УИХ-ын гишүүн М.Ганхүлэг Монгол дахь НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн, Др.Халид Шарифиг хүлээн авч уулзлаа
Үйл явдал
/
2024-10-28

Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг өнөөдөр (2024.10.28) Монгол дахь НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн, Др.Халид Шарифитай уулзаж, залуучуудын хөгжлийг дэмжихэд чиглэсэн бодлого, санаачилга, хамтын ажиллагааны хүрээнд санал солилцлоо. Уулзалтын эхэнд Др.Халид Шарифи, НҮБ-ын Хүн амын сангийн зорилтот үйл ажиллагаа нь залуучуудын эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн болон улс төрийн оролцоог дэмжихэд чиглэж ирснийг тодотгов. 

Түүнчлэн 2017 онд батлагдсан Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг боловсруулах үеэр НҮБ-ын Хүн амын сангийн зүгээс техник, арга зүйн дэмжлэгээр хамтран ажилласныг дурдаад, энэ хүрээнд хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдээс танилцууллаа. УИХ-ын гишүүн М.Ганхүлэг, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг ахалж буйгийн хувьд бодлогын дэмжлэгийг бодитоор хэрэгжүүлэхэд бүх талаар хамтран ажиллахаа илэрхийлсэн юм. 

Тэрбээр, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд парламентад суудалтай олон намын төлөөлөл багтсаныг тодотгоод, дээрх хуульд хэт ерөнхий байдлаар эсвэл дутуу орхигдсон зарим зохицуулалтуудыг тодорхой, ойлгомжтойгоор тусгах ёстой талаар байр сууриа хэллээ. Тухайлбал, орон нутагт залуучуудыг орон сууцжуулах хөтөлбөрийн хамрах хүрээг нэмэгдүүлэх, шинээр гарааны бизнес эрхлэгч залуусыг уян хатан нөхцөлөөр дэмжих зэрэг санаачилгуудыг хэлэлцэхээр төлөвлөж буйгаа дурдаж байв.  Уулзалтад оролцогч талууд цаашид хамтран өргөтгөсөн уулзалт, цуврал хэлэлцүүлгүүдийг зохион байгуулахаас гадна залуу үеийнхэнд тулгарч буй сорилт, бэрхшээлүүдийг бодитоор тодорхойлох үүднээс бүх шатны судалгаа, мэдээллийг нээлттэй хэлэлцэхээр тогтов

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.182.249)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.