Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2024.05.03/ хуралдан Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Хуулийн төслийн талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан танилцуулав.
Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд дараах үндсэн агуулга бүхий зохицуулалтуудыг тусгажээ.
Хотын өөрийн удирдлага нь хотын зөвлөл, хотын захирагч байх бөгөөд тэдгээрийн хотын оршин суугчдаас сонгоно. Ингэснээр оршин суугчид хотынхоо үйл хэрэгт шууд сонгож байгуулсан төлөөллийн байгууллага болон төлөөлөгчдөөр дамжуулан оролцох боломжтой болох төдийгүй хариуцлагын тогтолцоо ч ойлгомжтой болно гэж үзжээ. Хот тосгонд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын зарим чиг үүргийг шилжүүлсний үндсэн дээр хот, тосгон, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн нэгэн адил төрийн үйлчилгээ болон нийтийн аж ахуйн иж бүрэн үйлчилгээг иргэдэд үзүүлэх боломж бүрдэж иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулан тэгш хүртээмжтэй болгохоор төлөвлөжээ. Хотын эдийн засгийн үндэс нь улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгө, түүнчлэн орон нутгийн өмч татварын болон татварын бус орлого, дэд бүтцийн сангийн болон бусад сангийн хөрөнгөөс бүрдэх ба хот нь эдийн засгийн хувьд бие даан хөгжих нөхцөлийг бүрэн хангана гэж үзэж хуулийн төсөл санаачлагчид үзэж буй юм байна. Хот тосгод дүрэмтэй болж хууль тогтоомжоор зохицуулагдаагүй хот тосгоны амьдрал, үйл ажиллагаа, нийгмийн асуудалтай холбоотой зүйлийг оршин суугчдын оролцоотой шийдвэрлэдэг болно гэлээ. Хот бүрдүүлэгч инженерийн болон дэд бүтцийг хөгжүүлэх, дулаан, цахилгаан, холбоо, цэвэр, бохир ус, үерийн хамгаалалтын барилга байгууламжийн инженерийн шугам сүлжээний арчлалт, өргөтгөл шинэчлэлт, эх үүсвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг үйл ажиллагаанд зориулагдах санхүүжилтийг бие даан бүрдүүлэх зорилго бүхий хотын дэд бүтцийн хөгжлийн сантай байхаар тусгажээ.
Хотууд нь хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, орчноо тохижуулах, авто замын түгжрэл, хог хаягдал, орчны бохирдлыг шийдвэрлэхэд иргэд, аж ахуйн нэгж байгууллагын оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн Ногоон хөгжлийн сантай байх аж. Хот байгуулах тухай УИХ-ын тогтоолын төсөлд “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хот хөдөөгийн сэргэлтийн бодлогод нийцүүлэн Дархан, Эрдэнэт, Зуунмод, Шинэ Хархорин, Налайх, Багануур гэсэн улсын зэрэглэлтэй зургаа, орон нутгийн зэрэглэлтэй 34, дагуул 4 хотыг байгуулж бие даан хөгжүүлэхээр төлөвлөжээ.
9 дүүрэг 204 хороотой. Нийслэл Улаанбаатар хотыг 14 хот, 42 хороотойгоор шинэчлэн зохион байгуулж, 214 Засаг даргатай байсныг 4 дахин цөөрүүлэхээр тооцсон байна. Ингэснээр чиг үүргийн төвлөрөл буурч хотын оршин суугч амьдарч байгаа газраасаа 20 минутын газарт сургууль, цэцэрлэг, эмнэлэг, нийтийн тээврийн үйлчилгээний буудал, цэцэрлэгт хүрээлэн, худалдаа үйлчилгээний болон бусад нийгмийн үйлчилгээг авч байхаар “20 минутын хот” стандарт төлөвлөлтийн концепцыг хэрэгжүүлэх боломж бүрдэж байгаа хэмээн танилцуулав. “20 минутын хот” стандарт хэрэгжсэнээр иргэдийн төрийн үйлчилгээг авах, амьдрах орчноо сайжруулах илүү боломж бүрдэнэ гэж үзэж байгаа аж.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин долдугаар зүйлд, Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг, нийслэлд, аймаг нь суманд, сум нь багт, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдана гэж заасан байгаа. Өргөн барьсан хуульийн төсөлд 14 хот байгуулахаар тусгажээ. Энэ Үндсэн хуультай зөрчилдөхгүй юу хэмээн асуусан. Тэрбээр нийслэлтэй холбоотой асуудал Нийслэлийн эрх зүйн байдлын хуулиар, хот тосгоны асуудал Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулагдах учиртай. Гэтэл нийслэл, хот хоёроо хольчихоод байна гэж харж байна гэлээ. Мөн аймгуудын төвүүдийг хот болгож байгаа юм байна. Ингэхдээ аймгийн төвүүдийг зэргэлдээ байгаа сумдуудтай нь нэгтгэн хотоо байгуулж эдэлбэр газрынхаа хэмжээг томруулах ёстой юм. Аймгууд яагаад хөгжихгүй, Эрдэнэт, Дархан чинь яагаад хөгжихгүй байгаа юм гэвэл эдэлбэр газаргүйд байгаа юм. Эдэлбэр газартай холбоотой асуудлуудыг хуулийн төсөлд хэрхэн тусгасан бэ хэмээн тодруулсан. Бүтэц зохион байгуулалтын хувьд хотууд нь улсын зэрэглэлтэй хот, тэр нь хороонд хуваагдах юм байна. Улсын зэрэглэлтэй хороодын дунд нэгж байхгүй болох нь. Тэгэхээр Шарын гол, Орхон аймгийн Улаантолгой, Жаргалан сумыг хэрхэх вэ. Бүгд хороо болох уу гэж лавлав. Түүнчлэн эрх шилжүүлэх асуудал, хуулийн хэрэгжих хугацааны талаар тодруулсан.
Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, эдийн засгийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг, Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу нийслэл нь засаг захиргаа нэгжийн хувьд дүүрэг, дүүрэг нь хороодод хуваагдах хэвээрээ байгаа. Бид дүүргийн засаг захиргааны нэгжийн чиг үүргийг тус дүүрэг дээр байгуулагдсан хотуудад шилжүүлье гэж байгаа юм. Засаг захиргааны нэгж буюу дүүргүүдийн хэрэгжүүлж байгаа чиг үүргийг шинээр дүүргүүдийн нутаг дэвсгэр дээр байгуулагдах хотуудад шилжүүлж, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах асуудал дээр Үндсэн хуулийн зөрчил байхгүй. Өргөн барьсан хууль, тогтоолын төслүүдэд дүүргүүдийг татан буулгах, өөрчлөх асуудал огт хөндөгдөхгүй. Төвийн 6 дүүрэг хэвээрээ байна. Дээрх дүүргүүд 14 хоттой болж байгаа. 14 хотод 6 дүүргийн чиг үүргийг эдэлбэр газрынх нь хэмжээгээр шилжүүлж, хот нийтийн аж ахуйн асуудлуудаа хариуцаад явах юм. Хөдөө орон нутгийн хувьд онцлогтой. Аймгийн төвүүдийн сумдыг, төвлөрөл бүхий суурин газруудыг орон нутгийн зэрэглэлтэй хот болгох, заримыг нь тосгон болгож хөгжүүлэх бүрэн бололцоотой гэж харж байгаа. Аймгийн төвийн сумыг орон нутгийн зэрэглэлтэй хот болгож хөгжүүлж байгаа бол яг тэр сумын газар нутгийн хэмжээгээр нь эдэлбэр газрыг тогтооё гэж байгаа. Ер нь эдэлбэр газрын заагийг тогтоох асуудлыг нарийвчлах асуудлыг хэрэгжүүлэх чиглэлийг Засгийн газарт өгөх УИХ-ын тогтоолын төслийг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн.
Дархануул аймаг Дархан сум, Шары гол, Хонгор гэдэг 3 сумаа хамарсан байдлаар Дархан хот болж хувирна. Эдэлбэр газрын хэмжээгээрээ Дархан хот улсын зэрэглэлтэй хот болно. Улсын зэрэглэлтэй хот нь орон нутгийн зэрэглэлтэй хоттой байж болно гэж үзэж байгаа. Ингэхээр Шарын голыг дагуул хот, суурин газруудыг тосгон хэлбэрээр, эсвэл хотын хороо гэдэг байдлаар хөгжүүлэх боломжтой гэж харсан. Дархануул аймаг тэр чигтээ Дархан хот болвол Шарын гол гэдэг дагуул хот нь хамтдаа төсвийн хязгаараа батлуулна гэсэн үг.
Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2025 оны 06 дугаар сарын 1-нээс, УИХ-ын тогтоолыг 2026 оны 01 дүгээр сарын 1-нээс хэрэгжүүлнэ гэж тооцсон гэсэн хариултыг өглөө.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжин, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Мөн хуралдаанаар Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм.
Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан танилцуулсан юм.
Тэрбээр, Нийслэл Улаанбаатар хотын хөгжил, хүн амын өсөлт нь хот байгуулалт, төлөвлөлт, байгаль орчин, экологийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, төлөвлөлтгүй суурьшил бий болох, замын хөдөлгөөнд хэт түгжрэл үүсэх, орчны бохирдол нэмэгдэх зэргээр эдийн засаг нийгмийн харилцаанд хүндрэл учирч байгаатай холбоотойгоор бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах. Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, орон зайн оновчтой төлөвлөлт бүхий дагуул хот байгуулах, хотын бүтээн байгуулалт, тогтвортой хөгжлийг дэмжих зорилгоор Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг боловсрууллаа. Хуулийн төсөлд Шинэ Зуунмод хотыг олон улсын нисэх онгоцны буудлийг түшиглэн Төв аймгийн Сэргэлэн, Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт байгуулах бөгөөд засаг захиргааны хувьд Улаанбаатар хотын дагуул хот статустай байхаар тусгасан. Шинэ Зуунмод хот нь амралт, аялал жуулчлал, олон нийтийн худалдаа, үйлчилгээний, засаг захиргааны, оюутны хотхон судалгаа шинжилгээний, тээвэр ложистик, олон улсын нисэх онгоцны буудал, агаарын каргоны аж ахуйн нөөц зэрэг 9 бүстэй байхаар, цааш бүсчлэлийн хуваарийг зөвхөн хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөгөөр тодорхойлохоор төлөвлөж байна хэмээн танилцуулав.
Шинэ Зуунмод хотыг иргэдэд зориулсан ногоон хөгжлийг дэмжсэн ирээдүйн хотын олон улсын концепцын дагуу нэгдсэн төлөвлөлтийн тогтолцоотойгоор байгуулахаар тусгажээ. Тодруулбал, иргэд оршин суугаа газраасаа 20 минутад сургууль, цэцэрлэг, эмнэлэг, нийтийн тээврийн үйлчилгээний буудал, цэцэрлэгт хүрээлэн, худалдаа үйлчилгээний газарт очих “20 минутын хот” стандарт гэсэн концепцын хүрээнд төлөвлөх аж. Хотын хөгжлийн болон газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар ашиглах эрх олгох асуудлыг зөвхөн төсөл сонгон шалгаруулах зарчмаар шийдвэрлэх ба төсөл болон сонгон шалгаруулалтад оролцох этгээдэд тавигдах шаардлага, төсөл шалгаруулах журмыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж батлах юм байна. Шинэ Зуунмод хотын удирдлага нь хотын оршин суугчдаас сонгогдсон хотын зөвлөл, захирагч болон ерөнхий архитектур, хотын хөгжлийн корпорацаас бүрдэх ба зохион байгуулалтын хувьд хороонд хуваарилагдах юм байна. Шинэ Зуунмод хотын хөгжлийн корпорацыг Төв аймаг болон нийслэл хамтран байгуулж, хотын газар хөгжүүлэлт, бизнес хөгжүүлэлтийг хариуцаж, хөрөнгө оруулагчидтай төсөл арга хэмжээг хамтран хэрэгжүүлнэ гэж төлөвлөжээ. Шинэ Зуунмод хотын эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх, бие даан хөгжих баталгаагаар хангах нь төр, нийслэл хот, Төв аймгийн үүрэг байх бөгөөд төрөөс бүтээн байгуулалтын явцад татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх, улсын төсөвт дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг тусгаж батлах, төрийн байгууллагыг нүүлгэн шилжүүлэх гэх мэт дэмжлэг үзүүлэх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан аж. Мөн хот нь төсөвтөө байх тухайн хот дахь татварын орлогын 80 хувийг шинэ Зуунмод хотод, 20 хувийг нийслэл, Төв аймагт хуваарилж зарцуулахаар заасан байна. Хууль батлагдсанаар дагуул хотын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх хүрээнд хөрөнгө оруулалт, татварын таатай орчныг бий болгох,, шинээр ажлын байр бий болгож, ДНБ болон гадаад, дотоодын хөрөнгө оруулалт нэмэгдүүлэх, тээвэр ложистикийн нэгдсэн төвийг байгуулж хөгжүүлснээр орон нутгийн болон бус бүсийн цаашлаад олон улсын логистикийг сайжруулна гэж үзэж буй юм байна. Орон сууцжуулах төсөл хэрэгжүүлж, орон сууцын хангамж нэмэгдэж нийслэлээс иргэд шилжин суурьших, төрийн байгууллага, их дээд сургууль, коллеж, шинжлэх ухааны байгууллагуудыг нүүлгэх нөхцөлийг бүрдүүлнэ хэмээн тооцсон байна. Бүс нутгийн тэнцвэртэй байдлын хөгжлийг хангах бодлогын хүрээнд шинэ Зуунмод дагуул хоттой Төв аймаг нь эдийн засгийн интеграцид нэгдэж тогтвортой хөгжих нөхцөл бүрдэнэ хэмээн танилцуулсан юм.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20