Казахстан улс 2025 онд 300 гаруй мянган иргэнээ ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ ЧИГЛЭЛЭЭР МЭРГЭШҮҮЛНЭ гэж зорьжээ
Үйл явдал
/
2024-10-28

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Бүгд Найрамдах Казахстан Улсын Цахим хөгжил, инновац, сансрын аж үйлдвэрийн сайд Мадиев Жаслан Хасеновичтэй өнөөдөр /2024.10.28/ уулзлаа. Уулзалтын эхэнд, Ц.Баатархүү сайд БНКУ-ын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевийн айлчлалд манай улс өндөр ач холбогдол өгч байгаа бөгөөд энэ үеэр мэдээллийн технологийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр болсонд талархал илэрхийлэв.  

Тэрбээр “Казахстан бүс нутагтаа мэдээллийн технологийн том тоглогч болон гарч ирж байна. Монголчууд төрийн үйлчилгээг цахимжуулах ажлыг хангалттай сайн түвшинд хийсэн. Одоо бид дижитал эдийн засгийг хөгжүүлэх, мэдээллийн технологийн үйлдвэрлэлийн экспортыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна. Мөн хиймэл оюун, сансар, дроны хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж буйг дуулгав. Үүний зэрэгцээ, Казахстан Улс дроны туршилтын бүсийг хэрхэн бий болгосон чиглэлээр туршлага судлах чиг хамтран ажиллах хүсэлтэй буйгаа онцлов.
 
Казахстаны Цахим хөгжил, инновац, сансрын аж үйлдвэрийн сайд Мадиев Жаслан Хасенович: Бид цахим хөгжилд маш их ач холбогдол өгч ажиллаж байна. Улс үндэстэн бүр хиймэл оюун ухааны үсрэнгүй хөгжлийн өнөө цагт амбицаа зарлалаа. Манай яам хиймэл оюуны чиглэлээр цаашид баримтлах таван жилийн стратеги төлөвлөгөөгөө баталсан. Тун удахгүй хиймэл оюун ухааны хуулийн төслөө өргөн барина. Хиймэл оюун ухааны стратегийн хувьд өндөр хүчин чадлын компьютерыг дотоод, гадаадад бий болгох, энэ чиглэлээр мэргэшүүлэх цахимаар болон танхимын сургалтууд, хакатон зэргийг зохион байгуулж эхлээд байна. 2025 онд 300 мянган хүнийг энэ чиглэлээр мэргэшүүлэхээр зорьж байна. Мөн стартапуудад зориулсан хиймэл оюуны ухааны судалгаа шинжилгээний лаборатори бүхий хотхон байгуулахаар ажиллаж байгааг дуулгалаа.Үүний зэрэгцээ, Казахстанд дэлхийн хамгийн том сансрын нислэгийн төв байдаг бөгөөд сансар судлалын чиглэлд олон улстай хамтран ажиллаж байна. Бид бүхий л салбарт Монгол Улстай хамтран ажиллах хүсэлтэй байна гэдгээ онцлов. Казахстан НҮБ-ын Цахим засаглалын индексээр 24 дүгээр байранд эрэмбэлэгдсэн. Кибер аюулгүй байдал, инновацын индексээр мөн ахиц дэвшил гаргасан байна. Мөн 2025 онд багтаан тус улсын 20 гаруй хотод 5G сүлжээг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа зэргийг онцоллоо.

Тус улс Азербайжантай хамтран Каспийн тэнгисээр шилэн кабель дамжуулан, интернэтийн урсгалыг сайжруулахаар зорьж байна. Ингэснээр Ази-Европыг холбосон интернэт ачааллыг 20 хувиар бууруулна гэж тооцоолжээ. Түүнчлэн Астана Хаб-д 1500 гаруй стартап компаниуд бойжиж, өнөөдрийн байдлаар жилдээ 600 сая ам.долларын бүтээгдэхүүн, үйлчилгээг экспортолж байна. 2026 онд гэхэд нэг тэрбум ам.долларын бүтээгдэхүүн үйлчилгээг экспортлохоор төлөвлөжээ. Астана Хаб нь Казахстаны хэмжээнд 16 салбартай, АНУ, Сингапур, Саудын Арабад мөн өөрсдийн үйл ажиллагааг амжилттай явуулж байна.  Талууд дээрх чиглэлүүдэд хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлж, өндөр түвшний айлчлалын хүрээнд санамж бичиг байгуулахаар тогтов гэж ЦХХХЯ-наас мэдээлэв.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.165.149)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.