Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2024.05.01/ хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн, Ажлын хэсэг хуулийн төслийн 9 дүгээр зүйлийн 9.18 дахь хэсгийг хасах саналтай байгааг танилцуулсан. Байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42.2.3 /нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж дэмжигдсэн боловч уг саналаар Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дахин санал хураалгах шаардлагатай гэж үзсэн./-т заасны дагуу дээрх хэсгийг хасах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь дэмжиж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Дараа нь Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан. Эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гараагүй бөгөөд хуулийн төслүүдийг эцэслэн батлах нь зүйтэй хэмээн үзэж Байнгын хорооны танилцуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд хүргүүлэхээр тогтов.
Мөн хуралдаанаар Чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн батлав.
Төрийн албаны зөвлөлийн хууль тогтоомжоор хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлсэн талаарх 2023 оны тайланг Төрийн байгуулалтын байнгын хороо 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн юм. Үүнтэй холбогдуулан Байнгын хорооноос холбогдох байгууллагуудад чиглэл өгөх нь зүйтэй хэмээн үзэн тогтоолын төслийг боловсруулсан байна. Тогтоолоор Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийг хангахтай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт дээрх даалгажээ.
“Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид нэмэгдэл олгох тухай”, “Төрийн албан хаагчид шагнал олгох тухай”, “Ажлын гүйцэтгэлийн үнэлгээ, улирлын ажлын үр дүнг үндэслэн мөнгөн урамшуулал олгох тухай”, “Төрийн албан хаагчид нөхөх төлбөр олгох тухай”, “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох тухай”, “Албан үүргээ гүйцэтгэх явцад төрийн албан хаагчийн амь нас хохирсон тохиолдолд ар гэрт нь нэг удаагийн буцалтгүй тусламж олгох тухай”, “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэхэд цалин, урамшуулал олгох тухай”, “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”, “Төрийн албан хаагчийн улсын нэгдсэн тоо бүртгэл хөтлөх, мэдээлэл авах тухай”, “Сургалтын агуулга, хөтөлбөр батлах тухай”, “Төрийн улс төрийн албан тушаалд ажилласан хугацааг төрийн захиргааны албан тушаалын зохих ангилалд ажилласан хугацаанд дүйцүүлэн тооцох тухай” дүрэм, журмыг хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөхийг даалгасан байна.
Мөн Монгол Улсын Их Хурлын 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн “Төрийн албаны зөвлөлийн ажлын албаны бүтэц батлах, орон тооны дээд хязгаарыг тогтоох тухай” 07 дугаар тогтоолын хэрэгжилтийг ханган, Сургалт судалгаа, мэдээллийн нэгдсэн сангийн нэгжийн үйл ажиллагааны төсөв, санхүүжилтийг шийдвэрлэх, Засгийн газраас байгуулагдаж буй хороо, зөвлөл, комиссын Ажлын албанд ажиллаж буй албан хаагчийн албан тушаалын ангилал, зэрэглэлийг хууль тогтоомжид нийцүүлэн 2024 онд багтаан тогтоох талаар тусгажээ.
Төрийн албаны зөвлөлд Улсын Их Хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журам батлах тухай” 20 дугаар, 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журам батлах тухай” 21 дүгээр тогтоолыг хуульд нийцүүлэн нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг 2024 оны 6 дугаар сард багтаан Байнгын хороонд ирүүлэхийг даалгажээ.
Үргэлжлүүлэн Үндэсний аудитын газраас Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн 2021-2023 оны үйл ажиллагаанд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайланг сонсов.
Гүйцэтгэлийн аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудиторын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Загджав танилцуулсан юм.
Тэрбээр, МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл нь 2021-2023 оны хооронд хэлэлцвэл зохих зарим асуудлыг цаг тухайд нь шийдвэрлээгүйгээс байгууллагын санхүү, төсөв, хүний нөөцийн удирдлагын хүрээнд өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг доголдуулах эрсдэл үүсгэж, зарим тогтоол нь эрх зүйн маргаан дагуулж, засаглалын хувьд тогтворгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн байна.
МҮОНРТ-ийн 2019-2023 оны стратегийн төлөвлөгөөний дэвшүүлсэн зорилго, зорилтын хэрэгжилт тодорхойгүй, үр дүнг тайлагнаагүйгээс үнэлж, дүгнэх боломжгүй байна.
Хөтөлбөрийн бодлогыг үндсэн зорилгод нийцүүлэн тэнцвэртэй бэлтгээгүй, шинжлэх ухаан, хүүхэд, танин мэдэхүйн, залууст зориулсан цэнгээнт хөтөлбөрийн эфирийн цагт эзлэх хувь бага, хөтөлбөрийн бодлогод хяналт тавих хэлбэр тодорхойгүй, хэрэгжилт хангалтгүй байна.
Мөн сүүлийн гурван жилд зар сурталчилгааг хуульд заасан хувь хэмжээнээс хэтрүүлэн түгээсэн бөгөөд зар сурталчилгаа болон захиалгат нэвтрүүлгийн гүйцэтгэлд тавих дотоод хяналтын тогтолцоо бүрдээгүйгээс байгууллагад төвлөрөх орлогод сөргөөр нөлөөлж, алдаа зөрчил үүсгэх нөхцөл бүрдүүлж байна.
МҮОНРТ-ийн үйлчилгээний хөлсний үнийн шинэчлэлийг хийх талаар өмнөх аудитаар өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлээгүй, улсын төсвийн дэмжлэг буурсан зэргээс алдагдал, өр төлбөрийн хэмжээ өссөн байна.
Телевизийн нэвтрүүлгийн үйлчилгээний хөлс, захиалгат нэвтрүүлгийн тарифын шинэчлэл хийгдээгүй байхад эх үүсвэрийн дутагдлыг нөхөх зорилгоор өөрийн орлогыг жил бүр нэмэгдүүлэн төлөвлөж байгаа нь арилжааны телевизүүдтэй өрсөлдөөнд орох, орлого олох үйл ажиллагаанд хэт анхаарал хандуулах сул талыг үүсгэж, улмаар олон нийтийн радио, телевизийн үнэт зүйл, хуулиар хүлээсэн үндсэн зарчим, нийтлэл, нэвтрүүлгийн бодлого алдагдах нөхцөлийг бүрдүүлж байна.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтын төсөв 2018 оноос хойш олгоогүйгээс барилга байгууламж, инженерийн дэд бүтцийн засвар ашиглалт, нөхөн сэлбэлт, шинэчлэлтийн ажлуудыг цаг тухай бүр гүйцэтгэх боломжийг алдагдуулж, хэвийн үйл ажиллагаанд доголдол үүсэх эрсдэлийг бий болгож байна.
МҮОНРТ нь газар, зам талбай, барилга, байгууламжийн хүрэлцээ сайтай боловч зарим хөрөнгийн ашиглалтыг сайжруулах, зөвшөөрөгдсөн түвшинд эдийн засгийн эргэлтэд оруулж, элэгдлийн зардлыг нөхөх, байгууллагын алдагдлыг бууруулж, үр дүнг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаагүй байна.
Мөн эд хөрөнгийн өмчлөлийн эрх, бүртгэл, тайлагналтай холбоотой материаллаг хэмжээний асуудлыг шийдвэрлээгүй, зарим тэвчиж болох зардлыг бууруулах арга хэмжээ аваагүй, худалдан авах ажиллагааны хэрэгжилт холбогдох хуульд бүрэн нийцэхгүй байна хэмээн танилцуулав.
Мөн аудитын дүнд үндэслэсэн 15 зүйл бүхий дүгнэлт, аудитаар илэрсэн асуудлыг шийдвэрлэхийн тулд авч хэрэгжүүлэх зөвлөмжийг танилцуулсан. /Гүйцэтгэлийн аудитын тайлантай эндээс танилцана уу. /
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд энэхүү аудитын шалгалтыг байнгын хорооноос албан ёсоор хүсэлт тавьж хийлгэсэн гэдгийг онцлоод, ажил нь хуулийн дагуу явдаггүй, гүйцэтгэх удирдлага нь дураараа загнасан олон үйлдэл гаргаснаас байгууллагад их хэмжээний алдагдал учирсан, Үндэсний зөвлөл, гүйцэтгэх удирдлагын хооронд зөрчилдөөнтэй, хууль зөрчсөн олон үйлдэл гарч байсан учир энэ шалгалтыг оруулсан гэлээ. Байнгын хорооноос 2022 оны 04 дүгээр сард тус байгууллагатай холбоотой асуудлыг хэлэлцээд Үндэсний олон нийтийн радио, телевизэд чиглэл өгсөн ч хэрэгжээгүй, түүний дараа Байнгын хорооноос ажлын хэсэг байгуулан ажилласныг дурдсан.
Байнгын хорооноос байгуулсан ажлын хэсгийг ахалж ажилласан УИХ-ын гишүүн М.Оюунчимэг Ажлын хэсгийн дүгнэлтийг танилцуулсан.
Аудитын тайлан болон Ажлын хэсгийн ахлагчийн дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд эцэст нь Чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолыг хэлэлцэн баталлаа.
Уг тогтоолоор Төрийн байгуулалтын байнгын хорооны “Чиглэл өгөх тухай” 2022 оны 04 дүгээр тогтоолын хэрэгжилт хангалтгүй байгааг тэмдэглэн, дээрх тогтоолын хэрэгжилтийг хангах, Үндэсний аудитын газраас Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн 2021-2023 оны үйл ажиллагаанд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайланд заасан алдаа, зөрчлийг арилгах хүрээнд тодорхой арга хэмжээ авч ажиллахыг Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөл, Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Хяналтын зөвлөлд чиглэл өгч, Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захиралд үүрэг болгосон юм.
Тухайлбал, Засгийн газарт Олон нийтийн радио, телевизийн тухай хуульд заасны дагуу телевизийн нэвтрүүлгийн үйлчилгээний хөлс, түүний хэмжээг шинэчлэн тогтоох, аудитын зөвлөмжийг хэрэгжүүлэх, Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардагдах санхүүгийн дэмжлэгийг бодит нөхцөл байдалд тулгуурлан төсөвт тусган олгох, гүйцэтгэлд хяналт тавих арга хэмжээ авахыг чиглэл болгосон.
Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлд хуульд заасан эрх зүйн хэм хэмжээ, зарчмыг дагаж мөрдөх, хяналт болон удирдлагыг оновчтой хослуулж, байгууллагад үр дүнтэй хамтран ажиллах эерэг соёл, манлайллыг төлөвшүүлэх, хөтөлбөрийн бодлогод хяналт тавих, радио, телевизийн техник, технологийн сүлжээг хөгжүүлэх, техникийн хангамжийн бодлогыг тодорхойлох чиг үүргээ хэрэгжүүлж ажиллах, эрх зүйн зөрчилтэй тогтоол, шийдвэр гаргахгүй байх зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийг чиглэл болгосон.
Түүнчлэн Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Засгийн газарт чиглэл өгөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу Улсын Их Хурлын нийт гишүүдийн тоо 126 болж нэмэгдсэнтэй холбогдуулан Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр байгуулагдах Улсын Их Хурлын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөл, боломжоор хангах зайлшгүй шаардлагыг харгалзан холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгахаар тусгажээ.
Улсын Их Хурлын хэвийн ажиллах нөхцөлийг хангах зорилгоор Засгийн газрын Хэрэг эрхлэх газрыг Тагнуулын ерөнхий газрын одоогийн байрлаж буй байранд шилжүүлэн байршуулах, Тагнуулын ерөнхий газрыг Хөшигийн хөндийн “Шинэ зуун мод” хотын бүтээн байгуулалтын хүрээнд шинээр төлөвлөгдөж буй Засгийн газрын байгууллагуудын нэгдсэн байрны цогцолборт байршуулахаар зохион байгуулах, Засгийн газрын байгууллагуудын нэгдсэн байрны цогцолборын техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийг холбогдох дэд бүтэц, Их тэнгэрийн болон Номтын амны ерөнхий төлөвлөлттэй нягт уялдуулан цогц төсөл байхаар төлөвлөж, барилга угсралтын ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу Тагнуулын ерөнхий газарт хариуцуулан хэрэгжүүлэх зэрэг асуудлыг төсөлд тусгасан байна.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг дэмжин, санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Дараа нь Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийн талаарх холбогдох байгууллагуудын мэдээлэл сонсов.
Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, СЕХ Улс төрийн намын тухай хуульд заасан чиг үүрэг бүхий нэгжийг бий болгосон. Улс төрийн намын санхүүжилт, мониторингийн газар, Улс төрийн намын мэдээлэл арга зүйн газар гэсэн нэгжүүд байгуулж, түүний албан хаагчдыг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Улсын Дээд шүүх, Сангийн яам, Үндэсний аудитын газар болон иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран чадавхжуулах ажлыг хийж байна. Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг бүрэн хангах зорилгоор Улсын дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн намуудтай шууд харилцах, мэдээлэл шуурхай солилцох ажилтныг нам тус бүрээс томилуулан хамтран ажиллаж байгаа. Улс төрийн намын тухай хуулийн онцлог зохицуулалтуудын талаар иргэд, хэвлэл мэдээллийн байгууллага, намын бүх шатны байгууллагад мэдээлэл өгөх зорилгоор НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр УИХ-ын Тамгын газар, иргэн, нийгмийн байгууллагуудтай хамтарч 2023 оноос хойш орон нутгийн бүх засаг захиргааны нэгжүүдэд сургалт хийсэн. Хуулийн үзэл баримтлал, хэрэгжүүлэхэд анхаарах асуудлаар Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 37 намын удирдлага, холбогдох албан тушаалтанд мэдээлэл өгөх уулзалт сургалтыг 4 удаа зохион байгуулж, харилцан хамтран ажиллах арга хэлбэрүүдээ тогтсон гэсэн мэдээллийг өгсөн. Тэрбээр зохион байгуулж буй сургалтууд, хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр хийж буй ажлууд болон намын санхүүгийн тайлангийн ил тод байдлыг хангах, цахим хэлбэрт шилжүүлэх, хүлээн авах, тайлагнах үйл ажиллагааг ил тод, хүндрэлгүй зохион байгуулах чиглэлээр хийж буй ажлын талаар танилцуулсан.
Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга С.Заяадэлгэр, Улс төрийн намын тухай хууль шинэчлэн батлагдсантай холбоотойгоор Улсын дээд шүүхээс улс төрийн намын бүртгэлийн журмыг баталж, мэдээлсэн. Мөн хуульд заасны дагуу улс төрийн намын бүртгэл хөтлөх бүтцийн нэгжийг байгуулж үйл ажиллагаандаа орсон гэсэн мэдээллийг өгсөн. Тэрбээр, өнөөдрийн байдлаар Улсын дээд шүүхэд шинэ нам үүсгэн байгуулах гурван өргөдөл, намын даргын өөрчлөлтийн бүртгэлтэй холбоотой таван өргөдөл, намын дүрмийн өөрчлөлтийн долоон өргөдөл ирсэн. Эдгээрийг шийдвэрлэн ажиллаж байна. Улс төрийн 37 намын мэдээллийг хуульд заасан чиг үүргийн дагуу шинэчлэн СЕХ, улсын бүртгэлийн байгууллагатай мэдээлэл солилцон хамтран ажиллаж байна хэмээлээ.
Үндэсний аудитын газрын Санхүүгийн аудитын газрын дарга Я.Самбууням, Улс төрийн намын тухай хууль шинэчлэн батлагдаж, төрийн аудитын байгууллагын оролцооны хэлбэр, хугацаа, шалгуур, сонгуулийн байгууллагад улс төрийн намуудтай харилцах харьцааны талаар нарийвчилсан зохицуулалт орж ирсэн. Шинэчилсэн хуулийн дагуу ажлаа төлөвлөж байна. Сонгуулийн төв байгууллагын 2025 оны төсвийн төслийг улс төрийн намд олгох санхүүжилтийг сонгогчийн тоо, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, намуудын тоо зэрэг үндэслэж үнэн зөв төлөвлөсөн эсэхийг хянахаар төлөвлөж байна. Мөн намд төрийн санхүүжилт олгох төрөөс үзүүлэх шууд бус дэмжлэгийг шийдвэрлэх намын санхүүгийн тайлан болон үйл ажиллагааны товч тайланг хянах, дүгнэлт гаргах, тайлагнах, нийтэд мэдээлэх, намын баримт бичиг, мэдээллийг цахим хуудсанд байршуулах, шинэчлэх, хариуцлага тооцохтой холбоотой журамд санал өгөх талаар судалж байна гэлээ. Тэрбээр, Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль өөрчлөгдсөнтэй холбогдуулаад сонгуулийн хуульд заагдсан зарим чиг үүргийг хэрхэн хэрэгжүүлж буй талаар тодорхой мэдээлэл өгсөн.
Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын дарга Б.Болормаа Санхүү төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага намын санхүүгийн тайлангийн бүтэц, агуулга, хөрөнгө, орлого, зарлагын ангиллын тодорхойлон тайлагнах журмыг сонгуулийн төв байгууллагатай хамтран хуульд нийцүүлэн батална гэж хуульд заасныг дурдаад, энэ хүрээнд хэрэгжүүлж буй ажлаа тайлагнасан.
Жендэрийн үндэсний хорооны нарийн бичгийн дарга, Ажлын албаны дарга Т.Энхбаяр, Жендэрийн үндэсний хороо тайлан хүлээн авч, СЕХ-нд хүргүүлэхээр хуульд заасны дагуу намаас авах тайлангийн маягтыг Үндэсний статистикийн хороогоор батлуулахаар ажиллаж байгаа гэлээ. Энэ хүрээнд улс төрийн намын бүх шатны байгууллагын хүйсийн тэнцвэрт байдлын тайлан мэдээ, аймаг, нийслэл дэх улс төрийн намын байгууллагын хүйсийн тэнцвэрт байдлын мэдээ, сум, дүүргийн улс төрийн намын байгууллагын хүйсийн тэнцвэрт байдлын бүртгэлийн мэдээ, улс төрийн намаас нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааны дэмжлэг үзүүлсэн тайланг авах маягтыг батлуулахаар Үндэсний статистикийн хороотой зөвшилцөн ажиллаж байгаа аж.
Үндэсний статистикийн хорооны Нийгмийн статистикийн газрын дарга Д.Оюунцэцэг статистикийн мэдээллийг бий болгох хүрээнд өнгөрсөн хугацаанд хийсэн сургалт, санал солилцох уулзалтууд болон бусад ажлын талаар мэдээлэл өгсөн.
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийн талаарх холбогдох байгууллагуудын мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20