УИХ: Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг дэмжлээ
Үйл явдал
/
2024-05-03

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдөр (2024.05.03)-ийн хуралдаанаар Ажлын хэсэг байгуулах тухай тус Байнгын хорооны тогтоолыг баталлаа. Тогтоолоор, Монгол Улсын Засгийн газраас энэ сарын 1-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулав. Ажлын хэсгийг Байнгын хорооны дарга П.Анужин ахалж, Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа, М.Оюунчимэг, Д.Сарангэрэл, Ж.Чинбүрэн нар ажиллахаар тогтоолд тусгасан байна. Мөн тогтоолоор, холбогдох байгууллагаас мэргэжлийн хүмүүсийг оролцуулж, мэргэжил, арга зүйн туслалцаа авч ажиллахыг Ажлын хэсэгт зөвшөөрөв.

Дараа нь Байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын 13 гишүүн санаачлан, өргөн мэдүүлсэн Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх, эсэх тухай асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд тавив. Тэрбээр илтгэлдээ, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн Алсын хараа 2050 бодлогод хүн амын бүлгүүдийг дэмжих, мөн ахмад настанд үзүүлэх урт хугацааны тусламж үйлчилгээний нэгдсэн цогц тогтолцоог бүрдүүлэх зорилтуудыг тусгасан болон 2017 онд шинэчлэн найруулсан Ахмад настны тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй, үүний дотор ахмад настанд зөвлөгөө өгөх явуулын үйлчилгээ, өдрөөр эмчлэх, асран сувилах зэрэг шинэ төрлийн үйлчилгээг бий болгохоор тусгасан ч санхүүжилт дутмаг, зохицуулалт сулаас хэрэгжихгүй байгаа, мөн нийт хүн амын дотор ахмад настны эзлэх хувь өсөж байгаатай холбогдуулан тэдэнд үзүүлэх урт хугацааны цогц тусламж, үйлчилгээхөдөлмөр эрхлэлтийг дэмжих шаардлага тулгарч буй зэрэг хуулийн төсөл боловсруулах нөхцөл шаардлагуудыг дурдсан юм. Мөн тэрбээр, сүүлийн жилүүдэд гэр бүлийн хүчирхийлэл, тэр дундаа ахмад настны эсрэг үйлдэгдэж буй хүчирхийлэл өсөн нэмэгдэж байгааг тоо баримт дурдан өгүүлж, үүний дотор эдийн засгийн хүчирхийлэл 36 хувийг эзэлж буй талаар онцолсон юм.

Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт Ахмад настны нийгмийн халамжийн тухай, Төрийн албаны тухай, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг 10 гаруй хуулийн төслийг боловсруулсан байна. Төслүүдэд, ахмад настанд үзүүлэх цогц тусламж, үйлчилгээ, асаргааны хувилбарт үйлчилгээасрамжийн болон сэргээн засах үйлчилгээ, эдгээрийн мэргэжлийн удирдлага зэрэг нэр томьёог шинээр тодорхойлж, үнэ тариф, үйлчилгээ үзүүлэх журам, зааврыг эрүүл мэндийн болон ахмад настны асуудал хариуцсан Засгийн газрын гишүүд хамтарч батлах, зардлыг Эрүүл мэндийн даатгалын сан, Нийгмийн халамжийн сан, орон нутгийн төсөв, мөн ахмад настны өөрсдийнх нь оролцоотойгоор санхүүжүүлэхээр тусгажээ. Түүнчлэн, төрийн болон орон нутгийн өмчит барилга, байгууламжид ахмадын өргөө, төв, сэргээн засах нэгж, идэвхтэй насжилтийг дэмжих болон дасгалын клуб, олон нийтийн төв ажиллуулж байгаа бол тухайн барилга, байгууламжийн ус, дулаан, цахилгааны зэрэг ашиглалтын, мөн засварын зардлыг орон нутгийн төсвөөс хэсэгчилж болон бүрэн хариуцахаар тусгасан байна. Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай ахмад настанд жилд нэг удаа түлш худалдан авах, орон сууцны хөлс төлөхөд дэмжлэг үзүүлэх, протез, ортопедийн болон тусгай хэрэгслийн хөнгөлөлтийг таван жилд нэг удаа үзүүлж байгааг гурван жил болгохзөвхөн рашаантай цөөн хэдэн сувилалд 50 хувийн хөнгөлөлттэй үнээр сувилуулж байгааг магадлан итгэмжлэгдсэн сувиллууд болгон өргөжүүлэхасрамжийн үйлчилгээний нэр төрлийг нарийвчлан зааж, тэдгээрийг иргэн, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагаар дамжуулан төлбөрийн хувилбарт нөхцөлтэйгөөр үзүүлэх, мөн байнгын асаргаа шаардлагатай ахмад настныг асарч байгаа иргэний ачааллыг үнэлж, дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлуудыг хуулийн төсөлд тусгажээ.

Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд цааш хэлэхдээ, ахмад настны орлогын тогтвортой эх үүсвэрийг хангах зорилгоор тэднийг үргэлжлүүлэн хөдөлмөр эрхлэхийг дэмжих, эдийн засгийн идэвхийг нь хадгалах, өөрийн чадавхыг амьдралынхаа туршид бүрэн дүүрэн ашиглах, мэргэжил, туршлага, ур чадвартаа түшиглэж залуу үеийг сурган хүмүүжүүлэхийг нь дэмжих чиглэлээр тодорхой, хэрэгжихүйц заалтуудыг тусгасан тухай онцолж, хуулийн төслийг боловсруулах хүрээнд ахмад настнууд, тэдэнд үйлчилдэг төрийн, төрийн бус болон хуулийн байгууллагууд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын Ахмадын холбоо зэрэг олон талын оролцоотой уулзалт, хэлэлцүүлгийг удаа дараа зохион байгуулж, санал авсан гэсэн юм.

Хуулийн төсөл санаачлагчийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг үг хэлж, ахмад настны сэтгэл зүйн бэлтгэлийг хангах, өөр хооронд нь уулзуулж, санал бодлоо солилцох боломжийг бүрдүүлэх, ганцаардуулахгүй байх олон төрлийн үйлчилгээг хороо, сум, багт бий болгох шаардлагатайг онцолсон юм. Хуульд одоо байгаа хэрнээ хэрэгждэггүй аж ахуйн нэгж, байгууллага цалингийн сангаасаа ахмадын санд хөрөнгө төвлөрүүлэх зохицуулалтын хэрэгжилтийг хангах талаар шаардлага тавьж ажиллах, ахмад настны туршлагыг ашиглах зөвлөх үйлчилгээг өргөжүүлэх нь зүйтэй гэв.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн ахмад настнуудын эрүүл мэнд, сэтгэл санаатай холбоотой олон асуудал байдгийг дурдаж, рашаан сувиллаар л нэг аргалахаас өөр олигтой дэмжлэг байхгүй байна гэлээ. Тэрбээр, Геронтологийн үндэсний төв ахмадын асрамж, хамгааллын асуудлыг манлайлах учиртайг чухалчлан дурдсан бол Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат, 2022 онд тус төвд очиж үзэхэд үйлчилгээ үзүүлэх нь бүү хэл эмч нь суух өрөөгүй байсныг өгүүлж, үүнд холбогдох байгууллага, албан тушаалтнууд анхаарал хандуулах шаардлагатайг тэмдэглэсэн юм. Тэрбээр, ахмадын сангийн талаарх хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлэх, орон нутагт амьдардаг харъяалах байгууллагагүй ахмад настнуудын асуудлыг хөндөв. Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын сангийн хөрөнгийг эрүүл мэнд, боловсрол, орон сууцны хангамжийн чиглэлээр зарцуулахаар хуульд тусгасны дотор ахмад настны эрүүл мэндийн үйлчилгээг хамруулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа тэрбээр хэлэв.

Нийгмийн бодлогын байнгын хорооны Ажлын хэсэг 2022 онд төрөөс үзүүлж байгаа халамж, асрамжийн үйл ажиллагаа болон холбогдох хуулийн хэрэгжилттэй танилцаад Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоол гаргасныг Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа сануулж, энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих боломж олгохыг Байнгын хорооны дарга П.Анужингаас хүссэн юм. Тухайн үед ахмад настнууд, бид тэтгэврээ үр хүхэд, гэр бүлийнхэндээ өгчихдөг, өөрсдөө зарцуулах мөнгөтэй баймаар байна гэсэн санал хэлж байсныг тэрбээр дурдаж, асрамжийн даатгалын талаарх Япон Улсын туршлагыг судалж байсны хувьд энэ хуулийн Ажлын хэсэгт орж ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Мөн тэрбээр, ахмад настнуудад үзүүлэх халамж, асрамжийн талаар төрийн болон олон нийтийн байгууллага, аж ахуйн нэгж, албан газар, гэр бүл, үр хүүхдийн үүрэг хариуцлагыг хуулийн төсөлд нарийвчлан зааж өгөх зайлшгүй шаардлагатай гэлээ. Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, тэтгэврийг 20 жил хамт амьдарсан тохиолдолд өвлөгддөг байх хуулийн зохицуулалтад ахмад настнууд шүүмжлэлтэй хандаж байгаа талаар онцолж, засаг захиргааны анхан шатны нэгж дээр тэдэнд зориулагдсан байр сав, үйлчилгээний газар байхгүй байгааг дурдсан юм.  Хуулийн хэрэгжилт анхан, дунд шатанд ихээхэн сул байгааг тэрбээр дээрх жишээгээр дэлгэрүүлж, ахмадын өргөө бий болгох, тэднийг хөдөлмөрлөх нөхцлөөр хангах, тэтгэдрийн хэмжээг нэмэгүүлэх, асрамж, халамжийн мэргэжилтнүүд, боловсон хүчний нөөцийг бэхжүүлэх зэрэг олон асуудлын хэрэгжилт хангалтгүй байгааг ярив.

Улсын Их Хурлын гишүүдийн хөндсөн гол гол асуудлуудыг хуулийн төсөлд тусгаад байгааг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд дурдаад, хэлэлцүүлгийн явцаж орхигдсон зүйлсийг гүйцээн бүрдүүлж, сайжруулах боломжтой гэсэн юм. Хуулийн төсөлд шингээсэн гол концепц бол ахмад настны асуудлыг ганцхан улс хариуцах бус, хүн ам улам насжиж байгаа энэ үед байгууллага, компаниуд, хувийн хэвшлийнхэн төртэйгөө хамтраад, эс бол хувийн хэвшил дангаараа нийгмийн хариуцлагынхаа хүрээнд асрамж, халамжийн үйл ажиллагаа явуулдаг, түүнийг нь төр урамшуулдаг, дэмждэг байх зохицуулалт юм гхэмээн тэрбээр хариулав.

Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 88.9 хувь нь дэмжив

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.98.60)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.