Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр (2024.05.03) “Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор татварын гэрээтэй холбоотой арга хэмжээг хэрэгжүүлэх тухай олон талт конвенц”-ыг соёрхон батлах тухай хуулийн төслийг холбогдох материалын хамт Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
Уг хуулийн төсөл нь 2 зүйлтэй бөгөөд хуулийн төслийн 1 дүгээр зүйлд "Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор татварын гэрээтэй холбоотой арга хэмжээг хэрэгжүүлэх тухай олон талт конвөнц"-ыг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон батлахаар тусгасан. Тус конвенцод нэгдэн орсноор татвар төлөхөөс зайлсхийх явдлын эсрэг ерөнхий дүрмийг нэвтрүүлэх, төлөөний газар, ногдол ашиг, хөрөнгийн татвартай холбоотойгоор давхар татварын гэрээ ашиглан татвараас зайлсхийх эрсдэлийг бууруулах, харилцан тохиролцох үйл ажиллагааг идэвхжүүлэх зэрэг олон өөрчлөлтийг Монгол Улсын бусад улсуудтай байгуулсан 26 давхар татварын гэрээнд нэвтрүүлэх боломж бүрдэх юм гэж Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.
Тэрбээр, хуулийн төслийн 2 дугаар зүйлд Конвенцод заасан сонголт бүхий зүйлүүдээс алийг сонгож хэрэглэхийг тусгасан. Монгол Улс дотоодын хууль тогтоомжийг олон улсын шаардлагад нийцүүлэн шинэчилсэн хэдий ч 1991-2003 оны хооронд бусад улс орнуудтай байгуулсан 26 хоёр талт давхар татварын гэрээнүүдийг Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх явдалтай тэмцэх (цаашид “BEPS" гэх) 15 үйл ажиллагааны 6, 14 дүгээр үйл ажиллагаанд нийцүүлэх шаардлагатай. Тус конвенцод нэгдэн орсноор Монгол Улсын давхар татварын гэрээнүүдийг урвуулан ашиглаж татвараас зайлсхийх, ашиг шилжүүлэх явдлаас урьдчилан сэргийлэх, татварын суурийг хамгаалах чухал ач холбогдолтой гэлээ.
Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх явдалтай тэмцэх 15 үйл ажиллагаа ба Монгол Улс
Сүүлийн жилүүдэд дэлхийн улс орнууд олон улсын татварын чиглэлээр олон шинэлэг зарчмуудыг нэвтрүүлж хэрэгжүүлж байна. Тухайлбал, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (цаашид "ЭЗХАХБ" гэх)-аас BEPS-ийн 15 үйл ажиллагааг боловсруулан 2015 оноос нэвтрүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар дэлхийн 141 улс гишүүнээр элсэн орсон байна.
Өнгөрсөн 2022 оны 10 дугаар сард Бүгд Найрамдах Франц Улсын Парис хотноо ЭЗХАХБ-аас зохион байгуулсан BEPS-ийн хамрах хүрээний 14 дэх уулзалтын үөэр “Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор татварын гэрээтэй холбоотой арга хэмжээг хэрэгжүүлэх тухай олон талт конвөнц”-д гарын үсэг зурснаар нь Монгол Улс нь тус конвөнцод нэгдэж орсон 100 дахь улс болсон билээ.
Монгол Улс нь 2017 оны 12 дугаар сард BEPS-ийн хамрах хүрээнд албан ёсны гишүүнээр нэгдэж орсон бөгөөд үүнтэй холбогдуулан олон улсын татварын чиглэлээр үүсээд буй шинэлэг дүрмүүдийг дотоодын хуульд тусгах, улмаар давхар татварын хэлэлцээрт хамаарах шаардлагуудыг хангаж ажиллах үүргийг хүлээж байна.
BEPS-ийн 15 үйл ажиллагаа нь дотоодын татварын хууль, эрх зүйн орчин, хэрэгжилт болон давхар татварын гэрээтэй холбоотой асуудлуудыг багтааж байна.
Татварын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд олон улсын татварын асуудлаар улс орнуудад гарч буй шинэлэг зарчмуудыг нэвтрүүлэх чиглэлээр BEPS-ийн үйл ажиллагааны холбогдох зарчмуудыг Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль болон Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төслүүдэд тусгаж, улмаар Монгол Улсын Их Хурал 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр эдгээр хуулиудыг баталж, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн.
Цаашид манай улс BEPS-ийн 6, 7 болон 14 дүгээр үйл ажиллагаанд заасан давхар татварын гэрээнд холбогдох шаардлагуудыг бусад улсуудтай байгуулсан давхар татварын гэрээнд тусгаж, гишүүний хувьд хүлээсэн үүргээ биепүүлэх шаардлага тулгараад байна. BEPS-ийн 6 дугаар үйл ажиллагаа нь заавал авч хэрэгжүүлэх шаардлагатай /minimum standard/ стандартад багтдаг. Энэхүү үйл ажиллагаа нь гуравдагч улсын хөрөнгө оруулагч давхар татварын гэрээг урвуулан ашиглах /treaty shopping/ буюу гэрээний сүлжээ дамжуулан татвараас зайлсхийх асуудлыг хязгаарлах зорилготой юм. Түүнчлэн, BEPS-ийн 14 дугаар үйл ажиллагаанд давхар татварын гэрээний дагуу оршин суугч этгээд нь хэлэлцэн тохирогч аль нэг улсын татварын алба хэлэлцээрийг буруу хэрэглэсэн, татварын давхардал бий болсон гэж үзсэн тохиолдолд эрх бүхий этгээдэд уг асуудлаар хандах боломжийг нээх, хандсан тохиолдолд эрх бүхий этгээдүүд шийдвэрлэхтэй холбогдох асуудлуудыг тусгасан байдаг. Энэхүү асуудлыг хэлэлцээрийн Харилцан тохиролцох журмаар /Mutual agreement procedure/ зохицуулдаг бөгөөд давхар татварын гэрээнд зайлшгүй тусгах ёстой заалтууд, үүнийг хэрэгжүүлэх дотоодын журам, механизм бопон статистиктай холбоотой стандартуудыг тусгасан байдаг.
BEPS-ийн давхар татварын гэрээтэй холбоотой заавал биелүүлэх шаардлагатай 6 болон 14 дугаар үйл ажиллагаанд туссан өөрчлөлтүүдийг олон улсад нэвтрүүлэхэд 1,000 гаруй давхар татварын гэрээнд хоёр талт хэлэлцээрийн замаар өөрчлөлт оруулах шаардлага байсан нь BEPS-ийн гишүүн улсуудад цаг хугацааны хувьд хүндрэлтэй, зардал ихтэй зэргийг харгалзаж, ЭЗХАХБ-аас BEPS-ийн 15 дугаар үйл ажиллагаанд туссан Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор татварын гэрээтэй холбоотой арга хэмжээг хэрэпкүүлэх тухай олон талт конвенцод нэгдэж орох замаар эдгээр өөрчлөлтийг түргэн хугацаанд нэвтрүүлэх боломжийг бий болгосон.
Иймд BEPS-ийн 15 дугаар үйл ажиллагаанд заасан ‘Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор татварын гэрээтэй холбоотой арга хэмжээг хэрэгжүүлэх тухай олон талт конвенц"-д нэгдэн орж, татварын гэрээг урвуулан ашиглахаас сэргийлэх, төлөөний газар, ногдол ашиг, хөрөнгийн татвартай холбоотой хийдлийг арилгах, харилцан тохиролцох үйл ажиллагааг идэвхжүүлэх зэрэг зохицуулалтуудыг бусад улсуудтай байгуулсан давхар татварын гэрээнд тусгах замаар Монгол Улсаас эх үүсвэртэй олсон орлогод татвар ногдуулах харилцааг бэхжүүлэх, татварын суурийг хамгаалах нь манай улсын эрх ашигт бүрэн нийцэж байгаа юм
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20