-Таны төрж өссөн нутаг, төрүүлж өсгөсөн ижий аавын тань тухай хөөрөлдье гэж бодлоо...
Би Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд төрж, өссөн. Миний аав Цэнддoo, Миний ээж Ханд. Жирийн малчин ажилчин хүмүүс байгаа. Аавынхаа хамгийн том ууган охин болон төрж, зургаан эрэгтэй дүүтэйгээ ээж, аавынхаа хүмүүжлээр өсөж хүмүүжин өдий зэрэгтэй явж байна. Аав маань жолооч хүн. Ардын болон уртын дууг их сайн дуулдаг. Улсын тэргүүний уран сайханч хүн байсан. Ээж маань залуудаа их сайхан бүжиглэдэг хүн байсан. Гэртээ ээж маань бүжиглээд гэр бүлийн концeрт хийгээд л. Надад энэ нь цаашдаа урлагийн хүн болох дуучин хүн болох сэдэл болж байсан гэж боддог. Аав маань намайг 10 дугаар ангиа төгсөх үед Ардын дуу, бүжгийн “Алтай” чуулга дээр “Дуулаачийн дээд сургуульд оюутан элсүүлэх юм гэнээ” гээд шалгуулах санал тавиад. Би гэдэг хүн аавынхаа хүслийг биeлүүлэх гээд дуучин болгох шалгалтад дөч гаруй хүүхдийн хамт орж байлаа. Тэгж тэнцээд найрал дууны ангид орж аав, ээжийнхээ буянаар дуучин гэсэн мэргэжил эзэмшээд явж байна.
-“Засагт ханы хөх харчууд” гэдэг дууг та анх дуулж хит болгосон. Дууныхаа тухай яривал сонин доо!
Миний дуулсан “Засагт ханы хөх харчууд” гэдэг дуу бол маш үүх түүхтэй дуу байгаа юм. Дуучин болох 30 гаруй жилийн хугацаандаа гурван дууны үгийг захиалж хийлгэсэн. 2001 онд гавьяат авсныхаа дараа энэ дууны үг, аяыг захиалсан. Уран бүтээлч хүний хувьд “Засагт хааны хөх харчууд”-аа магтаж дуу хийe гэж бодоод шүлгийн уралдаан яруу найрагчдынхаа дунд зарласан. Яруу найрагчдын маань шүлэг уран бүтээлүүд нэг л болж өгдөггүй. Тэгээд Улаанбаатар хотод ажлаар ирчихээд Үржингийн Хүрэлбаатар гуайд “Засагт ханы хөх харчууд гэж “Тунгалаг Тамир” кинонд хүртэл гардаг. Яагаад тэгдэг юм бол. Иймэрхүү л дууны шүлэг хэрэгтэй байна” гэлээ. “Засагт хааны хөх харчууд их хэцүү” гэдгийг магтаал болгосон уран бүтээл хийх гэж их зорьсон. Тэгээд Үржингийн Хүрэлбаатарт санал тавиад бид нар цайны газарт уулзаад байж байтал нэг хүнтэй хамт ирж байлаа. Тэр нь нутаг усанд маань хөрөнгө мөнгөө зориулдаг тийм ачтай хүн байсан юм. Ү.Хүрэлбаатар гуай надад жигтэйхэн урт шүлэг уншиж өглөө. Тэгтэл тэр Д.Тэрбиш гуай “Ер нь Засагт хааны хөх харчуудыг бичихэд ганц юм дутаад байна. Яагаад гэвэл уулын орой дээрээс чоно үсрэх гэж байгаа юм шиг ийм айхтар хүмүүс шүү дээ гэж чонотой зүйрлээд.
“Засагт ханы хөх харчууд
Зартай нутгийн сайн эрчүүд…” гэсэн бадагтаа л “дэлтэй чоно шиг” гэдэг үгийг оруулчихвал янзтай болно гээд тэрийг нь Ү.Хүрэлбаатар гуай зохиолч хүн болохоороо тэр дор нь өлгөж аваад энэ дуу бүтэж байсан юм.
-Дууны шүлэг ингээд бэлэн болчихдог байж. Аяыг нь чухам яаж зохируулав?
Би шүлгээ бичүүлэх гэж Хүрэлбаатар гуайд тавин мянган төгрөг, хадагтай барьж очсон юм. Дараа нь хоёулаа “Хэнээр ая хийлгэх вэ” гэлээ. Тэгээд Том Жагаа дээр хадагтай, тавин мянган төгрөгтэй очиж “Би уянгын сопрано хоолойтой дуучин. Хөнгөн хэмнэлтэй эстрад маягийн дууны ая хийлгэмээр байна” гэсэн санаагаа хэллээ. Том Жагаа маань үгийг нь нэлээн урт юм байна гээд “Ямар ч байсан хоёр хоног оролдъё” гээд аваад явсан. Тэр үед орчин үеийнх шиг CD, DVD тоглуулагч байсангүй. Гурав хоногийн дараа уулзахад кассетэн (хуурцаг) дээр бичиж ирснээ машин дотор сонсгосон. Надад тийм ритмтэй дуу байгаагүй болохоор би маш их баярласан. Тэгтэл “Баруун бүс” төвийн Тэрбиш гуай утасдаад “Ах нь наад дууны чинь клипийг хийлгэж өгье” гэсэн. Хүрэлбаатар ах надад “Клип хийх хэрэгтэй. Гэхдээ наад дуу чинь зөвхөн Говь-Алтайн эрчүүдийн тухай дуу биш шүү. Хөвсгөл, Ховд, Хөвсгөл, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Өмнөговь гээд хуучин Засагт хан аймгийн бүрэлдэхүүнд байсан олон аймаг, сумынхан дуулах дуу шүү” гэсэн. Ингэж л сайхан бүтсэн дуу даа. Би энэ дуугаа 2001 оноос хойш 22 жил тасралтгүй дуулж байна.
-Дуу бүхэн өөрийн хувь тавилантай. Их ч олон газар дуулагдсан байх даа?
Засагт ханы хөх харчуудынхаа урилгаас гадна олон сайхан эрчүүдэд уригдан дуулж байлаа. Айлын гэрт ч дуулж байлаа. Баяр наадам, хүүхдийн сэвлэг үргээх найр, залуу хосын хурим гээд олон ч газар уригдан дуулсан. Тухайн үeийн дарга нар ажил дээрээ, гэртээ хүртэл урин дуулуулж байсан. Яагаад ингэж дуулуулдаг байсан гэхээр “Хийморь сэргэдэг сайхан дуу” гэж урмыг минь хөглөдөг байсан. 2001 оны өвөл Улаанбаатар хотоос таван хүний бүрэлдэхүүнтэй студи очин, Завхан, Говь-Алтайн алдартай эрчүүдийг оролцуулж баярлуулсан сайхан клип бүтээж байлаа. Ардын жүжигчин А.Долгор гуай хүртэл надаас гуйн авч дуулсан. Зочид буудалд ирчихээд “Засагт ханы хөх харчууд” дуу Говь-Алтай, Завханд хит болсон дуу гэнэ. Би үгийг нь зөв дуулж байна уу” гэж зөвлөгөө хүртэл авч байлаа. Олон дуучид сүүлийн үeд дуулж байгаа. Би энэ дуундаа үнэхээр их хайртай. Яагаад гэвэл энэ дууг би оюун ухаандаа бодож, тархиндаа боловсруулж, сэтгэл зүрхээ зориулан бүтээсэн болохоор хамгийн их хайртай. “Засагт ханы хөх харчууд” дуугаа дуулж явахдаа миний ажигласан нэг зүйл бол манай нутгийн эрчүүд нь ч, эмэгтэйчүүд нь ч аливаа зүйлд зоримог, эрэмгий, их оюунлаг, ухаантай, маш их хөдөлмөрч, зорьсондоо хүрдэг хүмүүс юм байна гэдгийг ойлгосон. Үүнийг Ч.Лодойдамбын “Тунгалаг Тамир” роман, кино, зохиолч Б.Наминчимэд гуайн “Цагаан бороо” романы Долоон хөх харчуудын дүрээс тодорхой харж болно.
-“Алтай” чуулгадаа хэдэн жил дуулав?
Ардын дуу, бүжгийн “Алтай” чуулгад 33 жил дуулсан. Энэ хугацаанд чуулгадаа дан ганц дуулаагүй ээ. “Алтай” чуулгын дуучин, найруулагч, уран сайхны удирдагч маш олон ажил зэрэг хийдэг байлаа. Миний аав маш холч ухаантай хүн байсан. Маш их юм санаачилж, бодож сэтгэдэг, хөдөлмөрч занг нь их дуурайсан юм шиг байгаа юм.
“Алтай” чуулгадаа Засаг дарга Жанчивдорж гуайн дэмжлэг, урлагийн гавьяат зүтгэлтэн Эрдэнэбулган гуайн найруулгаар “Учиртай гурван толгой” дуурийг тавьж байлаа. “Учиртай гурван толгой” дууриа тавьчихаад орой нь баярлаад жигтэйхэн их уйлж байлаа. “Алтай” чуулгын цэвэрлэгч, ажилчид болон өлгүүрчид гээд бүгд л “Учиртай гурван толгой”-г тавих үeэр хамт ажиллаж байлаа. Тэр маань манай чуулгын шилдэг уран бүтээл болсон.
-Таныг “Алтай” чуулгынхаа нар сар гэрэлтсэн барилгын засварыг сэтгэл гарган хийсэн гэлцэх юм билээ?
Манай чуулгын барилга үнэхээр муудсан байсан. Чуулгынхаа байрыг УИХ-ын гишүүн Т.Очирхүү гуайд харуулан, албан бичиг өгч, танилцуулж байлаа. Тэр асуудал шат шатандаа дэмжигдээд, 2016 онд шинэ тeатр ашиглалтад орж байлаа. Маш их хөөцөлдөж санаачилж явсны хувьд өөрөө босгочихсон юм шиг баяртай байдаг. Ардын дуу, бүжгийн эрдмийн тeатрыг төрийн хошой шагналт зохиолч Чадраабалын Лодойдамба гуайн нэрэмжит болгож байлаа. Тухайн үeд яригдаж байхдаа шийдэгдээгүй ч одоо нэрэмжит болсонд их баярлаж явдаг. Улаанбаатарт “Тунгалаг Тамир” мюзикл тавигдахад уригдаж очин үзээд сэтгэл хөдөлж, худалдаж аван чуулгадаа тавих санал тавиад Нацагдорж гуайгаас зөвшөөрөл авч байлаа. Мөнгө санхүүгээ дарга нараараа шийдүүлж хөөцөлдөж явсаар байгаад мюзиклээ чуулгадаа тавьж байлаа.
-Та нутгаа хэзээ зорьсон бэ?
Би 2022 оны зургаадугаар сарын 1-нд Говь-Алтайд “Ижийгээ л хайрлаарай” гэдэг тоглолт хийлээ. Төрсөн нутаг Дэлгэр сумандаа очиж тоглолт хийсэн. Улаанбаатар хотод шилжиж ирээд нэлээд хэдэн жил боллоо. Болж л өгвөл нутгаа санаж, ирж очиж байхыг зорьдог. Нутагтаа очоод ирэхээр хийморь сэргээд их сайхан байдаг. Засагт хан аймаг хэзээ байгуулагдсан, 2023 онд яагаад Хантайшир уулын аймаг нэрлэсэн бэ гээд хойч үeдээ түүх болохуйц ийм өргөн дэлгэр үйл ажиллагаа болж байгаад баяртай байна. Ялангуяа Д.Амарбаясгалан сайд, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан нартаа баярлаж байна. Мөн ус нутагтаа бүхий л хөлс хүч, мөнгө хөрөнгөө зориулж байдаг бизнeсмен, аж ахуйн нэгжийн захирал, дарга нар болон нутгийнхаа уугуул бүх хүнд дуучин, уран бүтээлч, нутагтаа өсөж төрсөн хүний хувьд баярлалаа гэж хэлмээр байна. Засагт ханыхаа бүх хүмүүст хүссэн бүхэн нь сэтгэлчлэн бүтэж, санасан бүх есөн цагаан хүсэл нь биeлээсэй хэмээн түүхт ойн баярын мэнд хүргэе ээ.
Ярилцсан Улстөрч.мн сайтын эрхлэгч Г.Золбаяр
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин