Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх эх дэлхий, байгаль орчноо хайрлан, зохицон амьдрах монгол уламжлал, зан заншлаа эрхэмлэн, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн санаачлан өрнүүлэх зарлиг гаргаснаас хойш гурван жил өнгөрч байна.
Хөдөлгөөний хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаар Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр, Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү, Ойн газрын дарга Б.Оюунсанаа нар мэдээлэл хийлээ.
Өнгөрсөн гурван жилд шууд болон дүйцүүлэх хэлбэрээр 84 сая мод тарьж, ургуулан арчилж, хамгаалж байна. 2021-2024 онд үндсэн бэлтгэл ажлаа хангаснаар ирэх жилээс их хэмжээний талбайд бөөнөөр нь тарьж эхлэх боломж бүрдлээ.
680 сая мод тарьж, ургуулах амлалт авсан нийслэл, аймгууд 38 сая гаруй мод тарьж, ургуулж байгаагаас Сэлэнгэ аймаг 17 орчим саяыг тарьж, амлалтынхаа 84 хувийг бэлтгэл шатандаа биелүүлжээ.
Уул уурхайн томоохон 22 аж ахуйн нэгж 9.2 сая мод тарьж, арчилж тордохын зэрэгцээ дүйцүүлэх хэлбэрээр 24 орчим сая, нийт 33 сая орчим мод тарилаа. Тарьж, ургуулсан модныхоо тоогоор “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ /4.1 сая/ бусдыгаа манлайлж байна.
Үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх, тарьц, суулгацын нөөц бүрдүүлэх, бусад шаардлагатай хөрөнгө оруулалтыг дүйцүүлэн тооцох хэлбэрээр “Оюу толгой” болон “Эрдэнэс Тавантолгой” ХХК-тай хамтран ажиллаж байна.
Аж ахуйн нэгж, иргэд 2023-2024 онд банк, санхүүгийн байгууллагуудаас 12.4 тэрбум төгрөгийн санхүүжилт авч, 2,1 сая мод тарьж, ургуулж байгаа дүн гарчээ.
Монголын банкны холбооны гишүүн байгууллагууд “Тэрбум мод” санд жил бүр хоёр тэрбум төгрөгөөс багагүй хэмжээний хандив өгөхөө батламжилсан. Мөн 88 сая мод тарих бөгөөд салбарын хэмжээнд ногоон зээлийг 2030 он гэхэд 10 хувьд хүргэж, 5.2 их наяд гаруй төгрөгийн зээл олгох юм.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш тарьж, ургуулж байгаа мод, тарьц, суулгац, үрийн нөөц, мод үржүүлгийн газрын тоо, хэмжээ хөдөлгөөн эхлэхээс өмнөх жилүүдийнхээс 5-6 дахин нэмэгдээд байна.
Тухайлбал улсын хэмжээнд 39 зүйлийн мод сөөгийн 12.1 тонн үрийн нөөц бүрдүүлснээр 292 сая ширхэг тарьц, суулгац ургуулах боломж бүрдлээ.
Мод үржүүлэх иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын тоо 32 хувиар нэмэгдэж 452 газар болсон. Дээрх газрууд 124 зүйлийн 63 орчим сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлсэн нь тэрбумаар тоологдох мод тарьж, ургуулах нөөц бүрдүүлэх бүрэн боломжтой гэсэн үг юм.
Цаашид тарьц, суулгацын нөөцийг богино хугацаанд 100 саяд хүргэхийг зорьж байна.
Энэ оны наймдугаар сарын байдлаар тусгай зөвшөөрөлтэй 650 орчим аж ахуйн нэгжийн 43 хувь нь мод үржүүлэх, нөхөн сэргээх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
Ойн санг хамгаалах, хортон шавжтай тэмцэх нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний салшгүй нэг хэсэг.
Ойн хөнөөлт шавжийн тархалтыг тогтоох судалгааг 16 аймгийн 132 сумын 2.0 сая га талбайд хийж, 490 мянган га талбайд голомт үүссэнийг тогтоогоод байна.
Хортон шавжтай тэмцэх ажлыг 2022 онд 310 мянга, 2023 онд 185 мянга, 2024 онд эрс нэмэгдүүлж 341 мянган га талбайд хийснээр 1.9 тэрбум модыг хортон шавжид өртөж, ургах чадвараа алдахаас хамгаалж чадлаа.
Ойн мэргэжлээр 2023-2024 оны хичээлийн жилд 289 оюутан суралцаж байгаагийн 52 нь шинээр элсэн оржээ.
Энэ хичээлийн жилд Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, сургалтын байгууллагад ойн арчилгаа, ашиглалтын ажилтнаар 35, ойжуулагчаар 462, ойн аж ахуйн ажилтнаар 45, техникчээр 17 суралцаж байна.
Эдгээрээс ойжуулагчаар 448, ойн аж ахуйн ажилтнаар 54, ойн нөхөрлөлөөр 45 хүн шинээр элсжээ. Энэ нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний үр дүнд ойн салбарын чиглэлээр суралцах хүсэлтэй хүүхэд, залуусын тоо жил бүр өсөж байгаагийн илрэл юм.
Холбогдох яам, сургалтын байгууллагууд үүний зэрэгцээ 1,000 сургагчбагш бэлтгэж байна.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд гадаадын улс орнууд, олон улсын байгууллагуудыг татан оролцуулж, хамтран ажиллаж байна.
Тухайлбал Европын Холбооны “Ойн түншлэл”-д Ази тивээс анх удаа нэгдэн орлоо. ”Ойн түншлэл” нь уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах, тулгарч буй сорилт, бэрхшээлийг даван туулах, улс орны хөгжлийн хэрэгцээ шаардлага, байгаль орчныг хамгаалах зорилтод чиглэсэн үүрэг, амлалт юм.
Өнгөрсөн онд “Ойн түншлэл”-ийг хэрэгжүүлэх арга хэмжээний Замын зургийг баталж, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна.
Мөн Монгол Улс, БНХАУ-ын төрийн тэргүүн нар 2022 онд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжих, цөлжилтийг сааруулахаар чиглэлээр өргөн хүрээнд хамтран ажиллахаар тохиролцсон. Энэ дагуу цөлжилттэй тэмцэх Монгол-Хятадын хамтын ажиллагааны төв байгуулах нарийвчилсан Техник, эдийн засгийн үндэслэл боловсруулж байна.
Мод, тарьж ургуулах, ойн санг хамгаалж, ойн хортон шавжтай тэмцэхээс гадна:
- “Хүний амьдрах ээлтэй орчин” бүрдүүлэх зорилгоор аймаг бүрд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нэрэмжит цэцэрлэг хүрээлэн байгуулах,
- “Нэг сургууль-Нэг төгөл” төсөл хэрэгжүүлэх,
- Дархан-Уул, Говьсүмбэр, Орхон аймаг тав хүртэл, бусад аймаг 10 хүртэл жижиг гол, горхины эх, татмыг ойжуулахаар төлөвлөж байна.
Төлөвлөгөөний дагуу хоёр дахь үе шат буюу 2025-2027 онд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлж 570 сая, гуравдах шат буюу 2028-2030 онд тогтвортой үргэлжлүүлэн 850 сая мод тарьж, ургуулна.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин