Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2024.05.02) үдээс хойшхи нэгдсэн хуралдаан Эмийн үнийн өсөлтийн шалтгаан нөхцөлд Улсын Их Хурлын Хянан шалгах Түр хорооноос хяналт шалгалт хийсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн батлах санал хураалтаар эхлэв. Энэ асуудлыг чуулганы үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцэн, Улсын Их Хурлын гишүүд асуулт, асууж, үг хэлж дууссан юм. Хэлэлцүүлгийн явцад Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан саналыг тусгаж, тогтоолын төслийг эцэслэн найруулах нь зүйтэй талаар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар чиглэл өгөв. Санал хураахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 53.8 хувь нь дэмжсэнээр тогтоолын төслийг Улсын Их Хурлын тогтоол батлагдлаа. Тогтоол батлагдсанаар, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн дагуу Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлд хяналт шалгалт явуулах үүрэг бүхий Хянан шалгах түр хороог татан буугдсанд тооцов.
Чуулганы хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай болон Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.
Хуулийн төслүүдийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцуулсан юм. Тус Байнгын хороо хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг өчигдөр буюу 2024 оны тавдугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган, агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэжээ.
Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй тул Монгол Улсын Их Хурлын тухай болон Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.
Дараа нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг хийх үед дэмжигдсэн нэг саналаар дахин санал хураалгах шаардлагатай гэж Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд үзсэн талаар онцлов. Байнгын хорооны хуралдаанаар тухайн саналаар дахин санал хураахад гишүүдийн дийлэнх олонх дэмжжээ.
Чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул Байнгын хорооноос гаргасан хуулийн төслийн 9 дүгээр зүйлийн 9.18 дахь хэсгийг хасах саналаар санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Иймд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар холбогдох Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.
Засгийн газраас 2024 оны дөрөвдүгээр сарын 17-нд өргөн мэдүүлсэн Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх, эсэх тухай асуудлыг хэлэлцэв. Хуулийн төсөл санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд, дэслэгч генерал Г.Сайханбаяр танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, хуулийн төсөлд, зарим нэр томьёоны тодорхойлолт болон энхийг дэмжих ажиллагааны удирдлага, зохион байгуулалттай холбогдох зохицуулалтыг нарийвчлан тогтоож, Монгол Улсын Их Хурал, Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Зэвсэгт хүчий жанжин штабын дарга болон цагдаагийн төв байгууллагын даргын бүрэн эрх, цэрэг, цагдаагийн баг, багийн захирагчийн нийтлэг эрх, үүрэг, энхийг дэмжих ажиллагаанд оролцогч цэрэг, цагдаагийн алба хаагч, багийн нийтлэг үүрэгтэй холбогдох зохицуулалтыг шинээр оруулсан хэмээн онцлоод, Засгийн газар, мөн гадаад харилцааны болон батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрхтэй холбоотой өөрчлөлт тусгагдсан талаар танилцуулав. НҮБ-ын сонгон шалгаруулалтад тэнцсэн бие бүрэлдэхүүнийг томилох, эргүүлэн татах болон энхийг дэмжих ажиллагаанд цагдаагийн баг, албан хаагч оролцуулах, тэдний гүйцэтгэх үүргийн төрлийг шинээр тодорхойлсон байна. Энхийг дэмжих ажиллагаанд оролцогч хөдөлмөрийн чадвараа алдсан, нас барсан тохиолдолд НҮБ-аас нөхөн олговор олгуулах, ээлжийн амралтаа эдэлж чадаагүй тохиолдолд мөнгөн урамшуулал олгох, үүрэг гүйцэтгэх хугацаанаасаа өмнө эргүүлэн татагдах тохиолдолд холбогдон гарах зардлыг гаргах тухай болон хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагатай холбоотой заалтуудыг оруулжээ.
Сайд Г.Сайханбаяр, хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалахад Монгол Улсын хувь нэмэр, үүрэг оролцоо нэмэгдэж, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн шийдвэрээр энхийг дэмжих болон олон улсын бусад ажиллагаанд оролцох эрх зүйн орчин боловсронгуй болно хэмээгээд, энхийг сахиулагчдын аюулгүйн болон эрх зүйн байдал, үүрэг гүйцэтгэх чадавх дээшилнэ гэдгийг онцлон тэмдэглэв.
Хуулийн төслүүдийг Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн тухай санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд танилцуулсан юм. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан, энхийг дэмжих ажиллагаанд оролцогчдыг ямар журмаар сонгон шалгаруулдаг, уг үйл ажиллагаанд оролцсоноор манай улсад болон тухайн цэргийн албан хаагчид ямар үр өгөөжтэй талаар асуулт асууж хариулт авсан байна. Мөн Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, хуулийн төслийн 4.4-д, тухайн цэргийн албан хаагчийг энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх хугацаанд өөр албан тушаалд өөртэй нь тохиролцсоны дагуу томилж, эргэж ирэхэд нь ямар албан тушаалд томилж ажиллуулах талаар, цэрэг цагдаагийн албан хаагч НҮБ-аас зарласан энгийн албан тушаалын сонгон шалгаруулалтад тэнцэх тухай зохицуулалт өмнөх хуульд байсан эсэх, энэ тохиолдолд заавал цэргийн албанаас чөлөөлөх, эсвэл энгийн албан хаагч нараас сонгон шалгаруулах эсэх, төслийн 7.1.6-д тусгасан НҮБ-аас олгосон нөхөн төлбөрөөс энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн бие бүрэлдэхүүнд олгох томилолтын зардал болон Зэвсэгт хүчний ба цагдаагийн хөгжлийн санд төвлөрүүлэх хувь хэмжээ цаашид өөрчлөгдөх эсэх, цагдаагийн алба хаагчид Нэгдсэн цэргийн командлалын удирдлагад хамрагдах эсэх талаар тодруулан асууж, хариулт авчээ. Түүнчлэн, тус Байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, энхийг сахиулах ажиллагаанд онцгой байдлын алба хаагчдыг оролцуулж, дэлхий нийтэд тохиолдож буй гамшгийн болон хохирлын голомтод ажиллуулах, туршлагажуулах, бэлтгэх шаардлага байгааг онцлоод, ийм боломж байгаа эсэхийг асууж, хариулт авсан байна. Мөн, цагдаагийн алба хаагчид энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцох нь ямар давуу талтайг болон гамшгийн хохирлын дараах сэргээн босголтод батлан хамгаалах салбарын инженерийн рот, эмнэлгийн ротыг оролцуулах талаар баримталж буй Засгийн газрын бодлогын талаар асууж тодруулжээ.
Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн олонх хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжжээ.
Хуулийн төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугар, Бүгд Найрамдах Казахстан Улс хэрэглэж байсан сөнөөгч онгоцуудыг зарж байгаа талаар ярьж, үүнээс манай улс худалдан авч, зэвсэгт хүчнийхээ чадамжийг сайжруулахад ашиглаж болох эсэхийг, Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа, Монгол Улсын энхийг сахиулагчдын ур чадварыг НҮБ-аас өндрөөр үнэлдгийг тэмдэглээд, хуулийг шинэчлэн найруулах шаардлага юу байсан, эмнэлгийг ажилтнуудыг энхийг дэмжих ажиллагаанд оролцуулах эрх зүйн зохицуулалт бий эсэх талаар асууж, хариулт авлаа.
Чуулганы нэгдсэн хуралдаанд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос оруулсан саналын дагуу хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Иймд Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүллээ.
Дараа нь Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх, эсэх тухай асуудлыг хэлэлцэв. Хуулийн төсөл санаачлагчийн илтгэлийг Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр танилцуулж, хуулийн төсөлд алслагдсан цэргийн анги, салбарт тав ба түүнээс дээш жилийн хугацаагаар алба хааж байгаа офицер, ахлагч, цэргийн гэрээт алба хаагчид мөнгөн урамшуулал олгох, дотоод, гадаадын цэргийн сургуульд суралцаж байгаа сонсогч, суралцагчдад цалин хөлс олгох журмыг батлах, мөн цэргийн алба аливаа дарамт шахалт, ялгаварлан гадуурхалтаас ангид байх тухай зохицуулалт тусгасан талаар дурдав.
Хуулийн төслүүдийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх танилцуулгын Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэн хийв. Тус хуралдааны үеэр Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Б.Энх-Амгалан, Ц.Сэргэлэн нар хуулийн зохицуулалтын хамрах хүрээ, сонсогчдын цалин хөлсний талаар асуулт асууж, хариулт авсан байна. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэн, хуулийн төсөлд алслагдсан цэргийн анги салбарын жагсаалтыг тусгах, нэр томьёог зөв тодорхойлох талаар саналаа хэлжээ. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн байна.
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэн нарын танилцуулгуудтай холбогдуулан Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа үг хэлж, цэргийн албаны ялгаварлан гадуурхалт, дарамт шахалтыг арилгах талаар идэвх санаачилгатай ажиллахыг зөвлөн, Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд энэ талаар нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачилсан талаар танилцуулав.
Санал хураалт явуулахад Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос оруулсан хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус байнгын хороонд шилжүүлсэн юм.
Гепатитын D вирусийн эмчилгээнд хэрэглэхээр АНУ-аас худалдан авах Булевиртид эмийг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Эдгээр хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх танилцуулгыг тус Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн танилцуулав. Байнгын хороо Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх үед олонхын дэмжлэг авсан саналуудыг уг төслүүдэд нэмж тусган, агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр хэл найруулга, бүтэц, дарааллын шинжтэй засвар хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн байна.
Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хийсэн талаарх танилцуулгатай холбогдуулж, Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлээгүй тул төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар тус Байнгын хороонд шилжүүлэв.
Үүний дараа Төсвийн байнгын хорооноос боловсруулсан “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Тогтоолын төсөлд, төрийн аудитын байгууллагын албан тушаалын сарын цалингийн хэмжээг адил төстэй чиг үүрэг гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, доод жишигтэй дүйцүүлэн тогтоолын хавсралтыг өөрчлөлт оруулахаар тусгажээ. Төсвийн байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүдээс санал гараагүй хэмээн тус Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн танилцуулав.
Төсвийн байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлсэнгүй. Иймд Төсвийн байнгын хорооны саналаар “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн батлах нь зүйтэй гэсэн томъёоллоор санал хураав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх энэ саналыг дэмжсэн тул Улсын Их Хурлын тогтоол батлагдлаа.
Түүнчлэн “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Төслийн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг тус Байнгын хорооны дарга Н.Энхболд танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу Улсын Их Хурлын нийт гишүүдийн тоо 126 болж нэмэгдсэнтэй холбогдуулан, энэ оны ээлжит сонгуулийн үр дүнгээр байгуулагдах Улсын Их Хурлын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөл, боломжоор хангах зайлшгүй шаардлагыг харгалзан тогтоолын төслийг боловсруулсан гэсэн юм. Тогтоолын төсөлд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрыг Тагнуулын ерөнхий газрын одоогийн байрлаж буй байранд шилжүүлэн байршуулах, харин Тагнуулын ерөнхий газрыг Хөшигийн хөндийн “Шинэ Зуунмод” хотын бүтээн байгуулалтын хүрээнд шинээр төлөвлөгдөж байгаа Засгийн газрын байгууллагуудын нэгдсэн байрны цогцолборт байршуулахаар зохион байгуулахыг Засгийн газарт даалгахаар заажээ. Мөн Засгийн газрын байгууллагуудын нэгдсэн байрны цогцолборын техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийг холбогдох дэд бүтэц, Их тэнгэрийн болон Номтын амны ерөнхий төлөвлөлттэй нягт уялдуулан, цогц төсөл байхаар төлөвлөж, барилга угсралтын ажлыг хууль тогтоомжийн дагуу Тагнуулын ерөнхий газарт хариуцуулан хэрэгжүүлэх, цогц төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай Засгийн газрын баталгаа, төрөөс үзүүлэх бодлогын бусад дэмжлэг, туслалцааг холбогдох хууль тогтоомжийн дагуу эрх бүхий байгууллагад тухай бүр тавьж шийдвэрлүүлж байхыг даалгасан байна.
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, шилжүүлэн байршуулах ажлыг зохион байгуулахдаа тухайн байгууллагуудын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй байхад анхаарч ажиллахыг зөвлөсөн байна. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулах нь зүйтэй гэж үзжээ.
“Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулах нь зүйтэй гэсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжсэнээр тогтоол батлагдав.
Улсын Их Хурлын П.Анужин, чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалд Засгийн газраас яаралтай горимоор өргөн мэдүүлсэн Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг оруулж, хэлэлцэх, эсэхийг шийдвэрүүлэх санал гаргасан юм. Түүний горимын саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул хуулийн төсөл санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг тавив. Тэрбээр илтгэлдээ, уг хуулийг 2010 онд шинэчлэн найруулснаас хойш нийт зургаан удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан талаар дурдаад, олон улсын стандартын шаардлагыг хангасан эм, био бэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх, импортлох, экспортлох, хадгалах, худалдах, түгээх, хэрэглэх, хянах үйл ажиллагаанд орчин үеийн технологи, зохистой дадлыг бүрэн нэвтрүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд өргөн ашиглаж байгаа эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалт нийлүүлэлт, засвар үйлчилгээ, ханган нийлүүлэхтэй холбогдсон харилцааг цогц байдлаар зохицуулах зорилгоор хуулийн төсөл боловсруулсан гэсэн юм. Тэрбээр, өнөөдрийн байдлаар манай улсад нийт 3130 эм хангамжийн байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагийн 2595 нь эмийн сан, 495 нь эм ханган нийлүүлэх байгууллага бөгөөд эм, эмнэлгийн хэрэгсэл, протез, ариутгал халдваргүйтлийн бодис болон биологийн идэвхт бүтээгдэхүүний 40 үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж байна гэв. Түүчлэн, Монгол улсын эмийн бүртгэлд 56 улсын 780 үйлдвэрлэгчийн 4097 нэрийн эм бүртгэлтэй байна гээд, нийт бүртгэлтэй эмийн 20.4 хувь нь үндэсний үйлдвэрийн эм юм гэлээ.
Сайд танилцуулгадаа, эмийн чанар, аюулгүй байдал, эмийн үнийг бууруулах, тухайлбал, био эквивалент буюу эмчилгээний идэвхийн шинжилгээг төрөлжсөн мэргэжлийн эмнэлгүүд болон эмийн чанарын лабораторид хийх, үйлдвэрүүд чанарын хяналтын итгэмжлэгдсэн лабораторитой байх, бүх түвшинд үнийн ил тод, нээлттэй байдлыг хангах, цахимаар хянах, үндэсний үйлдвэрийн уламжлалт эмийг түүхий эдийн хамт цахим мэдээллийн нэгдсэн санд бүртгэн хянах зэрэг зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан талаар дэлгэрэнгүй дурдав. Мөн, иргэдийг төөрөгдүүлж, хэт дөвийлгөсөн байдлаар эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг сурталчлахыг хориглох, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд сурталчилгаа хийхийг хязгаарлах зэрэг зохицуулалт оруулсны дээр эмийн зохистой хэрэглэх талаарх эмч, эрүүл мэндийн байгууллага, иргэний эрх, үүрэг, төрийн бус байгууллагын оролцоог тодорхой тусгасан байна. Эмийн гаж нөлөөг тухай бүр мэдээлж байх, эмийн санч тухайн эмийг хэрэглэх арга, хадгалалт, зохистой хэрэглээний талаар үйлчлүүлэгчдэд байнга мэдээлэл өгөх зэрэг болон улсын хэмжээнд эмийн зохицуулалтын чиглэлээр ажиллаж байгаа зөвлөл, комисс, тэдгээрийн эрх, үүрэг, ажиллах журмыг сайд баталдаг байсныг өөрчилж, олон нийтэд ил тод нээлттэй байдлаар шийдвэрлэдэг болох зэрэг зарчмын өөрчлөлтүүдийг хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд оруулж байгаа ажээ.
Хуулийн төслийн талаарх Нийгмийн бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг танилцуулав. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталснаар хуулийн этгээдэд хүлээсэн чиг үүргийг хэрэгжүүлэхэд хүний нөөцийг нэмэгдүүлэх шаардлага бий болох бөгөөд үүнд ойролцоогоор 2.9 сая төгрөгийн зардал үүсэх, мөн хууль батлагдсаны дараа гарах эрх зүйн баримт бичгийг боловсруулах олон улсын байгууллагатай хамтран ажиллах, судалгаа хийхэд нэмэлт зардал гарч болзошгүй гэж Засгийн газар үзсэн талаар тэрбээр онцлоод, Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн гэв.
Хууль батлагдсанаар Монгол Улсын иргэд чанартай, боломжийн үнэ өртөгтэй, үр дүнтэй эм хэрэглэх боломж бодитойгоор бүрдэх эсэхийг тэрбээр Эрүүл мэндийн сайдаас асуулаа. Сайд С.Чинзориг түүний асуултанд хариулахдаа, хуулийн төслийг хэлэлцэх явцад орхигдсон асуудлуудыг нэмж тусган, сайжруулах боломжтой гэсэн юм.
Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар байр сууриа илэрхийлж, эмийн асуудал бол хүний эрүүл мэндийн төвийгүй үндэсний аюулгүй байдлын асуудал гэдгийг тэмдэглэж, Улсын Их Хурлын Түр хороо эмийн үнийг 3-4 дахин зохиомлоор өсгөсөн байна гэж дүгнэснийг сануулан, хариуцлагатай ажиллахыг холбогдох байгууллага, албан тушаалтнуудад чиглэл болголоо.
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзсэн тул хуулийн төслүүдийг анхын хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлэв
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20