Соёл хүмүүжил, сэтгэл зүйн офицеруудын цугларалт хоёр өдрийн туршид амжилттай явагдаж өндөрлөлөө
Үйл явдал
/
2024-09-05

Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн нэгтгэл, ангийн соёл хүмүүжил, сэтгэл зүйн офицеруудын цугларалт хоёр өдрийн туршид амжилттай явагдаж өндөрлөлөө. Энэ удаагийн цугларалтаар нэгтгэл, ангийн Суртал хүмүүжил, сэтгэл зүйн албаны даргаас гадна зааварлагч, сэтгэл зүйч нарыг бүрэн хамруулж, амжилт ололт, асуудал бэрхшээлээ ярилцаж, нэгдсэн ойлголтод хүрэхэд ихээхэн завшаан болов.

Цугларалтад оролцохоор эх орны баруун хязгаар Ховдын хорооноос хошууч Э.Золзаяа албаныхаа залуустай наймуулаа 1500 гаруй км замыг туулж ирсэн нь бусдадаа үлгэрлэл болов. Цугларалтын эхний өдөр соёл хүмүүжил, сэтгэл зүй, хэвлэл мэдээлэлтэй холбоотой асуудлаар ярилцсан бол хоёр дахь өдөр нь Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн үйл ажиллагаатай танилцаж, төгсгөлд нь Хуурай замын цэргийн командлалын удирдлагуудаас үүрэг чиглэл авлаа. Нэгтгэлийнхэн цугларалтад оролцогчдод "Жишиг хотхон"-оос эхлээд соёл хүмүүжлийн орчин тойрноо бүрэн танилцуулсан юм.

Хуурай замын цэргийн штабын дарга хурандаа Ц.Буяндэлгэр хэлэхдээ “Та бүхний ажил саяхан томилогдож очсон залуухан дэслэгч, дэд ахлагчаас эхэлнэ. Ажил мэргэжилд нь дасгах, хамт олныхоо эгнээнд халуун дотноор угтан авахаас эхэлнэ. Удахгүй 2023 оны хоёрдугаар ээлжийн хугацаат цэргийн алба хаагчид халагдана. Ёс төртэй сайхан халах хэрэгтэй. Залгуулаад шинэ дайчид ирнэ, албанд нь мөн л хурдан дасгаж, сэтгэл зүйн онцлогт нь тохирсон арга хэмжээг авч ажилла. Нийгмийн хандлага, орчин үеийн залуусын сэтгэлгээ гэдэг халхавчаар ажлаас зугтах биш сэтгэл зүйн ямар ч онцлогтой цэрэг байсан түүнд тохирсон ажлыг хэрэгжүүлж чаддаг байх хэрэгтэй. Хөнгөнөөс хүнд, зөөлнөөс хатуу гэдэг зарчмаар шинэ дайчидтай ажиллаарай” гээд дүүрэг, аймаг орон нутгийнхаа Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран ажиллахыг захиж, байгууллагын соёлыг түгээхэд соёл хүмүүжил, сэтгэл зүйн офицерууд манлайлагч нь байх ёстойг ч санууллаа.

Тус командлалын Сургалт бэлтгэлийн хэлтсийн дарга хурандаа Т.Тогмиддүүмий цугларалтын агуулга, үр дүнгийн талаар тодотгож, хугацаат цэргийн алба хаагчидтай ажиллаж байгаа нь та нарын давуу тал, мэргэжлээрээ жинхэнэ утгаараа гялалзаж байгаа юм шүү гээд алба хаагч бүрийн санал хүсэлтийг нь сонсов. Цугларалтад оролцогчдын зүгээс ажлын онцлогоос хамааран амралтын өдрүүдэд ч ажилладаг, орон тоо хангалтгүй үед нэгнийхээ ажлыг байнга нөхөж гүйцэтгэдэг гээд хүний нөөц, сургалт бэлтгэл, албанд нь томилогдсон шинэ боловсон хүчний ажил гүйцэтгэх чадвар, өөрийгөө хөгжүүлэх менежмент, харилцан ажиллагааны талаар санал дэвшүүллээ.

Оролцогчдоос онцлоход соёл хүмүүжил, сэтгэл зүйчээр хамгийн удаан тогтвортой ажиллаж байгаа нь Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн Суртал хүмүүжил, сэтгэл зүйн албаны дарга хошууч Л.Амарбаясгалан байв. Тэрээр ҮБХИС-ийг 2008 онд цэргийн сэтгэл зүйч мэргэжлээр төгссөнөөс хойш Зэвсэгт хүчний 167, 119, 338, 013, 256 гэсэн таван ангид томилогдож, хугацаат цэргийн алба хаагчидтай завсаргүй ажиллаж яваа офицер ажээ. Тэрээр хугацаат цэргийн алба хаагчдыг албаараа бахархах, байлдааны үүргээ ойлгож үлдэх хамгийн чухал үе нь нэгтгэл, ангиудын хээрийн гаралт. Энэ хээрийн гаралтыг л ашиглаж, даарсан ч даараагүй юм шиг, өлссөн ч өлсөөгүй юм шиг, эх оронд нь шаардлага тулгарахад буу бариад босоход бэлэн тийм л сэтгэл зүйг дайчдадаа суулгах ёстой гэв.

Харин энэ албандаа хамгийн залуу боловсон хүчин нь Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн соёл хүмүүжлийн зааварлагч дэд ахлагч Г.Болорцэцэг аж. Өмнө нь Зэвсэгт хүчний 119 дүгээр ангид цаг уурын инженерээр дөрвөн жил энгийнээр ажилласан тэрээр дөрвөн сарын өмнө цэргийн хүний гэргийн ёсоор ханиа дагаж, Ховдын хороонд ийн томилогдсон байна.

Ийнхүү яривал бэрхшээл их, асуудал арвин хэдий ч “Соёл хүмүүжлийн ажил бусдад үргэлж сайнаар нөлөөлдөг” хэмээн завгүй албандаа хоёргүй сэтгэлээр бахархалтайгаар шамдан зүтгэсээр яваа офицеруудын цугларалт энд хүрээд өндөрлөлөө.

Ахмад Д.БОЛОР

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.232.87)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.