БНХАУ-ын Ардын дээд шүүхийн дэргэдэх Үндэсний шүүгчдийн коллежид зочиллоо
Үйл явдал
/
2024-11-19

|       БНХАУ-ын Ардын дээд шүүхийн дэргэдэх Үндэсний шүүгчдийн коллежид өнөөдөр (2024.11.19) Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Л.Энхбилэг, гишүүн Э.Зоригтбаатар, Д.Зүмбэрэллхам, Н.Мөнгөнцэцэг, Р.Онончимэг, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтулга, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны зөвлөх Ц.Мандах болон бусад албаны хүмүүс зочилж, үйл ажиллагаатай танилцлаа.

 

       Айлчлалын бүрэлдэхүүнийг БНХАУ-ын Үндэсний шүүгчдийн коллежийн Ерөнхийлөгч Ноён Ли Чэнюй хүлээн авч уулзав. Тэрээр “Олон жилийн тогтвортой хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын 12 удаагийн сургалт, туршлага судлах, танилцах арга хэмжээний хүрээнд 300 гаруй хүн хамрагдаад байгаа нь хоёр байгууллагын хамтын ажиллагаа хэр үр дүнтэй хэрэгжиж ирснийг харуулж байна. БНХАУ-ын Ардын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл хооронд санамж бичиг байгуулсан нь хамтын ажиллагааг бэхжүүлэх, өргөжүүлэх, цаашид олон жил хамтын ажиллагаа үргэлжлэх баталгаа болж байна” гэв.

 

 

      Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Л.Энхбилэг “Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлөөс “Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого”-ыг, Шүүх байгуулах тухай хуулийг өнгөрсөн 6 дугаар сард Улсын Их хурлаар батлуулснаар Монгол Улсад дагнасан шүүх, дурдвал Гэр бүл, хүүхдийн шүүх болон хялбар ажиллагааны шүүхийг байгуулах нөхцөл бүрдээд байна. Иймд тус шинэ шүүхүүдийг байгуулах, үйл ажиллагааг жигдрүүлэх, дагнасан шүүхийн үйлчилгээг олон нийтэд хүртээмж, ил тод байлгах, улмаар шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх зэрэг асуудлуудаар мэдээлэл авч, туршлага судлах боломжийг дараа дараагийн сургалтын үйл ажиллагаагаар олгохыг хүсье гээд Монгол Улсын шүүгч, шүүхийн захиргааны албан хаагч нарт хэдийнээ танил болж, сургалтад хамрагдахыг хүсдэг болсон БНХАУ-ын Ардын дээд шүүхийн Үндэсний шүүгчдийн коллежид зочилж, хамтын ажиллагааны талаар халуун дотно яриа өрнүүлж буй нь миний хувьд нэр төрийн хэрэг бөгөөд ерөнхийлөгч ноён Ли Чэнюй танд болон коллежийн нийт хамт олонд Монгол Улсын шүүхийн хөгжил, шинэтгэлд оруулж буй бодит хувь нэмэрт талархаж, хүндэтгэл илэрхийлье гэв”.

      Олон жилийн тогтвортой хамтын ажиллагаа, ялангуяа Монгол Улсын шүүхийн шүүгч, захиргааны ажилтнуудын сургалтын үйл ажиллагааны талаар ярилцан, санал солилцож, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс санал тавьсны дагуу дараагийн танилцах, туршлага судлах сургалтын арга хэмжээг дагнасан шүүх, хэргийн хөдөлгөөн, шүүхийн цахимжилтын чиглэлээр явуулахаа илэрхийллээ.

      Дараа нь Бээжингийн цахим шүүхэд зочилж, туршлага судаллаа. Тус шүүхийг 2018 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр байгуулсан бөгөөд зөвхөн цахим орчинд үйлдэгдсэн хэргийг цахимаар шийдвэрлэдгээрээ онцлогтой.

 

 

      Цахим шүүхээр үйлчлүүлэх гээд шүүхийн байранд очих шаардлагагүй. Гар утас, компьютер тэгээд интернэтийн сүлжээтэй байхад л шүүхэд гомдол нэхэмжлэл гаргаад шүүх хуралдаандаа цахимаар оролцоод хэргээ шийдвэрлүүлчих боломжтой. Шүүхийн процессыг маш тодорхой харуулсан байх бөгөөд гомдол, нэхэмжлэл ямар шатанд яваа, шүүх хуралдаан хэзээ товлогдсон зэргийг цахимаар шалгах мөн хэрэг маргаан аль талд шийдвэрлэгдэх магадлалтайг AI буюу хиймэл оюун ухаанаар урьдчилан тооцуулж мэдэх боломжтой.

 

 

      Нотлох баримтыг цахимаар гаргаж цахимаар шүүх хуралдаанд оролцоод, хэрэг, маргаанаа маш богино хугацаанд хурдан шуурхай шийдвэрлүүлэх боломжтой бөгөөд энэ бол цахим шүүхийн бас нэг давуу тал. Цахим шүүхэд шүүн таслах ажиллагаанаас гадна эвлэрүүлэн зуучлалын үйлчилгээ бас бий. Шүүхийн шийдвэрийг цахимаар гардаж аваад, давж заалдах гомдлыг ч мөн цахимаар гаргах боломжтой юм.

 

 

      Цахим шүүх нээлттэй, ил тод байдлыг ч хангах ач холбогдолтой. Олон нийт нээлттэй шүүх хуралдаанд цахимаар оролцож, шүүхийн шийдвэрийн баримт бичгүүдийг хайж, хэрэг, хууль тогтоомжийг татаж авах боломжтой. Цахим шүүхийн салшгүй чухал хэсэг бол мэдээж мэдээллийн аюулгүй байдал. Энэ асуудлыг тус шүүх блокчейн технологиор шийдсэн байна. Блокчейн шүүхийн мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалахаас гадна цахим нотлох баримтыг баталгаажуулахад чухал үүрэгтэй.

       Хятад улсын Ханьжоү, Бээжин, Гуанжоу 3 хотод цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэргийг төвлөрүүлэн харьяалах анхан шатны цахим шүүхүүд ажилладаг байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.189.119)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.