагүй талбай ногдохоор тус тус төлөвлөнө.

 

-Өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан төлөвлөлт хийх ёстой юу?

-Эдэлбэр газрын нутаг дэвсгэрт өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүн орох бололцоог хангах ёстой. Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй болон хүүхдийн тэрэг түрсэн хүнд сургуулийн нутаг дэвсгэрээр саад тотгоргүй, аюулгүй, ая тухтай явж барилга руу орох бололцоог бий болгох нөхцөлийг “Барилга, байгууламжид хөгжлийн бэрхшээлтэй иргэний хүртээмжийг төлөвлөх” /БНбД 35-01-22/-ын шаардлагын дагуу тооцно. Эдгээр зам нь эдэлбэр газрын гадна талд байх тээврийн хэрэгслийн, явган зорчигчийн зам, тусгай зогсоол, нийтийн тээврийн зогсоолтой уулзвараар холбогдох ёстой.

Орц, гарцыг хөгжлийн бэрхшээлтэй хүнд, түүний дотор тэргэнцэртэй хүнд орж гарахад хялбар байдлаар тоноглох, мэдээллийн тэмдэг, тэмдэглэгээг байрлуулах, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлгөөний зам дээр саад тотгор учруулах хоёр тал руугаа нээгдэж хаагддаг, өлгөдөг нугас бүхий битүү хаалт, эргэлддэг дугуй хаалт, савлуур зэрэг бусад төхөөрөмжүүд төлөвлөхгүй байх, эдэлбэр газрын тодорхой хэсгүүдэд шат болон хөгжлийн бэрхшээлтэй хүн, хүүхдийн тэрэг, ачаа бараа зөөхөд зориулсан өргүүрийг төлөвлөх норм стандарттай.

 

-Авто зогсоолыг хэрхэн тусгадаг вэ. Ялангуяа хүүхдээ сургуульд зөөх үед зогсоол хүрэлцээгүйгээс эцэг, эхчүүд төв зам дээр зогсох, замын  хөдөлгөөнд саад учруулах асуудал ажиглагддаг?

-Зогсоолыг эдэлбэр газарт багтаан, эдэлбэр газрын захад “Авто зогсоол” /БНбД 21-05-10/ барилгын норм ба дүрмийн дагуу төлөвлөнө. Сурагчдыг хүргэх эцэг, эхчүүдийн тээврийн хэрэгслийг богино хугацаанд түр зогсох зогсоолыг эзэмшил газрын хилийн ойролцоо 100 сурагч тутамд нэг авто зогсоол ногдохоор тооцохоор тусгасан байдаг. Түр зогсоол болон сурагчдыг буулгах газрыг сургуулийн бусад барилга байгууламжаас ногоон байгууламж бүхий өтгөн бут сөөгөөр тусгаарлана. Явган хүний гарцыг төлөвлөнө. Явган хүний гарц нь сургуулийн нутаг дэвсгэр болон барилгын төв орцтой холбогдохоор байна.

Мөн автомашинд зориулсан замыг сургуулийн барилгад шууд хүрч очихоор төлөвлөхгүй. Хэрэв авто зам төлөвлөх тохиолдолд хурд сааруулсан төхөөрөмжөөр тоноглогдсон байхыг заадаг.

 

-Ер нь аюулгүй байдлын тухайд ямар норм стандартыг хэрэгжүүлэх ёстой вэ?

- Сургуулийн барилгад хүний зорчих хөдөлгөөний аюулгүй байдлыг хамгаалах зориулалттай мэдээлэл системийн хэрэгсэл бүхий заагчийг (харагдахуйц тэмдэг, тэмдэглэгээ, дуут дохиолол, мэдээллийг дүрслэн үзүүлэх хэрэгслүүд) зураг төслийн даалгаварт тусгана. Шатны алхам, гишгүүрийн захаар хамгаалах зурвасыг суурилуулж өгөх ба шатны алхмыг гадаргуугийн үндсэн материалаар хийнэ.

Сургуулийн барилгын цонх нь томоор онгойлгохоос сэргийлсэн аюулгүй байдлын систем бүхий аюулгүй байдлыг хангасан түгжээгээр тоноглогдсон байна. Барилгын тунгалаг ба шилэн хаалт томоор хагарч эвдрэхээргүй тусгай шилээр хийнэ.

                                                                                                                                                                                            

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.200.47)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.