Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Үйл явдал
/
2024-05-18

Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2024.05.17/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар арван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдааны эхэнд Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг хийв.

Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийн үйлчлэх хүрээ гэсэн 3 дугаар зүйлд “энэ хуулийн үйлчлэлд дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн, бага хүүхэд нь 1 нас хүрсэн, энэ хуулийн 4.1.1, 4.1.2-т заасан нөхцөлийг хангасан эх” хамаарна гэж заасан бөгөөд мөн хуулийн 3.2-т “Энэ хуулийн 3.1.1 -д заасан "дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн" гэдэгт бага хүүхэд нь нэг нас хүрэхэд дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй байсан бөгөөд үүнд тэр үед гурав хүртэлх насанд нь үрчлэн авсан хүүхэд хамаарах ба харин эхийн төрүүлж бусдад үрчлүүлсэн хүүхэд хамаарахгүй.” гэж заасан. Хуулийн энэхүү зохицуулалтын дагуу 6 ба түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эхэд “Алдарт эх” I зэргийн одон, 4 ба түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эхэд “Алдарт эх” II зэргийн одонг олгож байгаа бөгөөд ингэхдээ хамгийн бага хүүхэд нь нэг нас хүрэхэд 4 болон 6-аас дээш хүүхэдтэй байсан бөгөөд эдгээр хүүхдийн тоонд 3 хүртэлх насанд нь үрчлэн авсан хүүхдийг хамруулан олгож байгааг дурдав.

Ерөнхийлөгчийн Тамгын газарт иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг судлан үзэхэд олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдийн нийгмийн халамжийг сайжруулах, “алдарт эх”-ийн одонг авахад дэмжлэг үзүүлэх, Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, нийтдээ 4 буюу 6-аас дээш хүүхэд төрүүлж өсгөсөн бөгөөд байгалийн аюулт үзэгдэл, осол, өвчин, гэмт хэргийн улмаас нас барсан 1 ба түүнээс дээш настай хүүхдийг хүүхдийн тоонд оруулан тооцож алдарт эхийн одонг олгох зэрэг саналуудыг ирүүлсэн байна. Дээр дурдсан үндэслэл шаардлагын дагуу уг хуулийн төслийг боловсруулсан байна.

Хуулийн төсөлд үйлчлэх хүрээг өргөжүүлж дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн гэдэгт бага хүүхэд нь нэг нас хүрэхэд дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй байсан бөгөөд үүнд тэр үед гурав хүртэлх насанд нь үрчлэн авсан, эсхүл байгалийн аюулт үзэгдэл, осол, өвчин, гэмт хэргийн улмаас нас барсан 1 ба түүнээс дээш настай хүүхдийг хамруулахаар, түүнчлэн холбогдох журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч батлах тухай эрх зүйн зохицуулалтыг тусгажээ.

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг танилцуулав.

Тэрбээр, хууль санаачлагчаас эхчүүдийг алдарт эхийн одонгоор шагнах журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч батлахаар, хуулийн үйлчлэх хүрээг өргөжүүлж дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн гэдэгт бага хүүхэд нь нэг нас хүрэхэд дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй байсан бөгөөд үүнд тэр үед гурав хүртэлх насанд нь үрчлэн авсан, эсхүл байгалийн аюулт үзэгдэл, осол, өвчин, гэмт хэргийн улмаас нас барсан 1 ба түүнээс дээш настай хүүхдийг хамруулахаар болон хуулийн хэрэгжих хугацааны талаарх зохицуулалтыг тусган төслийг боловсруулсныг дурдаад уг хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 77.8 хувиар үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэнийг тодотгов.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, иргэдтэй уулзахад олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийн талаар ихээхэн хөндөж ярьдаг бөгөөд Монгол Улсын хүн амыг өсгөх төрийн бодлоготой уялдаж байгаа тул төслийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан  Монгол Улсад хүүхдээ цаг бусаар, өвчнөөр алдсан үрчилж авсан гээд хүн амаа өсгөх гээд зүтгэж буй ээжүүдтэй холбоотой хуулийн алдааг засаж буйд олон зуун ээжүүдийн өмнөөс талархлаа илэрхийлье гэж байлаа.

Ингээд Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Иймд төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлэв.

 

Дараа нь Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан.

Энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Хууль зүйн байнгын хорооны 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 02 дугаар тогтоолоор хуулийн төслүүдийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Ц.Мөнх-Оргил, Ц.Мөнхцэцэг, Ц.Сандаг-Очир нар болон холбогдох бусад албан тушаалтнууд ажилласныг дурдав.

Мөн Ажлын хэсэг хуулийн төсөлд туссан нийслэл дэх дүүргийн анхан шатны шүүхийг Эрүүгийн хэргийн тойргийн 3, иргэний хэргийн тойргийн 3 буюу тойргийн нийт 6 шүүхийг байгуулж, нутаг дэвсгэрийн алслагдмал байдлыг харгалзан Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Багануур дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн одоогийн зохион байгуулалтыг хэвээр үлдээх, Багахангай, Налайх дүүргийн эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүхийг тойргийн зарчмаар байгуулж Налайх дүүрэгт байршуулах, нийслэлийн хэмжээнд дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх 1, Нийслэл дэх гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны тойргийн шүүх 1 байхаар тусгасан саналыг хэвээр үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн авлигын хэргийг давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар, хяналтын шатны шүүх давж заалдах журмаар хянан шийдвэрлэх талаарх зохицуулалтыг хуулийн төслөөс хасах, Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дагаж мөрдөх хугацааг тодорхой болгох зэрэг 26 зарчмын зөрүүтэй  санал гаргаснаас 23 саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед ажлын хэсгээс гаргасан Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх  зарчмын зөрүүтэй гурван санал, хамт өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаарх зарчмын зөрүүтэй нэг саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүйг онцолж байлаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа Монгол Улсын хэмжээнд шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх хүрээнд шүүх байгуулах асуудлыг хөндөж буй учир төслийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд шүүх зарим үед улс төрд нөлөөлөх шийдвэр гаргах гээд байдаг талтайг Улсын Их Хурлын сонгуулийн үеэр Өвөрхангай аймагт болсон нэр дэвшигчдийн маргааныг  харьяаллыг нь өөрчилж байгаад шийдвэрлэсэн болон Улсын Их Хурлын гишүүнийн халдашгүй байдлын болон нэр дэвшигчийн дархлаатай байхад ганцхан шүүгчийн шийдвэрээр баривчилж хорьсон тохиолдлуудыг дурдаад цаашид ийм асуудал гаргахгүйн тулд Шүүхийн ерөнхий зөвлөл ямар арга хэмжээ авч ажиллах талаар асуулт асууж, хариулт авлаа.

Хуулийн төслийн талаар Ажлын хэсгээс бэлтгэсэн Байнгын хорооны дэмжсэн, дэмжээгүй зарчмын зөрүүтэй 26 саналын томьёолол бүрээр санал хураалт явуулсны дараа Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

 

Үргэлжлүүлэн Засгийн газраас 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг явуулсан. Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат нар тус тус танилцуулав.

Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод экспортод чиглэсэн хүнд, хөнгөн үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилтын хүрээнд эдийн засгийн тэргүүлэх 16 чиглэлд мэдээллийн технологийн салбарыг хамааруулж, тус салбарыг экспортод чиглүүлэн хөгжүүлэх, гадаадын зах зээлд гарахад дэмжлэг үзүүлэх, мэдээллийн технологийн энтрепренёр, гарааны бизнес эрхлэгчдийг дэмжиж, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, үндэсний тоон контентыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилтуудыг дэвшүүлсэн.

Монгол Улс НҮБ-ын хоёр жил тутмын “Цахим засаглалын хөгжлийн индекс”-ээр 2018, 2020 онд тус байгууллагын гишүүн 193 орноос 92 дугаар байранд орсон бол 2022 онд 74 дүгээр байранд орж, 18 байр урагшилсан. Харин Дэлхийн оюуны өмчийн байгууллагаас жил бүр гаргадаг улс орнуудын инновацын чадавх, амжилтаар нь эрэмбэлдэг “Дэлхийн инновацын индекс”-ээр 2022 онд 71 дүгээр байр эзэлж өмнөх онуудаас 10 гаруй байраар хойшилж, 2023 онд 132 улсаас 68 дугаар байранд жагслаа. Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, үйлчилгээнээс эдийн засагт оруулж байгаа хувь нэмэр 0.24 хувьтай байна. Энэ нь мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын ихэнх нь дэлхийн бусад улс орны компаниудтай харьцуулахад бүрэн төлөвшиж амжаагүй, манай улсад инновац, нэмүү өртөг шингэсэн бизнес эрхлэлтийг дэмжих, хөрөнгө оруулалтын талаарх хууль, эрх зүйн таатай орчингүй, төрөөс үзүүлэх дэмжлэг хангалтгүй байгаатай холбоотой юм. Мэдээллийн технологийн хөгжил нь инновацыг идэвхжүүлж, тухайн салбарын үйлдвэрлэл, экспортыг дэмжиж, ажлын байр, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд ашиг тус, үр шимээ өгч, цахим эдийн засгийг бий болгон, энэ нь нийгмийн бүх салбарт нэвтэрч, бүтээмжийг нэмэгдүүлэн өргөн хүрээтэй өөрчлөлтийг авчирч байгааг салбарын сайд танилцуулгадаа дурдсан.

Энэхүү хуулийн төсөлд сэндбокс орчны талаар тодорхойлж, хиймэл оюун ухаан, их өгөгдөл, сансрын үйлдвэрлэлийн дэвшилтэт технологид суурилсан сэндбоксын орчин бий болгон, холбогдох журмыг Засгийн газар батлахаар тусгалаа. Мөн мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих үйл ажиллагаанд баримтлах зарчим, тэр дундаа мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих талаар төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлах, төр мэдээллийн технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс татгалзах, мэдээллийн технологийн үйлдвэрлэлд төрөөс үзүүлэх дэмжлэг нь ил тод, шударга, нээлттэй байх талаар тогтоов. 

Салбарын бодлого, чиглэлийг тодорхойлоход мэргэжлийн холбоо, хувийн хэвшил, мэргэжилтнүүдийн оролцоог нэмэгдүүлэх, Засгийн газар, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих талаар хүлээх үүргийг тогтоож, салбар хоорондын уялдаа холбоог хангах, мэдээлэл, технологийн үндэсний паркийн чиг үүргийг тодорхой болгон, гарааны бизнесийг дэмжих, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, төрийн байгууллага нь худалдан авсан программ хангамжийн ЭХ КОД-ын эзэмших эрхийг харилцан тохиролцож, тендер шалгаруулалтын баримт бичигт заахаар, Мэдээлэл, технологийн үндэсний парк нь виртуал бүсэд бүртгэлтэй хуулийн этгээдийн зах зээлийн үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллагатай хамтран хэрэгжүүлэх, мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүс, түүний удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагаа, мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгч хуулийн этгээдийг виртуал бүсэд бүртгэх, тавигдах шаардлага, бүртгэлээс хасах үндэслэл, виртуал бүсэд бүртгүүлсэн хуулийн этгээдэд үзүүлэх татварын болон татварын бус дэмжлэг зэргийг тусгасан хэмээн Н.Учрал сайд танилцууллаа.

Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хороо 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаараа уг хуулийн төслийг хэлэлцсэн бөгөөд төслүүдийг хэлэлцэх үед Байнгын хорооны гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжсэн гэдгийг Байнгын хорооны санал, дүгнэлтэд дурдсан байв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, Д.Ганбат, М.Оюунчимэг, Б.Саранчимэг нар асуулт асууж, үг хэлэв. Гишүүд Монголд сэндбоксын орчин бүрэн гүйцэт утгаараа орж чадсан эсэх, мэдээлэл технологийн компаниудын тулгамдсан зах зээлийн асуудлыг хуулийн төсөлд хэрхэн тусгасныг тодруулахын зэрэгцээ  ерөнхий боловсролын сургуулийн мэдээллийн технологийн хичээлийн хөтөлбөрийг шинэчлэх шаардлагатай байна гэж байлаа.

Хуулийн төсөлд мэдээлэл технологийн орчинг дэмжих зорилгоор сэндбоксын орчныг оруулсан. Өөрөөр хэлбэл, сансрын бүх төрлийн технологи,  хиймэл оюун ухаан, их өгөгдөл дээр шинэ технологи нутагшуулах гэж байгаа бол сэндбоксын орчинд үйл ажиллагаа явуулах асуудлыг хуулийн төслөөр нээж байгаа. Банк, санхүүгийн салбарт шинэ технологи хурдан нэвтэрсэн шалтгаан нь сэндбоксын орчин  гэдгийг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал хариултдаа тодотгохын зэрэгцээ  е-mongolia дээр IT компаниудыг бүртгэлжүүлэх, бүртгүүлсэн компаниуддаа татварын болон татварын бус дэмжлэгүүдийг үзүүлэхээр хуулийн зохицуулалтыг тусгасан  гэв. Мөн төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухайд төр өөрөө систем хөгжүүлэхгүй гэдэг зохицуулалтыг төсөлд тусгасан том дэвшлийг гаргаж байгааг салбарын сайд хариултдаа онцлохын зэрэгцээ Боловсрол, шинжлэх ухаанын яамтай хамтраад цахим ур чадвар дээр хамрах хүрээг тодотгон хамтарч ажиллаж байна гэсэн тайлбарыг өглөө.

Ингээд дээрх хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 57.5 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Инновац, цахим бодлогын байнгын хороонд шилжүүллээ.

Хуралдаан Монгол Улсын Засгийн газраас 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн.   

Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин нар тус тус танилцуулав.

Хууль санаачлагчийн илтгэлд, манай улсын эдийн засаг “КОВИД -19” цар тахлын нөлөөгөөр 2020 онд 4.6 хувь агшиж байсан бол сүүлийн хоёр жилийн хугацаанд 5 хувь болон 7 хувиар тус тус өсөөд байна. Цаашид Оюутолгойн уурхайн олборлолтын хэсэгт зэс алтны агууламж нэмэгдэж байгаа экспортын үйл ажиллагаа сэргэж жигдэрсэн, аялал жуулчлал, үйлчилгээний салбаруудын үйл ажиллагаа идэвхжиж байгаа зэргийн нөлөөгөөр эдийн засгийн өсөлт эрчимжиж 2025 онд 8 хувь, 2026 2027 онд тус тус 6.5 хувь орчимд тогтвортой хадгалагдахаар байна. Мөн цар тахал болон Украйнд болж буй геополитикийн зөрчилдөөнт нөхцөл байдлын нөлөөгөөр 2022 онд 16.9 хувь болж өсөөд байсан инфляц 2024 оны 4 дүгээр сард 6.4 хувь болж буураад байгааг онцлон тэмдэглэв.

Мөн цаашид валютын нөөцийг 10 тэрбум ам.долларт хүргэж бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тогтвортой нэмэгдүүлэн төсөв, мөнгөний оновчтой бодлогыг хэрэгжүүлснээр инфляцыг 2025 онд 6 хувь, 2026 онд 4 хувь, 2027 онд 3 хувьд хүргэхээр хуулийн төсөлд тусгасан. Түүнчлэн нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг 2025 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 2 хувь, 2026 онд 1.5 хувь, 2027 онд нэг хувьд хүргэж, үе шаттай бууруулах, Засгийн газрын өрийг 2027 онд одоо байгаа 39 хувь, 2027 он гэхэд 40 хувьтай хэмжээнд нь барихаар хуулийн төсөлд тусгасан гэдгийг Ч.Хүрэлбаатар сайд танилцуулгадаа дурдсан.

Хуулийн төсөл нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан нэгдсэн төсвийн орлого, зарлага, төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл болон Засгийн газрын өртэй холбоотой төсвийн тусгай шаардлагуудыг нэгэн зэрэг хангасан. Мөн төсвийн хүрээний мэдэгдэлд тусгагдсан төсвийн алдагдлын хязгаар хуульд нийцсэн төдийгүй төсвийн дотоодны нийт бүтээгдэхүүнд эзлэх Засгийн газрын өрийн хэмжээ зохистой түвшинд байна гэв.

Төсвийн байнгын хороо 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаараа уг хуулийн төслийг хэлэлцсэн бөгөөд Улсын Их Хурлын Тамгын газрын Төсвийн хяналт, шинжилгээний асуудал хариуцсан нэгжээс хуулийн төсөл нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.1-6.1.4-т заасан шаардлагыг хангасан эсэх талаарх танилцуулга, Төсвийн тогтвортой байдпын зөвлөл Улсын Их Хурлын 2024 оны 03 дугаар тогтоолоор баталсан зөвлөлийн дүрмийн 3.1.1 дэх заалтад тусгагдсан бүрэн эрхийнхээ хүрээнд хуулийн төсөлд дүн шинжилгээ хийж гаргасан дүгнэлт, зөвлөмжөө Төсвийн байнгын хороонд ирүүлсэн гэж санал, дүгнэлтэд дурдсан байлаа.Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүдээс асуулт, санал гараагүй гэдгийг Г.Амартүвшин гишүүн онцолсон.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Д.Тогтохсүрэн, Ж.Батжаргал, Б.Баттөмөр,  Ц.Сандаг-Очир, Г.Тэмүүлэн, Г.Ганболд нар асуулт асууж, үг хэлсэн. Гишүүдийн зүгээс Эдийн засаг, хөгжлийн яам зээлийн хүүг буулгах болон уул уурхайн экспортын бүтээгдэхүүний үнийн өсөлт хэр байхаар тооцоолсныг мөн хөрөнгө оруулалтад хэчнээн төгрөг төсөвлөснийг илүүтэй лавлаж байлаа.

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, “Монгол Улсад инфляцийн түвшинг бага, төгрөгийн ханш тогтвортой байлгаж, банкны хүрээг өргөжүүлж чадвал зээлийн хүү буурна. Цаашдаа валютын нөөцийг 10 тэрбум ам.долларт хүргэж чадвал валютын ханш тогтвортой байна. Нөгөө талаар инфляцийг гурван хувьд байлгана гэсэн бодлогыг  хатуу барихаар Эдийн засаг, хөгжлийн яамнаас анхаарал тавин ажиллаж байна. Мөн Монгол Улсад аль болох олон банк үйл ажиллагаа явуулахад анхаарах  нь зүйтэй. Ингэж чадвал зээлийн хүү буурч, нэг оронтой тоо руу орно”  хэмээн хариулж байлаа. Мөн тэрбээр, “төсвийн хүрээний мэдэгдэлд хөрөнгийн зардалд 2025 онд 7 их наяд 273 тэрбум, 2026 онд 7,764 тэрбум, 2027 онд 7,866 тэрбум төгрөгийг төсөвлөнө. Уул уурхайн экспортын бүтээгдэхүүний үнийг нүүрсэн дээр жаахан буулгаж, алт, зэсийн үнийг боломжийн хэрээр өндөр төсөөлж тооцсон” гэж байлаа.

Ингээд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 51.3 хувь нь дэмжсэн. Иймд хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн.

 

Мөн өдрийн хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.   

Хууль санаачлагчийн илтгэлтийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар танилцуулав. БНЭУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж байгаа дотоодын түүхий эдэд тулгуурласан Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн бүтээн байгуулалт 16 хувь, үйлдвэр тос дамжуулах хоолойны угсралтын ажил 39 хувийн гүйцэтгэлтэй байна. Үйлдвэрийн түүхий эдийн хангамжийн асуудалд Улсын Их Хурал, Засгийн газраас онцгойлон анхаарч Засгийн газрын 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 266 дугаар тогтоолын Газрын тосны хайгуулын Давст XXXI талбайг "Монгол газрын тос боловсруулах үйлдвэр" ТӨК-д олгосон бөгөөд уг талбайг өмнө хийсэн хайгуул, судалгааны ажлын анхдагч мэдээлэл геологи, геофизикийн өгөгдөл тайлал хийж газрын тосны хэтийн төлөвлөлт урьдчилсан байдлаар үнэлгээ хийн ажиллаж байгааг сайд танилцуулгадаа дурдлаа.

Мөн Монгол Улсын газрын тосны олборлолт 2015 онд 1.2 сая орчим тонн хүрч байсан бол сүүлийн жилүүдэд олборлолтын хэмжээ эрс буурч 2023 онд 600 орчим мянган тонн болж буурсан. Голлох олборлолт хийж буй Тамсаг, Тосон уулын ордын жилийн олборлолтын хэмжээ 700-400 мянган тонн хүртэл буурах төлөвлөлттэй байгаа нь үйлдвэр ашиглалтад орох үед түүхий эдийн тогтвортой хангамжид эрсдэл үүсэх нөхцөл байдалтай байна. Газрын тосны хайгуул, олборлолт нь хөрөнгө оруулалтын зардал ихээхэн шаарддаг эрсдэл өндөртэй үйл ажиллагаа бөгөөд газрын тос боловсруулах үйлдвэрийн түүхий эдийн хангамжийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд "Монгол Газрын тос боловсруулах үйлдвэр"-ийн зүгээс Давст XXXI талбайд хөрөнгө оруулж хамтран ажиллах тухай урилгыг олон улсын 50 гаруй компанид хүргүүлсэн боловч санал ирүүлээгүй гэж байлаа.  

Түүнчлэн тэрбээр, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 21.1-т албан татвар төлөгчийн дараах орлогын албан татвараас чөлөөлнө. 21.1.4-т газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу тус улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа албан татвар төлөгчийн өөрт ноогдох бүтээгдэхүүний борлуулалтаас олсон энэ хуулийн 18.6.20, 20.1-д заасан орлого гэж тус тус заасан байдаг. Хуульд нийцүүлэн Засгийн газраас олгосон Давст XXXI талбайд хөрөнгө оруулалт хийж, газрын тосны хайгуул ашиглалтад газрын тос боловсруулах үйлдвэр ТӨК-тай хамтран ажиллах хөрөнгө оруулагч компанийг Монгол Улсад бүтээгдэхүүн хуваах гэрээний үндсэн дээр үйл ажиллагаа явуулж буй бусад аж ахуйн нэгжүүдийн нэгэн адил ААНОАТ-аас чөлөөлөх эрх зүйн орчныг бүрдүүлэх бодит шаардлага тулгарч байна гэв.

Хуулийн төсөл батлагдсанаар Давст XXXI талбайд хөрөнгө оруулагчтай хамтран хайгуулын ажлыг эрчимтэй явуулж газрын тосны нөөцийг өсгөх, олборлолтыг нэмэгдүүлэх, улмаар газрын тос боловсруулах үйлдвэрийн түүхий эдийн тодорхой хэсгийг өөрийн олборлосон газрын тосоор хангахад томоохон дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой гэж төсөл санаачлагчид үзжээ.

Монгол Улсын Засгийн газраас 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийг Төсвийн байнгын хороо 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, төсөл санаачлагч Давст XXXI талбайд "Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн үйл ажиллагаа хэвийн явагдах, түүхий эдээр тасралтгүй хангагдах боломжийг бүрдүүлэх үүднээс гадаадын хөрөнгө оруулагч компанийн аж ахуйн нэгжийн орлогын татвараас чөлөөлөх нөхцөлийг бүтээгдэхүүн хуваах гэрээний гэрээлэгч талтай адил байхаар тогтоож үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх замаар татварын таатай орчныг бий болгох нь зүйтэй гэж хуулийн төслийг боловсруулсныг дурдаад Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэнийг онцлов.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүн Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд, хуулийн төсөл нь  зөвхөн "Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-тэй хамтран ажиллах аж ахуйн нэгжид хамааралтай эсэх, газрын тосны олборлолт 2015 онд 1.2 сая орчим тонн хүрч байснаа олборлолтын хэмжээ эрс буурсан үндсэн шалтгааныг тодруулсан бол Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин 2022, 2023 оны нэгдсэн төсөв хэлэлцэх үед би газрын тосны салбарын чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, 1-2 өрөмтэй болох хөрөнгийн зардлыг суулгаж өгөх асуудлыг тавьж байсан. Монгол Улсад газрын тос байгаа тул бид хайгуул хийх асуудлыг эрчимжүүлэх шаардлагатай байна. Газрын тосны үйлдвэртэй болох гэж байгаа энэ үед түүхий эдээрээ хангаж чадахгүй бол эдийн засгийн ихээхэн хохирол амсах тул хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн.

Ингээд дээрх хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 59.0 хувь нь дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

 

Дараа нь Монгол Улсын Засгийн газраас 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.

Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Мал амьтнаас хүнд халдварладаг өвчнийг зооноз гэх бөгөөд дэлхий дээр 1500 орчим хүний халдварт өвчин бүртгэгдсэний 60 хувь нь зооноз өвчин байна. Жил бүр хүний 4-5 халдварт өвчин шинээр бүртгэж байгаагаас 3-4 нь буюу 75-80 хувь нь амьтдаас хүнд халдварлаж байгааг судалгаагаар тогтоосон. Нийт зооноз өвчний 60 хувь нь, сүүлийн 20 жилд шинээр бүртгэгдсэн зооноз өвчний 80 хувь нь вирусээр үүсгэгдсэн байгааг онцлов.

Мөн Монгол Улсад хүний болон мал, амьтны зориулалттай эм, био бэлдмэл, оношлуур, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн, тэжээлийн нэмэлтийг үйлдвэрлэх, импортлох, экспортлох, хадгалах, худалдах, түгээх, хэрэглэх, хянах үйл ажиллагаатай холбогдсон харилцааг Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулиар зохицуулж байна. Эмийн тухай хууль 1998 онд батлагдаж 2006 онд нэмэлт, өөрчлөлт оруулж, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль болгосон бөгөөд 2010 онд тус хуулийг шинэчлэн  найруулснаас хойш нийтдээ 7 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан хэдий ч зарчмын хувьд мал амьтны эм, эмнэлгийн хэрэгсэл, тэжээлийн нэмэлтийн талаарх зарчмын суурь зохицуулалт хяналт, шалгалтын талаар бүрэн тусгагдаагүй гэж байлаа.

Түүнчлэн Монгол Улс 1989 онд Дэлхийн малын эрүүл мэндийн байгууллага, 1997 онд Дэлхийн худалдааны байгууллагын гишүүнээр элссэн бөгөөд гишүүн орны хувьд дээрх байгууллагуудын батлан гаргасан стандарт, удирдамж, заавар, зөвлөмжид нийцүүлэн үндэсний бодлого, хууль тогтоомжийг өөрчилж, шинээр боловсруулах үүрэг хүлээсэн байдаг. Одоо мөрдөж байгаа Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд хүний эмнэлгийн зориулалттай эм, түүний дотор уламжлалт, эм, био бэлдмэл, оношлуур, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн, хүнийг үйлдвэрлэх, импортлох, экспортлох, хадгалах, худалдах, түгээх, хэрэглэх, хянах үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулалтыг нарийн тусгагдсан бөгөөд мал, амьтны эм, эмнэлгийн хэрэгсэл, эмийн түүхий эд, ариутгал, халдвар, төлжилтийн бэлдмэл тэжээлийн нэмэлтэд зохицуулалтыг бүрэн тусгаагүй байдаг.

Дэлхий дахинд мал амьтны эмийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл хурдацтай хөгжиж байгаа нь мал амьтны  өвчний оношилгоо, эмчилгээний шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлэх, чанар, аюулгүй байдлыг хангах, эмийн худалдаа, хангамж, эмийн бүртгэл, баталгаажуулалт, эмийн нэгдсэн цахим бүртгэлийг нэвтрүүлэх, эмийн зохистой хэрэглээ, төрөөс баримтлах зарчим, мал амьтны эм, эмнэлгийн хэрэгслийн био бэлдмэл, оношлуур, эмийн түүхий эд, ариутгал, халдваргүйжилтийн бэлдмэл, тэжээлийн нэмэлтийн зөвшөөрөл олгох хяналт, шалгалт зэрэг хууль эрх зүйн зохицуулалтыг цогцоор нь тусгах хэрэгцээ шаардлагатай байна гэж төсөл санаачлагчид үзжээ. Иймд дээрх зохицуулалтыг тусган Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн тухай хуулийн төслийг 7 бүлэг 24 зүйлтэйгээр Монгол Улсын Үндсэн хууль бусад хууль тогтоомж батлагдсан үзэл баримтлалд нийцүүлэн боловсруулсан байна.

Хууль батлагдсанаар эмийн чанар, аюулгүй байдал, хангамж сайжирч, хүнсний аюулгүй байдлыг хангахад төр болон хувийн хэвшлийн үүрэг хариуцлага нэмэгдэнэ. Монгол Улсын Засгийн газар Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн худалдааны байгууллага болон бусад олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, мал, амьтны болон нийтийн эрүүл мэндийг хамгаалах бодлого, чиглэл, стратеги, үйл ажиллагааг тодорхойлсон эрх зүйн орчин бүрдэнэ гэж байлаа.  Мөн мал, амьтны гоц халдварт, халдваргүй шимэгчлэх өвчнөөс урьдчилан сэргийлэх болон эмчлэх арга хэмжээний үр дүн сайжирч мал, амьтны өвчний гаралт, тархалт, өвчлөл буурч, хүн ам, мал, амьтны эрүүл мэндэд учруулах эрсдэл буурах юм. 

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо дээрх хуулийн төслийг 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг танилцуулав. Хууль санаачлагч мал, амьтны эмийн зохицуулалтын үйл ажиллагаанд оролцогч талуудын хяналтын болон үйл ажиллагааны чиг үүргийг тодорхой болгох, эмийн чанар, аюулгүй байдал, хангамжийг сайжруулах, хүнсний аюулгүй байдлыг хангахад төр болон хувийн хэвшлийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, Мал, амьтны гоц халдварт, халдварт, халдваргүй, шимэгчтэх, өвчнөөс урьдчилан болон эмчлэн сэргийлэх арга хэмжээний үр дүнг сайжруулах, мал, амьтны өвчний гаралт, тархалт, өвчлөлийг бууруулах мал, амьтны эрүүл мэндэд учруулах эрсдэлийг бууруулах зорилгоор хуулийг төслийг боловсруулсныг дурдаад хуулийн төслүүдийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 60 хувь нь үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн гэж байлаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Иймд хуулийн  төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ.

Үргэлжлүүлэн Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан. Энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулав.

Тэрбээр танилцуулгадаа, Төсвийн байнгын хороо 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаараа Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн талаар Эрх зүйн дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэсний дагуу Улсын Их Хурлын Тамгын газраас Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4.23 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 38 дугаар зүйл, Хууль зүйн байнгын хорооны 2020 оны 06 дугаар тогтоолоор баталсан “Хууль зүйн дүгнэлт гаргах журам"-д заасныг баримтлан эрх зүйн дүгнэлт гарган ирүүлсэн. Төсвийн байнгын хорооны 2024 оны 03 дугаар тогтоолоор хуулийн төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, бурэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Б.Пүрэвдорж нар болон холбогдох бусад албан тушаалтнууд ажилласныг дурдлаа.

Мөн Төсвийн байнгын хороо 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу явуулж, хуулийн төслийг зүйл бүрээр нь хэлэлцсэн. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед ажлын хэсгээс төслийн 1 дүгээр зүйлийг “оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн зориулалтаар импортолж байгаа, дотоодын үйлдвэрлэлээс хангах боломжгүй түүхий эд, үндсэн болон туслах материал" гэж өөрчлөн найруулах, мөн хууль хоорондын нийцлийг хангах үүднээс “Засгийн газарт чиглэл өгөх тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулан батлуулах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэж байлаа.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй хоёр саналаар санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжив. Иймд хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа нарын 10 гишүүнээс 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

Энэ талаарх Төсвийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцууллаа. Тус Байнгын хороо 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийг баримтлан явуулсныг дурдаад, Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүдээс асуулт гараагүй гэдгийг онцолсон.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг нэмж тусган төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, бүтцийн шинжтэй засварыг хийж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн төсөл,  болон Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Иймд хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.  

Хуралдаан Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжилсэн.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаараа хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу явуулсан бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, тус Байнгын хорооны 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 02 дугаар тогтоолоор дээрх хууль, тогтоолын төслүүдийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатараар ахлуулж, Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд, Н.Ганибал, Ц.Идэрбат, Б.Саранчимэг, Ц.Туваан, Т.Энхтүвшин нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулан ажилласан гэв.

Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед ажлын хэсгээс төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрхэд Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтийг хангуулах, ургамал хамгааллын салбарын бодлого, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох гэж нэмэхээр; Төслийн хорио цээр тогтоосон нутаг дэвсгэрт тавигдах шаардлага гэсэн 10 дугаар зүйлийг 11 дүгээр зүйлтэй нэгтгэн Хорио цээрийн үед хэрэгжүүлэх арга хэмжээ болгон өөрчлөн найруулахаар; Хорио цээртэй хөнөөлт организмын тандан судалгааг байгаль, цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан холбогдох эзэн, төрөл зүйл байхгүй нь нотлогдсон байршилд тандан судалгааг хийх шаардлагагүй гэсэн зохицуулалтыг төслөөс хасах зэрэг төслийн талаар зарчмын зөрүүтэй 16, найруулгын шинжтэй 4 санал болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар 11 зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын гишүүдээс асуулт, санал гараагүй болно гэдгийг Н.Наранбаатар гишүүн танилцуулгадаа онцлов.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул хуулийн төслүүдийн талаарх Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулсан. Тухайлбал, төслийн 19 дүгээр зүйлд ургамал хамгаалал, хорио цээрийн мэргэжилтэй, эсхүл энэ чиглэлээр мэргэшсэн агрономичтой болохыг нотлох дипломын хуулбар, нийгмийн даатгалын лавлагаа.”  гэсэн 19.9.7 дахь хэсэг, мөн төсөлд “Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтийг хангуулах, ургамал хамгааллын салбарын бодлого, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох;” гэсэн агуулгатай 21.1.2 дахь заалт нэмж, төслийн 21.1.2 дахь заалтыг 22.2.11 дэх заалт болгон шилжүүлэхийг дэмжлээ. Түүнчлэн төслийн 22 дугаар зүйлд “хөнөөлт организмын эрсдэлийн шинжилгээ хийх;” гэсэн 22.2.7 дахь заалт, эрдэм шинжилгээний байгууллагын бүрэн эрхтэй холбоотой 25 дугаар зүйл нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Иймд уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлсэн.

Хуралдааны төгсгөлд УИХ-ын гишүүн С.Одонтуяа нарын найман гишүүнээс 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг явуулав.

Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн С.Одонтуяа танилцуулсан. Тэрбээр, УИХ-аас Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцод 2002 он, нэмэлт протоколд 2015 онд нэгдэн орж соёрхон батлаад 9 жил өнгөрч байна. Монгол Улс соёрхон баталсан олон улсын гэрээ конвенцод нэгдэн орсон үүргийнхээ дагуу дотоодын хууль тогтоомжийг нийцүүлэх үүрэгтэй. Хуулийн төслөө боловсруулахдаа НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг дэд хорооны гишүүдээс санал авахаар хүргүүлсэн бөгөөд хуулийн төслийг НҮБ-ын Эрүүдэн шүүхийн дэд хорооны зөвлөлөөр хэлэлцээд 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн албан захидлыг авсан болно. Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцын нэмэлт протоколын 18 дугаар зүйлд оролцогч улсууд үндэсний урьдчилан сэргийлэх байгууллага чиг үүргийнхээ хувьд хүний нөөц, төсөв хөрөнгө, үйл ажиллагааны хараат бус байх баталгааг хангана гэж байлаа.

Хууль зүйн байнгын хороо 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир  танилцууллаа.

Тэрбээр, хууль санаачлагчаас Монгол Улсын нэгдэн орсон Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцын Нэмэлт протоколд заасан “Оролцогч улс бүр үндэсний түвшинд эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэх явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор бие даасан, хараат бус Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний байгууллага байгуулах үүрэг хүлээсний дагуу эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны төсвийг бүрэн хараат бус байхаар нэг мөр зохицуулах, чиг үүргээ хараат бусаар хэрэгжүүлэхэд бусад байгууллага, албан тушаалтан шууд нөлөөлөх эрсдэлтэй байдлыг хязгаарлах, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн тангараг өргөх, шаардлага бичих зэрэг эрх зүйн зохицуулалтыг тусган хуулийн төслийг боловсруулсныг онцлоод Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжээгүй гэдгийг тодотгож байлаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул Байнгын хорооны саналаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих шаардлагагүй гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Иймд дээрх хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлснээр чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (52.15.170.196)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.