Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2024.05.16) хуралдаан 10 цаг 14 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэллээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т “…Хуралдааны ирц хуулийн төсөл эцэслэн батлах шаардлага хангахаар бол бусад өдөр, цагт хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг явуулж болно” хэмээн заасны дагуу нэгдсэн хуралдаанаар эхлээд хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлав.
Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 50 гишүүний 82 хувь нь дэмжиж батлав. Түүнчлэн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл нэг бүрийн эцэслэн батлах санал хураалт явуулан шийдвэрлэв. Мөн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн батлахыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 82.7 хувь нь, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн батлахыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 78.8 хувь нь, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн батлахыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 82.7 хувь нь дэмжсэн. Мөн дээрх хуулиудтай хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг нэгбүрчлэн эцэслэн батлах санал хураалт явуулан шийдвэрлэсэн. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн зарим хэсэг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг мөн явууллаа. Нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 54 гишүүний 44 нь буюу 81.5 хувийн саналаар дэмжин, баталсан. Үргэлжлүүлэн Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн батлах санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 54 гишүүний 79.6 хувь нь дэмжиж баталж, хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөл нэг бүрийн эцэслэн батлах санал хураалт явуулан шийдвэрлэв. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг эцэслэн батлахыг Улсын Их Хурлын 56 гишүүний 85.7 хувь нь дэмжин баталсан бөгөөд хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг тус бүрд нь батлах санал хураалт явуулан шийдвэрлэв. Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлахыг 57 гишүүний 77.2 хувь нь, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг эцэслэн батлахыг Улсын Их Хурлын 57 гишүүний 78.9 хувь нь, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг 49 гишүүн, Конвенц соёрхон батлах тухай хуулийн төслийг эцэслэн батлахыг 46 гишүүн буюу хуралдаанд оролцсон гишүүдийн 80.7 хувь нь дэмжснээр тус бүрд нь баталсан юм.
“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгээр нэгдсэн хуралдаан үргэлжиллээ. Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг танилцуулсан.
Байнгын хороо 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг явуулсан бөгөөд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10 дахь хэсэгт заасны дагуу тогтоолын төслийг зүйл бүрээр хэлэлцсэн байна. Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг явуулах үед Улсын Их Хурлын гишүүдээс асуулт, санал гараагүй аж. Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг явуулах үед төслийн талаар зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22-т заасныг баримтлан тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гарган, Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.
Дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, ажлын хэсгээс хариулт, тайлбар авав. Б.Пүрэвдорж, О.Цогтгэрэл нарын гишүүд “Нүүрсний” сонсголын мөрөөр АТГ-аас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар тодруулж, Хууль зүй, дотоод хэргийн сайдаас хариулт авсан юм. Улсын Их Хурал нүүрс тээврийн асуудалд зөрчил байгаа гэж үзсэн учир 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Хянан шалгах түр хороо байгуулсан. Г.Ганболд гишүүний даргалж ажилласан тус Хянан шалгах түр хороо нь оффтейк гэрээ, нүүрсний экспортын талаарх статистик мэдээний зөрүүг ил болгож ил тод болгосон. Үүний мөрөөр нотлох баримтыг шинжлэн судлах сонсголуудыг зохион байгуулсан гэдгийг Г.Занданшатар дарга тэмдэглээд “АТГ 2022 онд 2.7 их наяд төгрөгийн хөрөнгө хурааж, 2023 онд 238 тэрбум төгрөгийн хөрөнгийг нөхөн төлүүлж, улсын орлого болгох, хохирол нөхөн төлүүлэх ажлыг гүйцэтгэсэн” гэх мэдээллийг танилцуулсан. Түүнчлэн Улсын Их Хурлаас зохион байгуулсан нотлох баримтыг шинжлэн судлах сонсголуудын үр дүнгийн мөрөөр хэрэг хянан шийдвэрлэх, шүүх ажиллагаа үргэлжилж байгааг дурдсан юм. Энэ үеэр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар шүүхийн ил тод байдлын хангах, авлига, албан тушаалын гэмт хэргийг шүүх үйл явц олон түмэнд нээлттэй, нотлох баримтыг хэрхэн үнэлж байгаагаа нийтэд нээлттэй болгох, шүүх засаглалд итгэх ард иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх, шүүхийн хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор холбогдох хуулийн төслийг Д.Цогтбаатар, Б.Энхбаяр нарын гишүүдийн хамтаар боловсруулан, өргөн мэдүүлэхээр зэхэж байгаа талаараа мэдээлэл өгсөн.
Монгол Улс дахь авлигын нөхцөл байдлын талаарх байр сууриа Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Д.Өнөрболор, Б.Баттөмөр нар илэрхийлээд, сайжруулах боломжийн талаар, Х.Булгантуяа гишүүн хэрэгжилт нь дууссан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн дүн, шинжилгээний талаар, Г.Ганболд гишүүн Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаатай холбоотой асуудлуудаар тодруулга хийж, ажлын хэсгээс хариулт авсан. Монголын түүхэнд 80 яллагдагчтай гэмт хэргийг ил болгож, иргэд нөхцөл байдлын талаар мэдээлэлтэй болсон. Улсын Их Хурлын зүгээс санаачилга гарган ажилласан эдгээр нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын үр дүнгийн дагуу авч хэрэгжүүлсэн тодорхой арга хэмжээ, шийдвэрлэсэн асуудал, оногдуулсан хариуцлагын талаарх мэдээллийг иргэд хүсч байгааг Т.Доржханд гишүүн хэлсэн. АТГ-аас Хөгжлийн банкны хэрэг дээр цагдаагийн байгууллагатай хамтарч мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 94 хүн, хуулийн этгээдийг яллагдагчаар татаж прокурорын байгууллагад шилжүүлжээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол нөхөн төлүүлэх буюу төрд учирсан хохирлыг барагдуулах чиглэлд онцгой анхаарч ажилласан болохыг ажлын хэсэг мэдээллээ. Үүний үр дүнд 860 орчим тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулсан байна. АТГ-ын эрх, чиг үүргийн хүрээ хязгаарын талаар ажлын хэсгээс тодруулан тайлбарлаж, гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээн авч мөрдөн шалгах ажиллагаа явуулах бөгөөд энэ хүрээнд цугласан нотлох баримтаа үнэлээд, прокурорт танилцуулаад яллагдагчаар татах эсэх асуудлаа шийдвэрлүүдэг. Үүний дараа гэмт хэрэг нь нотлогдвол шүүхэд шилжүүлдэг хэмээн тайлбарлаж байсан. “Нүүрсний хулгай”-н хэрэг дээр ч энэ хүрээ, хязгаарын дотор нийт 84 хэрэгт цагдаа, тагнуулын байгууллагатай хамтарч мөрдөн шалгах ажиллагаа явуулсан гэлээ. 9 хэрэг нь шүүхээр шийдвэрлэгдсэн байгаа бол 13 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай, прокурорын байгууллага дээр хянагдаж байгаа 4 хэрэг бий гэх мэдээллийг өгсөн. Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн шинжгүй болохыг нь тогтоосон 15 хэргийг хаах саналаа прокурорт хүргүүлээд байгаа аж. Б.Жаргалмаа гишүүн АТГ-ын соён гэгээрүүлэх үйл ажиллагааны талаар байр сууриа илэрхийлж, олон нийтийг мэдээлэлжүүлэх, соён гэгээрүүлэх нөлөөллийн үйл ажиллагаагаа идэвхжүүлэх саналыг хэлж байсан.
Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авч дууссаны дараа төслийн анхны хэлэлцүүлгийг эцсийн хэлэлцүүлэгтэй нэгтгэх Байнгын хорооны дэмжсэн саналыг дэмжих эсэхээр санал хураалт явуулсан. Улсын Их Хурлын гишүүдийн олонх буюу нэгдсэн хуралдаанд оролцсон 43 гишүүний 65.8 хувь дэмжлээ. Иймд “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулсан юм. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжснээр тогтоол батлагдав.
Дараа нь “Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулав.
Авлигатай тэмцэх газраас 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Улсын Их Хуралд ирүүлсэн саналыг үндэслэн Хууль зүйн байнгын хорооноос Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ. Байнгын хорооны 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаараа төслийг хэлэлцсэн байна. Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцээд, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулах нь зүйтэй хэмээн дэмжсэн байна.
Байнгын хорооны дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул төсслийг батлах санал хураалт явуулав. Нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 55.8 хувь нь дэмжснээр “Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдсан.
Засгийн газраас 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай Европын конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан тус тус танилцууллаа.
Монгол Улсын иргэд олноор зорчдог гадаад улстай эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор Монгол Улсаас Эрүүгийн хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай Европын 1959 оны конвенцод нэгдэн орох тухай хүсэлтийг Европын Зөвлөлийн Сайд нарын хороонд гаргажээ. Тус хороо нь орлогч сайд нарын 2019 оны хурлаар хэлэлцэн дэмжээд, урилга ирүүлсэн гэв.
Монгол Улс гадаадын 24 улстай байгуулсан 39 хоёр талт гэрээний үндсэн дээр эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх, гэмт этгээд ялтан шилжүүлэх эрх зүйн үндэс бүрдсэн байна. Үүнд ихэнх нь Зүүн Европ болон Азийн улсууд багтаж байгаа юм. Харин баруун Европын ихэнх улстай олон улсын конвенцуудад заасан, тодорхой төрлийн гэмт хэргээс бусад гэмт хэргийн асуудлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх асуудлаар харилцах боломжгүй байгааг сайд төслийн танилцуулгадаа дурдав. Эрүүгийн хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай Европын конвенцод Европын зөвлөлийн 48 гишүүн улс, Европын зөвлөлийн гишүүн бус 5 улс нэгдэн орсон бөгөөд тус конвенцын гишүүн улсын тоонд Монгол Улсын иргэд суралцах, ажиллах, бизнесийн болон аяллын зорилгоор олноор зорчдог, оршин суудаг Англи, Герман, Бельги, Ирланд, Швед зэрэг улс багтаж байгааг тэмдэглэв. Энэхүү конвенцод нэгдэн орсноор манай улсын хуулийн байгууллагууд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой зарим ажиллагаа, тухайлбал нотлох баримт албажуулж авах, мөрдөн шалгах ажиллагаанд холбогдох этгээдийг байлцуулах, гэмт хэргийн улмаас олдсон эд зүйл, хэрэгслийг хураан авах зэрэг тодорхой төрлийн ажиллагааг конвенцын гишүүн улсуудын нутаг дэвсгэрт гүйцэтгүүлж, туслалцаа авах боломжтой болох юм байна.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2024 оны 05 дугаар сарын 14-ны хуралдаанаараа төслийг хэлэлцээд, дэмжин соёрхон батлах нь зүйтэй хэмээн үзсэн байна.
Төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн юм. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т “Долоо хоногийн Баасан гарагийн 10.00 цагт нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулна…” хэмээн заасны дагуу хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг Баасан гарагт явуулахаар шийдвэрлэлээ.
Нэгдсэн хуралдаан Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгээр үргэлжилсэн юм. Нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл танилцуулав.
Улсын Их Хурлын 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлсэн юм. Тус Байнгын хороо 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10 дахь хэсэгт заасны дагуу зүйл бүрээр хэлэлцжээ. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төсөлтэй холбогдуулан ажлын хэсгээс гаргасан саналуудыг нэгбүрчлэн хэлэлцээд, санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд танилцуулж байгааг Д.Сарангэрэл гишүүн дурдав.
Ахмад настны зүрх судасны өвчин, хавдар, чихрийн шижин зэрэг халдварт бус өвчин нь нас баралтын нэг шалтгаан болж байгаа нь буруу хооллолттой холбоотой байх магадлал өндөр бөгөөд зөв хооллох дадал зуршил нь эрүүл мэндээ сайжруулж, амьдралын чанарыг дээшлүүлэх чухал ач холбогдолтой тул ахмад настанд үзүүлэх үйлчилгээ хэсэгт зөв хооллолт гэж нэмэх нь зүйтэй хэмээн үзсэн байна. Ганцаардалаас үүссэн мэдрэмж нь сэтгэл санааг тогтворгүй болгож, амьдралын идэвх буурах, нойргүйдэх, оюуны чадамж буурах, амьдрах итгэлээ алдах, сэтгэл гутралд орох зэрэг сэтгэл зүйн ноцтой асуудалд хүргэдэг бөгөөд цаашлаад эрт нас барах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Иймд ахмад настанд үзүүлэх үйлчилгээг зохион байгуулах хэсэгт ахмад настныг нийгмийн харилцаанд идэвхтэй оролцуулахад чиглэсэн үйл ажиллагааг дэмжиж зохион байгуулах талаар зохицуулалтыг өөрчлөн найруулжээ. Эрүүл мэндийн тухай хуульд эрүүл мэндийн үйлчилгээг магадлан итгэмжлэл авснаас гадна тусгай зөвшөөрөлтэй эрүүл мэндийн байгууллага үзүүлэх эрхтэй байхаар зохицуулсан учраас тус хуульд нийцүүлж өдрөөр эмчлэх асран сувилах үйлчилгээ болон ахмад настанд үзүүлэх сэргээн засах үйлчилгээг тусгай зөвшөөрөлтэй магадлан итгэмжлэл авсан эрүүл мэндийн байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэхээр холбогдох зохицуулалтыг тусгах нь оновчтой хэмээн Байнгын хороо шийдвэрлэсэн гэв. Сүүлийн үед ахмад үе, залуу үеийн харилцаа холбоо, хамтын ажиллагаа хөндийрч, энэ нь нийгмийн тулгамдсан асуудлын нэг бол болж байгаа бөгөөд ахмад болон залуу үеийг холбох тулгарч байгаа асуудлыг хамтдаа даван туулах нийгмийн хэрэгцээ шаардлага бий үүссэн. Үүнтэй холбоотойгоор бүх шатын Засаг дарга нар аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагууд жил бүрийн “Ахмадын өдөр”-ийн хүрээнд 10 дугаар сарын эхний долоо хоногийн турш ахмад настнаа хүндлэх, ёс заншил, уламжлалаа өвлүүлэх, мэдлэг туршлагыг нь залуу үед хүргэх арга хэмжээг зохион байгуулж байх; хөл, гар, шүдний протез, сонсох, харах эрхтний ортепедын хэрэгсэл, тэргэнцэр, нэн шаардлагатай тусгай хэрэгсэл худалдан авсан зардлын үнийн хөнгөлөлтийг Эрүүл мэндийн даатгалын сангаас бус Нийгмийн халамжийн сангаас олгохоор өөрчилж хамт өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг санаачлагчид нь буцаах нь зүйтэй хэмээн үзсэн байна. Их дээд сургуульд нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, эмч, сувилагчийн мэргэжлээр суралцаж байгаа оюутны ахмад настны асаргааны хувилбарт үйлчилгээний байгууллагад хийсэн сайн дурын ажлыг сургалтын хөтөлбөрийн дагуу хийх дадлагын ажлын цагт тооцож болно гэсэн нь эрүүл мэндийн болон боловсролын салбарын мэргэжлийн дадлага хийх үйл ажиллагааг ажиллагаатай зөрчилдөж байгаа тул хасах хуулийн төсөлд тусгах нь зүйтэй хэмээн үзжээ. Мөн ахмадын байгууллагатай холбогдох зарим заалтаар нэг байгууллагад давуу эрх олгохоор байгаа нь Ахмад настны тухай хууль Төрийн бус байгууллагын тухай болон холбогдох бусад хууль тогтоомжтой зөрчилдөж байгаа тул хасах нь оновчтой хэмээн шийдвэрлэсэн гэв. Хуулийн төслийн төрийн албатай холбогдох зохицуулалт нь Төрийн албаны тухай хууль, төрийн албаны зарчимтай зөрчилдөж байгаа тул хамт өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаахаар тусгажаа. Ажлын хэсгээс хуулийн төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй 24 санал, найруулгын шинжтэй нэг санал болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй 17 санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн байна.
Байнгын хорооны дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам хувийн хөрөнгө оруулалттай ахмад настнуудын асаргаа, сувилгааны байгууллагуудыг бий болгох асуудлыг тусгасан эсэхийг, ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зохицуулалтыг төсөлд тусгахдаа аюулгүй байдал, хөдөлмөрийн үнэлэмжийн талаар зохицуулалт оруулсан эсэхийг тодруулсан. Өнөөдрийн байдлаар Батсүмбэрийн улсын харьяаллын асрамжийн газарт 300 ахмад настан асруулж байгаа бөгөөд энэ төрлийн үйлчилгээний хэрэгцээ маш өндөр байгааг Д.Сарангэрэл гишүүн хэлсэн. Тиймээс ахмад настныг асрах хувийн хэвшлийн асрамж, халамжийн үйлчилгээ үзүүлэх чиглэлээр төслийн 7 дугаар зүйл дээр 4-5 үйлчилгээг тусгасан аж. Тэр дундаа ахмад настны асаргааны хувилбарт үйлчилгээг нэмсэн байна. Тодруулбал, ахмад настанд байнгын асаргааны үйлчилгээ үзүүлэхээс гадна богино хугацаагаар асрах, түр асрах асуудлуудыг тусгажээ. Төслийн 13 дугаар зүйл дээр санхүүжилтийг нь тодорхой болгосон талаар ажлын хэсэг мэдээлэл өгсөн. Нийгмийн халамжийн сангаас ахмад настны чиглэлээр зарцуулж байгаа нийт хөрөнгийн 10-аас доошгүй хувийг халамж асрамжийн үйлчилгээнд зарцуулах нь оновчтой хэмээн үзэж, төсөлд тусгажээ. Үйлчилгээ үзүүлэх журмыг эрүүл мэндийн болон нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн сайд нар хамтран баталж, аймаг, дүүрэг нь гэрээ хийхээр зохицуулалтуудыг тусгасан гэв. Мөн хувийн асрамжийн газруудыг дэмжих заалтуудыг дагалдах хуулиудын төсөлд тусгажээ.
Ахмад настнуудын хөдөлмөр эрхлэлтийн тухайд, мэдлэг, туршлагатай, өндөр түвшний зөвлөх үйлчилгээг үзүүлэх чадвартай учраас богино хугацаагаар ажиллах, цалин хөлсийг нь зах зээлийн ханшаар тогтоох, ажил олгогч, ажилтан хоёр хөдөлмөрийн гэрээгээр харилцаагаа зохицуулах асуудлыг тусгасан гэв. Ахмад настнуудын хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг нарийвчлан зохицуулахаар төсөлд холбогдох заалтууд орсон гэдгийг М.Оюунчимэг гишүүн онцлоод, Ахмадын санг хороон дээр нь байгуулах, ипотекийн зээлд ахмадуудыг хамруулах шаардлагын талаар, ахмад настнуудын саналуудыг уламжилсан. Ахмад настнуудыг түрээсийн орон сууцад хамруулах бодлогыг хэрэгжүүлж байгааг ажлын хэсгээс хариуулаад холбогдох журмыг Засгийн газар баталсны дараа илүү тодорхой болно гэдэг хариултыг өгсөн. Ахмад настанд төр үйлчилгээ үзүүлэх нь халамж биш гэдгийг Н.Учрал гишүүн хэлээд, хөдөлмөр эрхэлж сар бүрийн цалин, орлогоосоо төлсөн шимтгэлийнхээ үр шимийг тэтгэвэрт гараад эргээд хүртэж байгаа хэлбэр гэдгийг онцолсон. Нийгмийн тодорхой төрлийн үйлчилгээг ахмад настнуудад үнэ төлбөргүй үзүүлэх асуудлыг төсөлд тусгасан эсэхийг, хувийн хэвшлийн байгууллагуудад ахмадуудын төлөө ажиллах хөшүүргийг төрөөс бий болгох талаар санал хэлсэн. Төслийн 8.1.5-д ахмад настан орон нутгийн харьяалал харгалзахгүй нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих энэ асуудлыг тусгасан хэмээн ажлын хэсэг хариуллаа. Энэ хүрээнд орон нутгаас хотод түр хугацаагаар зорчих, оршин сууж байгаа ахмад настнууд нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих нөхцөл бүрдэж, холбогдох зардлыг нийслэл хариуцах юм байна.
Ийнхүү Нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг түр хойшлуулж, үдээс хойших хуралдаанаар үргэлжлүүлэхээр хуралдаан даргалагч шийдвэрлэв.
Үдээс өмнөх нэгдсэн хуралдааны төгсгөлд Засгийн газраас 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүллээ.
Төсөл санаачлагчлийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан тус тус танилцуулсан.
Улсын Их Хурлаас 1995 онд баталсан Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулиар төрийн тусгай хамгаалалт, түүнийг хэрэгжүүлэх байгууллагын эрх зүйн үндсийг анх удаа хуульчлан тогтоосноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд улс орны эдийн засаг, нийгэм, эрх зүйн болон гадаад харилцаанд томоохон хөгжил, шинэчлэл, өөрчлөлтүүд гарсан тул энэхүү хуулийг шинэчлэн боловсруулах зайлшгүй шаардлага үүссэн байна.
Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн судалгаагаар дараах нөхцөл байдлууд тогтоогдсон байна. Тодруулбал, төрийн тусгай хамгаалалтын зорилгыг хэт ерөнхий тогтоож өгснөөс бусад төрийн хамгаалалтаас ялгамжтай байдал тодорхой бус байгаа аж. Хуулиар төрийн тусгай хамгаалалтад байх албан тушаалтан, иргэний шалгуур үзүүлэлтийг тогтоогоогүйгээс холбогдох зохицуулалтыг хэрэгжүүлэхэд хүндрэл учирдаг байна. Обьектыг төрийн тусгай хамгаалалтад авах шалгуур үзүүлэлтийг тогтоогоогүйгээс төрийн тусгай хамгаалалтад байгаа обьектын хүрээ хэт өргөжиж, хамгаалалтын иж бүрэн байх зарчим алдагдсан байна. Төрийн тусгай хамгаалалтыг хэрэгжүүлэх арга хэлбэрийг хуулиар хатуу тогтоож өгсөн нь хамгаалалтын арга, тактикийг өөрчлөх, олон нийт болон хамгаалуулагч нараас тавьж буй шаардлагад нийцүүлж уян хатан байх боломж хязгаарлагджээ. Төрийн тусгай хамгаалалтын бүс, дэглэм тогтоох үйл ажиллагаа нь хуулиар тодорхой бус байгаа аж. Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулиар тогтоосон төрийн тусгай хамгаалалтын үйл ажиллагааг бусад хуулиар өргөжүүлэн тогтоодог хуулийн гажуудал бий болсон байна. Төрийн тусгай хамгаалалтын алба хаагчид тавих шаардлага, эрх зүйн байдал, эрх зүй, нийгмийн баталгаатай холбоотой зохицуулалт нь төрийн албаны болон бусад тусгай чиг үүрэг бүхий салбарын эрх зүйн шинэчлэлээс хоцорсон, эрх зүйн байдал нь хийдэлтэй, эрх зүй, нийгмийн баталгаа нь сул байгаа гэв. Төрийн тусгай хамгаалалтад албадлага хэрэглэх үндэслэл, журмыг хүний эрхийг хүндэтгэх зарчимд нийцүүлээгүй нь тодорхой болжээ.
Иймд хуулийн хэрэгжилттэй холбоотой хүндрэл бэрхшээлийг арилгах, төрийн тусгай хамгаалалтын зорилго, хамрах хүрээг Монгол Улсын Үндсэн хууль болон Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн оновчтой тогтоож, төрийн тусгай хамгаалалтын байгууллагын чиг үүрэг, удирдлага, зохион байгуулалтыг эрх зүйн зохицуулалтыг шинэчилж, албан хаагчдын хариуцлагыг өндөржүүлэх, эрх зүйн баталгааг бүрдүүлэх чиглэлээр Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн төслийг шинэчлэн боловсруулсан хэмээн Б.Энхбаяр сайд танилцуулав.
Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 7 бүлэг 60 зүйлтэй боловсруулж, хуулийн төсөлд хуулийн зүйл, заалтын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, хуулийн зарим, зүйл, хэсэг, заалтын хэл зүй, найруулгыг ойлгомжтой, тодорхой болгох үүднээс найруулгын шинжтэй зарим өөрчлөлтүүдийг хийжээ.
Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар төрийн тусгай хамгаалалтын зорилго хуульчлан тодорхойлогдож төрийн бусад хамгаалалтаас ялгамжтай байдал тодорхой болно хэмээн үзсэн байна. Түүнчлэн төрийн тусгай хамгаалалтын хамрах хүрээ, үйл ажиллагааг бусад хуулиар өргөжүүлэн тогтоодог байсан гажуудал арилна; төрийн тусгай хамгаалалт нь аюулгүй байдлын эрсдлийн үнэлгээнд үндэслэдэг бөгөөд шинжлэх ухааны хөгжил, техник технологийн дэвшлийг хүний хүчин зүйлтэй хослуулсан, цаг үедээ нийцсэн, уян хатан хамгаалалтын арга, хэлбэр, тактикаар хэрэгжих ач холбогдолтой гэв. Төрийн тусгай хамгаалалтын алба мэргэшсэн, чадварлаг, шилдэг албан хаагчид бүхий тусгай алба байх эрх зүй, нийгмийн баталгаа бүрдэхийн зэрэгцээ төрийн тусгай хамгаалалтын үйл ажиллагаа улс төрөөс болон гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий байгууллагуудын үйл ажиллагаанаас ангид байх нөхцөл баталгаажих аж. Төрийн тусгай хамгаалалтын үйл ажиллагаанд хүний эрхийг хүндэтгэх зарчим хэрэгжиж, хүний эрхийг зөрчих боломж хязгаарлагдана хэмээн төсөл санаачлагчид үзжээ.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо төслийн хэлэлцэх эсэх асуудлыг 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцээд, үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжжээ.
Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух, санал хэлэх шаардлагагүй хэмээн Улсын Их Хурлын гишүүд үзэж, үүгээр үдээс өмнөх нэгдсэн хуралдаан өндөрлөв. Үдээс хойших хуралдаанаар Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлнэ
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20