ЁДБХ: 2023 оны төсвийн гүйцэтгэлийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв
Үйл явдал
/
2024-08-29

Ёс зүй, дэгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар /2020.08.28/ Засгийн газраас 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.

Төсвийн гүйцэтгэлийн талаарх илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав. Тэрбээр, Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2023 оны санхүүгийн нэгтгэсэн тайланг хуулийн хугацаанд нэгтгэн гаргаж, төрийн аудитын төв байгууллагаар аудит хийлгэн, Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит бус чуулганы 8 дугаар сарын 27-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэгт танилцуулсан. Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 2023 онд 23.3 их наяд төгрөг,  нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 22.5 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 2.2 их наяд төгрөгийн алдагдалтай төлөвлөгдсөнөөс 785.9 тэрбум төгрөгийн ашигтай гарсан ба сүүлийн жилүүдэд төсвийн алдагдлыг үе шаттайгаар буурууллаа.  Mонгол Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд тус байнгын хороонд харьяалагдах Төрийн албаны зөвлөлийн даргын төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг нэгтгэн гаргасан болно. Нэгдсэн төсвийн гүйцэтгэлээр тус байнгын хорооны төсвийн ерөнхийлөн захирагчдын нийт зарлага болон цэвэр зээлийн дүн 3.5 тэрбум төгрөгийн гүйцэтгэл гарч, урсгал зардалд 3.5 тэрбум төгрөгийг зарцуулан, улсын төсвөөс 100 хувь санхүүжүүлсэн байна гэв.

Тус байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Баярбаатар,  байнгын хорооны чиг үүргийн хүрээнд Төрийн албаны зөвлөлийн дэргэд Монгол Улсын ёс зүйн хороо харьяалагддаг. Өнөөдрийн байдлаар  төрийн 4000 гаруй байгууллагад Ёс зүйн дэд хороог байгуулахаас 1000 гаруйд нь байгуулагджээ. Шат шатандаа ёс зүйг сахьж төлөвшүүлэх асуудал чухал юм. Тиймээс тусдаа биеэ даасан байгууллага болох зорилт тавьж байна. Төрийн албаны зөвлөлийн төсөв болон Ёс зүйн хорооны төсвийг хэрхэн хуваарилж буй эсэх талаар асуув.

Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн 2023 оны Төрийн албаны зөвлөлийн төсөв 3,8 тэрбум байсан. Тухайн үед Ёс зүйн хороо байгуулагдаагүй байсан. Харин 2024 оны 6,1 тэрбум төгрөгийн төсвийн 1,2 тэрбум нь Ёс зүйн хорооных байна гэв.

Харин Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Санжаадорж, Төрийн албаны зөвлөлийн төсөв 2024 онд 7,5 тэрбум төгрөг байна. 2025 онд 12,5 тэрбум төгрөгийн урсгал зардлыг боловсруулаад явж байна. Төрийн албаны ёс зүйн тухай хуулийн 11.1-т Ёс зүйн хороо нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд ажиллана гэж заасан учраас тусад нь төсвийн ерөнхийлөн захирагч байх боломжгүй байгаа. Цаашид хуулийн зохицуулалтаар Ёс зүйн хорооны төсвийг тусад төсөвлөх боломжтой гэж үзэж байна гэв. Түүний дараа тус байнгын хороонд харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчдын санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэл болон улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр дүнд хийсэн аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Загджав танилцуулав. 

Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын даргын төсвийн 2023 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 3 тайлан нэгтгэсэн. Аудитаар төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайланд “Өөрчлөлтгүй” дүгнэлт өгсөн. Санхүүгийн тайлангийн аудитаар илэрсэн насжилт өндөртэй авлагыг барагдуулаагүй, бараа, ажил үйлчилгээг бэлтгэхдээ “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийг зөрчиж шууд худалдан авалт хийсэн, төсвийг зориулалт бус зарцуулсан зэрэг 698.4 сая төгрөгийн зөрчлийг давтан гаргахгүй байх 4 зөвлөмж өгсөн. Хоёрт, Төрийн албаны зөвлөлийн даргын төсвийн 2023 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар “Өөрчлөлтгүй” дүгнэлт өгсөн. Санхүүгийн тайлангийн аудитаар илэрсэн тайлант хугацаанд өр төлбөр үүсгэсэн, бараа материалын дансанд үндсэн хөрөнгө бүртгэсэн, байгууллагын үйл ажиллгааны хүрээнд бүрдүүлдэг өөрийн орлогыг төсвийн төсөлд тусгаагүй зэрэг 19.0 сая төгрөгийн зөрчлийг давтан гаргахгүй байх 3 зөвлөмж өгсөн.  Нягтлан бодох бүртгэл, тайлагналтай холбоотой 4 тэрбум 921.3 сая төгрөгийн 3 алдаа илэрснийг аудитын явцад залрууллаа. Гуравт, Авлигатай тэмцэх газрын даргын төсвийн 2023 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар “Өөрчлөлтгүй” дүгнэлт өгсөн. Санхүүгийн тайлангийн аудитаар илэрсэн нягтлан бодох бүртгэл, анхан шатны баримтын бүрдэлтэй холбоотой 7.2 сая төгрөгийн зөрчлийг давтан гаргахгүй байх 1 зөвлөмж өгсөн. Төсвийг зохистой удирдаагүйгээс авлага, өр төлбөр үүсгэсэн, тооцоо нийлж баталгаажуулаагүй, хугацаа хэтэрсэн, эзэн холбогдогчгүй болж найдваргүй болох эрсдэлтэй авлагыг барагдуулах талаар арга хэмжээ авах, санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх төсвийн зарчмын дагуу жил бүр байгууллагын үндсэн үйл ажиллагааны хүрээнд бүрдүүлдэг орлогыг төсвийн төсөлд тусгаагүй, төсвийн төлөвлөгөөнд батлуулаагүй зөрчлийг арилгахад тус байнгын хороо аудитын дүн, дүгнэлтээс үндэслэн анхаарал хандуулахыг зөвлөж байна гэв.

Аудитын дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, миний бие Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайдаар ажиллаж байх үедээ тухайн байгууллагаас тэтгэвэрт гарсан ахмадууддаа тухайн байгууллагын цалингийн сангийн 3 хүртэл хувиар тодорхой хэмжээний зардлыг зарцуулж болно гэж Ахмад настны хөгжлийн хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр арга хэмжээг авч байсан. Гэтэл тухайн үед Аудит хууль зөрчсөн дүгнэлт гарч байсан. Төр ахмадуудаа анхаарахад бүх ахмад насны хөгжлийг дэмжих боломжтой учраас Аудитын байгууллага хуулийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах талаар асуулт асууж, санал хэллээ. Ингээд Байнгын хороо Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд УИХ-ын гишүүн Д.Энхтуяа танилцуулахаар боллоо

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.129.39.85)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.