ТБХ:Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулиудын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ
Үйл явдал
/
2024-10-31

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2024.10.30/ хуралдаан 18 цаг 18 минутад гишүүдийн 52.0 хувийн ирцтэйгээр эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.  

Энэ талаарх ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн хийсэн. Тэрбээр, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэхийг Улсын Их Хурал 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус Байнгын хороонд шилжүүлсэн гэв.

Хууль тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн ахалж, Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Г.Тэмүүлэн, Н.Алтанхуяг, М.Бадамсүрэн, Р.Батболд, Ж.Батжаргал, Н.Батсүмбэрэл, П.Батчимэг, Б.Бат-Эрдэнэ, Х.Болормаа, Ш.Бямбасүрэн, Ж.Ганбаатар, П.Ганзориг, Г.Дамдинням, Ж.Жангабыл, Б.Заяабал, Л.Мөнхбаясгалан, З.Мэндсайхан, Б.Найдалаа, Б.Пунсалмаа, Д.Пүрэвдаваа, Б.Түвшин, Д.Үүрийнтуяа, С.Эрдэнэболд нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан байна.

Ажлын хэсэг хууль, тогтоолын төслийн талаар зарчмын зөрүүтэй 19 саналын томьёолол бэлтгэсэн гэлээ.  

Мөн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд туссан төслийн жагсаалт болон Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл дэх гаалийн татварын хөнгөлөлт эдлэх боловсруулах үйлдвэрийн салбарын жагсаалтыг Улсын Их Хурал тус тус баталдаг байх, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн төслийн зарим хэсэг, заалт нь Хууль тогтоомжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.7-д заасны дагуу холбогдох бус зүйлтэй давхацсан байсныг хасах, “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, төсөв, санхүү, татварын эрх зүйн орчныг боловсронгуй болгож, олон улсын стандартад нийцүүлэх төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний төсөвт өртөгт нөлөөлж байгаа хүчин зүйлийг судалж, цаашид өөрчлөлтгүй байх арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт тус тус даалгах саналуудыг гаргасан  гэлээ.

Мөн Эдийн засгийн байнгын хороо Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлснийг  гишүүдэд танилцуулсан.

Ингээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10 дахь хэсэгт “Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэнэ” гэж заасны дагуу Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хууль хүчингүй болсонд тооцох тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай”, “Засгийн газарт чиглэл өгөх тухай”, “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг зүйл бүрээр нь хэлэлцлээ.

Хуулийн төслийн талаар гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа ажлын хэсэг болон Эдийн засгийн байнгын хорооноос дэмжсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулав. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн З.Мэндсайхан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Хуралдаан Засгийн газраас 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгээр үргэлжилсэн.

2025 оны нэгдсэн төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг Үндэсний аудитын газрын дарга, Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Загджав танилцуулсан. 

Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төсөлд тэнцвэржүүлсэн орлого 33,864.7 тэрбум төгрөг буюу Дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) 35.6 хувь, нийт зарлага 35,795.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 37.7 хувь, төсвийн суурь тэнцэл 1,909.5 тэрбум төгрөгийн ашигтай, төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1,930.5 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ий 2.0 хувьтай тэнцэж байхаар төлөвлөснийг дурдав.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төсөлд тус Байнгын хороонд хамаарах Сангийн сайд 5,234.8 тэрбум төгрөг, Монгол Улсын Ерөнхий аудитор 55.5 тэрбум төгрөг, Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд 312.3 тэрбум төгрөгөөр төсвийг нь төлөвлөжээ. Төсвийн ерөнхийлөн захирагчдын 2025 оны төвлөрүүлэх орлогын хэмжээг 2024 оны тодотгосон төсвөөс 2,813.3 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн нь гааль, татварын орлогыг 2,986.7 тэрбум төгрөгөөр өсгөж, гадаад тусламжийн орлогыг 141.0 тэрбум төгрөг, бусад орлогыг 32.4 тэрбум төгрөгөөр тус тус бууруулж төлөвлөсөнтэй холбоотой байна гээд нийт зарлага ба цэвэр зээлийн хэмжээг 2024 оны тодотгосон төсвөөс 338.9 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн байна гэлээ.

Мөн төрийн аудитын байгууллагаас Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төсөл нь Монгол Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан шалгуурыг хангасан гэж дүгнэсэн байв.

Үргэлжлүүлэн хуулийн төслүүдийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцуулсан. 

Тэрбээр, Засгийн газар "Алсын хараа-2050", "Шинэ сэргэлтийн бодлого"-ыг тогтвортой хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулах, бүсчилсэн хөгжлийг дэмжих татвар, төсвийн бодлогыг хэрэгжүүлэх, авлигыг бууруулж, хүний эрх, засаглалыг сайжруулах зэрэг эрх зүйн 14 реформыг хийж, эдийн засгийн суурийг тэлж, хөгжлийг эрчимжүүлэхийн тулд 14 мега төслийг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна гэлээ.

Мөн 2025 оны төсвийг бүсчилсэн хөгжилд зайлшгүй шаардлагатай суурь дэд бүтцийг шийдэх, орон нутаг бие даан хөгжихөд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдэхэд чиглүүлснээрээ өмнөх жилүүдээс ялгаатай гээд төсвийн бодлогын гурван онцлогийг дурдсан.

Нэгдүгээрт, Монгол Улсын 2025 оны төсвийн хөрөнгө оруулалтыг бүсчилсэн хөгжлийг дэмжих, эдийн засгийн интеграцчилал бий болгоход шаардагдах нэн тэргүүний дэд бүтцийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд чиглүүллээ. Өмнө нь хөрөнгө оруулалтыг аймаг, сумдаар жижиглэж төлөвлөдөг байсан бол 2025 оны төсвийн хөрөнгө оруулалтыг бүс нутгуудыг хөгжүүлж, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, бүсүүдэд бизнесийн орчныг сайжруулж, хөрөнгө оруулалт татах дэд бүтцийн томоохон төслүүдэд чиглүүлэхээр тусгалаа. Ингэснээр 2028 он гэхэд Монгол Улсын хатуу хучилттай авто зам 4,440 км-ээр нэмэгдэх бол эрчим хүчний салбарт 1,650.9 МВТ цахилгаан, дулааны эх үүсвэр шинээр бий болж, 1,519 км цахилгаан дамжуулах агаарын шугамуудыг ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Эдгээр хөгжлийн бүтээн байгуулалтуудаас гадна нийгмийн салбарын төслүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, 93 сургууль, 67 цэцэрлэг, 37 эмнэлэг, 22 дотуур байр, болон соёл, спорт чиглэлийн 60, нийгмийн хамгааллын 17 төслийг ашиглалтад оруулна гэлээ.

Хоёрдугаарт, Бүсийн татварын ялгаатай бодлогыг хэрэгжүүлэхээр тусгалаа. Энэ хүрээнд 20 гаруй нэр төрлийн татварыг бүсийн онцлогоос хамааран ялгаатай тогтоох боломж бүрдэж, орон нутгийн төсвийн бие даасан байдлыг нэмэгдүүлж, бүс бие даан хөрөнгө оруулалт татах, эдийн засгийн бодлогоор өрсөлдөх боломжийг бүрдүүлээд байна. Түүнчлэн, бүсчилсэн хөгжлийн зорилтод нийцсэн томоохон бүтээн байгуулалтад хувийн хэвшлийн оролцоог урамшуулан идэвхжүүлэх бодлого баримталж, томоохон төсөл, арга хэмжээ, хөрөнгө оруулалт хийхийг уриалан дэмжсэн татварын цогц бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөсөн гэв.

Гуравдугаарт, Нийслэл хотод ирэх дөрвөн жилд нийтдээ 30 гаруй их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөлөө. Нэн тэргүүнд, түгжрэл, агаар, хөрс, усны бохирдол зэрэг нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор 2025 оны төсвийн төсөлд нийслэлд анх удаа 4.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр тусгалаа. Ингэснээр төвлөрлийг сааруулах, нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын дотор хүргэх орчин нөхцөлийг бүрдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах арга хэмжээг бодитой хэрэгжүүлэх юм. Энэ хүрээнд “Хөшигийн хөндийн туннел”, “Өөдөө тэмүүлэх Монгол” ган татлагат гүүрэн байгууламжийн мега төслүүдийг Засгийн газрын өрийн баталгаа гаргах замаар, Засгийн газрын нэг цэгийн үйлчилгээний цогцолборыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар, их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл “Метро” төсөл, Туул хурдны зам, Шинэ их тойруу хурдны зам, Шинэ тойрог авто замын төслүүдийг нийслэлийн эх үүсвэр болон төр, хувийн хэвшлийн түншлэлээр тус тус хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Эдгээр арга хэмжээний үр дүнд агаарын бохирдол 22 орчим хувиар буурч, нийтийн тээврийн хүртээмж нэмэгдэж, түгжрэлийн асуудал шийдэгдэж, улмаар 37 мянган айлын орон сууц барих дэд бүтцийг бий болгосноор ажлын байр нэмэгдэж, хувийн хэвшилд бизнес хийх орчныг бүрдүүлнэ гэдгийг Б.Жавхлан сайд онцлов.

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлд туссан дээрх бодлогыг хэрэгжүүлснээр ирэх онд 83 сая тонн нүүрс, 1.8 сая тонн зэсийн баяжмал экспортолж, гадаад худалдааны нийт эргэлтийг 32.8 тэрбум ам.долларт, эдийн засгийн өсөлтийг 8.0 хувьд хүргэж, нэгдсэн төсвийн нийт орлогын хэмжээг 36.8 их наяд төгрөгт хүрэхээр тооцсон байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, аудитын байгууллага төсвийн урсгал зардалд ямар дүгнэлт хийснийг тодруулахын зэрэгцээ аудитын дүгнэлтэд дурдсан төрийн байгууллагын 6.4 их наяд төгрөгийн авлагын шалтгаан нөхцөлийг лавлаж байлаа.   

Үндэсний аудитын газрын тэргүүлэх аудитор Ц.Наранчимэг, Монгол Улсын 2025 оны төсвийн төсөлд урсгал зардлыг 3.5 их наяд төгрөгөөр нэмж төсөвлөсөн. Тодруулбал, 21 хувь нь цалин хөлс, 50 хувь нь байр ашиглалт, 69 хувь нь эд хогшил худалдаж авах, 46 хувь нь томилолттой холбоотой зардал гэх зэргээр урсгал зардлыг нэмэгдүүлсэн байсан. Төрийн аудитын байгууллагаас Сангийн яам болон төсвийн ерөнхийлөн захирагчдад Улсын Их Хурлаас баталсан төсвийн хүрээний мэдэгдэл, болон хязгаарт үндэслэн төсвийн төслийг боловсруулж байх, дунд хугацааны төсвийн төлөвлөлтийн чанарыг дээшлүүлж, төсвийн сахилга батыг хангаж ажиллах,  улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт, урсгал зардлаар санхүүжүүлэх төсөл арга хэмжээг төрөл, ангиллаар нь нарийвчлан тодорхойлж, хуулийн төсөлд тусгаж байх шаардлагатай гэсэн зөвлөмжүүдийг хүргүүлсэн гэж байлаа.

Мөн тэрбээр Монгол Улсын Засгийн газрын 2023 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 6.4 их наяд төгрөгийн авлага байгаагийн 449.4 тэрбум төгрөгийн найдваргүй болох авлагын эрсдэл байна. Төрийн өмчит компаниуд 2.7 их наяд төгрөгийн авлагын үлдэгдэлтэй байгаа. Эдгээр авлагыг барагдуулах шаардлагатай байна гэв.

Харин Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа хиймэл дагуулын төслийн санхүүжилтийн нийт өртөг болон зээлийн хэдэн хувийг хоёр талын нэн хөнгөлөлттэй зээлээр авч буйг тодруулсан.

Сангийн яамны Өрийн удирдлагын хэлтсийн дарга Л.Гантогтох хариултдаа, “Хиймэл дагуулын төслийн санхүүжилтийн хувьд хэлэлцээрийн шатанд байна. Одоогоор нийт өртөг нь 225.2 сая евро. Үүнээс Францын Засгийн газрын нэн хөнгөлөлттэй зээл нь 82.7 сая евро. Зээлийн хүү 0.883 хувь, 20 жилийн хугацаатай. Дараагийн хэсгийг тус улсын Засгийн газрын Төрийн сангийн энгийн нөхцөлтэй зээл болон арилжааны банкнаас авна. Зээлийн нийт дүн 106.2 сая евро. Францын Засгийн газрын Төрийн сангийн энгийн нөхцөлтэй зээл буюу хувьсах хүүтэй зээлийн үнийн дүн нь 25 сая евро.  Арилжааны банкнаас авах зээлийн үнийн дүн 81 сая евро. Эдгээр зээл нь арилжааны нөхцөлтэй” гэлээ.

Ингээд Улсын Их Хурлын  чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 71 дүгээр зүйлд заасны дагуу бусад Байнгын хороод, Төсвийн зарлагын хяналтын дэд хороо хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэг хийсэн талаарх санал, дүгнэлтүүдээ тус Байнгын хороонд ирүүлснийг танилцуулав.   

Үргэлжлүүлэн Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн хуулийн төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг хийлээ.

Тэрбээр танилцуулгадаа, Засгийн газраас 2024 оны 08 дугаар сарын сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийн хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын даргын 2024 оны 207 дугаар захирамжаар байгуулан 25 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр ажилласан гэв.

Ажлын хэсэг 2024 оны 10 дугаар сарын 21, 22, 29-ний өдрүүдэд хуралдаж, хөрөнгө оруулалт урсгал зардал болон төсвийн орлого бүрдүүлэхтэй холбоотой  гурван дэд ажлын хэсэгт хуваагдан ажиллаж, дэд ажлын хэсэг тус бүрийн санал, дүгнэлтийг сонсож, тодорхой зарчмуудыг баримтлан асуудлыг хэлэлцэж, олонхын саналаар шийдвэрлэснийг Ажлын хэсгийн ахлагч тодотгов.

Ингээд хуулийн төслүүдийн талаарх Ажлын хэсэг, Байнгын хороод, Төсвийн байнгын хорооны гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураалаа. Тухайлбал, Ажлын хэсгээс гаргасан зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр төсвийн ерөнхийлөн захирагч хооронд зохицуулалт хийх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Уг саналд Боловсролын сайдын төсвийн багцад тусгагдсан Мал, аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, Ургамал, газар тариалангийн хүрээлэн, Ургамал хамгааллын хүрээлэн, Мал эмнэлгийн хүрээлэн, Анагаах ухааны хүрээлэн, Уламжлалт анагаах ухааны хүрээлэн гэсэн 6 эрдэм шинжилгээний хүрээлэнгийн санхүүжилт болох 16,492.5 сая төгрөгийг Монгол Улсын Тэргүүн Шадар Сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайдын төсвийн багцад шилжүүлэхээр тусгасан байв.

Түүнчлэн төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн багц дотор зохицуулалт хийх хүрээнд “Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санд тусгагдсан 49.8 тэрбум төгрөгийг Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөнгөлөлттэй зээлийн хүүгийн татаас болгон зориулалтыг өөрчлөх” ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Мөн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнд зохицуулалт хийх, төсөл, хөтөлбөрийн нэр өөрчлөх, зарчмын зөрүүтэй саналын томьёололд нийцүүлэн хуулийн төсөлд өөрчлөлт оруулах талаарх ажлын хэсгээс гаргасан саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн.

Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Хуралдааны төгсгөлд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10 дахь хэсэгт заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцсэн.

Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, зарчмын зөрүүтэй санал гаргах гишүүн байгаагүй тул энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн З.Мэндсайхан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.227.209.214)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.