Малын дотор махны нөөцийг бүрдүүлж, үйлдвэрлэлийг хөгжүүлнэ
Үйл явдал
/
2024-10-24

Малын дотор махны нөөц, үйлдвэрлэл, зах зээл, хэрэглээний талаар иргэд олон нийтэд мэдээлэл хүргэх өдөрлөг өнөөдөр боллоо. Өдөрлөгийн үеэр дотор махны нэмүү өртгийн сүлжээг экспортын өсөлтийг дэмжихэд чиглүүлэн хөгжүүлэх, шинэлэг бүтээгдэхүүний үйлдвэрлэлд төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг үүсгэн өргөжүүлэх, биологийн үнэт чанар бүхий уг түүхий эд, бүтээгдэхүүнийг шим тэжээлийн дутлыг нөхөх, бууруулахад хэрэглээг нэмэгдүүлэх сэдвээр холбогдох байгууллагаас мэдээлэл хүргэж, хэлэлцүүлэг өрнүүллээ. 

Энэ үеэр Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёните “Европын Холбооноос Монгол Улсын хөдөө аж ахуй, хүнсний салбарын хөдөлмөр эрхлэлтийг үргэлж дэмжин ажилласаар ирсэн бөгөөд энэ хүрээнд дотор махны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, зах зээлийн нөөц боломж их байгааг онцлон засгийн газраас дэмжиж байгаа нь чухал ажил болж байна” гэв.

УБЗАА-ны Хүнс, худалдаа, үйлчилгээний газрын дарга Б.Эрдэнэчимэг “Бид малын дотор махыг уламжлалт аргаар боловсруулж хүнсэндээ хэрэглэж ирсэн. Сүүлийн жилүүдэд дотор махыг хэрэглэх нь багассан. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр бид бүрэн ашиглагдахгүй байгаа хүнсний нөөцийг ашиглан ажлын байр нэмэгдүүлэх, хүн амын эрүүл мэндийг сайжруулах зэрэг асуудалд санал солилцлоо. Өнөөдөр дотор махыг ашиглан чанарын өндөр түвшинд боловсруулан гаргадаг хоол хүнсний бүтээгдэхүүнээр үзэсгэлэн гаргалаа” гэв. 

Нэмэлт мэдээллийг хүргэхэд махны үйлдвэрлэлээс жилд Монгол Улс 250 мянган тонн дотор мах гаргадаг бөгөөд үүний 19 хувийг дотоодод хэрэглэдэг. Харин үлдсэн хэсгийг ашиглахгүй хаягдал болгодог байна. Малын дотор мах нь химийн найрлага, биологийн үнэт чанарын хувьд тураг махтай ойролцоо, уургаас гадна эрдэс бодис, төмөр, селен, цайр болон А, В, Д аминдэмээр баялаг хүнс тэжээлийн өндөр ач холбогдолтой түүхий эд юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.58.90)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.