Манай улс цахилгаан эрчим хүчнийхээ хэрэгцээгээ дотоодоосоо бүрэн хангах буюу бие даасан болохыг эрмэлзэж, олон жил гацсан төслүүдээ урагшлуулах, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжих зэргээр үе шаттай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна. Үүний нэг нь Бөөрөлжүүтийн цахилгаан станц. 10 гаруй жил яригдсан уг цахилгаан станцын 150 МВт-ын хүчин чадалтай эхний блок өнөөдөр ашиглалтад орлоо.
Цахилгаан станцыг нээж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар үг хэлэхдээ “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Төв аймгийн Баянжаргалан сумын нутаг дэвсгэрт Бөөрөлжүүтийн нүүрсний уурхайг түшиглэн цахилгаан станц байгуулахаар төлөвлөсөн. Тэгвэл өнөөдөр бид бүхэн уг төслийн эхний үе шатыг нээсэн сайхан үйл явдлын гэрч болж байна. Нийслэл Улаанбаатар хотын эрчим хүчний хэрэглээ жил бүр өсөн нэмэгдэж, өнгөрсөн жилийн дундажтай харьцуулахад энэ жилийн байдлаар 11.3 хувиар өссөн байна. Цаашид ч эрчим хүчний хэрэглээ эрчимтэй нэмэгдэх нь дамжиггүй. Уг цахилгаан станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулах санаачилга гарган ажиллаж буйг дуулгахад таатай байна. Энэхүү эхний үе шатыг нээснээр 300 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станц, 71 км урттай 220 кВ-ын цахилгаан дамжуулах шугамыг бий болгох боломж бүрдлээ" хэмээн хэллээ.
Мөн Бодь Группийн үүсгэн байгуулагч Д.Баясгалан "Энэхүү төслийг эхлүүлж, хөрөнгө мөнгө зарж эхэлснээс хойш 13 жил өнгөрчээ. Бид энэ төслийг хэрэгжүүлэхдээ Монгол Улсад хамгийн хямд эрчим хүч үйлдвэрлэх зорилго тавьж, эрэл хайгуул хийсэн. Нүүрсний орд илрүүлж, нөөц баталж, уурхайгаа эхлүүлэхэд зургаан жил шаардсан. Цахилгаан станц барих зөвшөөрөл, хөрөнгө оруулалтын болон цахилгаан худалдаж, худалдан авах гэрээ байгуулахад 4-6 жил, санхүүжилт босгоход дөрвөн жил шаардсан.
Илчлэг багатай эрчим хүчний нүүрсийг яаж капиталжуулах вэ гэдгийг олон оронд очиж судаллаа. Монгол оронд таарсан цахилгаан станц барих компанийг хайж, олон газарт очсоны эцэст БНХАУ-ын Сино стийл компанитай гэрээ байгуулсан. Түүнчлэн 2016 онд Засгийн газартай цахилгаан худалдаж, худалдан авах тухай гэрээ болон хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан. Төслөө эхлүүлэхийн тулд зээл авах, хөрөнгө босгоход шаардлагатай олон гол нөхцөлүүдийн нэг нь Засгийн газар худалдаж авсан цахилгааныхаа төлбөрийг цаг тухайд нь төлөх үүрэг хүлээх байв. 2022 оны долдугаар сарын 28-ны өдөр яг энэ талбайд Монгол Улсын хамгийн сүүлийн үеийн технологийн дэвшил шингэсэн салхин хөргүүртэй Бөөрөлжүүтийн цахилгаан станцын барилгын ажлын шавыг тавьж байв. Харин өнөөдөр энд гадаад дотоодын инженер техникийн 1,800 гаруй мэргэжилтэн ажиллаж байна.
Хамгийн хямд үнэтэй эрчим хүчийг удаан хугацаанд тогтвортой нийлүүлэхийн тулд нүүрсээ уурхайн амнаас 1.6 километрийн зайнаас туузан дамнуургаар авна. Багануур болон Сэргэлэнгийн дэд станцтай 220 кВт-ын агаарын хос шугамаар холбогдож, тасралтгүй 28 жил нэг үнээр нийлүүлэх гэрээ байгуулсан юм. 13 жилийн туршид нүсэр их хүчин чармайлт гаргаж, элдэв сорилтыг даван туулж, маш их хөрөнгө зарцуулж эрсдэл хүлээсний эцэст цахилгааны станцын маань анхны блок, Монгол Улсын 40 жилийн дараа ашиглалтад орж буй хамгийн том турбин зуухны нээлт болж буйд баяртай байна" гэлээ.
Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блокийг 2025 онд ашиглалтад оруулна. Ийнхүү тус 2 блок бүхий 300 МВт цахилгаан станц ашиглалтад орсноор жилд 2.1 тэрбум хүртэл кВт цахилгаан үйлдвэрлэх боломжтой юм байна. 2024-2028 онд Улаанбаатар хотод метроны I, II шугам, Тойрог хурдны зам, Туулын хурдны зам, Шинэ зуун мод хотын дэд бүтэц болон зургаан дэд төвийн бүтээн байгуулалтын ажлыг хийхээр төлөвлөсөн. Эдгээр ажлыг хийхэд нэн түрүүнд эрчим хүчний найдвартай байдлыг хангах нь чухал байгаа юм. Тиймээс ч Бөөрөлжүүтийн эхний блок болон батарей станц ашиглалтад орсноор Улаанбаатар хотод дутагдаж байгаа эрчим хүчийг үйлдвэрлэх боломжтой. Төв аймгийн Баянжаргалан суманд Бөөрөлжүүтийн хүрэн нүүрсний ордыг түшиглэн Улаанбаатар хотоос 120 км зайд орших Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг нийт дөрвөн блок бүхий 600 мBт хүчин чадалтай барихаар төлөвлөж буй"
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин