БГД: Томуу болон улаанбурхны эсрэг дархлаажуулалтыг хороодын иргэний танхимд үнэ төлбөргүй хийж байна
Үйл явдал
/
2024-08-27

Баянгол дүүргийн Удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, дүүргийн Засаг  дарга Ө.Сумъяабаатар удирдан явууллаа. Өнөөдрийн шуурхай зөвлөгөөнөөр 2024-2025 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбоотойгоор цэцэрлэгийн буюу 2-5 насны хүүхдүүдийн томуу болон улаанбурхны эсрэг дархлаажуулалт, дүүргийн Засаг даргын 2024 оны 02 тоот албан даалгаврын хүрээнд хүүхэд хамгаалал болон аюулгүй байдлыг хангах ажлын хүрээнд “Хамтдаа хамгаалъя” аяныг зохион байгуулах мөн дүүргийн Засаг даргын “Хамтарсан хяналт шалгалт хийх тухай” А/406 захирамжийн хүрээнд байгуулагдсан ажлын хэсгийн аж ахуй нэгж болон баар цэнгээн, үйлчилгээний газруудад хийсэн хяналт шалгалтын талаарх мэдээллийг сонслоо.

Цэцэрлэгийн хүүхдийн дархлаажуулалт 9-р сарын 3-ны өдрийг хүртэл үргэлжилнэ  

Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбоотойгоор энэ сарын 26-ны өдрөөс улс даяар цэцэрлэгийн буюу 2-5 насны хүүхдүүдийг Томуу болон улаанбурхны эсрэг дархлаажуулалт, шээс, цагаан хорхойн шинжилгээг авч эхэлсэн. Баянгол дүүргийн хэмжээнд энэхүү арга хэмжээг 1-34 хорооны ӨЭМТ болон Иргэний танхимд зохион байгуулж буй бөгөөд энэ талаар дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар мэдээлэл өглөө. Тэрбээр “Энэ ажил жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг. Мөн Томуу болон улаан бурхны эсрэг дархлаажуулалтыг үнэ төлбөргүй хийж байгаа. Гэтэл өчигдөр зарим эх сурвалж эцэг эхчүүдэд үнэ төлбөртэй хийнэ гэсэн буруумэдээлэл  өгснөөс гомдол ирж байна. Иймд энэ ажлыг зохион байгуулахад хамтран оролцож буй албаныхан иргэддээ үнэн зөв мэдээлэл өгөх шаардлагатай. Дархлаажуулалт наймдугаар сарын 26-аас 9-р сарын 3-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Түүнчлэн дархлаажуулалтыг цэцэрлэг дээр хийхийг зөвшөөрөөгүй тул, цэцэрлэгийн эрхлэгч нар эцэг эхчүүдэд мэдээллийг өгөхдөө хэт ачаалал үүсгэхгүйгээр нарийн хуваариа гаргаж мэдээлэл өгнө үү. Мөн хүүхдүүд ихээр ирсэн үед ӨЭМТ-ийн байрны хүртээмжийг харгалзан Хороон дарга нар Иргэний танхимаа чөлөөлж хамтран ажиллана уу” гэсэн юм.

Тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлсэн баар, цэнгээний газруудын үйл ажиллагааг зогсооно

Дүүргийн Хүнс, Худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Г.Батсүрэн тус хэлтсээс хийж буй ажлын талаар мэдээлэл өглөө. Хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаа, “Алтан намар” арга хэмжээ, ил задгай худалдаа болон согтууруулах ундаа, тамхи худалдах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, дүүргийн Засаг даргын гаргасан захирамжийн хүрээнд хийж буй хамтарсан хяналт шалгалтын талаар мэдээлэл өглөө.

Дүүргийн 14, 15-р хороо буюу хороололд ил задгай худалдаа эрхлэгчдээс өдрийн 50,000 төгрөг хураан нийтийн эзэмшлийн зам талбайд  зогсоодог нэр бүхий 6 томоохон аж ахуйн нэгжийн талаар иргэд, оршин суугчдаас Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах 11-11 төв болон дүүрэгт удаа дараа гомдол ирсэн. Гомдлын дагуу газар дээр нь шалгахад дээрх байршилд 171 худалдаа эрхлэгч болон зөвшөөрөлгүй зайрмаг, түргэн хоолны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч байна. Иймд бүртгэлжүүлж эхэллээ. Мөн “Апекс”, “Сансар” зэрэг худалдааны төвүүд тэдгээр хүмүүстэй гэрээ байгуулж төлбөр хураамж авдаг талаар менежер мэдэгдсэн. Одоо хяналт шалгалт хийгдэж байна.

Мөн хяналт шалгалтын үеэр Тусгай зөвшөөрөлгүй архи согтууруулах ундаа худалдан борлуулсан, Авто үйлчилгээний ангиллын гэрчилгээ аваагүй дугуй засварын газрууд, Тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлсэн баар, цэнгээний газрууд байсан ураас үйл ажиллагааг зогсоож, хуулийн дагуу арга хэмжээ авна гэсэн юм.

Хамтдаа хамгаалъя аян”-ыг зохион байгуулна

2024-2025 оны хичээлийн жил эхэлж байгаатай холбогдуулан, дүүргийн Засаг дарга өнгөрсөн шуурхай зөвлөгөөний үеэр хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангаж ажиллахыг үүрэг болгосон. Энэ талаар дүүргийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсийн дарга Б.Даваажаргал “Хамтдаа хамгаалъя аян”-ны талаар мэдээлэл өглөө.

Аяныг энэ сарын 28-ны өдрөөс эхлэн 10 хоногийн хугацаанд зохион байгуулах бөгөөд дүүргийн ЗДТГ, 1-4 хороо, Цагдаагийн 1, 2 хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс, Газар зохион байгуулалтын алба, Онцгой байдлын хэлтэс, УБЦТС-Баянгол хэрэглэгчийн үйлчлэх төв, СӨХ-д хамтран чиг үүргийнхээ хүрээнд хүүхдийг аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж ажиллана. Удирдамжид ямар байгууллага, юу хариуцаж ажиллах талаар тодорхой тусгасан байгаа тул бүгд чиг үүргийнхээ хүрээнд идэхтэй оролцоорой” гэв. Мөн хүүхэд хамгааллын чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар мэдээлэл өгсөн. Ингэхдээ “Энэ оны 06-р сарын 20-ноос 08 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар дүүргийн  Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэст 134 дуудлага бүртгэгдсэнээс 16 хүүхдийг түр хамгаалах байранд холбон зуучилж, 75 тохиолдол дээр кейс нээн ажилласан. Үүнээс шийдвэрлэлт 55,9 хувтай байна” гэв.   

Удааширч байгаа хөрөнгө оруулалтын ажлуудаа эрчимжүүлэх шаардлагатай

Шуурхай зөвлөгөөний үеэр дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар зарим зүйлийг онцолсон. Тодруулбал, иргэдээс хог ачилт муу байна гэсэн годол их ирж байна. Иймд дүүргийн менежер болон Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга нар хог дээврийн компаниудтай уулзах, хороодоор явж ямар шалтгаан нөхцөлийн улмаас хог ачилт муу байгаа талаар газар дээр нь очиж ажиллах, шаардлагатай арга хэмжээг авах, гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй компаниудтай хариуцлага тооцож, гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авахыг үүрэг болголоо.

Мөн

  • Хичээл сургуулийн үйл ажиллагаа эхлэх гэж буйтай холбоотойгоор боловсролын байгууллагууд хүүхдүүдэд экологийн боловсрол олгоход анхаарч ажиллах, Монголын түүх, уламжлалт соёлын мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, таниулах ажлын хүрээнд ерөнхий боловсролын сургууль ,цэцэрлэгүүд хөтөлбөр гаргаж, музей үзүүлэх,
  • Хороодын Засаг дарга нар 1-34 хороонд үйл ажиллагаа явуулж буй, тодруулбал, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг, архи согтууруулах ундаа зардаг, холбогдох хууль дүрэм зөрчиж буй ААН, баар цэнгээн үйлчилгээний газруудын судалгааг гаргаж холбогдох хэлтэст өгөх, Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдийн үйл ажиллагааг цуцлах хүртэл арга хэмжээ авах,
  • Дүүргийн хэмжээнд гэрлийн асалтыг нэмэгдүүлэх, гэрлийн шон будах,
  • Олон нийт ихээр цугларсан болон автобусны буудал дээр тээврийн цагдаа зохицуулалт хийх,
  • Камерын Дэд төв байгуулах ажлыг эрчимжүүлэх,
  • 24-р хороонд 960 хүүхдийн сургууль барих газрыг яаралтай чөлөөлөхийг холбогдох хэлтэс албадад үүрэг болголоо.

Түүнчлэн удааширч байгаа хөрөнгө оруулалтын ажлуудаа эрчимжүүлхийг үүрэг болголоо.  



Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.161.194)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.